Мэдүүштэй

Миний хэрэглэдэг мэдүүштэй вэбүүд - SoWhyMongolia.com сайтыг үүсгэн байгуулагч Б.Наранцогт

04 сарын 21, 2016


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


16773   1




Энэ удаагийн "Мэдүүштэй вэб" булангийн зочноор Монголын талаарх мэдээллийг англи хэл дээр сонирхолтой бөгөөд егөөтэй байдлаар хүргэдэг SoWhyMongolia сайтыг үүсгэн байгуулагч Б.Наранцогтыг урьж, хэрэглэдэг вэбүүдийнх нь талаар танилцуулж байна.

Нэр: Баатархүүгийн Наранцогт
Ажилладаг салбар: Хэвлэл мэдээлэл, гадаад сурталчилгаа
Сошиал хуудсууд: @natsopersonal (твиттер)
Цагаа хамгийн их үрдэг "дэмий" зүйл чинь юу вэ? Youtube дээр видео үзэх. CollegeHumor, ComedyCentral, Epic Rap Battles-аас эхлээд BritaNick, OwnagePranks гээд ер нь явж өгнө дөө. 

1. Мэдлэг нэмэх

Ер нь аливаа ойлголтыг энгийнээр тайлбарласан “explainer content” унших, үзэх дуртай. Үүнийг монгол хэл рүү орчуулж, олон нийтэд хүргэх хэрэгтэй талаар өмнө нь Gogo.mn дээр бичиж байсан. Тэнд дурдсанаас хамгийн их хэрэглэдгээ, мөн дурдаагүй өнгөрснийг нь бичвэл зүгээр болов уу.

Cracked.com - Хамгийн удаан хугацаанд үнэнчээр уншиж буй сайт. Танин мэдэхүйн шинэ ололт, олон нийтийн талаарх зөв ажиглалт зэргийг жагсааж, хошин байдлаар үзүүлдэг. Мөн Ерөнхий редактор нь хувь хүний хөгжлийн тухай, танин мэдэхүйн тухай олон нийтлэл бичсэн нь миний амьдралд өөрчлөлт оруулсан болохоор их дагадаг.

Waitbutwhy.com - SoWhyMongolia гэдэг нэрийг өгөхөд нөлөөлсөн сайт. Бичдэг хүн нь чухал санааг хувийн анекдот, график, комикс зураг хольж илэрхийлдэг болохоор бараг л номны хэмжээний контентийг сайтар хялбаршуулчихсан байдаг нь урамтай.

TheVerge.com - Технологи хүмүүсийг яаж өөрчилж байгааг харуулах зорилготой гарч ирсэн сайт. Та бүхний сайн мэдэх Wired-тай өрсөлдөхөөр шинээр гарч ирсэн. Нухацтай урт нийтлэлүүд бичдэг Longform буланд нь дуртай. Саяхан гарсан интернэтэд цензур яаж үүссэн тухай нийтлэлийг уншихыг санал болгож байна.

2. Уран зохиол, соёл, кино

Clarkesworld: - Америкийн зөгнөлт зохиолын гурван эцгийн нэгээр нэрлэгдсэн энэ утга зохиолын сэтгүүл сар бүр 5-6 богино өгүүллэг, 4-5 эссэ, зөгнөлт сэдэвтэй уран зураг гаргадаг. Өгүүллэгүүдийг бас аудиогоор сонсож болдог.

Хаанаас нь эхлэх вэ? Robert Charles Wilson-ий “Utriusque Cosmi” өгүүллэгийг сонсох, эсвэл Li Cixin-ий “Yuanyuan’s bubbles” өгүүллэгийг унших.

The-Editing-Room.com: Алдартай кинонуудын (богиносгосон) кино зохиолыг шоглосон байдлаар бичдэг газар. Заримдаа гоё киног хараад үзэх мөнгө байхгүй бол эндээс уншчихдаг. Зохиолч нар нь нэрээ нууцалж бичдэг болохоор хамаагүй муулж өгнө. Нэг зүйлийг зөвлөхөд дуртай киноныхоо богиносгосон зохиолыг уншаад дэмий.

Every Frame a Painting: Кино урлагийг арын албаны түвшинд үзэх, дүгнэхэд туслах гайхамшигтай видео эссэнүүдийн цуврал хийдэг Youtube суваг. Дэлхийд алдартай найруулагч, киноны жанр зэргийн талаар богино хугацаанд илүү их мэдлэгтэй болоход тусалдаг. Эхлээд Buster Keaton дуугүй кинонуудаа хэрхэн хийж байсныг харуулсан ангийг нь үзэхийг зөвлөж байна.

3. Аялал

Amai.mn - Одоо ч сайт биш ном болсон. Гэхдээ манай эхнэр саяхан Амайгийн аяллын тухай номыг авсан байсныг жаахан гүйлгэж харснаас хойш энэ хүн цаг үеэсээ түрүүлж гайхамшигтай зүйл бүтээсэн, манай залуучууд одоо Монголоороо болон гадаадаар аялах нь багассаныг анзаардаг болсон.

ArdRussia.ru - Энэ сайт Монголын болон Буриад зон, ОХУ-ын талаар мэдээлэл гаргадгийг хааяа нэлээд сонирхдог. Уйгагүй тогтмол гаргадаг, сонирхолтой санагддаг. Гэхдээ миний орос хэл муу болохоор бүтэн ойлгодоггүй тул google translate ашигладаг л даа.

AYearOfReadingTheWorld.com - Англи эмэгтэй дэлхийн бүх улсын зохиолчдоос дор хаяж нэг ном уншихаар нэг жилийг зарцуулсан байдаг. Монголоос Чинагийн Галсангийн “Хөх тэнгэр” гэдэг номыг уншсан юм билээ. Үүнийг манайхан бас хийх хэрэгтэй шиг санагдсан. Мэдээж Ч.Галсан гуайн номноос эхлэх хэрэгтэй л дээ.

Аяллын тэмдэглэлүүд: - Ойрын үед бусад монгол туургатан овог аймгийн түүх, соёлыг их сонирхдог болсон болохоор Халимаг руу явсан, Монголоор аялсан, Өвөр Монгол, Төвд явах аялал их сонирхолтой санагдаад байгаа.

4. Тоглоом

CodeCombat: Программын хэл сурангаа тоглодог, RPG тоглоом. Diablo-той төстэй. Хааяа Python сурангаа оркуудтай байлддаг юм.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.