Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   05 сарын 11, 2016

"Би хэрхэн ажилладаг вэ?" - АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт

Уншигчид, зочдын хамгийн их талархан хүлээн авдаг, унших дуртай "Би хэрхэн ажилладаг вэ?" буландаа бид анх удаа гадаад зочин урьж оролцуулж байгаадаа таатай байна. Энэ хүн бол АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт. Карьерынхаа туршид дипломат албанд хүчин зүтгэж буй тэрээр Монгол улсад томилогдохоосоо өмнө БНХАУ-ын Гуанжоу муж дахь АНУ-ын Ерөнхий Консулын газрын тэргүүнээр ажиллаж байжээ. Тэрээр мөн Белград, Тайпэй, Мумбай, Бээжин, Шанхай болон Брюссель хотуудад томилогдон ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Түүний ажлын арга барил, төвлөрч ажиллаж буй зүйлсийн талаар ярилцсан энэхүү ярилцлага манай уншигчдад олон талаар нөлөөлж, урам зориг, эрч хүч өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.

Байршил: Монгол Улс, Улаанбаатар
Одоо хашиж буй ажил, албан тушаал: АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд
Хэрэглэдэг гар утас: iPhone (Элчин сайдын яамныхан бид бүгд ижил төрлийн iPhone ашигладаг)
Хэрэглэдэг компьютер: Ажил дээр Windows компьютер, гэртээ Apple –ийн iMac, iPad, Macbook зэрэг бүх бүтээгдэхүүнийг хэрэглэдэг.
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Бусадтай идэвхтэй харилцах (interactive)
Сошиал хуудсууд: Фэйсбүүк, Твиттер

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Би олон ажлыг зэрэг амжуулах дуртай хүн. Өглөө их эрт босдог. Тэгээд ажлуудаа чухал бөгөөд яаралтайгаас нь эхлээд хийдэг юм. Харин үдээс хойш, оройны цагийг уулзалтууд, арга хэмжээнүүдэд зориулдаг.

Миний хамгийн их хийдэг зүйл бол бусадтай харилцах. Өдөр бүр аль болох олон монгол хүнтэй уулзаж ярилцахыг хичээдэг. Засгийн газрын ажилтан, бизнесмэн, залуу мэргэжилтэн, энгийн иргэний аль ч бай. Мөн ажлаа хурдан явуулахын тулд багийнхантайгаа өдөр бүр үр дүнтэй харилцах шаардлагатай байдаг.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай ажлын хэрэгсэл, програм, аппликэйшнээсээ нэрлэнэ үү?

Имэйл, Твиттер хоёрыг хамгийн их ашигладаг. Твиттер бол миний хамгийн дуртай апп. Хамгийн сүүлийн үеийн мэдээллийг олж авах, алс хол байгаа хүмүүстэй харилцах боломжийг твиттер олгодог. Монгол Улс өргөн уудам нутагтай болохоор зах хязгаарт байгаа хүмүүстэй энэ апп-аар дамжуулан харилцдаг. Твиттерээ англи, монгол хэлээр аль алинаар нь давхар хөтөлдөг.

Мөн батерей цэнэглэгч маань миний ажлын чухал зэвсэг. Оффистоо суугаад байлгүй ийш тийшээ их явж ажилладаг болохоор цэнэглэгчээ байнга авч явахгүй бол горьгүй. Имэйл, твиттер зэргийг их ашигладаг тул утасны цэнэг хурдан дуусдаг. Заримдаа ажлынхан маань миний утасны цэнэг дуусчихаасай гэж боддог байх. Тийм ч юм байхгүй шүү (инээв.)

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Миний гол ажлууд ихэнхдээ Элчин сайдын яамны гадна болж өрнөдөг. Засгийн газрын ордон, Гадаад хэргийн яам, Америкийн худалдааны танхим, Монголын бизнесийн зөвлөл зэрэг байгууллагуудад үе үе зочилж, нягт уялдаатай ажилладаг. Ер нь би хаа сайгүй л явж байхыг хичээдэг юм. Мөн заримдаа гэртээ зочид урьж, арга хэмжээ зохион байгуулна. Оффисын өрөө маань бусад оффисуудаас нэг их ялгаа байхгүй. Бид ЭСЯ дотроо ажлын үнэмлэх зүүж явдаг нь л өөр байх.

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Хоёр зүйлийг хэлж болно. Эхнийх нь хийх ажлуудаа ач холбогдлоор нь эрэмбэлэх. Улаанбаатар хот Вашингтоноос 13 цагаар түрүүлж явдаг. Тэгэхээр миний өглөө хийдэг хамгийн чухал ажил бол Вашингтоноос ирсэн мэдээ мэдээллийг унших явдал байдаг.

Хоёрдугаарт, багийнхандаа ажил даалгах нь их цаг хэмнэдэг. Элчин сайдын яаманд гайхалтай хамт олон ажилладаг. Жолооч ч бай, хэвлэл мэдээллийн туслах ч бай, илтгэл бичигч ч бай, би энд ажилладаг хүн бүрийн авьяас, ур чадварт итгэдэг. Манайд нийтдээ 45 америк, 170 монгол хүн ажилладаг юм.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр хөтөлдөг вэ?

Би хаягдал, ноорог цаасан дээр хийх ажлын жагсаалтаа хөтөлдөг. Өндөр технологийн энэ эринд ихэд хуучирсан арга байх л даа. Гэхдээ оффис дээр бид маш их зүйлсийг хэвлэдэг учраас тэдгээр цаасыг дахин ашиглаж, байгалиа хамгаалахад бага ч гэсэн хувь нэмэр оруулахыг хүсдэг юм.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Өөрийгөө багаар ажиллахдаа сайн гэж боддог. Би хүмүүстэй ажиллах, баг удирдах, багийнхнаа хамтын зорилгын төлөө зоригжуулах дуртай хүн.

Гэртээ бол хүүхдүүдийнхээ авьяас чадварыг нээн илрүүлэх, нөхөртэйгээ хариуцлагаа тэнцүү хуваахдаа сайн гэж хэлнэ. Манайх их онцлогтой гэр бүл. Бид хоёр хүүхэдтэй. Нөхөр маань анхны хүүхэд төрсөн цагаас хойш гэрээсээ ажиллаж, гэртээ хүүхдээ хардаг болсон. Хүүхдүүд маань их авьяаслаг. Тэдэндээ авьяас чадвараа улам өрдөж хөгжүүлэх бололцоо олгохыг их хичээдэг дээ.

Хийж байгаа ажлынхаа онцлогоос хуваалцана уу? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд нь юу вэ?

Миний ажил бол АНУ-ыг Монголын Засгийн газар болон иргэдийн өмнө төлөөлөх явдал. АНУ-ын бодлогыг Монголын Засгийн газарт тайлбарлах, хамтын зорилгын төлөө ажиллах нь миний үүрэг. Товчхондоо монголчуудад АНУ-ыг илүү сайн ойлгуулахын төлөө ажилладаг. Тиймдээ ч хүмүүстэй харилцах нь миний хамгийн чухал ажил байдаг.

Эерэг тал гэвэл, манай хоёр орон адилхан ардчилсан улсууд. Бид хоёул ардчиллын үнэт зүйлсийг, хүний эрхийг дээдэлдэг, бүс нутгийн аюулгүй байдалд чухал ач холбогдол өгдөг. Тиймээс АНУ Монгол Улсыг ардчилсан улсын хувиар дэмжиж ажиллахдаа үргэлж таатай байдаг юм.

Мөн монголчууд маш найрсаг, зочломтой хүмүүс. Намайг томилогдож ирэхэд халуун дотноор угтан авсан. Ер нь хаана ч явсан, байгууллага, хувь хүмүүсийн алиных нь ч “хаалга үргэлж нээлттэй” байдаг шүү.

Харин Монгол маш өргөн уудам нутагтай, хүн ам нь тархан суурьшсан болохоор өнцөг булан бүрт нь хүрч ажиллахад хүндрэлтэй тал бий. Бэрхшээл гэвэл газарзүйн энэ асуудлыг л хэлнэ дээ. Бусад газруудаар явж ажиллахыг хүсдэг ч төрөл бүрийн уулзалт, арга хэмжээнүүд намайг Улаанбаатарт байхаас өөр аргагүй болгодог.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна?

Одоогоор хоёр орны эдийн засгийн түншлэлийг улам бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Улс төрийн харилцаа улам бэхэжсээр байгаа. Харин Монголын эдийн засаг зогсонги байдалд орсон нь нууц биш. Ийм үед АНУ-ын хувийн хэвшлийнхний сонирхлыг Монгол руу хандуулахаар их хичээж байна. Жишээ нь, ирэх 6-р сарын дундуур АНУ-аас худалдааны төлөөлөгчдийг бид Монголд хүлээн авах юм. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт татах боломж байгаа эсэхийг тэд судална.

Харин гэр бүлийн хувьд хүүгийнхээ ахлах сургуулиа төгсөж коллежид элсэх үйл явцад нь тусалж байгаа. Хүү маань коллеждоо тэнцсэн болохоор одоо жилийн эцсийн шалгалтуудаа өгөх л үлдээд байна.

Залуу мэргэжилтнүүдэд, ялангуяа олон улсын харилцаа сонирхдог залуучуудад та юу гэж зөвлөх вэ?

Хоёр зүйлийг чухалчлан захья. Юуны түрүүнд өөрийн орны үүх түүх, нийгмийн байдал, соёл, зан заншлыг сайн судлах хэрэгтэй. Эдгээрийг сайн мэдэж байж өөрийн орныг гадаад улсад төлөөлөх боломж бүрдэнэ.

Хоёрдугаарт, дипломат байна гэдэгт хүн бүрт тохирсон ажил биш. 2-3 жил болоод л өөр газар томилогдож ажиллана гэдэг амар хялбар хэрэг биш. Эх орноо төлөөлөх, эх орныхоо төлөө ажиллах өөр олон арга зам бий. Гэхдээ миний хувьд энэ мэргэжлийг өөрөө хүсэж сонгосон, өнөөг хүртэл хийж ирсэн ажил, туулсан замналдаа сэтгэл хангалуун байдаг. Үнэхээр энэ мэргэжлийг сонирхож байгаа бол тууштай яваарай гэж зөвлөе.

Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар төрлийн хөгжимд дуртай вэ?

Ажиллаж байх үедээ хөгжим сонсдоггүй. Чимээгүй орчинд ажиллахыг илүүд үздэг юм. Ер нь бол сонгодог хөгжимд их дуртай. Бетховен, Моцарт, Бах, Брамс зэрэг агуу хөгжмийн зохиолчдын бүтээлүүдэд дуртай.

Таны сүүлд уншиж дуусгасан болон одоо уншиж буй ном?

Сүүлд Жэк Уэдерфордын “Genghis Khan and the Making of the Modern World” номыг уншсан. Одоо мөн түүний монгол хатдын талаар бичсэн номыг унших гэж байна. Монголын түүхэнд эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүргийг тэндээс олж уншина байх.

Харин залуучуудад ном санал болгооч гэвэл Шэйрил Сандбергийн Lean In (Өөдөө тэмүүл) -ийг хэлнэ. Саяхан би монгол бүсгүйчүүдтэй уулзахдаа Улаанбаатарт Lean In Circle –байгуулагдсаныг олж мэдээд их олзуурхсан. Шэйрил Сандберг бол гайхалтай лидер эмэгтэй. Би түүнээс гарын үсэгтэй номыг нь авч байлаа.

Мөн АНУ-ын Элчин сайд асан Жонатан Эдлтоны АНУ-Монголын харилцааны түүхийн талаар бичсэн номыг уншихыг санал болгоё. Товч тодорхой, сайн ном байдаг.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Нээлттэй хүн. Дипломатын ажил ч нээлттэй байхыг шаарддаг, би ч өөрөө хүмүүстэй харилцах дуртай.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Миний унтлагын горимыг “дутуу” гэсэн ганцхан үгээр тодорхойлж болно (инээв). Би ер нь өглөөний хүн. Ихэнх өглөө би 6 цагт босож, 7:15-аас гэр бүлийнхэнтэйгээ цайгаа уугаад ажлын өдөр бол 8:15 гэхэд ажилдаа ирчихсэн байдаг. Дараагийн өдөр эхлэхээс өмнө хангалттай амарч авахын тулд 22 цагаас оройтолгүй унтахыг хичээдэг боловч тэр болгон чаддаггүй. Гэхдээ ямар ч тохиолдолд өглөө эрт босдог.

Таныг ажиллаагүй үед чинь хаанаас олж болох вэ?

Ажиллаагүй үедээ гэр бүлийнхэнтэй л хамт байхыг хичээдэг. Бид Богд ууланд алхаж, Монголын хөдөө нутгаар явах дуртай. Скай Резортод тусгай олимпийн тамирчид бэлтгэл хийхийг харах дуртай. Мөн Хустайн нуруунд тахь харах их сайхан юм билээ.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?

Сайхан асуулт байна. Гурван төрлийн хүмүүсийг энд онцлон дурдмаар байна:

1. Монгол залуучууд. Би өөрөө залуучуудын нэг хөтөлбөрийг үүсгэн байгуулсан юм. Сардаа нэг удаа хэсэг монгол залуусыг би гэртээ урьж, олон зүйлсийн талаар ярилцдаг. Тэдний юу сонирхдогийг, Монголын тухай болон АНУ-ын талаар юу боддогийг нь сонсож, тэднээс би өөрөө их зүйлийг суралцдаг шүү. Энд ирээд хийсэн ажлын анхны аялал маань Оюу толгойд байсан. Энэ уурхай, бүтээн байгуулалттай танилцаад бахадсаны зэрэгцээ тэнд ажиллаж буй монгол залуустай ярилцаад бүр их сэтгэл хөдөлж билээ.

2. АНУ-д боловсол эзэмшсэн, солилцооны хөтөлбөрүүдэд хамрагдсан мянга мянган төгсөгчид. Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA) маш идэвхтэй, гишүүд нь оролцоо сайтай юм билээ. Би тэдний улаан фэн болоод байгаа шүү. Энд 7 сар болохдоо хоёр ч тэргүүнтэй нь танилцсан. Энэ холбоо нийгэмд хэрэгтэй, хүүхэд залуучуудад тустай олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. АНУ-д боловсрол олж ирээд, төрөлх хот улсдаа эргээд хувь нэмрээ оруулах их хүсэлтэй байгааг нь харахаар АНУ-д сайн боловсрол эзэмшжээ гэж баярладаг.

3. Энх тайвны корпусын сайн дурынхан. Энэ байгууллагаар дамжуулан төрөл бүрийн салбарт ажилладаг америк хүмүүс амьдралынхаа хоёр жилийг Монголд ирж сайн дурын ажил хийхэд зориулдаг нь үнэхээр бахадмаар. Тэмдэглүүштэй нь Энх тайвны корпус Монголд үйл ажиллагаа явуулаад 25 жилийнхээ ойтой золгож байгаа. Манай сайн дурын ажилтнууд аймаг болгонд төдийгүй дийлэнх суманд бий. Тэд англи хэл заадаг, хүүхэд залуустай ажилладаг, нийтийн эрүүл мэнд зэрэг олон салбарт ажилладаг. Тэдний яагаад Монголыг сонгож, сайн дурын ажил хийхийг хүссэнийг нь сонсохоор үнэхээр их урам зориг авдаг шүү. Саяхан би 2 жилээ дуусгасан сайн дурын ажилтнуудтай уулзсан. Тэдний зарим нь гурав дахь жилдээ энд үлдэж, хийж байгаа зүйлээ үргэлжлүүлэхээр шийдсэнээ хэлж байна лээ. Ийм л зүрх сэтгэлтэй, хийж буй зүйлдээ дуртай хүмүүс байдаг.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Ажил, амьдралаа тэнцвэртэй авч явах хэрэгтэйг ажлын замналынхаа эхэн үед ойлгосон минь надад их хэрэг болсон гэж боддог. Хүн ямар ч амбицтай байж болно, шинэ компани эхлүүлээд ажил ихтэй байж болно. Гэхдээ хувийн амьдралдаа цаг гаргаж, гэр бүлдээ анхаарч байх нь чухал. Миний хувьд би ажилдаа тодорхой хэмжээний амжилт олсон ч 28 жилийн тэртээ хүнтэй гэрлэж, 2 хүүхэдтэй болж, аз жаргалтай амьдарч байгаагаараа бүр ч их бахархдаг.

Гадаад хүмүүст англи хэл заадаг багш, 4 хүүхдийн эх ээж маань намайг жаахан байхаас эхлэн ажил амьдралаа тэнцвэртэй авч явахын чухлыг заасан. Хүүхдийнхээ бага балчир байх үе – анхны алхам, анхны үг, сургуулийнх нь тэмцээн уралдаан зэрэг мөчүүдийг эргүүлэн авчирч чадахгүй учир хүүхдэдээ аль болох их цаг гаргахыг ээж надад зөвлөдөг байсан. Хүүхдийнхээ дунд сургууль төгсөх гэх мэт чухал үйл явдлыг цагийн хуваарьтаа оруулаад ажлаа зохицуулан оролцохыг боддог.

Та энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцахыг хүсэж байна?

Монголын залуу энтрепренерүүдээс оруулаасай гэж хүсэж байна. Би өнгөрөгч 11-р сард ШУТИС дээр Startup Mongolia байгууллагын арга хэмжээнд оролцож, 3 монгол залуу бизнесийн санаагаа танилцуулахыг сонссон юм. Тэд бүгдээрээ гайхалтай бизнесийн санаа бодож олоод түүнийгээ англи хэлээр яруу тод танилцуулж байна лээ. Тэднийг хараад удахгүй Цахиурын хөндийд “цахиур хагалах” юм байна даа гэж бодсон шүү. Тэр залуучууд бол Монголын ирээдүй. Тиймээс бусдадаа эрч хүч, урам зориг өгч чадах залуу энтрепренёрийг энэ ярилцлагадаа уриарай гэж хүсэх байна.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

72836   9


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.