Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   05 сарын 22, 2016

7 хоногийн тойм: #ICTExpo 2016 + Nokia-ийн эргэн ирэлт + Google-ийн шинэ бүтээгдэхүүнүүд

ICT Expo 2016 явагдаж байна

Монгол улсад зохиогддог мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том цуглараан болох ICT Expo өнгөрч буй долоо хоногт Мишээл Экспо төвд нээлтээ хийлээ. Харилцаа холбооны салбар манай улсад үүсч хөгжсөний 95 жилийн ойтой давхцан зохион байгуулагдаж буй уг арга хэмжээнд салбарын тэргүүлэх компаниуд нэг дор өөрсдийн шинэ бүтээгдэхүүн, төслүүд болон технологио танилцуулж байна. Энэ жилийн хувьд, виртуал бодит байдал буюу VR-тай холбоотой бүтээгдэхүүнд хэрэглэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татаж байсан бөгөөд үүнээс гадна үүрэн телефоны операторуудын танилцуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд ч салбарт дэвшил авчирсан байсныг онцлох хэрэгтэй. Mi болон Ametros компаниудын бүтээсэн ухаалаг гэрийн систем олны анхаарлыг ихээр татаж байсан юм. Үүнээс гадна хэд хэдэн тоглоом, аппликэйшнүүд нээлтээ хийжээ. Монголын харилцаа холбооны салбарыг харуулсан үзэсгэлэн, цахим спортын аварга шалгаруулах тэмцээн зэрэг үзэгчдийг уйдаахааргүй сонирхолтой арга хэмжээ болж өнгөрч байна.

Unread: ICT-д оролцож буй онцлох 5 компани
iToim: ICT Expo-д танилцуулагдаж буй онцлох бүтээгдэхүүн, үйлчилгээ

Google шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

Google өөрсдийн хөгжүүлж буй шинэ төсөл, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд болон хөгжүүлэгчдэд танилцуулдаг уламжлалт Google I/O 2016 арга хэмжээ өнгөрөгч долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. 2008 оноос хойш тасралтгүй явагдаж буй уг арга хэмжээний энэ жилийн хамгийн онцлох мэдээ нь Google технологийн шинэ трендүүдэд бүрэн дасан зохицож, чатбот, IoT, VR зэрэг тренд чиглэлүүдэд бүтээгдэхүүн хөгжүүлж байгаагаа зарласан нь байв. Тухайлбал, тэд Amazon Echo-тэй төстэй, ухаалаг гэрийн дуу хоолой удирдлагын системээ Google Home нэртэйгээр танилцуулсан бол VR төхөөрөмжүүдэд зориулсан Daydreamin нэртэй платформоо мөн зарласан. Үүнээс гадна Allo хэмээх чатботтой апп болон видео дуудлага хийхэд зориулсан Duo гэсэн 2 апп-ийг мөн нээжээ. Удахгүй гарах андройд үйлдлийн системийн шинэ хувилбар Android N-тэй холбоотой шинэ апдэйтүүдийг өгсөн нь ч мөн сонирхол татсан юм.

Techcrunch: Google I/O-оос мэдвэл зохих бүх зүйлс
Gogo: Google-ийн танилцуулсан хамгийн онцгой зүйлс

Египтийн онгоц сураггүй боллоо

Дэлхийн иргэний агаарын тээврийн салбарт ахин нэг гарз тохиож, EgyptAir компанийн Airbus 320 онгоц холбоо тасарснаас хойш 3 хоног өнгөрөөд байна. Орон нутгийн цагаар пүрэв гарагийн орой 23:09-д Парисаас гарсан тус онгоц Грек улсын агаарын хил орчимд байхдаа буюу шөнийн 02:27 цагийн орчимд холбоо тасарсан юм. Тус онгоцонд нийт 56 зорчигч, хөлгийн багийн 10 гишүүн, нийт 66 хүн зорчиж явсан гэнэ. Газар дундын тэнгисээс онгоцны сэг олдлоо хэмээн хэд хэдэн эх сурвалж мэдээлсэн ч тэр нь хуурамч мэдээлэл болохыг албаны хүмүүс мэдэгдэж, эрлийн ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Уг онгоц нь 2003 оноос хойш нийт 48 мянган цагийн нислэг үйлдсэн, хөөрөхийн өмнөх шалгалтыг бүрэн гүйцэд хийсэн байснаас гадна хөлгийн багийн ахмад ч 6 мянган цагийн туршлагатай нисгэгч байсан гэнэ. Онгоц 11 мянган метрийн өндөрт байхдаа радараас алга болсноос гадна хамгийн сүүлд зүүн тийш 90 градусын огцом эргэлт хийж, үүний дараа баруун тийш 360 градус эргэсэн гэдэг нь тодорхой болоод буй. Мэргэжилтнүүд үүнийг террорист халдлага байж болзошгүй гэж үзэж буй ч онгоцны сэг болон хар хайрцаг олох хүртэл ямарваа нэгэн дүгнэлт гаргахгүй байхыг хүсчээ.

CNN: 5 асуулт, 5 хариулт
News: Онгоцны бүхээгт утаа гарсан дохио иржээ.

Технологийн салбарын эргэн тойронд

Нэгэн үе гар утасны зах зээлийн хамгийн том тоглогч асан Nokia эргэн ирэх гэнэ. Microsoft Хятадын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Foxconn-д Nokia брэнд болон түүнтэй холбоотой бүх хэсгээ 350 сая доллараар зарах болсноо зарласан бөгөөд Foxconn шинээр HMD нэртэй компанийг үүсгэн байгуулж, улмаар ирэх 3 жилд 500 хүртэлх сая долларын хөрөнгө оруулалтыг хийн, андройдод суурилсан Nokia утсыг худалдаанд гаргахаар шийджээ. Foxconn нь iPhone-ийг Хятадад үйлдвэрлэн, нийлүүлэгч гол туслан гүйцэтгэгч бөгөөд Nokia-ийн брэндийн үнэ цэнийг ашиглан, таблет, ухаалаг төхөөрөмжүүд ч үйлдвэрлэх төлөвлөгөөтэй гэнэ. Онлайн худалдааны салбарын тэргүүлэгч Амазон өөрийн брэндийн гэр ахуйн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Эдгээр дотор кофе, живх, хоол амтлагч, хүүхдийн тоглоом зэрэг бүтээгдэхүүнүүд багтах бөгөөд Happy Belly, Mama Bear гэх мэт тус тусын нэрийн дор худалдаалагдах ажээ. Зөвхөн Amazon Prime-ийн гишүүнчлэлтэй хэрэглэгчид эхний ээлжинд энэ сарын сүүлээс эхлэн уг бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой. Дэлхийн тэргүүн баячуудын нэг У.Баффет өөрийн Berkshire Hathaway-ээр дамжуулан, Apple-ийн 1 тэрбум доллартай тэнцэх хэмжээний хувьцааг худалдан авлаа. Технологийн компаниудиас зайлсхийдэг Баффетийн худалдан авалтын дараагаар Apple-ийн хувьцааны үнэ 2 хувиар өсчээ.

Fortune: У.Баффет Apple-ийн хувьцааг худалдаж авлаа.
WSJ: Амазон хоолноос живх хүртэл бүтээгдэхүүн гаргаж, үйл ажиллагаагаа өргөжүүлнэ

15555   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.