Мэдүүштэй   06 сарын 16, 2016

Мэдүүштэй вэб: Openglish.mn - Англи хэлийг амархан сур

Орчин цагт зайлшгүй суралцах ёстой чадваруудын нэг нь англи хэл болоод байгааг бид сайн мэднэ. Өөрөө бие дааж үзэх, төлбөртэй курсэд явах, гадаадад сургуульд явах гээд англи хэлийг сурах олон арга бий. Эдгээрийн дотроос хамгийн зардал багатай нь өөрөө бие дааж үзэх арга мөн. Гэхдээ бие даан суралцлаа ч өөрийг тань чиглүүлэх найдвартай эх сурвалж, багш зайлшгүй хэрэгтэй. Тэгвэл өнөөдөр бид таны англи хэлний онлайн багш болж чадах Openglish.mn вэбсайтыг танилцуулж байна. "Нээлттэй англи хэл" ТББ-аас санаачлан үүсгэсэн энэ сайт нь англи хэлийг анхан шатнаас академик түвшинд хүртэл бие даан, үнэгүй суралцах боломжийг олгох юм.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Англи хэлний дүрмийн цэгцтэй мэдлэг олж авахын тулд, үгийн сангаа нэмэгдүүлэхийн тулд энэ сайтыг хэрэглээрэй. Англи хэлний дүрмийг цэгцтэй ойлгосон байхад, үгийн сан элбэгтэй болсон байхад дараа дараагийн үе шат их амархан болж ирдэг. Мэдээж та эдгээр хичээлүүдийг үзэнгээ кино үзэх, англиар найз нөхөд, гадаад хүмүүстэй ярилцах, тэмдэглэл бичих гэх мэтээр бусад талаар өөрийгөө давхар хөгжүүлэх хэрэгтэй. Сурсан зүйлсээ баталгаажуулж, амьдрал дээр хэрэглэж байж ой тойнд чинь үлдэнэ гэдгийг санаарай.

Ямар онцлог, давуу талуудтай вэ?


Одоогоор уг сайт англи хэлний цагууд, өгүүлбэр зүй, үг зүй, TOEFL, IELTS зэрэг сэдвээр 5-30 минутын 30 гаруй видео хичээлийн сантай байна. Хичээлүүдийг мэргэжлийн багш зааж байгаа ба та фэйсбүүкээрээ холбогдон санал сэтгэгдлээ илэрхийлээд явах боломжтой. Цаашдаа видео хичээлүүд GRE, GMAT, SAT зэрэг шалгалтад бэлдэх хичээлүүдээр баяжаад явах юм билээ.

Үг цээжлэх алгоримтыг нь бас онцлох хэрэгтэй. Barrons-оос гаргасан англи хэлний хамгийн түгээмэл хэрэглэгддэг үгс, Toefl-ийн шалгалтад байнга ашиглагддаг үгсээс цээжилж, цээжилснээ батжуулан тест өгөөд явах боломжтой. Удахгүй гарах гар утасны апп дээр үг цээжлэх нь бүр хялбар болох биз ээ. Тэгээд хамгийн гол нь та энэ бүхнийг үнэгүй суралцана!

Ямар сул талтай вэ?

Англи хэлийг маш шаргуу үзэж байгаа хүнд хичээл нь арай цөөхөн санагдаж магадгүй. Гэхдээ цааш арвижаад явна гэдгийг түрүүнд дурдсан. Ер нь видео хичээл гэлтгүй цаашид төрөл бүрийн контентоор сайтаа баяжуулж өргөжүүлээд явах боломжтой шүү гэдгийг энэ далимд хөгжүүлэгч залууст дамжуулъя.

Unread-ийн үнэлгээ

Хүмүүсийн хамгийн чухал хэрэгцээнүүдийн нэгийг хангахаар зорьж буй энэ сайтад Unread 7 оноо өгч байна.

Та энэ сайтад зочилж хичээлүүдийг нь үзээд сэтгэгдлээ хуваалцаарай. Мөн англи хэл сурч буй, сурсан аргуудаасаа бусадтай хуваалцаж хэлэлцүүлэг үүсгэхийг урьж байна.

36801   6


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.