Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   05 сарын 31, 2016

Миний хэрэглэдэг аппууд: Nous Mongolia-ийн үүсгэн байгуулагч Э.Мөнхбилэг

Э.Мөнхбилэг бол миний мэдэх их идэвхтэй залуусын нэг. Бид ширээний теннисээр спортоор анх танилцаж байв. Өдгөө тэрээр Эрчим хүчний яамны гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр ажиллахын зэрэгцээ ширээний теннисний олон улсын шүүгчийн ажил хийж буй. Мөн саяхан залууст зориулан эвэнт зохион байгуулдаг Nous Mongolia-г үүсгэн байгуулалцжээ. Ямар ямар аппийн тусламжтайгаар эдгээр ажлуудаа амжуулдаг болохыг нь мэдэхээр бид түүнийг "Апп тойм" буландаа урилаа.

Нэр: Энэбишийн Мѳнхбилэг
Ажилладаг салбар: Эрчим хүч, спорт
Сошиал хуудсууд: Munkhbileg Enebish (фэйсбүүк) @Munkhbileg (твиттер)

EVERNOTE

Миний хувьд урьд тѳлѳвлѳгѳѳ хѳтѳлдѳг нэг, тэмдэглэл бичдэг нэг дэвтэр дандаа биедээ авч явдаг байв. Анх Evernote-ийг анх гар утас дээрээ суулгаад туршиж байх үед нэг их ач холбогдол ѳгѳѳгүй ч нэг олон улсын хурлын үеэр танилцсан хүн Evernote-ийн ач холбогдлыг надад сайн таниулснаар идэвхтэй ашиглах болж, хоёр дэвтрээ энэ апп дээр бүрэн цахимжуулж, одоо Evernote-гүйгээр амьдралаа төсөөлөх аргагүй болжээ. Evernote-ийг Unread дэлгэрэнгүй танилцуулснаас гадна өмнөх зочид бас дурдсан тул олныг нуршаад яахав.

Үнэгүй хувилбар нь боломжийн ч үнэхээр тултал нь ашиглая гэвэл төлбөртэйг нь ашиглахыг зѳвлѳж байна. Сар бүр 10gb дата хийж, бичсэн тэмдэглэлээ презентац хэлбэрээр компютер дээр үзүүлэх боломжтойгоос гадна хүмүүсийн нэрийн хуудсыг уншуулаад бүх мэдээллийг нь цэгцтэй хадгалдаг нь их таалагдсан. Одоо үед мэдээллийн аюулгүй байдал нэн чухал болсон тул төлбөртэй хувилбарынх нь давуу тал болох аппийн кодыг хийж нууцлалаа өндөрсгөөд байгаа.

Мэдлэг олгох аппууд

Замд явж байх үед, оройдоо унтахын ѳмнѳ миний ордог хавтас бол мэдлэгийн хавтас. edX, Сoursera хоёрыг хүмүүс сайн мэдэх байх. Онлайн сургууль буюу Харвард, Стенфорд, Цинхуа зэрэг дэлхийн бүх сургуулийн хичээлүүдийг бие дааж сурах аппууд. Тѳлбѳртэй, тѳлбѳргүй олон тѳрлийн хичээлээс сонгож сурах боломжтой. Миний хувьд видео хичээлийг нь үзэж мэдээлэл авдаг. Ном уншихыг хүсдэг ч төдийлөн уншиж амждаггүй тул аудио ном, подкаст сонсоно. Ихэвчлэн эрчим хүчний тухай подкаст сонсох дуртай.

Хэл сурч байгаа хүмүүст хэрэг болох Duolingo гэх аппийг дурдахгүй бол болохгүй. Дотроо нийт 18 хэлний хичээлтэй уг апп жоохон хүүхэд ч ашиглаж болохоор энгийн байдаг нь таалагддаг. Миний сурч эхэлж буй франц хэлийг жишээ нь 35 сая хүн сурч байна. Зүгээр үг орчуулах зэргийн асуудал гарвал Google translate, Мазаалай ашигладаг. Мэдлэгийн булангийн тѳгсгѳлд хамгийн дуртай аппаа хэлмээр байна. Ted буюу олон тѳрлийн олон хэрэгтэй илтгэл сонсож болох энэ аппийг хүн болгон татаж аваад, цаг нѳхцѳѳх үедээ тоглоом тоглох биш 5 минутын илтгэл сонсож байгаасай. Миний утсанд одоогоор 110 апп байгаагаас нэг ч тоглоом байхгүй.

СПОРТ, ЭРҮҮЛ МЭНД

Би ѳѳрѳѳ спортын хүн учир спортын мэдээ мэдээлэл авах зорилгоор ESPN-ийн аппийг ашигладаг. Энэ жил миний бие Риод ажиллах тул Рио 2016-г зохион байгуулах хорооноос гаргасан Rio 2016 аппийг суулгачихсан байгаа. Дугуй унах, гүйх үедээ хурд, зайгаа хэмжихийн тулд Strava, Google Fit аппуудыг ашигладаг. Strava дээр найзуудтайгаа холбогдож хоорондоо ѳрсѳлдѳх, даалгавар биелүүлж дэлхийд хэдэд явж байгаагаа хүртэл харах боломжтой. Спорт буланд маань мэдээж NBA-гийн апп байгаа ба яг одоо финал эхэлсэн үед ѳдѳр бүр ашиглаж мэдээ уншиж байна.

Сэрүүлэг тавих, нойроо хянах зорилгоор ашигладаг Sleep аппийг туршаад үзээрэй. Автоматаар унтсан цагийг оруулж ѳдѳрт хэдэн цаг унтаж байгаагаа шалгах боломжтой ба тѳлбѳртэйг нь ашиглавал олон нэмэлт боломжтой. Headspace-ийг ачаалалтай ажиллаж байх үедээ асааж ѳѳртѳѳ чимээгүй орчин үүсгэж, бясалгал хийж болно. Headspace нэг ёсондоо бол таны тархины фитнесс, амралт юм. Заавал суулгаж 2, 3 удаа оролдоод нэг үзээрэй, таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна.

АЖИЛД ХЭРЭГТЭЙ АППУУД

Энэ буланд Evernote-өөс гадна Trello, Appear.in, Slack, Hangouts, Gmail, Google Docs, Google Calendar, Google Drive зэрэг аппууд багтана. Trello олон бүлэг үүсгэж ажлын тѳлѳвлѳгѳѳ гаргаж, багийхантайгаа хуваалцаж, бичсэн тѳлѳвлѳгѳѳ дотроо сэтгэгдэл бичиж болдгоороо онцлогтой. Миний хувьд ширээний теннисний олон улсын хэмжээний мастер Э.Лхагвасүрэн найзтайгаа хамтарч залуучуудад зориулсан оюуны эвэнтүүд зохион байгуулдаг бөгөөд тѳлѳвлѳгѳѳгѳѳ хамтдаа Trello дээр гаргадаг юм. Trello дээр ажлаа тѳлѳвлѳѳд, хоорондоо ажлын чат буюу Slack-ийг ашиглаж яаралтай тулгамдсан ажлуудаа шийддэг.

Slack-ийн давуу тал нь апп дотроо холбогдох сэдвүүдээ тус тусад нь ангилж, зѳвхѳн тэр тѳсѳлд байгаа хүмүүс бичих ѳрѳѳг үүсгэж, тѳрѳл бүрийн аттачмент солилцох бололцоог олгодог. Зарим үед олон зүйл зѳвлѳлдѳх, видео дуудлага хийх зорилгоор Appear.in аппийг ашигладаг. Тус апп дотор ѳрѳѳ үүсгэж олон хүн нэмээд баг хамт олноороо ярилцах боломжтой.

СОШИАЛ АППУУД

Хүн бүрийн ашигладаг Facebook, Whatsapp, Twitter, Viber, Linkedin, Instagram зэргийг бүгдийг нь л ашиглаж байна. Ажил хийдэг, гадаадын зах зээлд гарах зорилготой хүн бол LinkedIn-ийг сайн ашиглах хэрэгтэй юм шиг санагддаг. Ажлын Фэйсбүүк л гэсэн үг, дотор нь ажлын шугамаар хүмүүстэй танилцаж, олон улсын байгууллага, компанийн ажлын байр, зѳвлѳмж зэрэг олон хэрэгтэй мэдээллийг авдаг.

Сүүлийн үед Фэйсбүүкийг ажлын журмаар нэлээн ашигладаг болсноос хойш Facebook Groups суулган ашиглаж байна. Skype-ийг дээр үед видео дуудлага хийх гэж ашигладаг байсан бол одоо Skype дансаа мѳнгѳѳр цэнэглэж гадаад руу дуудлага хийхэд ашигладаг болжээ.

БУСАД

Аялалд олон апп ашиглаад байдаггүй, Европд байх үед Airbnb хамгийн тохиромжтой санагддаг бол бусад улсад бол Booking.com-ийг ашигладаг. Тэмцээн, ажлаар гадагшаа их явж, онгоцны буудалд олон цаг ѳнгөрүүлдэг учир Priority pass картны апп-ийг ашиглаж аль лоунж душтэй, хоолтой, олон цаг болж болох эсэх зэргийг харж сонгодог.


Уншигч та бүхэн ашиглах дуртай, их ашигладаг аппуудаа санал болгоорой.

31272   5


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.