Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   05 сарын 23, 2016

Онцлох бизнес: Chandmani - Амьдралд өнгө нэмнэ

Өнөөдрийн онцлох бизнес бол Chandmani брэнд. Орчин үеийн загвар дизайнаараа илт ялгаран гарч ирж буй зангианы энэ брэндийг Ж.Алтанбагана хэмээх дизайнер залуу үүсгэн байгуулжээ. Цаашдаа олон улсад бүтээгдэхүүнээ гаргах зорилготой түүнтэй ярилцсанаа ийн хүргэж байна.

Бизнесийн нэр: Chandmani Mongolia
Хаяг: Модны 2, 41-р байрны зүүн талд
Үйл ажиллагааны чиглэл: Зангиа, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2015 оны 9-р сар
Үүсгэн байгуулагч: Ж.Алтанбагана
Ажилтны тоо: 6
Вэб: Chandmani Mongolia

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Би ШУТИС-ийн Үйлдвэрлэл, дизайны сургуулийг хувцасны загвар зохион бүтээгчээр эхнэртэйгээ хамт төгссөн юм. Тэгээд Түшиг ХХК-д ажиллаж, Улаанбаатар их дэлгүүрийг нээгдэхээс эхлээд гадаадын олон брэнд хувцсыг оруулж ирэхэд тэнд ажиллаж байлаа. Ингэж явахдаа брэнд гэж юу вэ, мерчандайзинг гэж юу вэ, салбар дэлгүүрүүд хэрхэн ажилладаг юм бэ гэдэг талаар сайн ойлголттой болсон. 2012 онд ажлаасаа гарч хувиараа график дизайнераар хэсэг ажиллаж байгаад өнгөрсөн жилээсээ ерөөсөө ажил дээр гараад сурсан зүйлсээ ашиглан мэргэжлээрээ ажиллая гэж шийдсэн. Ер нь сургуульд байхаасаа л эхнэртэйгээ хамт өөрсдийн гэсэн шинэ брэндийг бий болгохыг мөрөөддөг байлаа. Ингээд энэ мөрөөдлийнхөө эхлэл болгож зангиаг сонгон авч ажиллаж эхэлсэн дээ. Би өөрөө эрэгтэй хүн учраас зангиа, гоёл чимэглэл орсон хувцаслалтад дуртай. Бас эхэлж үйлдвэрлэхэд тийм их хэцүү бүтээгдэхүүн биш учраас зангиаг сонгосон.

Ер нь би сургууль төгссөнөөсөө хойш монголчуудын амьдралын бүхий л хэсэгт өнгө нэмэх хэрэгтэй юм байна гэж бодож анзаарч явдаг болоод байсан юм. Хувцас ч бай, реклам ч бай, кино ч бай, магадгүй бидний хоорондын харилцаа ч бай, өнгөлөг байх хэрэгтэй юм шиг санагддаг. Ер нь өдөр тутмын амьдралдаа яаж гоё дэгжин хувцаслах вэ, сайхан хувцаслалт гэдэг бол зөвхөн мөнгөтэй холбоотой ойлголт биш гэдгийг хүмүүст ойлгуулахыг хүсдэг болохоор тун өнгөлөг загвар дизайнуудыг гаргадаг. Би өөрөө хувцасны мэргэжлийн дизайнер, дээр нь график дизайныг сонирхон хэдэн жил дагнаж ажилласан учраас бүтээгдэхүүнээсээ гадна сав баглаа боодол, реклам сурталчилгаа гэх мэт зүйлсээ бүгдийг гардаад хийчихдэг маань их дөхөм байдаг юм.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Хувийн хуримтлалаасаа гаргасан. Одоохондоо масс үйлдвэрлэл хийхгүй байгаа болохоор хувиасаа зардлаа хариуцаж болохоор байна.

Танайх ямар онцлог, давуу талуудтай вэ?

Бүх л деталь дээр нь ур ухаан, сэтгэлээ шингээж хийдэг дээ. Анх хийж эхлэхээсээ өмнө зангианы талаар нэлээн сайн судалсан. Энэ чиглэлийн бүтээгдэхүүний хандлага дэлхийд ямар байна гэдгийг байнга харж ажигладаг. Гадуур байгаа зангианууд дийлэнх нь 2 бүрдэл хэсгээс буюу 1 залгаастай байдаг бол манайх 2 залгаастай. Дотор хэсгийг нь гаднахтайгаа адилхан материалаар хийдэг бол манайх өөр материалаар хийдэг. Материалын хувьд Бээжин, Солонгосоос захиж авдаг. Торгон, даавуун, ноосон гэсэн гурван материалтай, 70 гаруй загвар дизайнтай зангианууд бий. Өргөн нарийны хувьд яг дундаж өргөнтэй. Захиалгаар мэдээж хүссэн өргөн нарийнаар нь хийх боломжтой.

Үйлдвэрлэлийн процессийн хувьд би бүх загвар дизайнаа гаргаж материалаа сонгоод гэртээ ажилгүй сууж байгаа, тэтгэвэрт гарсан сайн оёдог хүмүүсээр оёулдаг. Манай зангиа машины оёдол багатай, дийлэнх хэсгийг гар аргаар оёдгоороо онцлогтой.

Бизнесийн алсын хараагаа юу гэж тодорхойлсон бэ?

Ойрын зорилго гэвэл өөрсдийн гэсэн дэлгүүртэй болох. Урлангаа ч тэндээ байлгана гэж төлөвлөж байгаа. Мөн сайн баг бүрдүүлэхийг зорьж байна.

Урт хугацаандаа бол Монголдоо борлуулалтаа сайжруулж, Европ болон Солонгос руу бүтээгдэхүүнээ гаргах зорилготой.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Хэрэглэгчдийг сэтгэл ханамжтай байлгах. Үүний тулд манайх чанартай, түргэн шуурхай, хариуцлагатай байх ёстой. Сүүлийн үед Монгол брэндүүд олноор бий болж байна. Зангианы хувьд ч ялгаагүй. Энэ нь хэрэглэгчдэд ашигтай. Олон брэнд бий болж, өрсөлдөж, хамтарч байж аль аль нь чанаржих болов уу.

Танайх одоо юун дээр төвлөрөн ажиллаж байгаа вэ?

Бүтээгдэхүүнээ гаргасан болохоор одоо борлуулалт, онлайн идэвхжүүлэлт дээр сайн анхаарч байна. Хүмүүс эхнээсээ санал сэтгэгдлээ хэлж байна. Дандаа л эерэг сэтгэгдэл байгаад их урамшиж байгаа шүү. Япон торгоор хийвэл бүр гоё болно гэдэг ч юм уу бүтээлч саналуудыг бас хэлж байна. Тэдгээрийг сонсоод улам сайжруулаад явах болно. Алчуур, энгэрийн зүүлт зэргийг цөөн тоогоор үйлдвэрлэсэн нь зарагдаад дууссан тул нэмж хийж байна.

Мөн чанартай зангиаг хэрхэн таних вэ, ямар бүрдэл хэсгүүдээс бүрддэг вэ гэх мэт мэдээллийг инфографик хэлбэрээр танилцуулахаар контент бэлдэж байгаа.

Энэ бизнесийг эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Дизайнер хүмүүсийн гол таашаал авдаг юм нь өөрийнх нь бүтээгдэхүүнийг бусад хүн хэрэглэж байгааг харах байдаг. Тийм болохоор миний бүтээсэн зангиаг зүүсэн хүн ТВ-ээр гарах юм уу гудамжинд тааралдахад их сайхан байдаг юм. Мөрөөдөж байсан зүйл минь учраас бүх л талаар эерэг сайхан байна. Одоогоор нэг их хүндрэлтэй асуудалгүй байхгүй.

Хамгийн амжилттай бүтээгдэхүүнээсээ нэрлэнэ үү?

Монголчууд цулгуй, даруухан, бараан өнгөтэй зангианд дуртай юм шиг байгаа юм. Тиймэрхүү зангианууд нь арай түлхүү борлогдоод байх шиг. Гэхдээ манайх дөнгөж л борлуулж эхэлж байгаа. Зун болж буй учраас өнгөлөг зангианууд дажгүй борлогдох байх гэж найдаж байна. Ер нь борлуулалт санасныг бодоход сайн байгаа шүү. Хонхны баярын үе болохоор ч тийм байж магадгүй юм.

24400   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.