Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   05 сарын 16, 2016

Онцлох бизнес: Salt Makeup Studio - Сайхан харагдах соёлыг түгээнэ

Боловсрол ТВ-ийн "Яг түүн шиг” шоуны хоёр дахь дугаар өчигдөр дэлгэцнээ гарч, өдгөө олон хүний ярианы сэдэв болж байна. Тэгвэл энэ шоуны нүүр хувиргалт дээр ажиллаж буй Salt Makeup Studio-г бид энэ удаа онцоллоо. Тус студийг үүсгэн байгуулагч Ж.Сэлэнгэ нүүр будалтыг Монголд мэргэжлийн түвшинд хөгжүүлэхээр зорьж, олон сонирхолтой төслийг хэрэгжүүлж байгаа ажээ.

Бизнесийн нэр: Salt Make Up Studio
Хаяг: Viva City, S20
Үйл ажиллагааны чиглэл: Нүүр будалтын студи, сургалт
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2013
Үүсгэн байгуулагч: Ж.Сэлэнгэ
Ажилтны тоо: Үндсэн 2
Фэйсбүүк хуудас: Salt Make Up Studio

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Би их сургуулиа график дизайнераар төгсөж, мэргэжлээрээ ажиллаж байх үедээ өөрийн сонирхлоор нүүр будалт хийдэг байсан юм. Тэгээд яваандаа энэ ажилдаа улам дуртай болж, мэргэшин суръя гэж шийдээд Сингапурт жил хагас нүүр будалтаар сурсан юм. Тэгээд л ирээд өөрийн гэсэн студийг нээсэн дээ. Тухайн үед ашиглалтад ороод удаагүй байсан Вива Сити таалагдаж, энд байр түрээсэлсэн.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Машинаа зараад, найзаасаа зээл аваад бизнесээ эхлүүлж байлаа.

Танай онцлог, давуу талууд юу вэ?

Манайх хотын төвөөс зайдуу байршилтай учраас үйлчлүүлэгчид цувж орж ирээд байнга будалт хийлгээд байдаггүй. Студи маань улиралдаа нэг удаа нүүр будалтын сургалт хийж, кино, рекламны зураг авалтаар дагнан ажиллаж байна. Тэгэхээр бусад студиудтай их хамтарч ажилладаг гэсэн үг.

Анх Proline студитэй хамтран нүүр будалтын сургалт явуулж байлаа. Тэд маркетингийг нь хариуцаж байсан юм. Түүнээс хойш бага багаар танигдаж эхэлсэн гэж боддог. Ер нь бол манайх реклам хийгээд байдаггүй, амнаас ам дамжиж хүмүүс мэддэг юм шиг байгаа юм. Void animation студитэй бас нэлээд хугацаанд хамтарч, том компаниудын рекламууд дээр ажиллаж байсан. Lovers, Single Ladies 2 зэрэг киноны стилистийн багт орж ажилласан.

Бизнесийн алсын хараагаа юу гэж тодорхойлсон бэ?

Нүүр будалтын талаар монголчууд ойлголт багатай байдаг. Ерөнхийдөө зугаа цэнгэлийн шинж чанартай зүйл гэж боддог хандлага түгээмэл байдаг. Энэ ойлголтыг өөрчилж, яагаад үүнд цаг гаргах ёстой вэ гэдгийг олон хүнд ойлгуулах нь бидний хэтийн зорилго. Сүүлийн үед манайд нүүр будалт харьцангуй хөгжиж байгаа ч монгол охид хэтэрхий олон эх сурвалжаас мэдээлэл аваад, түүнийхээ алинд нь итгэхээ мэдэхгүй болсон юм шиг санагддаг. Сургалтад сууж байгаа залуусын тавьж байгаа асуултаас мэдрэгддэг юм.

Өөр хийе гэж төлөвлөсөн томоохон ажлууд бий. Монголд дөнгөж ирээд нүүр будалтуудаар фото зургийн үзэсгэлэн гаргана гэж боддог байлаа. Тэр маань хойшилсоор байгаад, нэгмөсөн 10 жилийн дараа гаргая гэж бодох болсон. Санаагаа хөгжүүлээд томоохон төсөл болгохоор шийдсэн хэрэг л дээ. Тэр үзэсгэлэнгээрээ энгийн үед илэрхийлж чаддаггүй хүний дүр төрхүүдийг нүүр будалтаар дамжуулан харуулах зорилготой.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Уран бүтээлч шинж чанараа алдахгүй байх гэж хэлж болно. Хэтэрхий бизнес, мөнгө хөөгөөд ирвэл, эсвэл хэтэрхий баригдмал байдалд орвол энэ чанар алдагддаг гэж боддог. Тиймээс аль болох чөлөөтэй байхыг эрмэлзэж, өөрийгөө илэрхийлэх боломжоо дээд зэргээр хангахыг хүсдэг дээ. Ингэж байж л сайн уран бүтээлүүд гарна. Мөнгийг эн тэргүүнд тавьдаггүй. Анхандаа бол мөнгө олох тал дээр бүр муу байсан, үнэгүй юм нэлээд хийдэг байлаа. Одоо бас ч гэж суралцаж, аль алиныг орхигдуулахгүй явдаг болоод байна.

Танайх одоо юун дээр төвлөрөн ажиллаж байгаа вэ?

Боловсрол телевизийн "Яг түүн шиг" шоуны 2-р дугаараас эхлэн манайх нүүр будалт дээр нь ажиллаж байгаа. Бидний хувьд анх удаагаа л дүр хувиргалт хийж байна. Хувирах дүр дээрээ нэлээд ажиллах хэрэгтэй болдог. Тухайн дүрийн нүүрний гол онцлог нь хаанаа байна вэ гэдгийг олж мэдээд түүн дээр нь ажиллахад их адилхан болчихдог. Шоуг үзсэн хүмүүсээс урмын үг их ирж байгаа шүү. Мөн "Оюутан мисс 2016” тэмцээний зохион байгуулалтын багт ажиллаж байна.

Та манай уншигч залууст хандан нүүр будалтын нэг зөвлөгөө өгөөч?

Хөмсөг бол хүний нүүрний чухал хэсэг. Нүүр будалтын 90 хувь нь хөмсөгний будалтаас хамаарна гэдэг. Хөмсөгийг гоё засаж будвал хүний дүр төрх сайхан болоод явчихна. Муухай будвал чөтгөр шиг ч болж болдог. Будалтын хувьд эхлэл хэсгийг нь бүдэг будаж эхлээд төгсгөл хэсэг рүү тод болгоод явбал аятайхан харагддаг. Эхлэл хэсгийг нь тод будчихаар ширүүн төрхтэй харагддаг талтай.

Учирч байсан сургамжтай, болсон явдлаасаа хуваалцана уу?

Би өөрөө бичиг цаасны ажил хийх, элдэв тооцоо гаргах нэг их дуртай биш л дээ. Тиймэрхүү ажил хийхээр цаг алдаад ч байгаа юм шиг, өөрийгөө алдах гээд ч байгаа юм шиг санагддаг. Харин түүнээсээ болж тайлан тооцоо гэх мэт бичиг цаасны асуудал дээр хойрго хандаж байсан тал бий. Одоо бол бизнест суралцаад аль алиныг нь зохицуулаад явдаг болсон. Үүн дээр анхнаасаа анхаараад явах ёстой юм билээ.

Танай хамгийн амжилттай болсон төсөл юу вэ?

Нүүр будалтын сургалтаа нэрлэнэ. Өнгөрсөн жил хагасын хугацаанд 14 хоногийн сургалтыг 8 удаа, 1-2 хоногийн сургалтыг олон хүнд, олон байгууллагад хийж байсан. Нийтдээ 100 гаруй хүн манай сургалтад хамрагдсан байх. 14 хоногийн сургалтандаа Сингапурт жил хагасын хугацаанд сурсан зүйлсээ багцлан, энд ажилласан туршлагатайгаа хослуулан заадаг. Нэг удаа 12-15 хүн хамрагддаг.

Тус студийн сургалтад хамрагдагсад дээрх нүүр будалтуудыг хийжээ.


Гэрэл зургийг Д.Ганзул

33478   2


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.