Онцлох Бизнес

Онцлох бизнес: NomadInk - Шинэ цагийн нүүдэлчдийн өнгө будаг

06 сарын 13, 2016


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


19791   1




Сүүлийн жилүүдэд бидний амьдарч буй хотын өнгө төрхийг нэмж, орчин үеийн шинэлэг уур амьсгалыг мэдрүүлсэн нэгэн зүйл анзаарагдаж эхэлсэн нь ханан дээрх буюу граффити зургууд байсан юм. Энэ чиглэлийг Монголд дэлгэрүүлэхээр сэтгэл шулуудан ажиллаж буй залуусыг бид энэ удаад онцолж байна. Тэд ирэх долоо хоногт олон улсын шилдэг уран бүтээлчдийг хамруулсан Nomadink фестивалиа нээж, улам шинэлэг өнгө, улам шинэ санааг буулгахаар зэхэж байгаа ажээ. Шинэ үеийн нүүдэлчдийн өнгө будгийг тэд тодорхойлно.

Бизнесийн нэр - NomadInk / DigitalInk
Үйл ажиллагааны чиглэл – Creative Art Lab
Үүсгэн байгуулагдсан хугацаа– 2013 оны 5-р сар
Үүсгэн байгуулагчийн нэр – Б.Тэмүүлэн, Д.Цогнэмэх
Ажилчдын тоо - 3
Вэбсайт - Nomadink (фэйсбүүк), DigitalInk (фэйсбүүк)
Томоохон харилцагчид – MCS Coca Cola, MIAT, Unitel, APU, Khaan Bank, BRB гэх мэт

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Б.Тэмүүлэн: Дизайнер мэргэжлийнхээ дагуу тодорхой хугацаанд ажиллаж байгаад ажлаа орхин чөлөөт уран бүтээлчээр ажиллаж эхэлсэн юм. Яагаад ч юм ажлууд амархан олдоод л, харилцагчид ч ар араасаа гарч ирээд л байсан. Гэхдээ толгой дотор эргэлдэж байсан илүү том төсөл, шинэ санаануудаа бодит болгон хэрэгжүүлэхэд ул суурьтай хөдөлж, хөрөнгө оруулалт татан том хөдлөх хэрэгтэй гэдгийг удалгүй ойлгосон. Тухайн үед гэр бүлтэй ч болж, хүүхэд маань төрөх дөхсөн байсан учир юм юм бодогдсон хэрэг л дээ. 2012 онд ажлаасаа гараад яг нэг жилийн дараа дизайны агентлаг байгуулахаар шийдсэн.

Анх реклам, сурталчилгааны цогц ажлууд гүйцэтгэж байсан бол уран бүтээл тал руугаа анхаарлаа хандуулж, бүтээлч студи буюу шинэ санаа бүтээлүүд ундарч байдаг лаборатори байдлаар ажиллахаар хичээж байна.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Хамгийн анх компани яаж байгуулдаг тухай ямар ч мэдээлэлгүй бүртгэлийн газар явж очоод, дансаа 20 мянган төгрөгтэй л нээлгэж байлаа. Лизингээр лаптоп авчихсан, үүнээс өөр ямар ч хөрөнгө гэхээр зүйлгүй байсан үе. Үүний дараагаас хөрөнгө оруулагчдаа идэвхтэйгээр хайж эхэлсэн. Яг тэр үед найзын маань компани дизайнер хайж байна гэдгийг сонсоод тэдэнд хандаж, хамтран ажиллах санал тавьсан юм. Санаа нь бид тэдний дизайны ажлыг тодорхой хугацаанд хийж гүйцэтгэж өгөх, оронд нь оффис болон шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг бартераар авах байсан. Гэрээ маань ч амжилттай болж, бид хотын төвд оффистой, 2 компьютер, 1 камертай болж, ажлаа эхлүүлж байлаа.

Хэрхэн хамтрагчаа сонгосон бэ?

Д.Цогнэмэх бид 2 хамтдаа нэгэн консалтингийн компанид ажилладаг байсан юм. 3D графикийн чиглэлээр мэргэшсэн түүнтэй ажиллаж байхдаа л бусдаасаа өөр, чамбай, бүтээлч нэгэн гэдгийг нь анзаарч байсан. Тэгээд бүх хөрөнгө оруулалт, бичиг баримтынхаа асуудлыг шийдчихээд санал тавьж, хамтарч ажиллах болсон доо.

Танайх ямар онцлог, давуу талуудтай вэ?

Дийлэнх газруудаас ялгаатай нь бид "уран бүтээлч" байдалдаа илүү анхаарал тавьдаг. Ирсэн санал бүрийг хүлээж авдаггүй, зөвхөн өөрсдийн хэлье гэсэн санаа, гаргая гэсэн зүйлээ илэрхийлэх боломжтой байвал, тэр нь бидний үнэт зүйлстэй нийцэж байвал хүлээж авдаг.

Бид орчин үеийн урлагийн төрлүүд рүү анхаарал хандуулж, тэдгээрийг Монголд нутагшуулах, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, мэдлэгийг сайжруулах чиглэлээр ажилладаг.

Бизнесийн алсын хараагаа юу гэж тодорхойлсон бэ?

Бид Монголын урбан арт талын буюу орчин үеийн урлагтай холбоотой шинэ санаачилга, шинэ уран бүтээлчид, бүтээлүүд, арга хэмжээнүүд хаа байна, тэнд өөрсдийн хувь нэмрийг оруулж, дэмждэг, зохион байгуулдаг төв цэг нь болох зорилготой.

Бид лого, дизайн, рекламын ажил хийж гүйцэтгэх хугацаандаа эдгээр зүйлсийн талаарх олон нийтийн мэдлэгийг нэмж, ач холбогдлыг таниулж, үнэлэмжээ нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Энэ чиглэлд ч гэсэн манлайлан ажиллаж, олон нийтийн болон уран бүтээлчдийнхээ мэдлэг боловсролд хувь нэмрээ оруулах эрхэм зорилготой.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Бид ямар ч уран бүтээл туурвисан 80-90 хувь нь орчин үеийн буюу цаг үетэйгээ тохирсон, харин 10-20 хувь нь монгол, уламжлалт элементүүдийг агуулсан байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Ажлын өрөө маань хэчнээн модерн байдалтай, граффити зургуудыг хадсан байлаа ч дунд нь монгол ширээ ядаж байх хэрэгтэй гэсэн үг л дээ.

Яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Бид NomadInk нэртэй олон улсын болон дотоодын "street" уран бүтээлчдийг хамруулсан арт аяллын фестивалийг хоёр дахь удаагаа ирэх долоо хоногт зохион байгуулахаар ажиллаж байна. Эхний фестивал маань хоёр жилийн өмнө маш амжилттай болж, хотод маань өнгө нэмсэн граффити зургууд бидэнд үлдсэн. Энэ фестивал нь орчин үеийн урлаг, соёлын солилцоо гэх сэдвийн дор зохион байгуулдаг.

Гудамжны буюу граффити зургийн чиглэлээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, тодорхой хүрээлэлтэй зургаан уран бүтээлч Монголд ирж байгаа юм. Солонгосоос ирж буй нэг уран бүтээлч нь бол Nike, New Era, Hyperbeast зэрэг брэндүүдтэй хамтардаг мундаг хүн. Бид Монголоос сонгогдсон дөрвөн уран бүтээлчийг тэдэнтэй баг болгон хувааж, мэдлэг туршлага, соёл солилцох арга хэмжээг хийх гэж байна.

Нийт зургаан өдрийн энэхүү арга хэмжээний эхний өдөр уран бүтээлчид маань хотын аялал хийдэг. Бид Улаанбаатарт хэрхэн амьдардаг тухай ерөнхий мэдээллийг тэд эндээс авах учиртай. Гэр хорооллоор, хотын төвөөр аялж, гандан орж, гуанзанд хоол иднэ. Граффити хануудаа танилцуулна. Харин хоёр дахь өдөр нь нүүдэлчдийн амьдралын талаар төсөөлөл олгох аяллыг хийх болно. Тэмээ унаж, хөдөө явж, айраг ууна гэсэн үг. гурав дахь өдөр нь олон нийтэд, бусад уран бүтээлчдэд нээлттэй семинарыг зохион байгуулах болно. Энд уран бүтээлчид маань танилцуулга тавьж, өөрсдийн уран бүтээлийн өнцгийг харуулж, орчин үеийн чиг хандлагын талаар бие биеэсээ суралцана. Харин сүүлийн гурван өдөр нь урьдчилан сонгогдсон цэгүүд дээр зургаа зурж, уран бүтээлээ туурвих юм. Бид яг л "нүүдэлчид" шиг, өдөр бүр байрлалаа солин, зургаа зурангаа нүүдэллэх учиртай юм. Зайсанд, Blue Sky-ийн хажууд, гэр хороололд, нарны зам дээр, Занабазарын музейн урд гээд тун сонирхолтой байрлалуудад, сонирхолтой зургууд зурахаар төлөвлөж байна.

Бид зураг зурах орчин, уур амьсгалд их анхаарал хандуулж, олон нийтийг хамтдаа бүтээл туурвиж, ажиглах боломжийг олгохоор хичээж байгаа. Тиймээс үзэгчдэд энэ арга хэмжээ маань бүрэн нээлттэй.

Энэхүү фестиваль нь Монгол соёлыг экспортлох бас нэгэн гарц болж өгөх учиртай. Гадаадаас ирсэн уран бүтээлчид маань мэдээж бидний тухай тусгасан өөрсдийн бүтээлээ бусад гадаадын уран бүтээлчдэд үзүүлж, сонирхуулдаг. Мөн өөрсдийн дурсамжаа нь сошиал медиа дахь дагагчдадаа хуваалцана. Энэ нь бусад уран бүтээлчдийг нааш нь татах боломжийг бүрдүүлж өгдөг. Бид тэднээс суралцахаас гадна өөрсдийн соёлоо ч таниулж, түгээж байгаа хэрэг гэж хэлж болно.

Учирч байсан хамгийн том бэрхшээл тань юу вэ?

Орчин үеийн урлаг гэхээр хүмүүс "жаахан хүүхдийн" гэж ойлгодог. Зарим байршил, байшин дээр зураг зурах зөвшөөрлийг нийслэл, дүүргээс нь эхлээд хэдэн шат дамжлагаар ороод авчихаад байхад л иргэд, СӨХ-өөс эхлээд эсэргүүцэх, дургүйцэх тохиолдол олон. Хүн бүрт учрыг тайлбарлан, хийх гэж буй зүйлээ ойлгуулах хэрэгтэй болно. Граффити, брэйк данс, реп эд нар гээд явахаар олон хүн ойлгодоггүй. Цаг нь болоогүй байна, хүмүүс хүлээж авахгүй гэх хандлага их түгээмэл мэдрэгддэг. Уг нь бид тэр цагийг л наашлуулах гэж хичээж яваа юм.

Тийм хандлага түгээмэл учир санхүүгийн бэрхшээл тулгардаг. Фестиваль зохион байгуулах, уран бүтээлчид урих, зураг зурах гээд зардал ихтэй. Энэ бүхнийг зохицуулах нь цаг их авдаг даа.

Хамгийн амжилттай болсон төсөл/бүтээгдэхүүнүүдээсээ хуваалцана уу?

Гэрэл зургийг Б.Ганчөдөр

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.