Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   05 сарын 01, 2016

7 хоногийн тойм: Марсыг эзлэх төлөвлөгөө + Apple-ийн уналт + РИО 2016

Сонгуулийн синдром айсуй

6-р сарын 29-нд болох Их хурлын сонгуулийн өмнөх бужигнаан ид өрнөж байна. Үндсэн хуулийн цэц пропорционал дүрэм буюу намын жагсаалтыг хууль зөрчсөнд тооцож, намууд мөрийн хөтөлбөрөө батлуулан, сонгуульд оролцох хүсэлтээ илгээлээ. Гуравдагч хүчний орон зайг нөхөх боломжтой хэмээн олон нийтийн үзэж байсан ХҮНам дотоод асуудлаа шийдэж чадахгүй байсаар сонгуульд бие даан оролцохгүй болж, АН-ыг дэмжих болсон нь хамгийн сонирхолтой үйл явдал байв. Тэдний адилаар ИЗНН, МҮАН эрх баригчдыг дэмжинэ гэдгээ мэдэгджээ. Тэгвэл Америкийн ерөнхийлөгчийн сонгууль зүүн мужуудад өрнөж, гол тоглогчид болох Хиллари Клинтон, Доналд Трамп нар давамгайллаа баталгаажуулсаар байна. Трамп Мэриланд, Пеннсилвани зэрэг сунгаа явагдсан 5 мужид бүгдэд нь 50-аас илүү хувийн санал аван ялалт байгуулж, нэр дэвших эрхээ авахад улам ойртлоо. Ардчилсан намын сунгааг тэргүүлж буй Х.Клинто зөвхөн Роүд Айландад л Б.Сандерст ялагдаж, үлдсэн 4-т нь ялжээ. Б.Сандерсийн хувьд сунгаа "бараг" дууссан ч бууж өгөх бодолгүй байгаа гэдгээ мэдэгдсээр байна.

iToim: Нам эвслүүдийн мөрийн хөтөлбөр өгөх хугацаа дуусч, тойрог хуваах "зодоон" эхэллээ
NYT: Трамп, Клинтон том ялалт байгууллаа

Гэрэл зургийг: Eagle.mn

Олимпийн наадам эхлэхэд 100 өдөр үлдлээ

Хүн төрөлхтөний эв нэгдлийн илэрхийлэл болсон зуны олимпийн наадам эхлэх өдөр ойртсоор байна. 31 дэх удаагийн наадмыг зохион байгуулах Рио Де Жанейро хот өнгөрч буй долоо хоногт нээлт эхлэхэд 100 өдөр үлдсэн мөчийг өнгөрүүллээ. Тус улсад ерөнхийлөгчөө огцруулах хөдөлгөөн, Зика вирусны аюул, Петробастай холбоотой авилгалын хэрэг зэрэг улс төр болон нийгмийн тогтворгүй үйл явдлууд олноор өрнөж байгаа ч Олон Улсын Олимпийн хорооноос бэлтгэл ажил 98 хувьтай байгаа хэмээн мэдэгдээд байна. Үүнтэй зэрэгцэн Монголын багийн хамгийн найдвар тавьж буй төрлүүдийн нэг жүдогийн шигшээ баг Риод оролцох тамирчдын нэрсийг зарлалаа. Бүрэн бүрэлдэхүүнээрээ олимпод оролцох боломжтой байгаа жүдогийн шигшээ багт өнгөрсөн олимпийн хүрэл медальт Э.Ням-Очир болон дэлхийн аварга Г.Болдбаатар зэрэг шилдэг жүдочид багтаагүй нь дотоодын өрсөлдөөн хэр ширүүн байгааг илтгэнэ. Тэрчлэн Ташкент хотноо болсон хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай 19 настай тамирчин М.Анхцэцэг 75 кг-ийн жинд түрүүлж, азийн аварга болон улмаар манай эмэгтэйчүүдийн шигшээ баг багийн дүнгээр 4-р байрт орон, олимпийн эрхтэй болжээ.

CNN: Бразилчууд юунд санаа зовж байна вэ?
UB.Life: Олимпийг зорих жүдочдын нэр тодорлоо

Э.Маск Ангарагийг 2018 онд дайлаар мордоно

Өнөө цагийн хамгийн суут энтрепренерүүдийн нэг Элон Маск 2018 он гэхэд Ангараг гарагийг "эзлэх" төлөвлөгөөтэй байгаагаа албан ёсоор зарлалаа. Тэрээр твиттер хуудсаараа дамжуулан "Red Dragon" буюу "Улаан луу" хөлөг нь нарны системийн ямар ч гараг дээр газардах зориулалттайгаар бүтээгдэж буйг мэдэгдэн, нисгэгчгүй хөлгийг судалгааны зориулалтаар илгээн, гарагийн гадаргуу, бүтцийн талаар бүрэн зураглалтай болохыг зорьж байна. Э.Маскийн SpaceX төсөл дахин ашиглагдах боломжтой буюу зардал багатай карго хөлгүүдийг сансрын станц руу илгээхээс гадна холын зайн нислэг үйлдэх чадвартай судалгааны хөлгүүдийг бүтээх төслийг мөн гүйцэтгэж байгаа юм. Ташрамд дурьдахад NASA дөнгөж өнгөрсөн сард 2030 он гэхэд Ангараг руу сансрын нисгэгчтэй хөлөг явуулан, колон байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа зарлаж байсан билээ.

Time: Яагаад Э.Маскийн Марсыг эзлэх төлөвлөгөөг чухлаар авч үзэх хэрэгтэй вэ?
The Verge: SpaceX Ангарагт газардах бидний мэдлэгийг хэрхэн өөрчлөх вэ?

Apple-ийн орлого сүүлийн 13 жилд анх удаа буурав

Энэ долоо хоногт улирлын санхүүгийн тайлангаа зарласан технологийн компаниудын мэдээнээс Apple-ийн орлого мэдэгдэхүйц буурсан нь хамгийн онцлох байлаа. Энэ улиралд шинэ iPhone SE утсаа худалдаанд гаргасан тэд нийт 50,7 сая утас борлуулж, шинжээчдийн таамаглалаас "багахан" илүү гарсан ч сүүлийн 13 жилд анх удаа орлого нь буурсан тухайгаа зарлалаа. Өнгөрсөн оны мөн үед 58 тэрбум долларын орлоготой байсан Apple энэ улиралд 50,6 тэрбум доллар олов. Хятадаас олсон орлого нь 26 хувиар буурч, үүнтэй зэрэгцэн хувьцааны үнэлгээ нь 8 хувиар унажээ. Үүнээс гадна Apple-ийн хамгийн идэвхтэй хөрөнгө оруулагчдын нэг Карл Икан бүх хувьцаагаа зарж, компаниас гарсан байна. Тэгвэл Фэйсбүүкийн өсөлт эрчтэй урагшилсаар байна. Фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 1,65 тэрбумд хүрч, орлого нь өмнөх жилийнхээс 52 хувиар өсөн, шинжээчдийн таамаглалаас давж, 5,66 тэрбумд хүрлээ. Энэ мэдээний дараагаар Фэйсбүүкийн хувьцаа 8 хувиар өссөн юм. Амазон ч AWS-ийн хурдацтай өсөлт болон өндөр орлогын дараагаар 22 хувийн өсөлттэй буюу 29 тэрбумын орлого олж, шинжээчдийн таамаглалаас давсан дүнг үзүүлжээ.


Techcrunch: Apple-ийн санхүүгийн тайлантай холбоотой мэдвэл зохих бүх зүйлс
Wall Street Journal: Фэйсбүүкийн орлого, хэрэглэгчид өссөөр байна

Технологийн ертөнцийн эргэн тойронд 

Microsoft ухаалаг гар утасны товчлуурын хэрэглээг хялбаршуулах зорилго бүхий Word Flow аппликэйшнээ гаргалаа. Хэрэглэгчдийн гол хэрэглээнд тохируулан үгсийг таах, мөн спирал хэлбэртэй болон үсэгнүүдийг амархан холбох замаар үгээ бичих боломжийг олгосон энэ апп одоогоор шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээг аваад байна. Youtube видеоний өмнө алгасах боломжгүйгээр тавигдах 6 секундын сурталчилгааг туршиж байгаа гэнэ. Өмнө нь 5 секунд хүлээсний дараагаар алгасаж шууд видео руугаа үсрэх боломжтой байсан сурталчилгаануудаа гар утсанд зориулсан хэлбэрт шилжүүлж, илүү үр ашигтай болгох зорилготой байгаагаа Youtube мэдэгджээ. Твиттерийг үүсгэн байгуулагчдын нэг Биз Стоун Гүүглийн хайлтын системтэй өрсөлдөх зорилго бүхий Jelly үйлчилгээгээ "ахин" танилцууллаа. 2013 онд анх гарч байсан ч бүтэлгүйтсэн Jelly нь хэрэглэгчид нэрээ ил гаргалгүйгээр бие биенээсээ асуулт асууж, 10 минутын дотор өндөр мэдээлэлтэй хэн нэгнээс өөрийн хайсан асуултын хариуг авах концепцтой юм. Мөн Snapchat Рио 2016 олимпийн наадмын тоймыг өөрийн платформоороо дамжуулан хэрэглэгчдэдээ хүргэх гэрээг NBC-тэй байгуулсан нь энэ долоо хоногийн онцлох мэдээнүүдийн нэг байлаа.

TheNextWeb: Youtube-ийн зар сурталчилгааг алгасах боломжгүй болно
CIO: Microsoft iPhone-ийг хэрэглэхэд улам хялбар болголоо!

21558   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.