Номын хэсгээс

Б.Цэнддоогийн "Соёлын довтолгоо: Хоньчноос барилгачин" номын хэсгээс

04 сарын 16, 2016


НИЙТЭЛСЭН:

Zack Batsaikhan
@batzaya


9451   4




Б.Цэнддоо гуайн "Соёлын довтолгоо: Хоньчноос барилгачин" гэхэд мэдэхгүй хүн цөөн билээ. Нүүдлийн ахуйгаас иргэншин суурьшиж буй монголчуудын түүхийг хөгжөөн наргиан, ёжтойгоор дүрсэлсэн эл бүтээл шинэчлэгдэн гарсан бөгөөд хэд хэдэн шинэ бүлэг нэмэгджээ. Өнөөдөр бид танд уг номын хэсгээс хүргэж байна. 

МИНИЙ АНХНЫ ХУЛИГААН

Намайг хот явахын өмнө төрөл төрөгсдийн маань захисан гол зүйлийн нэг нь хулигаанаас болгоомжлох асуудал байв. Малын дайсан чоно байдаг бол хүний дайсан нь хулигаан ажгуу. Ингээд би «тэр ч хулигаан болов уу, энэ ч хулигаан байх даа» хэмээн тааралдсан болгоноос цэрвэж, «хаанаас хутга гялсхийж, насны тоо гуйцэх бол» хэмээн зүрхшээсээр өдөр хоногийг арай гэж өнгөрөөж байлаа.

Элссэн сургууль дээрээ ирээд хулигаангүй газраас гаралтайг бодолцон хөдөөний хүүхдүүдтэй эхлээд нөхөрлөлөө. Аз эзийн алин болохыг мэдэхгүй, ямар байсан хулигаан тааралдаж өгөхгүй л байлаа. Цөөн хэдэн төгрөгөө яалт ч үгүй өвөртлөөд гарах удаа хэд хэд гарна. Оройдоо үрснээс бусад мөнгө маань тоо ёсоороо надтай хамт харьж ирээд байгаа нь гайхал тарүүлнэ. Уг нь хаа нэгтэйгээс гарч ирээд «миний мөнгийг өгнө үү дээ» гээд өврийг ухах учиртай. Гэвч тэрээр намайг аль хэдийнэ нүдлэчихээд ахиухан мөнгө төгрөг авч гарах мөчийг анаж байгаа ч юм бил үү.

Гэвч тэр удаан хүлээлгэсэнгуй. Миний анхны хулигаан оюутны намрын дайчилгаанд явж, төмс хураахаар хөдлөх гэж байхад хүрээд ирсэн юм. Пүүгээн дээрээ суучихсан унаа хүлээжий байтал хэн нэгэн мөрөн дээр нөхөрсгөөр гараа хүргэж «Гал байна уу, хө» гэлээ. За өнөөх чинь, өөр хэн байх билээ. Би ацан шалаанд оров. Би мөрөөдөл болсон гоё жожгоолкоо хэдхэн өдрийн өмнө бэлгэнд авсан байсан нь хармайнд буй. Тэрийгээ гаргаад ирэхээр шууд л аваад далд хийх нь гарцаагүй.

Гэтэл нөхөр хулигааны нэхсэн галыг нь өгөхгүй бол намайг энд нь ганцхан дүрж зүйл дуусгаад дараагийн хунээс гал асуух нь дамжиггуй. Ингээд пүүгээн дотроо хийсэн чүдэнзээ ухаж гаргаж өгөхөөс өөр замгуй. Гай шиг ганц гайгүй ноосон цамц авснаа пүүгээнийхээ аман дээр хийдэг нь юу билээ, нэгэнт харснаас хойш авна л гэх биз.

Огт танихгуй тэр хөвүүн миний чүдэнзээр тамхиа асааснаа өөрийнхээ янжуураар намайг дайлж байна. Сайндаа ч биш, кино номон дээр хунийг цаазлахынхаа өмнө тамхи татуулж харагддаг. Би ноосон цамцаа эргүүлээд хийтэл мөнөөх хулигаан юм хэлсэнгуй. За, хаашдаа намайг алчихаар ноосон цамц байтугай пүүгээ тэр чигээрээ л тэрнийх болно ш дээ.

Анхны маань хулигаан намайг яагаад ч юм бэ, алсангуй үлдээгээд «За баярлалаа хө, сайхан танилцана аа. Ногоо бригад дээр очоод уулзана» гээд явлаа. Хонь малыг таргалуулж байгаад алж иддэг шиг маныгаа дараагийн ээлжинд бодийг нь хөтлөхөөр нөөцөлж байгаа байх нь.

Үнэхээр эрлэгийн элч маань ногоо бригад дээр ирсэн хойноо намайг эргүүлдэнэ. Заримдаа тамхиараа дайлна. Миний тамхинаас ч татна. Тэрээр сонсогч буюу тэтгэлэг авдаггуй оюутан юм байна. Заримдаа би сонор сэрэмж алдан хүлигаандаа итгэх шахаж байгаагаа мэдрээд бушуухан жолоогоо татна.

Миний анхны хулигаан бужгардуу шаргал устэй, хоёр завжиндаа ялимгуй инээмсэглэл нуусан шарангуй царайтай хүү байлаа. Хүүхэд байхдаа хайр татам, өхөөрдөм төрхтэй байсны нь ул мөр орь насанд нь ч тодорхой. Тэр гэнэн, цайлган царай нь намайг алаад өмдний арын хармааны дотор талд оёсон хэдэн төгрөгийг минь авах уедээ яаж хувирахыг бурхан мэдэх биз ээ? Эсвэл царай нь ер хувирахгуй жоготой инээвхийлсээр гарынхаа цусыг миний пэнжээкний хормойд шударчихаад явчих ч юм бил уу?

Миний мөнгө руу нэг л өдөр орно гэдэг нь тодорхой байсан ч тэрэндээ хүрэлгуй их удлаа. Энэ өдөр хичээл сургууль жигдэрсэн тийм өдөр тохиолоо. Нэгэн үеэ бодвол хулигааны синдром намжаад, хотын гудамжаар хуний ёсоор үе үе алхчихдаг болсон цаг. Оюутны тэтгэлэгээ дөнгөж аваад сургуулийн харанхуйвтар хонгилоор явж байтал мөрөн дээр гар хүрлээ. дотор палхийгээд эргэн хартал «миний анхны хулигаан» инээвхийлэн зогсож байлаа.

- Найзаа, Автобусны мөнгөгуй болчихлоо хе. 3 төгрөг зээлүүлээч. Аав ээж юм «хайрлах»-аар эргүүлээд өгнө гэж байна. Хармайнд маань бүтэн сарын тэтгэлэг байгааг би ч мэдэж байсан, тэр ч мэдэж байсан боловч...

- Ёстой юу ч алга гээд гэрэлтэй газар луу гүйлээ. Тэгээд жижүүрийн ширээний дэргэд ирж зогсоод орилж хашгирахаас эхлээд сур жавхлантай үхэж болох бухий л хөтөлбөрт бэлдэн хулээлээ. Тэр миний хойноос ирсэнгүй, тэр дороо ч, маргааш нь ч, ерөөсөө хэзээ ч... Хааяа бие биеийнхээ барааг харвал хэн хэн нь дөлнө.

Эхэндээ хулигаанаас дайжиж чадсандаа сэтгэл амарч, дотор цэлмэх шиг байлаа. Харин хоног хоногоор миний сэтгэлд нэгэн том зай эзгуйрсээр. Магадгуй насан туршийн маань хамгийн сайн найз нарын нэгийг эргэж ирэхгуйгээр хөөгөөд явуулчихсан мэт гуниг төрнө...

Он жилууд улиран оджээ. Миний үеийнхны сэтгэл зүрхэнд айдсын сүүдрээ унагаасан тэрхуу «хулигаан» гэж юусан билээ. Миний анхны хулигаан нарт хорвоогийн хаа нэгэнтээд хөгжилтэй багынхаа араншингаар инээд цацруулан аж төрж яваа болов уу, бөөн хардлага, муу санаандаа хулэгдсэн миний биеийг аль хэдийнэ мартсан байж ч мэднэ. Нүүдэлчин сайн эрээс хотын хулигаан, хоньчноосоо барилгачин болон төлөвшиж буй ХХ зууны монголчууд иргэншлийнхээ өнгө төрхийг таньж ядан төөрөлдөж, бие биеэсээ төдийгуй өөртөө гарч буй өөрчлөлтөөсөө ч өөрөө хүртэл гэрэвшин хөгжиж ирсэн юм. Гэвч энэ бол аугаа үсрэлт байлаа.

Б.Цэнддоогийн "Соёлын довтолгоо: Хоньчноос барилгачин" номын 81-р тал

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.