Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   04 сарын 17, 2016

7 хоногийн тойм: Баяртай, Коби! + Фэйсбүүкийн 10 жилийн төлөвлөгөө + Одод руу хүрэх шинэ санаачлага

Unread амралтын өдөр бүр танд хүрдэг долоо хоногийн тоймын ээлжит дугаараа хүргэж байна. Дотоодод улаан бурхан өвчин гамшгийн хэмжээнд хүрч, Баянгол зочид буудлын ойролцоо "бөөн" хэрэг дэгдэж, АТГ-ын дарга ажлаасаа чөлөөлөгдөн, ОХУ-ын гадаад хэргийн сайд Монголд айлчилсан онцгой үйл явдлуудтай энэ долоо хоногт олон улсад юу болсныг бид тоймлож байна.

Япон, Эквадорт хүчтэй газар хөдлөлт боллоо

Японы Кюүшю арлын ойролцоо 2 өдрийн зайтай болсон нийт 288 удаагийн жижиг, том газар хөдлөлтийн улмаас нийт 41 хүн амь насаа алдаж, мянга мянган хүн гэмтэж, түүнээс ч их хүн орон гэргүй болсон тухай Японы хэвлэлүүд мэдээлж байна. Тэдгээрээс хамгийн хүчтэй нь 7 болон 6,2 магнитудын хүчтэй газар хөдлөлт байсан юм. Ерөнхий сайд Шинзо Абе газар хөдлөлтөөс хамгийн их хохирол амссан Кумамато хотноо өөрийн биеэр хүрэлцэн ирж, аврах ажиллагаатай танилцжээ. Одоогийн байдлаар нийт хохирлын хэмжээ тодорхойгүй байгаа ч зуу зуун байшин барилга, гүүр нурж, зам эвдэрч, олон тооны иргэд хоргодох байруудад түр сууж байгаа ажээ. Тэгвэл бөмбөрцгийн нөгөө талд, Өмнөд Америкийн Эквадор улсын төв хэсэгт 7,8 магнитудын газар хөдлөлт болж, 77 хүний аминд хүрээд байна. Гамшгийн улмаас нийт 6 мужид онц байдал зарласан бөгөөд голомтоос 100 гаруй км-ын зайд байсан хотуудад цахилгаан тасарсан байна. 600 орчим хүн хүнд байдалтай эмчлүүлж байгаа бөгөөд 10 мянга гаруй цэрэг, цагдаагийн хүч хотуудад ажиллаж, сураггүй болсон хүмүүсийг эрэх, байшингийн нурангийг цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байна.

CNN: Японд дараалсан хүчтэй газар хөдлөлтүүд боллоо
BBC: Эквадорт 7,8 магнитудын газар хөдлөлт боллоо

С.Хаукинг шинэ төслөө танилцууллаа

Сансар судлалын түүхэнд шинэ хуудас нээх учиртай нэгэн төсөл өнгөрсөн долоо хоногт зарлагдлаа. Өнөө цагийн хамгийн шилдэг эрдэмтдийн нэг, алдарт физикч С.Хаукинг, Оросын тэрбумтан, Фэйсбүүк, Твиттерийн хөрөнгө оруулагчдын нэг Ю.Милнер болон Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч М.Зукерберг нар хүн амьдарч болох шинэ гарагийг хамгийн ойрын галактикаас олж илрүүлэх "том" зорилго бүхий "Starshot"-ийг танилцууллаа. Тэд маш өндөр чадал бүхий камер, мэдрэгч төхөөрөмжүүд бүхий хэдхэн грамын жинтэй нано хөлгүүдийн тусламжтайгаар дэлхийд хамгийн ойр орших од болох Альфа Центавр орчмоос мэдээлэл цуглуулах юм. Эрдэмтдийн тооцооллоор нано хөлгүүд хүчтэй лазерийн тусламжтайгаар гэрлийн хурдын тавны нэгийн хэмжээтэйгээр, 215 сая км/цагийн хурдтайгаар ниссэнээр 20 жилийн дотор зорьсон газраа хүрэх гэнэ. Одоогийн боломжит технологиор, сансрын нисэгчтэй хөлөг тийш хүрэхэд 30 мянган жил шаардлагатай юм. Гэвч энэ бүхэн сонсогдож байгаа шигээ тийм хялбар биш. Шаардлагатай технологийн ихэнх нь зөвхөн онолын түвшинд байгаа учир тэдгээрийг бий болгож, туршиж, хэрэгжүүлэхэд дор хаяж 20 жил хэрэгтэй бөгөөд Альфа Центавр орчмоос мэдээлэл дамжуулахад 4 орчим жил шаардлагатай гэнэ. Төслийн өртөг 10 орчим тэрбум доллар байхаар тооцологдож байгаа бөгөөд Ю.Милнер эхний ээлжинд 100 сая долларын хөрөнгө оруулалтыг хийжээ.

NYT: Оддын зүг тийш хийх 4,2 гэрлийн жилийн аялал
Forbes: Starshot төсөл биелэх үнэхээр боломжтой гэж үү?

Коби Брайнт сүүлчийн тоглолтоо хийж, Голден Стэйт 73 ялалт байгууллаа

21-р зууны сагсан бөмбөгийн ертөнцийн хамгийн манлай тамирчдын нэг Коби Брайнт карьерын хамгийн сүүлчийн тоглолтоо хийж, их спортоо орхисон нь энэ долоо хоногийн спортын ертөнцийн хамгийн онцлох мэдээ байлаа. Лос Анжелес Лэйкэрс багийн хамт NBA-д 5 удаа түрүүлж, 18 удаа бүх оддын тоглолтонд оролцож байсан Кобигийн сүүлийн тоглолт Юта Жаззын эсрэг байсан бөгөөд 60 оноо авч, "харих болоогүй байсан" гэдгээ харуулсан юм. Тэрбээр 1996 онд ахлах сургуулиасаа шууд NBA-д элссэн цагаасаа хойш нийт 33 мянган оноо авч, бүх цаг үеийн оноо авалтын жагсаалтын 3-р байрт бичигддэг. АНУ-ын шигшээгийн хамтаар 2008, 2012 оны олимпийн наадамд түрүүлж байсан түүнд тоглогчийн болон багийн хувиар хүртэж үзээгүй шагнал, цом гэж байхгүй билээ. Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн улирлын NBA-ийн аварга Голден Стэйт Уарриорс энэ улирлыг 73 ялалттай дуусгаж, 1996 оны Жорданы Буллзийн тогтоосон "эвдэгдэшгүй" гэгдэж байсан 72-10 амжилтыг эвдлээ. Лигийн хамгийн шилдэг шидэгч С.Карри болон түүний андууд аварга цолоо хамгаалж, жилийг "төгс" дуусгах даалгавартайгаар плэйоффыг эхлүүлж байна.

NBA: Коби Брайнтыг үдэхүй: Мартагдашгүй 20 жил
CNN: 73! - Уарриорс дээд амжилт тогтоолоо

Фэйсбүүк ирэх 10 жилийн төлөвлөгөөгөө танилцууллаа

Дэлхийн хамгийн их хэрэглэгчтэй сошиал платформ Фэйсбүүкээс жил бүр зохион байгуулдаг F8 арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт өнгөрлөө. Уг арга хэмжээний үеэр Фэйсбүүк шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж, өөрсдийн алсын хараа болон цаг үеийн асуудлуудтай холбоотой байр сууриа илэрхийлдэг учир олон нийт ихээхэн анхаарал хандуулдаг юм. Энэ жилийн тухайд компаний үүсгэн байгуулагч М.Зукерберг Фэйсбүүкийн ирэх 10 жилийн төлөвлөгөөг танилцуулсан нь онцлох зүйл нь байв. Фэйсбүүкийн экосистемийг төгс болгохоос гадна ирэх 10 жилийн гол зорилго нь дэлхийг тэр чигт нь, жинхэнэ утгаар нь холбосон технологийг цогцлоох нь тэдний гол зорилго байх болно гэдгийг Зукерберг зарласан. Үүнтэй холбоотойгоор Мессенжер, Инстаграм болон Whatsapp зэрэг гол бүтээгдэхүүнүүдээ хөгжүүлэхээс гадна хайлт, видео, группыг илүү "өргөн хэрэглээнд" нэвтрүүлнэ гэнэ. Мөн VR-виртуал ертөнц болон алслагдсан бүс нутгуудад интернетийг цацах, хиймэл оюун ухааныг хөгжүүлэх ажилд анхаарал хандуулах ажээ. Эдгээрээс гадна Фэйсбүүк Перископ болон Snapchat-тай өрсөлдөх Facebook Live болон бизнесийн байгууллагуудад зориулсан чатботууд, Окулусын сельфи стикер зэрэг сонирхолтой нэмэлтүүдээ мөн албан ёсоор зарлажээ.

Mashable: Фэйсбүүкийн F8-тай холбоотой мэдвэл зохих бүх зүйлс
BusinessInsider: Фэйсбүүкийн 10 жилийн төлөвлөгөөтэй танилц

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Силикон Уаллид нийт 57 венч хөрөнгө оруулалтын компани зөвхөн энэ оны эхний улиралд 12 тэрбум долларыг босгосон нь сүүлийн 10 жилийн дээд амжилт болж, технологийн ертөнц "хөөсрөх" хараахан болоогүйг батласан хэрэг боллоо. Гэхдээ Силикон Уаллигийн хамгийн "хайртай" юникорн стартап Тераносын нөхцөл байдал улам муудаж, үүсгэн байгуулагч Э.Холмес нь цусны шинжилгээ, эрүүл мэндийн салбарт ажиллах эрхээ хасуулах нөхцөл байдалд хүрээд байгаа гэнэ. Цусны шинжилгээ хийх явцыг улам хялбаршуулж, зардал хэмнэх зорилго бүхий түүний стартапын технологийн "найдваргүй" болон "эргэлзээтэй" байдал нь 9 тэрбумын үнэлгээтэй уг компанийг дампуурлын ирмэгт хүргээд байна. Үүнээс гадна Google Sidewalk Labs төслийнхөө хүрээнд жолоочгүй машин, тээврийн шинэ хэрэгслүүд, технологит суурилсан шийдлүүд зэргийг багтаасан "ирээдүйн хот"-ыг барих төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Одоогоор Детройт, Денверийн аль нэгт уг хотын эхний хэсэг болох "дижитал дүүрэг" барих магадлал өндөр байгаа ажээ. Майкрософт дата нууцлалын асуудлаар Америкийн Засгийн газрыг шүүхэд өглөө. Гэхдээ тэд Apple-аас ялгаатай нь засгийн газар хэрэглэгчдийн дататай холбоотой мэдээллийг компаниас авсан гэдгээ ил гаргахгүй байхыг шаардаж буйг эсэргүүцэж байгаа юм. Зөвхөн сүүлийн 18 сард Майкрософт засгийн газрын 2500 гаруй нууцлалтай холбоотой хүсэлтийг хүлээн авсан бөгөөд хэрэглэгчид өөрсдийнх нь мэдээлэл засгийн газарт очиж байгаа гэдгийг мэдэх "эрхтэй" гэж Майкрософт үзэж байгаа ажээ. Өө тийм, Lady Gaga-ийн стартап Blackplane байгуулагдаад 5 жилийн дараа, 19 сая доллар босгосныхоо дараа дампуурч байгаа гэнэ шүү.

TheNextWeb: Google ирээдүйн хотыг барих хүсэлтэй байна
Techcrunch: Лэйди Гагагийн стартап хаалгаа барьж байна

15127   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.