Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   04 сарын 24, 2016

7 хоногийн тойм: "Эх дэлхийн өдөр" + Төрсөн өдрийн мэнд, хатан хаан + #RIPPrince

"Эх дэлхийн өдөр" тохиолоо

Жил бүрийн 4-р сарын 22-ны өдрийг дэлхий даяар "Эх дэлхийн өдөр" хэмээн тунхаглаж, 193 оронд тэмдэглэн өнгөрүүлдэг. 1970 оноос хойш тэмдэглэж буй энэ өдрөөр олон нийтийн анхаарлыг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, танин мэдэх, хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгарч буй асуудлуудад хандуулах зорилгоор олон төрлийн арга хэмжээнүүд зохиогддог юм. Энэ жилийн тухайд, өнгөрсөн оны сүүлээр НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хурлын үеэр баталсан "Парисын хэлэлцээр"-т нэгдсэнээ АНУ, БНХАУ тэргүүтэй 120 гаруй орон албан ёсоор гарын үсэг зурж батламжлах арга хэмжээ болсноороо онцлогтой байлаа. "Парисын хэлэлцээр"-ийн баримт бичиг, улс орнуудын хүлээсэн үүргийн нөхцөлүүд нь дэлхийн дулааралтай тэмцэхэд маш чухал ач холбогдолтойд тооцогдож байгаа билээ.


VOX: Өнгөрсөн "Эх дэлхийн өдөр"-өөс хойш бидний мэдсэн 7 зүйл
Telegraph: "Эх дэлхийн өдөр"-той холбоотой 5 сонирхолтой факт

Google "Эх дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан нүүр хуудсаа дээрх дүрслэлээр чимжээ.

Британийн хатан хаан 2-р Элизабет 90 нас хүрлээ

Сүүлийн 63 жилийн турш Их Британийн хатан хааны титмийг эзэмшиж буй 2-р Элизабет өнгөрсөн пүрэв гарагт 90 нас хүрлээ. 1926 онд 4-р Жорж хаан болон Элизабет хатны ууган охин болон мэндэлсэн тэрбээр 1952 оноос хойш хаан ширээнд сууж байгаа юм. Дэлхийн 2-р дайны дараах сэргээн босголт, хүйтэн дайны үеийн "түгшүүрт нөхцөл", орчин үеийн Английн цэцэглэн хөгжилтийн бэлэг тэмдэг болж, ард түмнийхээ урам зориг, эрч хүч нь болсоор ирсэн 2-р Элизабет Их Британиас гадна хамтын нөхөрлөлийн орнуудын гишүүн 16 тусгаар улсын хатан хаан билээ. Төрсөн өдрийн баярын үеэр гудамжинд мянга мянган иргэд баярлалдаж, улс орны өнцөг булан бүрт ёслолын буудлага үйлдэж, хатан хаан өөрийн биеэр ард түмэнтэйгээ мэндчилж, галт бамбар асаан, баярын бялуугаа хуваажээ. Хатан хааны төрсөн өдрийн албан ёсны арга хэмжээ бүтэн зуны турш үргэлжлэх бөгөөд 6-р сарын 12-нд Лондон хотноо 10 мянга гаруй хүнийг хамарсан төрсөн өдрийн баярын үдэшлэг болох учиртай юм. Ташрамд дурдахад, өчигдөр буюу 4-р сарын 23-нд суут зохиолч У.Шекспирийн мэндэлсний 400 жилийн ой мөн тохиожээ.

BBC: Хатан хааны төрсөн өдрийн арга хэмжээ эхэллээ
The Atlantic: Хатан хааны амьдрал гэрэл зургийн дуранд

Google, Microsoft-ийн орлого хүлээлтэд хүрсэнгүй

Дэлхийн томоохон компаниуд улирлын санхүүгийн тайлангаа зарлаж эхэллээ. Гэсэн ч энэ долоо хоногт орлогоо зарласан компаниуд бараг бүгд төлөвлөж байснаас бага орлого олсон гэнэ. Google-ийн толгой компани Alphabet 20.3 тэрбум долларын орлого тайлагнасан ч энэ нь таамаглаж байснаас бага байсан учир хувьцааны үнэлгээ нь 5 хувиар унасан байна. Microsoft таблет болон лаптопны борлуулалт, мөн клоуд үйлчилгээнээсээ өндөр орлого олсон ч Wall Street-ийн хүлээлтэнд хүрсэнгүй, хувьцаа нь 7 хувиар унажээ. Удахгүй зарагдах гэж буй Yahoo 1.08 тэрбум долларын орлоготой ажилласан нь таамаглалтай яг нийцсэн хэрэг болов. Тэднийг худалдаж авах хамгийн боломжтойд тооцогдож буй Verizon 32.2 тэрбумын орлоготой ажиллажээ. Тэгвэл Интел өөрийн санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулж, зардлаа бууруулах үүднээс нийт ажиллах хүчнийхээ 11 хувь буюу 12000 ажилтныг цомхотгох болсноо зарласан нь гэнэтийн хэрэг байв.

Techcrunch: Alphabet санхүүгийн тайлангаа зарлалаа
Recode: Yahoo-г хэн худалдаж авах вэ?

TNT-ээс Интелийн ажилтнуудаа цомхотгох шийдвэр гаргасныг ийн дүрсэлжээ

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Фэйсбүүк мессенжер үйлчилгээндээ томхон өөрчлөлт оруулж, группээр буюу олуулаа видео чат, яриа хийх боломжтой болгосноо зарлалаа. Энэ нь Microsoft-ийн эзэмшдэг Skype-тай шууд өрсөлдөж буй хэрэг юм. Үүнтэй зэрэгцэн тэдний анхны хамтрагчдын нэг, Napster-ийн үүсгэн байгуулагч Ш.Паркер Airtime нэртэй мөн группээр видео дуудлага хийх зориулалт бүхий апп-аа зах зээлд нэвтрүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт Андройд үйлдлийн системд нээлттэй болсон Snapchat-ийн 3D стикерүүдийг iOS-т ч хэрэглэх боломжтой боллоо. Snapchat-ийн мэдээлж байгаагаар зураг, видеонд хүссэн газраа хөдөлгөөн үл харгалзан байрлуулах боломжтой эдгээр стикерүүдийн хэрэглээ өдөр ирэх тусам өсөж байгаа гэнэ. Цахим хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг SecureWorks энэ жил технологийн компаниудаас хамгийн эхний IPO-г хийлээ. Dell-ийн эзэмшиж байсан тус компанийн нэгж хувьцаа 13.89 доллар байсан бөгөөд 1 тэрбум доллараар үнэлэгджээ. Твиттерийн үүсгэн байгуулагчдын нэг Э.Уиллиамсын блог платформ Medium 3-р шатны хөрөнгө оруулалтаас 50 сая доллар босгон, 600 сая долларын үнэлгээтэй болжээ.

Techcrunch: Фэйсбүүк Мессенжер групп дуудлагатай боллоо
CNBC: SecureWorks энэ жилийн технологийн анхны IPO-г хийлээ

Алдарт дуучин Prince нас барлаа

20-р зууны сүүлийн хагаст төрөн гарсан поп хөгжмийн хамгийн том төлөөлөгчдийн нэг Prince 57 насандаа таалал төгслөө. Миннеаполист мэндэлсэн Prince өөрийн өвөрмөц хоолой, шинэ содон аялгуугаараа орчин үеийн хөгжмийн урлагт нөлөөлж, шинэ урсгалуудыг төрүүлж, нийт 100 гаруй сая цомгийг борлуулан, 7 удаа Грэмми шагналыг хүртсэн уран бүтээлч байлаа. Тэрбээр 1990-ээд оны эхэн үед өөрийн харьяалагдаж байсан Warner Bros студитэй "дайн" зарлаж, лэйбэл, студиуд уран бүтээлчдийг хэт их удирдаж, хамаг орлогыг булаан авч байна хэмээн буруутгаж байснаараа дуулиан шуугианы эзэн болж байв. Түүний хүчин зүтгэлээр хөгжмийн бизнес жинхэнэ утгаараа хөгжин, залуу уран бүтээлчид бүтээлээ өөрсдөө эзэмшиж, хөгжмөөрөө орлого олох боломжийг нэмэгдсэн юм. Мөн тэрбээр онлайн бизнест зохиогчийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар үргэлж дуу хоолойгоо хүргэж, хууль бус үйлдлүүдийн эсрэг тэмцдэг байлаа. Тиймдээ ч хамгийн сүүлийн цомог HitnRun Phase Two-гоо 2015 онд зөвхөн Tidal платформоор цацаж байсан удаатай. Тэр урсгал тодорхойлогч, хувцас загварын бэлгэ тэмдэг, агуу уран бүтээлч, үе үеийнхний шүтээн байлаа.


NYT: Prince хэрхэн хөгжмийн бизнесийн эсрэг тэмцсэн бэ?
Recode: Баяртай, Prince!

15382   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.