Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   06 сарын 05, 2016

7 хоногийн тойм: Ж.Керригийн айлчлал + #RIPAli + Баяртай, бензин!

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри Монгол улсад айлчилж байна

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өнөөдөр Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхан, Монгол улсад айлчлан ирж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, ардчиллыг хөгжүүлэхийн төлөө оруулж буй үйлсэд оруулж буй Монголчуудын амжилтанд баяр хүргэжээ. Тэрээр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар манай улсад айлчилж байгаа бөгөөд талууд хоёр талын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг болон бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Сайд Л.Пүрэвсүрэн хэлэлцээрийн үеэр хоёр орны иргэдийн харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх хүсэлтийг мөн тавьжээ. Үүнээс гадна Ж.Керри Монголын залуу манлайлагчидтай уулзан, тэдэнтэй санал солилцон, яриа өрнүүлсэн юм. Ташрамд дурдахад, Unread-ийн баг уг уулзалтанд оролцож, манай үүсгэн байгуулагчдын нэг Б.Батзаяа модератороор ажилласан билээ.

Ikon: АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керригийн Монгол улс дахь айлчлал эхэллээ
Gogo: Ж.Керри Хятадын бодлогыг буруушаав


Улаанбаатар баяр хөөрөөр дүүрэн байлаа

Жил бүрийн 6-р сарын 1-нд тэмдэглэдэг "Хүүхдийн баяр" энэ жил өргөн дэлгэр болж, Чингисийн талбай болон бусад олон нийтийн ихээр цуглардаг газрууд бяцхан үрсийн баяр хөөр, цалгисан инээдээр дүүрэн байлаа. Үүний дараа 6-р сарын 4-нд Улаанбаатар хот 3 дахь жилдээ "Автомашингүй өдөр"-ийг зохион байгуулж, Улаанбаатар Марафон 2016 уралдааныг зохион байгууллаа. Мэргэжлийн болон сонирхогчдын ангилалд хуваагдан, гэр бүлээрээ болон өөрийн сонирхсон зайг сонгон уралдах боломж олгосон энэхүү марафонд энэ жил 23 мянган гүйгч бүртгүүлэн гүйсэн нь өнгөрсөн жилүүдийнхээс илт өссөн үзүүлэлт байлаа. Уг марафонд МУГТ Б.Сэр-Од 3 дахь удаагаа түрүүлж, энэ зун явагдах Рио 2016 олимпийн наадмын өмнө өнгөтэй байгаагаа харууллаа. Эмэгтэйчүүдийн төрөлд мөн Риогийн олимпод оролцох эрхээ аваад буй ОУХМ Б.Мөнхзаяа тэргүүлжээ. Олон нийтийн идэвхтэй уур амьсгалыг өдөөсөн, аз жаргалтай мөчүүдээр дүүрэн долоо хоног ийн өнгөрч байна.

Montsame: Б.Сэр-Од 3 дахь удаагаа түрүүллээ
iToim: Автомашингүй өдөр 3 дахь жилдээ

Домогт боксчин Мухаммад Али таалал төгслөө

Мэргэжлийн боксийн ертөнцөд төрөн гарсан хамгийн агуу тамирчин, 20-р зууны хамгийн алдартай дүрүүдийн нэг Мухаммад Али 74 насандаа таалал төгслөө. Тэрбээр 1981 онд зодог тайлснаасаа хойш Паркинсоны өвчинтэйгээ тэмцсээр байсан билээ. "Би эрвээхий мэт бүжиглэж, зөгий мэт хатгана" гэсэн алдарт үгээрээ өөрийн тоглолтын хэв маягийг бүрэн тодорхойлж, сая сая фенүүдийн хайрыг татаж байсан М.Али бол бүх цаг үеийн хамгийн шилдэг тулаанчдын нэг гарцаагүй мөн. 18 насандаа 1960 оны Ромын олимпод түрүүлж, улмаар мэргэжлийн боксчин болсон тэрээр 1964 онд дэлхийн хүнд жингийн аварга цолыг хүртсэн юм. Улмаар тэрээр исламын шашинтан болж, Кассиус Клэй гэх жинхэнэ нэрээ М.Али болгон өөрчилсөн бөгөөд Вьетнамын дайны үед цэрэгт явахаас татгалзснаараа гэм буруутан болж, шүүхээр гэм буруугүй болохоо шийдүүлтлээ 4 жилийн турш рингэндээ гараагүй байна. Дайны эсрэг хөдөлгөөний хамгийн гол бэлэг тэмдгүүдийн нэг болсон Али тамирчны оргил үеэ нэг ч тулаан хийж чадалгүй өнгөрөөсөн ч агуу гэдгээ батлан, 1974, 1978 онуудад аварга цол хүртэн, нийт 61 тулааныхаа 56-д нь ялалт байгуулсан билээ. 1996 оны Атлантагийн олимпийн бамбарыг асааж, 2000-аад оны эхэн үеэр бараг бүх хэвлэл түүнийг "Зууны шилдэг тамирчин"-аар нэрлэсэн нь санамсаргүй хэрэг биш. Зөвхөн спортын талбарт бус хүмүүнлэгийн салбарт ч тэр манлайлж, өлсгөлөнгийн эсрэг, арьс өнгөний эсрэг, хүний эрхийн төлөө, энх тайвны төлөө улс орон, тив дамжин өөрийн дуу хоолойгоо хүргэж, хувь нэмрээ оруулдаг байсан тул олон нийт түүнд хайртай байлаа.

Eurosport: Яагаад Али хамгийн агуу нь вэ?
Eagle: Зууны шилдэг боксчин М.Али таалал төгслөө

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Такси үйлчилгээний салбарын тэргүүлэгч Uber 3,5 тэрбум долларын хөрөнгө оруулалт татлаа. Тэд Саудын Арабын "Олон нийтийн хөрөнгө оруулалтын сан"-аас авсан энэ хөрөнгө оруулалтын дараагаар 62,5 тэрбумын үнэлгээтэй болж байгаа бөгөөд Арабын орнуудын зах зээлийг эзлэхэд нь түлхэц болно хэмээн үзэж байгаа ажээ. Snapchat 3D зурагны апп Seene-ийг худалдаж авсан байна. Ингэснээр тэд хэрэглэгчдэдээ 3D сельфи санал болгож, тренд үйлчилгээгээ нэгээр нэмнэ гэдэгтээ итгэлтэй байгаа аж. БНСУ-ын технологийн гигант Naver-ийн эзэмшдэг Line чат аппликэйшн тун удахгүй олон нийтэд нээлттэй компани болох төлөвтэй байна. 2 жилийн өмнө 9 тэрбумын үнэлгээтэйгээр IPO хийж магадгүй гэгдэж байсан тэд олон улсад байр сууриа баталгаажуулж чадахгүй байсаар өдгөө 5-6 тэрбумаар үнэлэгдэн, Токио, Нью-Йоркд хувьцаагаа гаргах гэж байгаа гэнэ. Гар утасны стикерийн зах зээлийг өргөтгөхөд хамгийн чухал хувь нэмэр оруулсан гэгддэг Line нийт 218 сая идэвхтэй хэрэглэгчтэй байгаагийн 70 орчим хувь нь зөвхөн Япон, Тайланд, Тайван болон Индонезид байгаа ажээ. Ухаалаг гэрийн системийн салбарын хамгийн том тоглогч, Google-ийн эзэмшдэг Nest дотоод асуудалтай хэвээр байна. Тус компанийн хэд хэдэн удирдах албан тушаалтнууд ажлаа өгсний араас компанийг үүсгэн байгуулагч Т.Фаделл мөн CEO-ийн ажлаа хүлээлгэн өгч байгаагаа зарлалаа. iPod-ийн загалмайлсан эцэг гэгддэг Фаделлийн оронд Моторолагийн дэд ерөнхийлөгч байсан М.Фаваз томилогджээ.

Fortune: Line Токио, Нью Йоркоос 3 тэрбум доллар босгоно
Recode: М.Фаваз гэж хэн бэ? Тэр Nest-ийг сэргээж чадах уу?

Норвегичуудын "гайхалтай" шийдвэр дэлхийг "цочроолоо"

Норвеги улсын тэргүүлэх 4 улс төрийн нам "2025 он гэхэд бензинээр ажиллдаг машины борлуулалтыг бүрэн хориглох тухай" тохиролцоонд хүрсэн гэнэ. Дэлхийн хамгийн том газрын тос экспортлогч орнуудын нэг Норвеги сэргээгдэх эрчим хүч, байгаль орчинд ээлтэй технологийг хэрэгжүүлэгч хамгийн тэргүүлэх улсуудын нэг. Өнгөрсөн жил Теслагийн цахилгаан шахах станцуудыг зөвшөөрсөн Европын анхны улс болсон Норвеги 2018 он гэхэд 50 мянган цахилгаан машинтай болох зорилгодоо аль хэдийн хүрчихээд байгаа. Тус улсад борлуулагдсан 4 машины нэг нь цахилгаан машин байсан гэнэ. Цахилгаан машин худалдаж авч буй иргэдэдээ татварын хөнгөлөлт, үнэгүй зогсоол, цэнэглэлт зэрэг давуу талуудыг өгч байсан Норвеги ийнхүү хөгжингүй орнуудад үлгэр дууриал болох, дэлхийн дулаарал болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг томоохон үйл хөдлөл хийлээ хэмээн олон улсын мэргэжилтнүүд сайшааж байна.

QZ: Норвеги бензинээс бүрэн татгалзана
Independent: Э.Маск - Ямар гайхалтай орон бэ?

15038   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.