Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   05 сарын 18, 2016

"Би хэрхэн ажилладаг вэ?" - АНУ-ын "Хедвиг" орчин үеийн бүжгийн компанийн бүжиг дэглээч, бүжигчин Б.Одбаяр

“Усгал” хэмээх өвөрмөц нэртэй орчин үеийн бүжгэн жүжиг өнгөрсөн 12-р сард тайзнаа тавигдаж, мэргэжилтнүүд болон үзэгчдээс ихэд өндөр үнэлгээ авсан билээ. Энэхүү бүжгэн жүжигт АНУ-д мэргэжлээрээ ажилладаг монгол бүжигчин Б.Одбаяр оролцсон нь олон хүний талархлыг хүлээж, урлагийн тайзнаа дэлхийд данстай, хүлээн зөвшөөрөгдсөн бүжигчин төрөн гарсныг зарлан тунхагласан хэрэг болсон юм. Монголчуудад тийм ч танил бус орчин үеийн бүжгийн төрлөөр Америкийн топ компаниудад харьяалагдаж, өөрийн мэдсэн сурсныг дотооддоо “нутагшуулахаар” зүтгэж буй энэхүү уран бүтээлчийн ажлын арга барилыг уншигчдадаа танилцуулахаар энэ удаагийн “Би хэрхэн ажилладаг вэ?” буландаа зочноор урилаа.  

Байршил: Чикаго, АНУ, Улаанбаатар, Монгол
Одоо хийж буй ажил, албан тушаал: АНУ-ын "Хедвиг" орчин үеийн бүжгийн компанийн бүжигчин
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Шинийг турших, хайж олох
Хэрэглэдэг гар утас: iPhone 6
Хэрэглэдэг компьютер: Macbook Air

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Бүжиг дэглэх явцдаа өөр хүмүүсийн оролдож амжаагүй санаа, хийж үзээгүй хөдөлгөөнүүдийг туршиж, түүнээсээ өөрт таалагдаж буйг нь авч ашиглахыг эрмэлздэг. Үргэлж шинийг эрэлхийлж, шинэ санааг хайдаг нь миний ажлын онцлох арга барил.

Өдөрт тогтмол 8 цагийн бэлтгэлтэй байдаг. Бүжигчин хүн биеийн хүчний бэлтгэл сургуулилалт тогтмол хийж, формоо хадгалахаас гадна сэтгэл зүйн бэлтгэлээ ч мөн хангах шаардлагатай байдаг онцлогтой. Тийм учраас өндөр ачаалал даах чадвартай байх хэрэгтэй.

Таны хамгийн их ашигладаг, ашиглах дуртай ажлын хэрэгсэл, програм, аппликэйшнээсээ нэрлэнэ үү?

Фэйсбүүкийг найзуудтайгаа холбоотой байх гэж ашигладаг. Youtube, Vimeo зэргийг бүжгийн видео бичлэг үзэх гэж их хэрэглэдэг. Мэдээж имэйл бол чухал хэрэглээ. Үүнээс гадна сүүлийн үед зураг янзалдаг програмууд, интерьер хийдэг Sketch Up апп зэргийг хоббигоороо ашигладаг болоод байгаа.

Ажлын хэрэгсэл гэвэл хөгжим тоглуулагчаа байнга авч явна. Мөн бэлтгэлийн хувцас, хэрэглэлүүдээ үргэлж л цүнхэлж явдаг. Мөн бэлтгэлийн үеэр гэмтэл авах нь их ч бэлтгэлээ зогсоож цаг алдахгүйн тулд өвчин намдаагч хэрэглэх тохиолдол үе үе гардаг.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Өглөө эрт босох нь "нэмэлт" цагийг өгч, тэр хэрээрээ цаг хэмнэх бололцоо олгож байгаа болов уу гэж боддог. Хүмүүсийг өглөө унтаж байх үед ажлаа төлөвлөн, имэйлээ шалгаж, аль эрт тухайн өдрийн ажлаа эхэлчихсэн байдаг нь их зүгээр байдаг шүү. Мөн ажлыг төлөвлөсөн цагтаа эхэлж байвал цаг хэмнэдэг байх.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Гар утасны календар дээр уулзалтаа товлож, шаардлагатай тэмдэглэлүүдийг хийдэг.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Тууштай зан чанар минь намайг "өдий зэрэгт" хүрэхэд хамгийн ихээр нөлөөлсөн гэж боддог. Өдөр бүр сунаж унатлаа бэлтгэл хийж, өндөр ачаалалтай шоу тоглолтоо дуусгаж, компани маань амарсан хойно ч гэсэн өөр газар очиж бэлтгэл хийдэг зуршилтай. Заримдаа бие маань яах аргагүй ядарч, маргаашнаас нэг хоёр хоног амарна даа гэж боддог ч маргааш өглөө нь босохдоо "За ганцхан өдөр амраад ч яах билээ дээ?" гэж бодоод бэлтгэлийн заал руугаа явах тохиолдол элбэг. Жаахан амарчихъя гэсэн ч амарч чадахаа больчихдог юм байна лээ. Тавьсан зорилгынхоо төлөө зүтгэх хэрэгтэй гэдэг бодол намайг өглөө бүр эрчилдэг.

Мөн хоол хийх дуртай. Өөрийгөө дажгүй амттай хоол хийдэг гэж боддог шүү.

Та Америкт бүжигчнээр ажиллах болсон тухай түүхээсээ хуваалцахгүй юу?

Би Хөгжим Бүжгийн Коллежийн ардын бүжгийн ангийг төгссөн. Дараа нь 6 жил "Түмэн Эх" чуулгад ажиллаад, олон улсад өөрийгөө сорьж үзмээр санагдсан. Улмаар Урлагийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр АНУ-д 2 ч удаа орчин үеийн бүжгийн зуны сургалтанд хамрагдаж, энэ чиглэлийг их сонирхож эхэлсэн. Манай чуулга дээр Вашингтоны нэгэн хамтлаг ирж, хамтарсан тоглолт хийх завшаан гарсан юм. Тэр үед л тэдэнтэй танилцаж, явсных нь дараа ч холбоотой байж, улмаар дадлага хиймээр байна гэж хүсэлт илгээхэд намайг дуртай хүлээж авсан. Ингээд АНУ-ыг зорьж 6 сар тэнд дадлага хийгээд, Чикагод Америкийн бүжгийн томоохон компаниудын нэг "Hubbard Street Dance"-д ажиллах болсон. Одоо бол "Хедвиг" гэдэг компанид бүжиглэж байна. Бид улирал бүр шинэ тоглолт гаргаж, хотуудаар аялан тоглолт хийдэг. Нийт 10 бүжигчинтэй, азиас би ганцаараа байна даа.

Хийж байгаа ажлынхаа онцлогоос хуваалцана уу? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд нь юу вэ?

Орчин үеийн бүжиг олон төрлийн бүжгийн техникийг зэрэг ашигладгаараа онцлогтой. Балет, модерн бүжгийн элементүүд их ордгоос гадна өөр өөр хөгжмийн ритмүүдийг нэгтгэн хэрэглэдэг. Тийм учраас нэг дор асар их сэтгэл хөдлөл, асар их илэрхийллийг мэдрэх боломжтой гэж хэлж болно.

Би юуг хэлэхийг хүсэж байна, түүнийгээ бүжгээр илэрхийлэх, мэдрүүлэх боломжтой байдаг нь үнэхээр сайхан. Гэвч нөгөө талаараа түүнийг маань хүмүүс ойлгохгүй байвал тэгж их хөдөлмөрлөх "утгагүй", "үнэ цэнгүй" болчих талтай.

Өөр нэг хэцүү тал гэвэл ажлаасаа салж чадахгүй, өөр юманд цаг зарцуулах боломжгүй болчихдог нь юм даа. Бүжгээ, зохиолоо, хөдөлгөөнөө, санаагаа бодно, дээрээс нь биеэ байнга бэлдэнэ.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Яг одоо бол Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран "УСГАЛ" нэртэй бүжгэн жүжгийн төсөл дээр ажиллаж байна. Өнгөрсөн оны 12-р сард анх тайзнаа тавигдсан энэ тоглолт маань дахин энэ сарын 25-ны өдөр тоглогдох гэж байна. Огт өөр хүсэл мөрөөдөл, тэмүүлэлтэй эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо учирч, бие биедээ дурласнаар тэдний харилцаа өөрсдийг нь хэрхэн өөрчилж байгааг, тэд өөрсдөө үүнийгээ хэрхэн ухаарч, хэрхэн тэрсэлдэж, хэрхэн дасан зохицож, ямар шийдвэр гаргаж байгаа талаар өгүүлдэг бүжгэн жүжиг юм. "Гал усыг мөрөөдөв", "Ус галд дурлав", "Усгал" гэсэн гурван хэсгээс бүрдэх контемпорари дэглэлттэй бүжигт үүнээс гадна гурван өөр нийгмийн итгэл үнэмшил, хөгжил, өөрчлөлтийн талаар өгүүлдгээрээ онцлогтой.

Миний хувьд карьераа цаашдаа бүжиг дэглээч тал руугаа улам хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс өөрийгөө бэлдэхээс гадна монгол үзэгчдээ бэлдэх, жүжигчдээ сургахад анхаарлаа хандуулан ажиллаж байна. Бүжиг дэглээчээр бол Америкт гэхээсээ илүү Монголдоо ажиллах сонирхолтой. Энд миний хэлэх гэсэн санаа, өгүүлэх гэсэн өгүүлэмжийг илүү сайн ойлгоно гэж бодсон хэрэг. Жирийн үзэгчид орчин үеийн бүжигчин гэхээр хип хоп, гудамжны бүжигчинтэй андуурч, "Бэйонсегийн ард бүжиглэдэг гэсэн үг үү?" гэж асуудаг байдлыг халмаар байна. Гудамжинд нээлттэй, үнэгүй бүжиглэж, бүжгийн төрлөө илүү сайн таниулах талаар ч бодож байна.

Та  ямар төрлийн хөгжимд дуртай вэ?

Сүүлийн үед сонгодог хөгжимд их дурлаж байна. Сонгодог хөгжим өөрөө их олон хэмжээтэй, түүнийг нь дагаад гарч ирэх хөдөлгөөнүүд нь ч өөр өөр, сонин, сонирхолтой байж болох юм шиг санагддаг. Яг бүжиг дэглэж байх үедээ бол сонгодог хөгжмийн аяз сонсдог доо.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Сонгодог зохиолууд их уншиж, тэдгээрт зориулсан бүжгэн жүжгүүдийг үзэн харьцуулах дуртай. Тэгж байж зөвхөн үйл явдлын сонирхолтой өрнөлөөс гадна бүжигчний ур чадвараа батлах зохиолыг олж авна. Алдарт "Дон Кихот"-ыг хэзээ нэгэн цагт орчин үеийн бүжиг рүү хөрвүүлж, дэглэн тавих мөрөөдөлтэй. Энэ зохиолын тун энгийн ойлгомжтой үйл явдлыг балет их сайн харуулж чаддаг.

BBC-ээс ихэвчлэн мэдээ уншдаг. Шинжлэх ухаан, технологийн чиглэлийн мэдээнүүдийг унших дуртай.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Дотогшоо хүн. Багадаа илүү ичимхий, даруухан байсан байх. Харин олон газар үзэж, олон хүнтэй танилцаад ирэхээр бага багаар нээлттэй болж байж магадгүй. Гэхдээ би бүжгээрээ, хөдөлгөөнөөрөө дамжуулан өөрийгөө илэрхийлж чаддаг. Тайзан дээр бүжиглэх нь миний хоёр дахь дуу хоолой л гэсэн үг.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Өглөө оройтлоо гэхэд 7:15-д босдог. Энгийн үед бол 6:45 гэхэд босчихсон л байдаг юм. Харин орой бол эрт унтана. 23 цаг өнгөрсөн бол ер нь унтчихсан байна. Бүжигчин хүн формоо сайн хадгалж, бие болон сэтгэлээ үргэлж бэлэн байлгах хэрэгтэй байдаг учир сахилга баттай байх хэрэгтэй.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Амралтаараа гэртээ, зүв зүгээр юу ч хийхгүй суух л дуртай. Хоол хийх дуртай учир гал тогоондоо нэлээд эргэлддэг байх. Сүүлийн үед фото зураг сонирхож байгаа учир зурганд явж байж мэдэх юм. Өнгөнүүд их сонирхолтой санагдаад байдаг.

Залуу уран бүтээлчдэд хандан, нэг чухал зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?

Тодорхой зорилготой бай гэж хэлмээр байна. Бүжгийн урлаг гэдэг өөрөө хугацаатай, хугацаагаа ашиглаж амжихгүй бол ямар ч үр дүнгүй хоцорно. Аль болох эрт ухаарч, цагаа дэмий үрэхгүй байх хэрэгтэй. Үүнийг бараг бүх хүн хэлдэг байх, гэхдээ энэ бол үнэн. Өөрийнхөө хүрэх цэгийг тодорхойлж, зорилгодоо тууштай байх хэрэгтэй. Нэгэнт зорилгоо тодорхойлсон бол өглөө бүр түүнийхээ төлөө сэрж, түүнийхээ төлөө тэмцэхэд ямар ч асуудал гарахгүй байх.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

Хамт ажилладаг бүжигчдээсээ асар их урам зориг авдаг. Маш ширүүн өрсөлдөөн дундаас шалгаран хамтдаа нэг баг болон зүтгэж буй бид хэдий яс үндэс, өнгө зүс өөр байж болох ч бүжиг гэсэн нэг хэлээр нэгдэж, нэг зүйлийн төлөө тэмүүлдэг. Бүжгийн шинэ санаа, шинэ хөдөлгөөн гаргаад туршиж үзье, хийж үзье гэхэд хамтрагчид маань үргэлж өөрсдийн туршлага, санаа бодлоороо тэдгээрийг улам баяжуулж, сайжруулах гэж хичээдэг нь намайг эрч хүчээр цэнэглэж байдаг даа.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Эмээ минь намайг бүр бага байхаас л ямар ч зүйл хийсэн, эхлэхээсээ өмнө мууг нь эхэлж бодож, болж бүтэхгүй бол дараа нь яахаа тодорхойлсон төлөвлөгөөтэй байгаарай гэж захьдаг байсан. Өөрөөр бол эрсдэлээ сайн тооцож бай гэсэн санаа байж л дээ. Энэ үгсийг үргэлж санаж, хэрэгжүүлэх гэж хичээдэг.

Та энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцахыг хүсч байна вэ?

Монголын Урлагийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэлийн ажлын арга барилтай танилцмаар байна. Уран бүтээлчид болон олон нийтийг холбох гүүр нь болж, "Усгал"-аас эхлээд олон сонирхолтой, бүтээлч төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг энэ байгууллагыг удирдаж байгаа хүн.

Мөн Сонгдо эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайханыг санал болгоё. Хэдий түүнийг танихгүй ч твиттер, сошиал медиагаар илэрхийлж буй санаа оноо, үзэл бодол нь өвөрмөц, сонирхолтой санагддаг юм.

Гэрэл зургийг Д.Ганзул


Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

37214   8


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.