Онцлох Бизнес

Онцлох бизнес: Хадат вилла - Гоёмсог дизайн, гайхалтай байгаль, гойд тав тух

06 сарын 06, 2016


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


53101   6




Өнөөдрийн онцлох бизнес бол "Хадат вилла" төсөл. Манай энэ буланд урьд нь ихэвчлэн жижиг дунд бизнесүүд орж байсан бол энэ удаа вилла буюу хаус, амины орон сууцны хотхоныг онцолсон нь нэг бус учир шалтгаантай байлаа. Фэйсбүүк дээрээс загвар дизайн сайтай, гайхалтай сайхан байгаль дунд ийм хотхон баригдаж байгааг олж хараад, үүсгэн байгуулагч нь яг л бидний үеийн залуу хүн байсан нь бүр их анхаарал татаж, улмаар бид энэ төслийг уншигчдадаа таниулахаар шийдсэн юм. Энэ бол Улаанбаатар хотод суурьшлын нэгэн бүсийг шинээр бий болгож буй "Хадат Вилла" төсөл юм.

Бизнесийн нэр: Цоба ХХК
Хаяг: БЗД, Чингис хаан зочид буудлын зүүн хойно, Серж Интернэйшинл компанийн барилгын 4 давхарт
Үйл ажиллагааны чиглэл: Барилга, үл хөдлөх хөрөнгө
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2012 он
Үүсгэн байгуулагч: Ц. Баасандорж, Ц.Амарболд
Ажилтны тоо: 45
Вэб: www.tsoba.mn, www.khadatvilla2.mn

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Газар дээрээ иргэд байшин бариулдаг хэв маягаас хүмүүс удахгүй уйдаад, үр ашиггүй болоод ирэх юм байна даа гэж оюутан байхдаа хардаг байсан. Оюутан байхаасаа л төрөл бүрийн санаанууд орж ирдэг байсны нэг нь айлуудын газар дээр биш, газар авч байгаад дизайн, төлөвлөлтийн хувьд гойд сайн, байгаль, хүрээлэх орчин сайтай, үзэгдэх орчин сайхантай байршилд хотхоноор нь хөгжүүлэлт хийвэл зүгээр юм гэж боддог байв. Гэхдээ бүр эрсэлж шийдсэн өдөр нь их сонин. Би ШУТИС-д барилгын модон эдлэлийн технологич инженерээр сурч байхдаа нэг барилгын компанид үйлдвэрийн дадлага хийхээр болсон юм. Тэгээд яваад очтол манай ангийн хүүхдүүд надаас өмнө тэнд хоёр сар гаруй ажиллаад дөртэй болчихсон, хөдөө явж канад технологиор байшин барих ажилд туслалцахаар болсон байв. Би ч ангийнхантай хамт хөдөө явахыг хүсэж, шууд захирал дээр нь ороод хэлтэл дор хаяж хоёр сар дадлага хийж байж л хөдөө явна гэсэн тул яах аргагүй хоцорсон доо. Тэр өдөр өнөөх компанийн үүдэнд зөвшөөрсөн хариу авчих санаатай өдөржингөө горьдож суусан юм. Тэгэхэд маш их шар хөдөлж, шарандаа хөндийгөөр нь хаус хөгжүүлдэг хүн болно доо гэж бодож, түүнээс хойш үүнийхээ төлөө тууштай явж эхэлсэн.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Анхны хөрөнгө оруулалтаа бизнесээрээ өөрөөр нь босгосон. Анх бид 2013 онд иргэдийн газар дээр байшинг нь захиалгаар барьж өгч анхны хөрөнгө оруулалтаа шийдэж байлаа. Тэгээд 2014 онд "Хадат Вилла 1" төслөө эхлүүлсэн.

Хамтрагчдаа хэрхэн сонгосон бэ?

Би бизнест гэлтгүй аливаа зүйлсэд чин сэтгэлээсээ ханддаг тийм л хүмүүстэй хамтран ажиллахыг хүсдэг. Тэр хүсэл маань ч биелж байгаа гэж боддог. Манай багийнхан аливаа зүйлд өөриймсөг ханддаг, хайрцагнаасаа гарч түрүүлж сэтгэж чаддаг залуучуудаар бүрдэж эхэлж байгаа. Анхны хамтрагчаа энэ л үзэл баримтлалаараа сонгосон. Эхлүүлсэн төсөлдөө ангийнхаа Амарболд гэж залууг хамтраач гэж санал тавьсан ч зөвшөөрөөгүй. Өмнө нь нэлээд олон удаа гуйсан болохоор хамгийн сүүлийн саналаа тавихдаа сайн бэлдэж байгаад татгалзахын аргагүй санал тавьж байлаа. Ингээд анх санал тавьснаас яг хоёр жил гаруйн дараа ангийн найз маань хамтарч ажиллахыг зөвшөөрсөн юм.

Танайх ямар онцлог, давуу талуудтай вэ?

Манай хотхоны давуу тал бол нэгдүгээрт сайн концепт, зөв төлөвлөлт, гоёмсог дизайн. Хоёрдугаарт байгаль, орчин сайтай, уулын оройд шахуу газар болохоор үзэгдэх орчин үнэхээр гайхалтай. Гуравдугаарт халаалт, ус, бохирыг нэгдсэн дэд бүтэцтэй төвийн системд холбогдсон мэт байдлаар шийдсэнээрээ онцлогтой. Уулын амаар жаахан сэрүүн байдаг тул тав тухтай, найдвартай дулаан хангамжийг шийдэхийн тулд эрчим хүчний эко шийдэл, чанартай байгалийн модон материалууд, канад технологийг ашигласан. Манай модон хийц, дулаалгын материалууд нь эдэлгээ маш сайтай. Дөрөвдүгээрт аюулгүй найдвартай байдлыг хэлж болно. Зусландаа салангид хаус, байшинтай хүмүүс хотын төвд байх хугацаандаа өмч хөрөнгөндөө байнга санаа зовдог бол 3 ээлжийн харуул хамгаалалттай, 24 цагийн камертай цогц хотхонд амьдарвал хэзээ ч гэсэн санаа амар ирж очих боломжтой. Ер нь манайх уулын аманд хэрэгжсэн төслүүдээс хамгийн найдвартай нь гэж хэлж чадна шүү.

Мөн манайхыг нэлээд налуу газартай гэдэг ч энэ нь эргээд цонхоор үзэгдэх орчин, урдах байшин нь нар халхлахгүй байдаг зэргээрээ эргээд давуу тал болчихдог. Урагшаа Цэцээ гүний оргил харагдана гээд төсөөл дөө.

Бид хотхонтой танилцаж явахдаа зарим айлын дотоод тохижилтийг үзэж сонирхов. Тэдний дунд классик болон модерн гэхчилэн төрөл бүрийн дотоод засалтай айлууд байлаа.

Бизнесийн алсын хараагаа хэрхэн, юу гэж тодорхойлсон бэ?

Дээр хэлсэнчлэн дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөж байхад бидний ажиллаж байгаа салбарт шинэ зүйл дутагдаж байна гэж боддог. Хэт хурдацтай хөгжлөөс хүмүүс бага багаар уйдаж эхлэх нь тодорхой. Энэ өөрчлөлтийг угтаж ажиллах нь чухал. Бид байхгүй зүйлсээ бий болгохын хажуугаар байгаа зүйлсийнхээ боломжуудыг ашиглаж, шинэ боломжуудыг гаргаж ирэх ёстой байх. Онгон дагшин байгальтай, баялаг түүхтэй, нүүдлийн соёл иргэншилтэй манай улсад аялал жуулчлал улам л илүү хөгжих байх. Тэгэхээр хаус хөгжүүлэлтийг эргүүлээд аялал жуулчлалтай холбох зорилго тавьсан. Аялал жуулчлал өндөр хөгжсөн газрууд resort маягийн хаусуудтай амралтын газрууд элбэг байдаг. Тиймэрхүү шинэлэг бүтээн байгуулалтуудыг бид хийнэ. Ер нь ирээдүйд хийх ажлын маань ихэнх орлогыг аялал жуулчлалын салбар, тэр дундаа тансаг зэрэглэлийн вилла зочид буудлууд хангах болов уу гэж харж байгаа шүү.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Байнга шинэчлэгдэж хөдөлгөөнтэй байцгаая гэсэн зарчмыг бид барьдаг. Учир нь дэлхий ертөнц өнөөдөр аливаа зүйлс хоорондоо нягт хамааралтай болчихлоо. Нэг нь сэхэхэд дагаад сэхдэг, нэг нь л эвгүйтэхэд дагаад эвгүйтдэг дэлхийд бид амьдарч байна. Энэ бол мэдээж технологийн хурдацтай хөгжил, даяаршил, интернет, дэлхий эдийн засагтай холбоотой. Хэрэглэгчид сошиал медиа, интернетээр асар богино хугацаанд шинэ мэдээлэл, шинэ сэдэл, шинэ хэв маягийг олж авч амьдарч байна. Технологийн ачаар хүмүүс бараа бүтээгдэхүүн хэрэглэх тал дээрээ хурдтай хөгжиж байна. Энэ л хурдацтай хөгжлийн галт тэргэнд амжиж тогтвортой сууж чадсан нь хожихоор тийм л эрин үед бид бизнес хийж байна. Юмыг өөрөөр сэтгэж, хүмүүсийн хэрэгцээ, амьдралын хэв маяг, хүсэл тэмүүлэлд таарсан шийдлүүдийг цогцоор нь урьтаж өгч чадсан бизнесүүд хождог гэж бат итгэдэг. Тийм ч учраас бид дандаа аливаа зүйлсэд уян хатан байж, хүсэл тэмүүлэлтэй, шинэлэг сэтгэлгээтэй байхыг зорьж байгаа.

Мөн дизайн гэдэг зүйл бол зүгээр нэг хэлбэр хэмжээ биш, асар их үнэ цэнийг бүтээж, хүмүүст урт удаан хугацаанд сайхан мэдрэмжийг бэлэглэдэг бурхны бэлэг гэж итгэдэг шүү.

Энэ бизнесийг хийхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Мэдээж энэ хотхондоо дээр дурдсан давуу талуудыг гаргаж өгөхийн тулд барилгын бусад салбараас хавьгүй илүү хүч хөдөлмөр, хөрөнгө зардал гаргах болдог. Жишээ нь харагдац сайтай, байгаль сайтай газар төсөл хэрэгжүүлэхийн тулд уулын бэлд налуу газар сонгосон. Бараг л уулын орой. Тэрхүү уулын оройг нүүлгэхээс наагуур газар шорооны ажил хийнэ. Бидний хийж байгаа гадна бохир, дулаан, цэвэр ус, зам, барилгын суурь, гадна тохижилтын ажил зэрэг нь энгийн тэгш газар, энгийн байдлаар шийдэж барьснаас хоёр дахин илүү зардалтай. Бид уулын орой дээр нөхцөлгүй их хад чулуу ухаж, инженерийн шугам сүлжээ хийгээд байгаа нь зардал ихтэй ч гэсэн хэрэглэгчид маань ийм зүйл хийхийг шаарддаг учир хийхээс өөр аргагүй, энэ ажилдаа ч бид дуртай. Дээр нь бид Улаанбаатарчуудыг амьдрах хэв маягаа өөрчилцгөөе гэж уриалан дуудахын тулд ашиглалт, тав тухтай байдал, сар бүрын тогтмол зардал гэх мэт зүйлсийг хотын төвийн орон сууцтай ижил байлгах гэж хичээж байна.

Хаус хөгжүүлэлт бол Монголдоо харьцангуй шинэлэг салбар. Тодорхой бус шинэ зүйлстэй өдөр бүр нүүр тулдаг. Дэд бүтэц, төлөвлөлт, дизайн, хийц, технологи, туршлагатай гүйцэтгэгчид гэх мэт. Тэр хэрээрээ бас их сонирхолтой.

Танайх одоо юун дээр төвлөрөн ажиллаж байгаа вэ?

Бид "Хадат вилла 1" төслөө амжилттай дуусгаж, "Хадат вилла 2" төслийн ажлаа эхлүүлэн ажиллаж байна. "Хадат вилла 1"-ийн хувьд 42 ширхэг дунджаар 130 мкв талбайтай, хоёр давхар хаус хотхон. Бид 2014 онд борлуулалтаа хийж эхлээд хоёр сарын дотор 20 орчим хаус зарж, салбарын түүхэнд урьд нь гараагүй амжилтыг үзүүлж байлаа. "Хадат вилла 2" төслийн хувьд дунджаар 160 мкв талбайтай 130 хаусны буюу өмнөх төслөөс даруй 3 дахин том төсөл байгаа юм. Дандаа минималист, модерн загварын хауснууд байна. Энэ хоёр хотхон маань Бэлхийн зэргэлдээ орших Хадатын ам, Улиастайн их цуурайн аманд дундуураа нэг л уулаар тусгаарлагдсан байрлалтай. Бэлхийн төв замаас салаад 3.5 км орчим шороон замаар явдаг. Энэ зам их муу байсныг нь бид сайжруулж, явахад их амар болгоод байгаа. Ер нь ирээдүйд засмал болгон хучих юм. Хотхонууд маань хотын төвөөс 18 км орчмын зайтай.

Мөн бид аялал жуулчлалын салбарт вилла зочид буудлын төсөл дээр боловсруулалтын ажил хийгээд явж байна.

"Хадат вилла 2" төслийн хаусны загвар дизайн

Учирч байсан сургамжтай явдлаасаа хуваалцана уу?

Харамч хүн хоёр төлдөг гэж ёстой үнэн үг. Зүгээр л хэт хэмнэснээсээ болж алдаж байсан удаа бий. Ер нь стандартын дагуу технологи болон бүхий хийцээ анхнаас нь зөв төлөвлөж, байх ёстойгоор нь л төсөвлөх хэрэгтэй. Өдөр тутам шийдвэр гаргадаг хүний хувьд хоёр удаа мөнгө төлөхийг зогсоох хэрэгтэйг л сайн ойлгосон доо.

Гэрэл зургийг Б.Батзаяа

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.