Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   05 сарын 07, 2016

Номын тойм: Дори идэр дүүдээ

Уншсан нэгэнд нь эргэн нэг сөхөж харахыг сануулахаар, уншаагүй нэгэнд нь цаг алдалгүй олж уншаарай гэж зөвлөхөөр залуучуудад зориулсан нэгэн номыг бид өнөөдөр тоймлон танилцуулж байна. Энэ бол нэрт нийтлэлч Баабар гуайн бичсэн “Дори идэр дүүдээ” хэмээх ном билээ. Тэрбээр энэ номыг анх 1990-ээд оны дундуур гаргаснаас хойш хэд хэдэн удаа нэмж засварлан хэвлүүлжээ.

Энэ бол зохиогчийн бичсэнээр "орчин үеийн боловсролтой залуус гучин наснаасаа өмнө ямархуу зүйлстэй танилцсан байх ёстой" талаарх ном юм. Өөрөөр хэлбэл боловсролтой болохын тулд хаанаас эхлэх ёстойг, ямар ямар чадваруудад суралцах ёстойг, ямар ямар бүтээлүүдтэй танилцаж, ямар ямар үзэл ойлголтуудтай танилцсан байх ёстойг Баабар гуай өөрийн амьдрал, туршлагадаа тулгаарлан залууст зөвлөжээ. Польш руу 18-тай байхдаа их сургуульд явж, үеийн польш хүүхдүүдээс байгалийн ухааны хичээлүүдээр дутахгүй байсан ч ерөнхий боловсролын тал дээр хол хоцорч байгаагаа ойлгосноос хойш өөрийгөө олон талаар хөгжүүлэхэд шамдсанаа тэрбээр энд дурдсан нь бий. Энэ номд жагсаасан зүйлс бол дор хаяж 10 жил судлах зүйлсийн тойм юм.

Чи бид бол бүхнийг мэдээлэл, технологи шийдвэрлэдэг болсон ХХ, ХХI зууны заагийн хүмүүс. Хүний адгууслаг тал болох булчин шөрмөсний давамгайлал үеэ өнгөрөөж, хүний бурханлаг тал болох оюун ухаан дээрэлхэх болсон шинэ үеийн төлөөлөгчид!. Иймээс чи өндөр боловсролтой нарийн мэргэжилтэй байх албагүй ч хүн шиг амьдрахад чинь боловсрол их тусална. Гэхдээ зөвхөн боловсролд дулдуйдаж амьдар гэж байгаа үг биш шүү! Сүрхий өндөр боловсролтой мөртөө арчаагүйдээ амьдрах аргаа олж чадаагүй, өлөн нойтон өрөвдмөөр амьтан өдөр хоногийг төөрүүлж байгаа жишээ мундахгүй. Би л лав торхон дотор амьдардаг Диогэнийг оюун ухаан нь хэт түрүүлээд өөрийгөө золиослосон суут гүн ухаантан гэж харахаасаа манайхаар бол траншейний тэнэмэл гэж ойлгодог. ”Чи тийм л ухаантай юм бол яагаад ядуу байгаа юм бэ?” гэдэг үг махчилсан биш утгаараа надад таалагддаг. ”Зачем ты мeня родила, мама” гэж хэзээ ч бодохгүй байхын тулд өнөөгийн шинжлэх ухаан, техник, технологи давамгайлсан үед боловсрол их тус болно (гэхдээ дангаараа амьдралын баталгаа биш шүү!) гэж бодсондоо үүнийг чамд зориулан бичиж байна. Энэ ”заавар” бол ерөөсөө ч төгс төгөлдөр сурах бичиг биш. Гагцхүү ухаарах хүнд хагас үг хангалттай гэдэг утгаар л санаа өгөхийн тулд ”цэцэрхэж” буй маань энэ.

Түүний нэрийн хуудас болсон задгай бичлэгийн хэлбэр, олон сонирхолтой эшлэл бүхий, зураг хөрөг сайтай энийг номыг уншаад уйдна гэж үгүй. Иймдээ ч "Дори идэр дүүдээ" үе үеийн олон залуусын ширээний ном нь байж ирсэн юм. Ялангуяа интернэтийн хөгжил сул байсан дээхнэ үед залуусын оюуны чиг баримжаа авдаг тоотой хэдхэн эх сурвалжийн нэг нь байсан гэхэд хилсдэхгүй. Мэдээж энд дурдсан, зөвлөсөн болгоныг нь дагах албагүй, санал нийлэхгүй ч байж болно. Зарим хүмүүс зохиогчийг залуучуудад өөрийнхөө бодол санааг тулгасан гэж муйхарладаг л юм. Эцсийн эцэст залуучууд бид юу юутай уншиж танилцахаа өөрсдөө л шийдэхээс хойш, энэ номыг би хувьдаа "олон зүйлд самгардалгүй эдгээр зүйлстэй танилцаж цагаа хэмнээрэй" гэсэн уриалга гэж ойлгодог.

Тэгэхээр энэ номыг интернэт хөгжсөн өнөө үед бусад эх сурвалжтай хослуулан үе үе сөхөн харж байгаарай. Зохиогч номоо хэдэн жилдээ нэг удаа нэмж засварлан хэвлэчихээд байдаг тул нэг их хуучрахгүй. Надад байдаг энэ хувилбар нь 2008 оны хэвлэл бол хамгийн сүүлд 2014 онд шинэ хувилбар нь гарсан байна лээ. Тиймээс болбол сүүлийнхийг нь олж үзээрэй гэж зөвлөе.

Дараа үеийнхэн нь өмнөхөө давамгайлахгүй юм бол аль ч нийгэмд дэвшил байхгүй. Иймээс тэрхүү алдсаныг минь одоогийн залуучууд битгий давтаасай гэж боддог.


Алга ташуулах гэж бүү улайр, гол нь хүлээн зөвшөөрөгдөх! Монтэскю

27455   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.