Panama Papers-тэй холбоотой дуулиан үргэлжилсээр

Энэ долоо хоногийн даваа гарагт Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум болон Германы Suddeutche Zeitung сонины газраас Panama Papers гэж нэрлэгдсэн, сэтгүүл зүйн түүхэн дэх алдагдсан мэдээллийн хамгийн том санг олон нийтэд ил болголоо. Нийт 2.6 терабайт хэмжээтэй, 11 сая гаруй бичиг баримт дэлхийн дөрөв дэх том оффшор хуулийн компани Моссак Фонсекагаас алдагдсан нь сэтгүүлчдийн гарт орж, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан, авилгалтай холбоотой бохир мөнгөө нуусан байж болзошгүй мянга мянган улс төрчид, бизнесийнхэн, төр нийгмийн зүтгэлтнүүдийг нэрлэх боломжтой болсон юм. 4-р сард хамгийн эхэнд зарласан мэдээллээр нийт 149 баримтыг дэлгэж, түүн дотор ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Их Британийн ерөнхий сайд Д.Камерон, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай холбоотой байж болзошгүй дансыг зарласан юм. Тэгвэл энэ удаад тэд жагсаалтанд багтсан 200 мянга гаруй хуулийн этгээд, тэдгээртэй холбоотой 360 мянга гаруй хүмүүсийн талаарх мэдээллийг олон нийтэд ил болгосноор хувь хүмүүс, хэвлэл мэдээллийн ямар ч байгууллага өөрсдөө мэдээлэлд нэвтэрч, тодорхой мэдээлэл авах боломжтой болсон юм. Монгол улсад ч оффшор данстай холбоотой нийт 49 иргэний мэдээлэл байгаа нь ил болсон бөгөөд эдгээрийн дотор нэр хүндтэй улс төрчид, бизнесийн салбарын эрхмүүд багтсан нь олон нийтийн ярианы сэдэв болсоор байна.

ICIJ: Panama Papers-ийн бүх мэдээллийг олон нийтэд ил болголоо
Ikon: Panama Papers: Монгол улстай холбоотой нэрсийн жагсаалт

Бразил ерөнхийлөгчөө чөлөөлж, Филиппин "Трампыг" сонголоо

Хэдхэн сарын дараа зуны олимпийн наадмыг зохион байгуулах Бразил улсад улс төрийн нөхцөл байдал тогтворгүй хэвээр байна. Тус улсын парламентийн дээд танхим улсынхаа ерөнхийлөгч Дилма Руссеффийг төсвийн зарцуулалтыг өөрийн эрх ашигт нийцүүлэн, хууль бусаар засаж өөрчилж байсан хэрэгт буруутган, мөн Петробастай холбоотой авилгалын хэрэгт хамаатуулан үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хэлэлцэж байсан юм. Он дамнан сунжирч байгаа уг асуудал энэ долоо хоногт шийдэгдэж, улмаар нийт гишүүдийн олонхын саналаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ирэх 6 сарын хугацаанд илүү нарийвчлан шалгаж, шүүхээр шийдвэрлэхээр боллоо. Энэ 180 хоногийн хугацаанд төрийн тэргүүний үүргийг дэд ерөнхийлөгч М.Темер орлон гүйцэтгэх ажээ. Тэгвэл Филиппин улсад ерөнхийлөгчийн сонгууль болж, олон улсын шинжээчдийн "Филиппин Трамп" хэмээн тодорхойлж байсан нэр дэвшигч Родриго Дуарте олонхын саналыг аваад байна. Төрийн сулбагар байдлыг шүүмжлэн, гэмт хэрэгтнүүдтэй хатуу тэмцэнэ, үндсэн хуулинд өөрчлөлт оруулан засаглалын хэлбэрээ өөрчилнө хэмээн амлаж байсан тэрээр нийт сонгогчдын 39 хувийн саналыг авчээ.

BBC: Дилма Руссеффийн скандал: Юу буруутав?
Guardian: Түүнийг Трамптай бүү харьцуул, Дуарте бүр ч дор!

Украйн "Евровишн"-д аваргалж, Каннын фестивал нээгдлээ

1946 оноос хойш зохиогдож буй дэлхийн хамгийн нэр хүндтэй кино фестивалуудын нэг Каннын кино наадам энэ долоо хоногт нээлтээ хийлээ. 69 дэх удаагийн наадмыг нэрт найруулагч Вүүди Аллений Cafe Society кино нээсэн бөгөөд энэ сарын 22-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Наадмын хамгийн том шагнал "Алтан далдуу модны мөчир" шагналын төлөө нийт 21 кино өрсөлдөж байгаагийн дотор алдарт С.Спилбергийн "The BFG", Ж.Фостерийн найруулж, Ж.Клүүнигийн гол дүрд нь тоглосон "Money Monster" зэрэг хүлээлт өндөртэй байгаа бүтээлүүд багтаж байгаа юм. Мөн энэ амралтын өдрүүдээр Европын хөгжмийн хамгийн том тэмцээн "Евровишн 2016" явагдаж, Украйн улсыг төлөөлөн оролцсон Жамала "1944" нэртэй ОХУ-ын эсрэг улс төрийн сэдэвт дуугаараа түрүүллээ. Нийт 42 улс оролцсон энэхүү наадмын финал Шведийн Стокхольм хотноо болсон юм. Оросууд түрүүлбэл Евровишнд оролцохгүй хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байсан Украйн улс хоёр дахь удаагаа энэ наадамд түрүүлж байгаа нь энэ бөгөөд өмнө нь 2004 онд аваргалж байжээ. Шүүгчдийн саналаар Австрали, үзэгчдийн саналаар ОХУ тэргүүлсэн ч аль нь ч нийлбэр дүнгээр аваргалж чадаагүй нь түүхэн дэх анхны тохиолдол болсон юм.

Telegraph: Нар, секс мөн Спилберг: Каннын наадмын шилдэг 17 бүтээл
Billboard: Украйн Евровишнд ялалт байгууллаа

Спортын ертөнцийн эргэн тойронд

Дэлхийн хамгийн олон орныг эгнээндээ нэгтгэсэн спорт холбоо ФИФА ээлжит конгрессоо хийж, шинэ ерөнхий нарийн бичгийн даргаа сонголоо. Авилгал, засаглалын томоохон асуудалд орооцолдож, томоохон спонсоруудаа алдаад байгаа ФИФА шинэ ерөнхийлөгч Ж.Инфанитогийн удирдлаган дор шинэчлэлээ эхлүүлж, түүхэндээ анх удаа эмэгтэй бөгөөд африк нарийн бичгийн даргатай болсон байна. ФИФА-ийн шинэ ерөнхий нарийн бичгийн даргаар Сенегалийн иргэн Фатма Самура томилогдсон бөгөөд хэдийгээр хөлбөмбөгтэй холбоотой ямар нэгэн ажил эрхэлж байгаагүй ч НҮБ-д удирдах албан тушаал эрхэлж, Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийг ахлан ажиллаж байсан туршлагатай ажээ. РИО 2016 наадамд оролцох эрхээ аваад байсан Монголын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Э.Сумъяа допинг хэрэглэсний улмаас олимпийн эрхээ хураалгалаа. Түүнийг сүүлийн үед түгээмэл илэрч буй мелдониум хэмээх бэлдмэлийг хэрэглэсэн байна хэмээн Бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооноос мэдээлжээ.

ESPN: ФИФА анх удаа эмэгтэй нарийн бичгийн даргатай боллоо
Eagle: Э.Сумъяагаас допинг илэрч, олимпийн эрхээ хураалгалаа

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Apple Хятадын онлайн такси үйлчилгээний хамгийн том тоглогч, Uber-ийн гол өрсөлдөгч гэгдэж буй Didi Chuxing-д 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийлээ. Зөвхөн өнгөрсөн жил нэг тэрбум дуудлага хүлээн авсан гэгдэж буй Didi Chuxing өдөрт 11 сая хүргэлт хийдэг, нийт 14 сая жолоочтой аж. Хятадын зах зээл дээрх байр сууриа баталгаажуулах стратегийн зорилготой Аpple-ийн энэ үйлдлийн дараагаар уг стартап 20 тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэй болж байгаа гэнэ. Фэйсбүүкийн эзэмшдэг Инстаграм логогоо өөрчилж, брэндингийн томоохон өөрчлөлтийг хийлээ. 400 сая гаруй хэрэглэгч зураг оруулж, өдөр тутам ашиглаж буй Инстаграм өмнөх ретро стилээс минимал дизайн руу шилжин, логогоо илүү өнгөлөг болгосон нь хэрэглэгчдийн цар хүрээ тасралтгүй нэмэгдэж байгаатай холбоотой гэж тайлбарлажээ. Дэлхийн тэргүүн баячуудын нэг Уоррен Баффет Yahoo-г худалдаж авахаар зэхэж байгаа гэнэ. Тэрээр Quicken Loans-ийн CEO Д.Жилберттэй хамтран консорциум байгуулж, 3 тэрбумын саналыг тавиад байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. 66 тэрбумын хөрөнгөтэй гэгдэж буй Баффетаас гадна Verizon, AT&T зэрэг компаниуд мөн Yahoo-гийн төлөө санал тавиад байгаа ажээ.

Techcrunch: Apple Uber-ийн өрсөлдөгчид 1 тэрбумын хөрөнгө оруулалт хийлээ.
QZ: У.Баффет Yahoo-г худалдан авах гэнэ