Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   06 сарын 01, 2016

"Би хэрхэн ажилладаг вэ?" - Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн захирал Ч.Ганзориг

Өнөөдрийн манай зочин Ч.Ганзориг бол Монгол улсад энтрепренершип, инноваци, нанотехнологийн асуудлыг их сургуулийн орчинд хамгийн эхэнд хөндөн тавьж, зоригтой шинэчлэлүүдийг өөрийн биеэр манлайлан эхлүүлсэн, өрнүүлэн хөгжүүлж яваа судлаач юм. МУИС-ийн дэд захирлаар ажиллаж байх үедээ буюу 2008 онд энтрепренершип, инновацийн талаарх цогц бодлогыг тодорхойлж, 4 жилийн дараа мэдлэг болон технологи дамжуулах оффисийг анх байгуулж, өнөөгийн залуусын дунд тренд болж буй энтрепренершипийн хөдөлгөөний суурийг бэхжүүлсэн эрхэм. Япон, Хятад улсуудад суралцаж, хими ба техникийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан, Мицубүши компанид л гэхэд 5 патент эзэмшиж, нано болон биотехнологийн чиглэлээр тэргүүлэх судалгааны төслүүдийг түүчээлэн хэрэгжүүлж яваа тэрээр өдгөө Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн захирлаар ажиллаж байна. 

Байршил: Монгол, Улаанбаатар
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн үүсгэн байгуулагчдын нэг, захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 5
Хэрэглэдэг компьютер: Sony laptop (Сүүлийн 10 жил хэрэглэж байна), Mogul laptop (хичээл заахдаа ашигладаг), ажил дээрээ, ер нь дийлэнх үед суурин компьютер ашигладаг
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Судалгаатай, төлөвлөгөөтэй
Сошиал хуудсууд: Ganzorig Chimed (фэйсбүүк хуудас)

Таны ажлын онцлох арга барил?

Би судлаач хүн. Тийм болохоор аливаа ажлыг нэлээд ултай суурьтай, жаахан удаан эхэлдэг. Эхлэхийн өмнө судалгаа хийж, төлөвлөгөө гаргадаг учир. Ингэхээр эхэлсэн хойно гүйцэтгэл, үр дүн нь сайн байх шиг ажиглагддаг. Ер нь гаднаа тайван хүн юм шиг мөртлөө ажилдаа үргэлж яарч байдаг.

Сүүлийн үед сургуулийн захирал болоод менежментийн ажилд шилжээд байгаа. Монголын менежмент гэдэг яг л шуурга шиг байдаг. Төлөвлөлт муугаас бүх л юмны цаг нь тулчихдаг. Судлаач хүний хувьд үүнтэй дасан зохицох гэж нэлээд юм болдог. Ийм нөхцөлд яаж сайн менежмент хийх вэ гэж бодно. Энэ ажилд алдаа оноо аль аль нь гарна. Алдаа гарахад дэмий юм байна гээд тухайн ажлыг, арга барилыг тэр чигт нь хаях нь буруу. Алдаан дээрээ суралцаад явах хэрэгтэй. Менежментийн тал дээр монголчууд хүчилсэн аргад дуртай юм шиг санагддаг. Миний хувьд үүнд дуртай байдаггүй. Бусдын үгийг сонсоод хамтын шийдвэр гаргаж явахыг эрмэлздэг.

Мөн би шинэ асуудлууд руу зоригтой дайрч ордог. Жишээ нь инноваци, энтрепренершип гэх мэт ойлголтыг Монголд сайн таниулах гэж нэлээд зүтгэсэн. Эдгээр ажлуудын үр дүн амархан гардаггүй болохоор хүмүүс ойлгохгүй нь их байдаг.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшн, ажлын хэрэгслүүдээсээ нэрлэнэ үү?

Ердийн оффисын програмууд, Google Drive зэргийг мэдээж ашиглана. Мэдээг өглөөдөө UB Info апп-аар нэг гүйлгээд харчихдаг. Бас засгийн газар, яамдын вэбээр гялс шагайдаг.

Мэргэжлийн програмуудыг их ашиглана. Тусгай эрхээр нэвтэрдэг мэргэжлийн чиглэлийн системүүд, патентын хайлтын системүүд дээр нэлээд цагийг зарцуулж, судалгааны материал олж авна. Мөн MIT OCW, MOOC, EdX зэрэг платформ дээр онлайн хичээлүүдийг үзэж сонирхоно.

Ажлын хэрэгсэл гэвэл тэмдэглэлийн дэвтрүүд, гурван өнгийн маркер, маш сайн үзүүрлэсэн 0.7-гийн харандааг байнга ашиглана даа.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү? 

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Аливаа ажлыг эхлэхийн өмнө тэр талаараа бодох, дотроо төлөвлөх дуртай. Мөн шинэ гарцуудыг номноос болон интернэтээс хайдаг. Энэ нь тухайн ажлыг хийхэд цаг хэмнэдэг юм шиг санагддаг.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Би өөрөө технологи гэж их ярьдаг хүн боловч энэ тал дээр уламжлалт арга барилтай. Гурван дэвтэртэй. Нэг дээр нь ажлаа 7 хоногоор төлөвлөөд явна. Нөгөө дээр нь сараар нь төлөвлөнө. Энэ хоёрыгоо давхарлаад явдаг юм. Ер нь хамгийн сайн календарьтай дэвтрийг олж авахыг боддог. Нөгөө дэвтэр нь урдаг дэвтэр. Манай Галбадрах захирал бид хоёрын тэмдэглэл хөтлөлт төстэй юм билээ.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Би өөрөө химич хүн. Тийм болохоор гараараа юм хийх, туршилт хийх дуртай. Хурдан ч хийдэг. Ер нь аливаа зүйлийг сайн төлөвлөж алдаа багатай төгс хийхийг эрмэлздэг байх. Бодлого концепц гаргах, алсын хараа гаргахдаа бас өөрийгөө бусдаас дутахгүй гэж боддог.

Мөн эхнэр маань намайг хүнд зөвлөгөө өгөхдөө сайн гэдэг юм. Ямар ч байсан би хүмүүст ажил амьдралын асуудлаар чин сэтгэлээсээ зөвлөдөг. Сүүлд нь эргээд харахад миний хэлснээс урам зориг, эрч хүч авсан хүмүүс цөөнгүй байдаг. Харин хэлж зөвлөж байгаа зүйлийг минь ойлгохгүй хүнд бол хэт яриа ч юм шиг санагддаг байх.

Таны хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Их сургууль бол эрдмийг түгээх байгууллага. Суралцаж буй оюутнууд нь амьдралынхаа хамгийн гол өөрчлөлтийн үе дээр явж байдаг бол багш нар нь өндөр боловсролтой, биеэ даасан, өөрийн бодолтой хүмүүс байдаг. Энэ харилцаан дээр шинэ мэдлэгийг бүтээнэ гэдгээрээ их сургууль удирдана гэдэг тун амаргүй ажил. Тэр дундаа манайх шиг 2050 он гэхэд Дэлхийн топ 100 сургуулийн нэг болно гэсэн зорилго тавьж, стратегиа гаргасан сургуульд хийх ажил маш их байх нь ойлгомжтой. Тэр хэрээр ажил маань сонирхолтой, ажиллах их эрч хүчийг өгч байдаг.

Одоо манай сургууль хамгийн хүнд үедээ яваа. Санхүүжилт, менежмент гээд бүх л тал дээрээ. Үүсгэн байгуулагдсаны дараах энэ л үеэ амжилттай давчихвал судалгааны ажилд төвлөрөх гэсэн их сургуулийн хамгийн үндсэн үүргээ амжилттай гүйцэтгэж эхлэх болно. Мөнгө санхүүгийн бэрхшээлээс гадна мэргэшсэн хүний нөөц манайд чамлалттай байдаг. Менежментийн тал дээр би гадаад найзуудаасаа гадна хамтран зүтгэгч Галбадрах, ШУТИС-ийн ректор асан Бадарч багш зэрэг хүмүүстэй, сүүлийн үеийн олон сайн менежер залуустай ярилцаж, зөвлөгөө авч явдаг.

Захирлын ажил бол насан туршийн ажил биш. Тодорхой хугацаанд ур чадвараа гаргаад менежементийн багийг удирдах ёстой. Харин судлаачийн ажил бол насан туршийнх. Менежментийн ажил хийхээр судлаач ажил маань алдагддаг талтай. Мэдлэг алдаад ч байгаа юм шиг мэдрэмж төрөх нь бий. Гэхдээ миний хувьд захирлын ажлаа хийхийн хажуугаар судалгааны багаа удирдаж, хэд хэдэн хичээлүүд ордог. Олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлэгддэг эрдэм шинжилгээний өгүүллүүдэд хянан магадлагаа хийх, өөрийн сургуулийн шинэ, залуу багш нар, магиструудыг чиглүүлэх, мөн бусад хүмүүсийн магистр, докторын ажлуудад шүүмж өгөх, төрийн болон төрийн бус байгууллагуудад, мөн шинэ залуу стартап компаниудад санал зөвлөгөө өгөх, төслүүд дээр хамтран ажиллах гэх мэтэд тодорхой цаг зарцуулж, ер нь их л ачаалалтай ажилладаг даа.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Шинэ Монгол дээд сургуулийнхаа бүх суурийг тавих энэ шатнаас бага алдаатайгаар дараагийн шатанд гарах ажилд анхаарч ажиллаж байна. Мөн сургууль дээрээ шинэ судалгааны чиглэлийг гаргаж ирэхээр төлөвлөн ажиллаж байна. Би энэ 6-р сарын сүүлээр Хятадад болох физикч, химичдийн олон улсын хамгийн том хуралд илтгэл тавихаар явах гэж байгаа. Ирэх хичээлийн жилээс шинэ лабораториудыг байгуулах төлөвлөгөө гаргаад явж байна.

Энэ далимд манай сургууль шинэ элсэлтээ авахаар бэлтгэж байгааг дуулгая. Ирэх хичээлийн жилд бид инженерийн 8 хөтөлбөрт 160 оюутан л элсүүлнэ. Манай сургууль ирээдүйд инженер бэлтгэхээс гадна байгалийн шинжлэх ухаан, инноваци, энтрепренершип дээр суурилсан менежмент сургалтуудыг явуулна. Манай нийт оюутны 25 хувь нь 25-100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагддаг. Математик, мэдээлэл зүй, хими, физик, биологийн аймаг, нийслэл, улсын олимпиадад амжилт үзүүлсэн, урлаг спортын төрлүүдээр амжилт гаргасан, мөн сургалтын төлбөрөө бүрэн төлөх боломжгүй айлын хүүхдүүдэд тэтгэлэг олгодог. Манай суралцагсдын 20 орчим хувь нь гадаадын сургуульд шалгалт өгөөд тэнцээд явж байна. Мөн 20 хувь нь түр хугацаагаар гадаадын их дээд сургуулиудад солилцоогоор явдаг. Ирэх хичээлийн жилээс гадаадаас багш нар ирж ажиллана. Инженерийн чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхдүүд байвал манай сургууль дээр ирж зөвлөгөө аваарай. Заавал манайд сурах биш гадаадын сургууль сонирхсон ч зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Хувийн их дээд сургууль тааруу байдаг гэх түгээмэл ойлголтыг бид эвдэж, өөрийн онцлогтой брэнд сургуулийг бий болгох зорилготой.

Та ямар төрлийн хөгжим голдуу сонсдог вэ? Ямар хөгжим танд эрч хүч өгдөг вэ?

Хөгжим сонсохдоо маруухан. Хааяа нэг 70, 80-аад оны дууг машинд сонсдог. Уг нь хүүхэд байхдаа тийм айхавтар авьяасгүй байсан ч 6 жил үлээвэр хөгжмийн хамтлагт байсан хүн. Манай сумаас төрсөн гайхалтай хөгжмийн зохиолчид болох Гончигсумлаа, Бирваа нарын шавь Сандагдорж гэж хүн биднийг нэг үе бэлдэж байлаа. Соц үед үлээвэр хөгжим алдартай байсан ч 90-ээд оноос хаягдсан. Би харин сүүлийн үед сургууль дээрээ үлээвэр хөгжмийг сэргээх бололцоо юу байна хэмээн эрэлхийлж байна. Гадаадын инженерийн их дээд сургуулиудад үлээвэр хөгжим элбэг. Ер нь сургууль дээрээ урлаг, уран зураг, спорт зэргийг их дэмждэг. Жишээ нь физик, хими, биологи бол байгалийн гоо сайхны хичээлүүд. Урлагийн мэдрэмжтэй бол тэр гоо сайхныг бүр л сайн мэдэрнэ. Байгалийн гоо сайхныг бүрэн мэдрэхэд урлагийн мэдлэг, соёл, боловсрол их хэрэгтэй.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Сүүлд төр, их сургуулиуд болон хувийн хэвшлийн хоорондын хамтын ажиллагааны тухай өгүүлдэг Triple Helix гэдэг номыг уншсан. Одоо эрдэм шинжилгээний багц өгүүллүүд уншиж байна. Сүүлийн таван жилд нарны зайны талаар бичигдсэн бүх өгүүлэл, холбоотой патентуудыг хамарсан багц өгүүллүүд л дээ. Үүнийг reference research гэдэг. Судалгааны ажлын хамгийн хүнд хүчир хэсэг нь, үүнийг давчихвал судалгааныхаа бараг 40-50 хувийг хийчихлээ гэсэн үг. Ер нь мэргэжлийн ном сэтгүүл их уншина. Nature, Science сэтгүүлүүдийн вэбийг ойр ойрхон шалгадаг.

Залуучуудад Б.Аулетийн Disciplined Entrepreneurship гэх номыг санал болгоё. Судлаач хүн судалж буй зүйлдээ хэт төвлөрчихөөд байдаг бол энэ ном судалж буй зүйлээ ирээдүйд бизнес болгож харах боломжийг өгч, эрч хүчээр цэнэглэнэ. Амжилттай стартап эхлүүлэх, түгээмэл гаргадаг алдаануудаас зайлсхийхэд их хэрэг болох цэгцтэй ном.

Мэргэжлийн бус ном гэвэл Монголын түүхийн номуудыг хааяа их хурдан эргүүлж уншдаг. Судлаач хүний хувьд монголчуудын тэр нэгдмэл хүч хаанаас бий болсныг мэдэх гэж, түүн дээр нотолгоо баталгаа олох гэж уншдаг гэх үү дээ.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Дундаждаа л орох байх. Арай илүү нээлттэй тал руугаа ч байж магад.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Шөнө 01 цагаас өглөө 7 хүртэл унтдаг. Залуудаа олон жил судалгаа хийснийх юм болов уу, богино хугацаанд их бөх унтдаг. Богино хугацаанд бас төвлөрч чаддаг. Төвлөрөхгүй үедээ кино үзэх, спортын суваг эргүүлэх дуртай. Яг судалгааны ажилд гүн орвол нойр хамаагүй болчихдог талтай.

Шөнө оройн цагаар нэлээд сууж ажилладаг. Судалгааны чиглэлээр болон сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагаан дээр л гэхэд өдөрт 20-30 имэйлд хариулах шаардлагатай байдаг юм.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Ажиллаагүй үедээ гэртээ юм уу нислэгийн талбай дээр л байж байна даа. Би нисэх загварын спортоор 7-р ангиасаа хойш хичээллэж байгаа. Ази тивийн хошой аварга болж байсан. Манай нислэгийн хамгийн том талбай Налайхын цаана байдаг. Мөн Яармагт нэг бий. Амралтын өдрүүдэд тийшээ л явна даа. Хааяа гэрийнхэнтэйгээ хонуутаар гараад явчихдаг юм.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

Өөрөөсөө илүү ихийг уншиж судалсан, илүү бэрхшээлтэй зүйлсийг хийж буй гадаад найзуудтайгаа имэйлээр юм уу биеэр ярилцсаныхаа дараа илүү ихийг хийж бүтээх эрч хүч авдаг. Мөн шавь нарийнхаа хийж буй зүйлсээс урам авч, хамтраад шинэ зүйлсийг бүтээхийг хүсдэг. Одоо бол Галбадрахтайгаа нийлээд тэмүүлэл, эрч хүчээр дүүрэн, 50-аас дээш насны мөрөөдлөө хөөж, зүтгээд л байна даа.

Мөн миний хамгийн сайн зөвлөх, туслах бол эхнэр маань. Бүх л зүйл дээр намайг дэмждэг. Заримдаа шийдэж чадахгүй зүйлс дээр хамтдаа ярилцаад шийдвэр гаргана.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Би МУИС-д Баатар гэж сайхан багштай байсан. Оюутан ахуйд минь тэр хүн “Чи их сургуульд багш болж, судалгаа хийж чадах юм бйана. Тууштай явах хэрэгтэй. Харин улс төрд л орж болохгүй шүү” гэж захьсан юм. Дээд боловсролд өөрийгөө зориулаарай гэсэн тэр үг нь надад нөлөөлж, би тухайн үед оюутан залуус ардчилал гээд ид бужигнаж байх үед багшаараа үлдсэн цөөн хүний нэг болж байлаа.

М.Фужихира гэж Япон профессорын маань үг намайг бас Монгол руу буцаан явуулж байсан. Японд 9 жил эрдмийн ажил хийчихээд АНУ руу явах санаатай байх үед тэр хүн надад ёстой л азай буурал хүний ёсоор “Чи монгол хүн. Одоо Монгол руугаа буцаж юм хийж бүтээ. Та нар очихгүй бол өөр хэн очих юм бэ” гэж зөвлөсөн юм. Бараг л яв гэж хөөсөн хэрэг. Түүнээс 7 хоногийн дараа гэхэд би буцахаар шийдээд тун удалгүй Монголдоо ирж, МУИС-ийг шинэчлэн сайжруулах ажилд шамдсан даа.

Дараагийн удаа энэ буланд хэнийг оруулж, ажлынх нь арга барилтай танилцмаар байна вэ?

Философич Молор-Эрдэнэ. Нөхөр бас химийн инженер хүн. Залуудаа бид нанотехнологи, химийн инженерчлэлийн салбарт найзалж явсан. Математик илүү логик талын хичээл бол философи бол ухааны талын хичээл. Байгалийн ухааны суурьтай хүн “ухааны талын” ухааныг судлаад явж байгаа хэрэг. Тэгэхээр ярилцахад сонирхолтой байна байх.

Гэрэл зургийг Б.Ганчөдөр

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

49265   10


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.