Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   06 сарын 10, 2016

Энтрепренерүүдийн эзэмших ёстой 8 чадвар

Дэлхий даяар гарааны бизнесүүд цэцэглэн хөгжиж, хүн бүр өөр өөрсдийн бизнесийг үүсгэн байгуулах талаар бодож, оролдох болсон. Монголд ч сүүлийн жилүүдэд трэнд болж байгаа гэхэд болно. Гэхдээ гарааны бизнесийг хөгжүүлэн авч явсаар амжилттай бизнес болгосон кэйс Монголд бүү хэл дэлхийд ч тэр бүр олон байдаггүй билээ. Амархан мэт боловч хамгийн хэцүү сорилтуудын нэг гэхэд болно. Тиймээс амжилттай энтрепренер болоход ямар чадварууд шаадлагатай байдаг талаар Форбес дээр гарсан нийтлэлийг орчуулж, өөрийн санааг нэмж бичлээ.

Тэсвэр тэвчээр, үл шантрах, уян хатан байдал

Аливаа бизнес үргэлж өгсөж уруудаж байдаг нь жам юм. Хэзээ ч төлөвлөсний дагуу, үргэлж амжилттай байдаггүй гэдэгтэй хашир туршлагатай бизнес эрхлэгчид бүгд нэгэн дуугаар санал нийлдэг. Алдарт Amazon, Tesla, Apple хүртэл дампуурлын ирмэг дээр очиж байсныг бид бүгд мэднэ. Ирээдүй бүрхэг харагдаж байгаа үед хэрхэн тэсвэр тэвчээр ба ухаан зааж, уян хатан байхаас компанийн ирээдүй шийдэгддэг тул энэ нь бүх энтрперенерүүдэд байх ёстой хамгийн чухал чадвар юм.

Төвлөрөх

Алсын хараа, үндсэн зорилгоо тодорхой болгосны дараагаар энэ зорилгоосоо хазайхгүй байх нь дараагийн чухал чадвар юм. Бизнес эрхлэхэд тооцоолсон болон тооцоолоогүй гадны нөлөө, хүчин зүйлс олон гарч ирдэг. Мөнгөгүй болох, чухал хүн багаас гарах, хөрөнгө оруулагчидтай үл ойлголцох гэх мэт. Ийм үед үндсэн зорилгоосоо хазайхгүй байх гэдэг нь ихээхэн тэвчээр, хичээл зүтгэл, эрүүл ухаан шаардана. Тэгээд ч хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэдэг үг бий шүү дээ.

Ирээдүйд хөрөнгө оруулах

Мөнгөө зарцуулах тал дээр олон энтрперенер алддаг. Хаашаа юунд зорьж байгаадаа бус одоо юу хэрэгтэй байгаад хэт анхаарснаас болж компаниуд дампуурсаар байдаг. "Нэг шөнийн амжилт" үнэндээ 7-10 жил шаардах нь ч бий. Тиймээс улирал тутам санхүүгээ төлөвлөж ирээдүйгээ харсан зарцуулалт хийх хэрэгтэй. Хөргөгчинд дүүрэн пиво байна уу, үгүй юу гэдэгт эхэлж анхаарах бус хийх юмаа хийчихээд дараа нь хөргөгчөө дүүргэх талаар бодох нь зүйтэй.

Хүний нөөцийг бүрдүүлэх, удирдах

Хүний нөөц, харилцагчид, бусад нөөц бололцоогоо удирдаж, хянаж чаддаг болж байж гэмээнэ "scalable" буюу өргөжин хөгжих боломжтой компанийг босгож чадна. Чамайг үгүй болсны дараа ч үргэлжлэн явсаар байх компанийг босгоно гэж анхнаасаа мэрийх хэрэгтэй. Үүний тулд та зөв хүмүүсийг сонгон багаа бүрдүүлэх, тэдгээр хүмүүсээ зөв зүйтэй урамшуулах, зэмлэх, удирдан чиглүүлэх чадвартай байх ёстой юм.

Борлуулалт хийх

Бүх энтрепренер хүссэн хүсээгүй борлуулалтын менежерийн ажлыг хийдэг бөгөөд гарааны бизнест энэ нь бараг хууль гэхэд болно. Өөрийн санаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ харилцагчид, хөрөнгө оруулагчид, тэр бүү хэл өөрийн багийнхандаа "зарж" чадахгүй бол та бизнес хийж тоглоод дэмий гэсэн үг. Гэхдээ нэг анхаарах зүйл бол хэрэглэгчид бүтээгдэхүүн үйлчилгээг чинь худалдаж авахгүй байвал зууралдаад байлгүй дараагийн алхмаа хурдан хийх хэрэгтэй.

Тасралтгүй суралцах

Амжилттай яваа энтрепренерүүд бүхнийг чадахгүй гэдгээ, мөн зах зээл үргэлж шинэчлэгдэн өөрчлөгдөж байдгийг хүлээн зөвшөөрдөг. Аль болох үргэлж суралцаж, өөрийгөө хөгжүүлж, сурч мэдэж чадахгүй зүйлсийнхээ талаар байнгын мэдээлэлтэй байх нь амжилт гаргахын үндэс юм.

Дотор хүнтэйгээ ярилцах

Өөртөө цаг гаргаж, өнгөрснөө тунгааж, ирээдүйгээ төлөвлөх чадвар нэн чухал. Байнга ажиллаад байвал бие физиологи болон сэтгэл санааны хувьд "ядаргаанд" орох магадлал өндөр бөгөөд хэрвээ дотор хүнтэйгээ ярилцах цаг гаргаж байхгүй бол юун дээр алдав, юун дээр онов гэдгээ мэдэж ойлгож чадахгүй юм.

Өөртөө итгэх

Амжилттай яваа олон хүний намтарт "Намайг санаагаа ярихад хэн ч дэмжээгүй. Итгээгүй. Шоолсон" гэсэн хэсэг байдаг. Энтрепренер хүн энэ зүйлтэй өдөр бүр тулгарна гэдгээ сайтар ойлгох хэрэгтэй. Харилцагчид, хөрөнгө оруулагчид, гэр бүл, багийнхан чинь хүртэл танд эргэлзэнэ, асуулт тавина. Энэ үед таны өөртөө итгэх, тэвчээр заах, зоригтой байх эсэхээс амжилт гаргах үгүй тань шалтгаална. Гэхдээ огт бүтэхгүй зүйл яриад зөрүүдлээд бай гэсэн үг биш юм. Танд юу бүтэх, юу бүтэхгүйг ялгаж салгах, мэдрэх мэдрэмж бас байх хэрэгтэй.

Эх сурвалж: Форбес

30598   1


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.