Онцлох Бизнес

Онцлох бизнес: Татука Бэйкэри - Өглөө бүр шинэ амттан

05 сарын 30, 2016


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


26474   7




Шинэ, онцлох бизнесүүдийг үргэлж хамгийн түрүүнд уншигчиддаа танилцуулахыг зорьдог бид энэ удаад нээгдээд 7 ч хоноогүй байгаа "шинэхэн танил"-аа та бүхэнтэй уулзуулж байна. "Өглөө бүр шинэ амттан" гэсэн уриатай Tatuka Bakery-ийн фэйсбүүк хуудас нээгдээд удаагүй ч үйлчлүүлж үзсэн, амттаныг нь амталж үзсэн хүн бүрийн сэтгэл ханамж, эерэг сэтгэгдлүүдээр дүүрсэн нь бидний анхаарлыг татсан юм. Ингээд тус бэйкэриг үүсгэн байгуулагчдын нэг Б.Тэлмэнтэй хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.

Бизнесийн нэр: Tatuka Bakery
Хаяг: 19-ийн үйлчилгээний төв
Үйл ажиллагааны чиглэл: Нарийн боовны цех, кофе шоп
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016 оны 5-р сарын 24
Үүсгэн байгуулагчид: Б.Тэлмэн, П.Буяннэмэх, Б.Хишигмаа, Б.Болор-Эрдэнэ
Ажилтны тоо: 10
Вэб: Tatuka Bakery

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Б.Тэлмэн: Би Японд сурч байхдаа, сургуулийнхаа ойролцоо найзуудтайгаа нийлээд жижигхэн кафе ажиллуулж байсан юм. 10 хүн ч сууж багтахааргүй жижиг хэмжээтэй л дээ. Гэхдээ сургуулийнхаа гадаад болон япон оюутнуудын дунд коммьюнити бий болгох зорилготой энэ кафег жил гаруй ажиллуулахдаа чамгүй туршлага хуримтлуулж, Монголдоо ч ийм газартай болж болох юм гэж бодож эхэлсэн. Манай гэр бүл ч угаас үйлчилгээний салбарт бизнес эрхэлдэг, харьцангуй туршлагатай, үйл ажиллагааныхаа чиглэлийг өргөтгөж, нарийн боов, кафе ажиллуулж үзье гэж нэлээн дээрээс хойш ярилцаж байсан нь ч үүнтэй давхцаж таарлаа.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Банкны зээл авч, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үйл ажиллагаа явуулж байгаа газар маань манай гэр бүлийнх байсан учир санхүүгийн хувьд их дөхөмтэй байсан. Өмнө нь энэ хэсэгт дан дэлгүүр байсан бол одоо дэлгүүрийнхээ хэмжээг багасгаж, зай гарган кафегаа ажиллуулж байна. Бизнесийн хувьд их зөв шийдэл байсан нь шууд л мэдрэгдэж байна.

Хамтрагчдаа хэрхэн сонгосон бэ?

Энэ бизнесийн хамгийн чухал хүн бол яах аргагүй технологич. Өнгөрсөн жилийн 9-р сард бэйкэригээ нээхээр сэтгэл шулуудаж, ерөнхий санаагаа гаргангуутаа л хамтрах технологичоо хайж эхлэсэн. Зээл авах шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж байх үедээ фэйсбүүкээрээ зар тавьчихсан юм. Хамтран ажиллах, ажилдаа сонирхолтой технологич хайж байна гээд л. Тэр үед олон хүн бидэнтэй холбогдож, би ч хүн бүртэй уулзаж байгаад одоогийн манай бэйкэригийн технологич Б.Болор-Эрдэнэтэй танилцсан. Тухайн үед өөр газар ажиллаж байсан түүнтэй ажлынх нь цагийн дараа уулзаж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийдэг байлаа.

Танайх ямар онцлог, давуу талуудтай вэ? 

Бэйкэри болон кофег хослуулсан газар нээе гэж анхнаасаа зорьсон маань манай онцлогуудын нэг гэж боддог. Зарим газрууд сайн нарийн боовтой мөртлөө кофе муутай, зарим нь кофе сайтай мөртлөө өөр идчихээр зүйлгүй байдаг нийтлэг асуудал анзаарагддаг. Бид энэ асуудлыг шийдэхийн тулд ихэд анхаарч, олон нэр төрлийн сонголтыг үнийн өөр өөр түвшинд хэрэглэгчдэд санал болгодог. Дөнгөж гарсан халуун талхыг гэр бүлдээ авч, зөвхөн манайд л байх, шинэхэн бас нандин амттануудыг авангаа сайн чанарын халуун кофег манайхаас авч болно.

Бид дэргэдээ нарийн боовны цехтэй учир үргэлж шинэ бүтээгдэхүүнийг санал болгож чадна. Талхнууд маань халуунаараа л зарагдаад дуусаж байгаа. Өглөө бүр шинэ талх, өдөр бүр шинэ амттан идэх бололцоотой гэсэн үг. Мөн бид бүх бүтээгдэхүүндээ эрүүл, органик байлгахыг их хичээж байгаа. Зөгийн бал л гэхэд уусмал биш яг органик, эх орондоо үйлдвэрлэсэн зөгийн бал хэрэглэх жишээтэй. Үнийн хувьд ч их боломжийн. 150 төгрөгөөс эхлээд янз бүрийн нарийн боов манайд бий.

Байршлын хувьд буюу 19-ийн үйлчилгээний төв хавьд ижил төстэй үйлчилгээ үзүүлдэг газар бараг байхгүй. Хүмүүс суугаад ажлаа хийчих интернеттэй, эсвэл уулзаад суухад тохь тухтай кофе шопийн хэрэгцээг хангаж байгаа гэж бодож байна. Хүмүүс ч ам сайтай байгаа.


Мөн энэ хавьд хэд хэдэн сургууль, бас албан байгууллагууд байдаг учир тэдэнд болон олон нийтэд зориулсан арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулдаг байхаар төлөвлөж байгаа. Өмнө дурдсан коммьюнити буюу хүрээлэл үүсгэх нь бидний гол зорилго. Сургалт, уулзалт гэх мэт арга хэмжээнүүд өөрсдөө хүмүүсийг ойртуулж, үр ашигтай цагаа өнгөрөөх боломж олгодог гэж боддог.

Бизнесийн алсын хараагаа юу гэж тодорхойлсон бэ?

Хүн бүрт танигдсан, үндэсний хэмжээний талх нарийн боовны үйлдвэр болох зорилготой байгаа. Кофе шоп маань нарийн боов борлуулах нэг цэг маань гэж хэлж болно. Энэ цэгүүдийнхээ тоог өсгөх хэтийн төлөвлөгөө бий.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

"Үнэгүй аз жаргалыг хазалт бүрээр" гэсэн уриа маань бидний үнэт зүйлийг бүрэн тодорхойлж чадна гэж бодож байна. Бид бүтээгдэхүүний чанартаа хамгийн ихээр анхаарч, хэрэглэгчдэд үргэлж хамгийн өндөр сэтгэл ханамж өгөх үйлчилгээг санал болгохыг зорьж байгаа. Манайд орж ирээд хэрэглэгчид маань орчин, тохижолт, уур амьсгалаас эхлээд авсан бүтээгдэхүүнээсээ аз жаргал мэдэрдэг байх нь бидний гол амжилт.

Танайх яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Яг одоогоор бид бүтээгдэхүүний нэр төрлөө эцэслэн тодорхойлох ажил дээр төвлөрч байна. Эхний долоо хоног дахь хэрэглэгчдийн худалдан авалтын байдал, сэтгэл ханамжаас хамааран хамгийн хорогдол багатай, хамгийн ашигтай нэр төрлүүдийг тодорхойлж байна гэсэн үг л дээ. Нэг ёсондоо бид одоо болтол туршилт хийж, хүмүүсийн хандлагыг харах гэж хичээж байна.

Энэ бизнесийг эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Эерэг сайн тал мэдээж олон. Хүмүүс бүтээгдэхүүнээ худалдаж аваад, тэр нь таалагдаж буйг бодитоор мэдрэх тэр мэдрэмж үнэхээр сайхан. Нөгөө талаараа хүмүүсийн амттаны сонголтыг таамаглах их хэцүү юм байна. Хүн бүр өөр өөр амтлах мэдрэмжтэй учир нэг хүнд таалагдсан бүтээгдэхүүн өөр нэг хүнд таалагдахгүй байх тохиолдол цөөнгүй гарах юм. Органик аарцтай пирог дээр л гэхэд зарим хүмүүс ямар исгэлэн юм бэ гэж хандахад өөр нэг хүн ёстой гоё юм байна, ахиад нэгийг авъя гэх жишээтэй.

Бас нэг хэцүү зүйл нь түүхий эдийн татан авалт хийхэд найдвартай, итгэлтэй түнш олж авах хэцүү юм. Бид зах зээл дээрх харьцангуй жижиг тоглогч учир түүхий эдээ шууд гадаадаас авахад их хүндрэлтэй. Тэгэхээр том газруудтай харьцуулахад өртөг өндөртэй, өрсөлдөхөд сул талтай болчихож байгаа хэрэг. Яг байнга түүхий эд найдвартай нийлүүлэх түнш олох их бэрхшээлтэй санагдсан.

Бизнесийнхээ нэр, логоны учрыг тайлбарлана уу?

Манай бага дүүг гэрийнхэн маань "Тату" гэж өхөөрдөж дууддаг байсан юм. Тиймээс аав маань "Татука" гэдэг нэрийг анх санал болгосон. Эхэндээ жаахан сонин санагдаад, илүү утга учиртай, илүү "гоё" нэр олох гэж их хичээсэн ч чадаагүй. Тэгэхдээ одоо бол их тохиромжтой, брэнд болчих нэр юм шиг санагдаад таалагдах болсон шүү.

Лого бүтсэн түүх маань их сонирхолтой. Би найзуудтайгаа, эхнэртэйгээ нэлээн сууж, хэсэг нухаж байгаад логоныхоо ерөнхий суурийг гаргасан юм. Тэгээд л тэрийгээ шууд фэйсбүүк дээрээ тавьчихсан. Гэтэл Монголын алдартай дизайнеруудын нэг Идо дор нь сэтгэгдэл биччихдэг байгаа. Бидний анзаараагүй олон нарийн деталийг анзаарч, санаагаа хэлсэн байсан. Тэгээд тэр дор нь холбогдож, туслахыг хүсэхэд Идо зөвшөөрч, одоогийн логог маань бүтээсэн. Энэ завшааныг ашиглан бидэнд сэтгэл гаргаж тусалсан Идо-доо талархаж байгаагаа дамжуулъя.

Танай хамгийн их борлуулагддаг, хамгийн амжилттай бүтээгдэхүүн юу вэ?


Бид анхнаасаа shu cream-ийг өөрсдийнхөө гол брэнд амттан болгоно гэж зорьсон. Дотроо кремтэй энэ амттан Японд их алдартай, би ч их дуртай байсан учир үүнийг Монголд "алдаршуулах" зорилготой байгаа юм. Хүмүүс анхандаа сонирхож нэгийг авчихаад дараа нь заавал эргэн ирж, бөөнөөр нь авч байгаа тохиолдол их гарч байна. Одоогоор манай хамгийн их борлуулагдсан амттан байх.

Мөн хүмүүс талх их авдаг. 5 төрлийн талхыг гаргаж байгаа. Бас гөөхий их зарагддаг. Гөөхий, кофег хослуулж хэлэхэд их хоршдог, бас багадаа их иддэг байсан болохоор бүр зорьж хийж байгаа юм л даа. Хослуулж хэрэглэхэд их зүгээр юм байна лээ шүү.

Гэрэл зургийг: Б.Ганчөдөр

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.