Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   05 сарын 28, 2016

"365 үдэш" номын танилцуулга

Эх үрсийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор өнөөдөр бид хүүхдийн ном танилцуулахаар шийдлээ. Монсудар паблишингаас эрхлэн гаргасан "365 үдэш” номын эхний хэвлэлт нь гарсан даруйдаа борлогдон дуусаж, одоо дахин хэвлэгдэж байгаа аж. Хүүхдийн үлгэрийн номуудаас магадгүй хамгийн зузаан, хамгийн олон үлгэртэй энэ номыг та яагаад хүүхдүүддээ, дүү нартаа уншиж өгөх ёстойг одоо тайлбарлая.

ҮЛГЭР УНШИХЫН АЧ ХОЛБОГДОЛ

Монголчууд бид өвлийн урт орой, зуны шөнийн одтой тэнгэрийн доор үр хүүхдүүдээ тойруулж суулгаад үлгэр туульс хайлж, элдэв сонин сайхныг ярьж өнгөрүүлдөг уламжлалтай байсан билээ. Амьдралын хэв маягийн өөрчлөлттэйгээр хуучны энэ сайхан заншил нэг үе орхигдсон ч өдгөө тустай энэ зан зүйлээ хэрэгцээ шаардлагын дагуу шинэчлэн сайжруулбал зохлтой. Хүмүүсний оюунлаг амьдралын эх үндэс нь чухамдаа хүүхэд ахауй насанд л тавигддаг гэдэгтэй санал нийлэхгүй хүн үгүй биз ээ.

Үлгэр сонсож өссөн хүүхэд аливаа зүйлсийг учрыг ухаарч ойлгонгоо үйл явдлыг нь төсөөлж, дотроо амилуулан зохиож боддог учраас сэтгэн бодох оюун цар хүрээ нь байнга тэлж байдаг. Үлгэрээр дамжин хүүхэд ан амьтан, ургамал устай танилцаж, урьд сонсож байгаагүй үгс олон байдаг тул үгсийн сан нь арвижиж, эх хэлний мэдлэг нь тэлж байдаг билээ.

ЭНЭ НОМЫН ОНЦЛОГ

Энэхүү үлгэрийн номонд монгол ардын болон дэлхийн олон үндэстний алдартай, сонирхолтой үлгэрүүдийг түүвэрлэн хялбаршуулж оруулжээ. Бид бүгдийн сайн мэдэх "Болдоггүй бор өвгөн", “Уран бэрийн нүүдэл” зэрэг ардын үлгэрээс эхлээд “Хааны шинэ хувцас”, “Алибаба ба 40 дээрэмчин”, “Пинокио” зэрэг дэлхийд алдартай үлгэрүүд цөм энд бий. 3 редактор, 7 орчуулагч, 14 зураач хамтран ажиллаж 365 үлгэр бүхий энэ номыг хоёр жилийн турш бүтээсэн байна. Хүүхдийн сэтгэхүй, анхаарал төвлөрөлтөд тохирсон хэл найруулгатай эдгээр үлгэрүүд нь хүүхдийг уйдаахгүй богино хэмжээтэй.

Үлгэрүүдийн үйл явдал өрнөж буй газар орон, баатруудын зан төлөв, харилцааг ойлгон төсөөлөхөд нэн чухал байдаг номын зургаар “365 үдэш” тун баялаг. Олон зурагтай, хатуу хавтастай, сайн чанартай хэвлэгдсэн энэ ном томчуудын хувьд унших өгөхөд ч урамтай, хүүхдүүдийн ч гарын аяыг даахаар санагдав.

Үлгэрүүд дотор мөн хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэх оньсого, шинээр зохиосон дуу, шүлгээс түүвэрлэн шигтгэж оруулсан нь номыг агуулгыг баяжуулж, хүүхдийг төрөл бүрээр хөгжүүлэх боломжийг олгожээ.

ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ

Үлгэрийн номын гол хэрэглээ нь гоё сайхан үлгэр уншихдаа бус халуун ам бүлээрээ хамт байж цагийг зугаатай өнгөрөөхдөө байдаг. Тиймээс та бүхэн үдэш бүр багахан цагийг зарцуулж, энхрий бяцхан үрс, дүү нартаа энэ сайхан үлгэрүүдийг чин сэтгэлээсээ уншиж өгч байгаарай. Гэр бүлийн аз жаргалыг тэдэндээ бэлэглэж, үлгэрийн гайхамшигт ертөнцөөр хамтдаа аялаарай.

18467   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.