Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   05 сарын 29, 2016

7 хоногийн тойм: Их долоогийн уулзалт + Реал Мадридын 11 дэх түрүү + Google-ийн ялалт

Их долоогийн уулзалт боллоо

Дэлхийн улс төр, эдийн засгийн хамгийн нөлөөт улсуудын нэгдэл болох "Их Долоо"-ийн бүлгийн бүрэн хэмжээний уулзалт Япон улсад явагдлаа. АНУ-ын ерөнхийлөгч Б.Обамагийн хувьд хамгийн сүүлийн, харин Канадын ерөнхий сайд Ж.Трудогийн анхны G7 гэдгээрээ онцлог энэ уулзалт Токиогоос 300 км-ийн зайд, Миэ мужийн Исэ Шима хотноо болсон юм. Японы ерөнхий сайд Ш.Абе жил бүрийн эхэнд энд байрлах Исегийн сүмд ирж, мөргөл үйлддэг нь уг арга хэмжээ энд зохиогдож, бүр нээлт нь ч сүмд болоход гол үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Япон, АНУ, Канадын төрийн тэргүүнүүдээс гадна Францын ерөнхийлөгч Ф.Олланд, Германы канцеллор А.Меркель, Британы ерөнхий сайд Д.Камерон, Италийн ерөнхий сайд М.Ренци болон Европын холбооны зөвлөлийн ерөнхийлөгч Ж.Жанкер нарын оролцсон энэ хурлаас гарсан хамгийн онцлох мэдэгдэл нь "БРЕКСИТ" буюу Британи Европын холбооноос гарвал дэлхийн эдийн засагт "онцгой занал" учруулж болох юм гэсэн утга бүхий 32 хуудас баримт бичиг байлаа. Британичууд энэ жил олон нийтийн санал асуулгаар Европын холбоог орхих эсэхээ шийднэ. Тэрчлэн Европын холбоо болон Японы хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаар талууд хэд хэдэн чухал зөвшилцөлд хүрчээ. Мөн энэ үеэр тэд Сири, Ойрх Дорнодын асуудал, даян дэлхийн терроризмын заналхийлэлтэй тэмцэх зэрэг асуудлууд дээр зөвшилцжээ. АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама анх удаа Хирошима хотноо зочилсон нь мөн анхаарал татсан хэрэг болсон юм.

BBC: G7-ийн уулзалтаар яг юу болов?
Eagle: Их долоогийн уулзалт эхэллээ

Реал Мадрид 11 дэх удаагаа Аваргуудын лигт түрүүллээ

Европын хөлбөмбөгийн клубүүдийн түвшин дэх хамгийн том тэмцээн Аваргуудын лигийн энэ улирлын цомын эзнийг тодруулах тоглолт Милан хотын Сан Сиро цэнгэлдэхэд боллоо. Финалд 2 жилийн өмнөхтэй адилаар, Мадрид хотын 2 баг тоглохоор тунаж үлдээд байсан юм. Улмаар уг тоглолтын үндсэн цаг 1:1-ийн харьцаатайгаар тэнцэж, торгуулийн цохилтоор 5:3-ийн харьцаатайгаар Реал Мадрид өрсөлдөгчөө буулгаж авснаар, түүхэнд хамгийн олон буюу 11 дэх удаагаа Аваргуудын лигт түрүүллээ. Багийн ахлагч С.Рамосын гоолын дараагаар тоглолтыг тэргүүлж байсан Реал Мадридаас сүүлчийн торгуулийн цохилтыг алдарт К.Роналду гүйцэтгэсэн юм. Францын домогт хөлбөмбөгчин З.Зидан дасгалжуулагчийн болон тоглогчийн хувиар уг шагналыг хүртсэн түүхэн дэх 7 дахь эрхэм болов. Ялагдал хүлээсэн Атлетико 3 дахь удаагаа энэ тэмцээний финалд хожигдлоо. Я.Карраскогийн гоол цаг дуусахаас 10 минутын тоог тэнцүүлж, улмаар тоглолтын агуулгаар ялимгүй давамгайлж байсан ч Атлетикогийн Хуанфран торгуулийн цохилтоо алдснаар хүндхэн ялагдал амссан нь энэ байлаа. Цэнхэр гарагийн ногоон талбайн өрсөлдөөн тун удахгүй Франц улсад зохиогдох Евро 2016 тэмцээнээр үргэлжлэн явагдана.

ESPN FC: Реал Мадрид Аваргуудын лигт түрүүллээ
UEFA: Финалын тоглолт гэрэл зургийн дуранд

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Энэ долоо хоногийн технологийн ертөнцийн онцлох мэдээ нь салбарын лидер тоглогчид болох Google болон Оracle-ийн хооронд болсон шүүхийн маргаан шийдвэрлэгдсэн нь байв. Java-г эзэмшигч Oracle 2010 оноос хойш Google-ийг өөрийн Андройд үйлдлийн системийг хөгжүүлэх үедээ 37 төрлийн API-г зөвшөөрөлгүйгээр ашигласан хэмээн буруутгаж, 9 тэрбум долларыг нэхэмжилсэн. Гэвч шүүхээс Google-ийн хэрэглээг хуулийн хүрээнд, хязгаарлалтын дагуу байсан гэж үзэн, гомдлыг хэрэгсэхгүй болгожээ. Oracle аль хэдийн давж заалдана гэдгээ мэдэгдэв. Үүнээс гадна Snapchat шинээр нийт 1,8 тэрбум америк долларыг хөрөнгө оруулагчдаас босгож, 20 тэрбум орчмын үнэлгээтэй боллоо. Энэ үеэр тэдний хэд хэдэн чухал дата нийтэд ил болсон бөгөөд Snapchat 2015 оны сүүлээр гэхэд 110 сая идэвхтэй хэрэглэгчтэй байж, 59 сая долларын орлогыг олжээ. Твиттер удтал яригдсан 140 тэмдэгтийн хязгаарлалтандаа оруулах өөрчлөлтөө албан ёсоор зарлалаа. Тэд жиргээнд хавсаргасан видео, зураг зэрэг медиа болон хэрэглэгчийн нэрийг 140 тэмдэгтээс хасч тооцохоор болжээ. Гэхдээ Твиттер энэ журам үйлчлэх хугацааг тодорхой зарласангүй, ойрын хугацаанд хэмээн бичсэн байна. Фэйсбүүк хэрэглэгчдийн талархлыг ихэд хүлээж буй Live Video-доо зориулан Live Reaction буюу сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлэх боломжтой нэмэлтийг нэвтрүүллээ. Видео цацагчдад аль үед, хэрэглэгчид ямар реакц үзүүлж байгааг мэдэх боломж олгосон нь ихээхэн шинэлэг үйл явдал боллоо хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.


Vox: Google-ийн Oracle-ийг ялсан нь яагаад чухал хэрэг вэ?
Techcrunch: Facebook Live улам сонирхолтой боллоо

Зика вирус Олимпийн наадамд нөлөөлөхгүй

Шумуулаар дамжин хүнд халдварлаж, улмаар жирэмсэн эхийн урагт нөлөөлөн, гажигтай хүүхэд төрөхөд хүргэж буй зика вирусын аюул занал хүн төрөлхтнийг "айлгасан" хэвээр байна. Латин Америк, Европ, Африкийн 48 оронд тархаад буй уг вирусийн аюулаас болж, зуны олимпийн наадмыг хойшлуулах эсвэл байршлыг нь өөрчлөх хэрэгтэй тухай нээлттэй захидлыг дэлхийн шилдэг 150 эрүүл мэндийн экспертүүд хамтран бичиж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад илгээсэн нь олны анхаарлыг татлаа. Тэд энэ зун дэлхий даяар 500 мянга гаруй жуулчид хамгийн их тархалттай байгаа Рио Де Жанейрод ирэх нь вирусын тархалтыг улам хурдасгаж, шинэ бүсүүдэд нэвтрэхэд нэрмээс болно хэмээн айж байгаагаа илэрхийлсэн байна. Аюул заналыг нь мэдэж байгаа ч үүнийг зөвшөөрөх нь "ёс зүйгүй" хэрэг болгоно хэмээн захианд бичжээ. Гэсэн ч Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас хариу мэдэгдэл гарган, зуны олимпийн наадам нь орон нутгийн цаг агаарын хувьд өвөл буюу шумуул төдийлэн идэвхтэй бус нөхцөлд болно гэдгийг онцолж, эрсдэл харьцангуй бага учир тэмцээнийг хойшлуулах шаардлагагүй хэмээсэн байна.

Guardian: Зикагаас болж олимпийг хойшлуулах хэрэггүй
Politico: ДЭМБ нээлттэй захидалд хариу өглөө

13762   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.