Мэдүүштэй   04 сарын 14, 2016

Спортын хорхойтнуудын мэдүүштэй 5 вэб

Агуу Коби сүүлчийн тоглолтоо хийж буй, цомыг хамгаалагч Барселона Аваргуудын лигээс мултарсан энэ өдөр Unread спортын хорхойтнуудын заавал зочлох ёстой 5 вэбийг танилцуулж байна. Хэрвээ та спорт сонирхдог бол эх сурвалжтай, чанар чансаатай нийтлэлүүд гаргадаг эдгээр сайтуудаар зав гарган зочилж байгаарай. 

YAHOO SPORTS

Yahoo гэхээр уйтгартай сонсогдож байна уу? Удахгүй зарагдах сураг сонсогдож буй Yahoo!-ийн үнэ цэнийг хадгалж буй цөөхөн хэдэн салбар сайтуудын нэг нь спортын хэсэг нь юм. Хандалтаараа спортын сайтууд дундаа дэлхийд толгой цохидог тэд салбар салбарын хамгийн сайн экспертүүд болон эх сурвалжуудыг нэг дор цуглуулж чадсанаараа, мөн зөвхөн топ спортуудаас гадна бүхий л төрлийн спортын мэдээллийг цогцоор нь өгч чаддагаараа ялгардаг. Энд дэлхийн топ мэдээллийн агентлагууд болох AP, Ройтерсийн мэдээллүүд маш хурдтайгаар тавигддаг учир шуурхай мэдээллээс хоцорно гэсэн ойлголт байхгүй. Маш сайн дүрэм, сонирхолтой хэлбэртэй фантази тоглоомуудаараа спортын хорхойтнуудад мэдлэг, аз, мэдрэмжээ сорин өрсөлдөх боломжийг олгодог. NBA-гийн фантази нь Монголд их алдартай, олон тоглогчтой. Yahoo-гийн сагсан бөмбөгийн эксперт А.Вожнаровскиг дагачихсан байхад NBA-ийн хамгийн сүүлийн үеийн, "дотоод" мэдээллийг хамгийн хурднаар авах боломжтой. Өөрөөр хэлбэл Yahoo дээр бичигдсэн элдэв цуурхал, ярианууд үнэний ортой л гэсэн үг.

ЗОЧЛОХ: SPORTS.YAHOO.COM

BLEACHER REPORT

Хэдэн мянган сайн дурынхан болоод мэргэжлийн нийтлэлчдийг эгнээндээ нэгтгэж, өөрийн дэмждэг баг болон сонирхдог спортоо шууд "дагах" боломжийг уншигчдад олгосон Bleacher Report бол спортын медиад сүүлийн жилүүдэд тодрон гарч ирсэн хамгийн том брэнд юм. Форбес сэтгүүл тэднийг "спортын медиагийн хамгийн манлай стартап" хэмээн тодорхойлсон нь санамсаргүй хэрэг биш. Үүсгэн байгуулагдаад 10 жил ч хүрээгүй байгаа хэрнээ алдарт Time Warner-д 170 сая доллараар зарагдаж, улмаар NBA, Nascar, NCAA-ийн стратегийн түнш болсон. Bleacher Report-д тодорхой шаардлага хангасан хэн ч нийтлэл бичиж болдог учир тухайн сэдэв, тухайн багийн талаар олон ургальч үзэл, сонирхолтой санал, сонин өнцөгүүд туссан нийтлэлүүдийг олж унших боломжтой. Хүмүүсийн ихэд сонирхдог, төрөл бүрийн баг, брэнд, тамирчдыг харьцуулсан жагсаалтууд нь үргэлж тренд болдог. Өөрийн дэмждэг багийн талаар хамгийн идэвхтэй сэтгүүлч-фанатуудын бичсэн нийтлэлүүдийг "түүж" уншихад их зүгээр. Гар утасны апп нь бас мундаг шүү.

ЗОЧЛОХ: BLEACHERREPORT.COM

SB NATION

Өнөө цагийн дижитал медиагийн өнгийг тодорхойлж буй VOX-ийн толгой компани нь SBNation хэмээх спортын сайт гэвэл та итгэх үү? Хамгийн анх спортын блогуудыг нэгтгэж, шилдэг нийтлэлүүдийг цуглуулсан платформ байдлаар бүтээгдэж байсан SBNation өдгөө багууд болон спортын нийт 309 дэд сайт, блогуудыг нэгтгэсэн "аварга" сүлжээ болоод байна. Үнэхээр ч SBNation-ий тухайн баг болон тухайн сэдвийн хүрээн дэх блогууд нь маш сайн. Миний хувьд NBA-ийн дэмждэг баг болох Далласын тухай гол мэдээгээ MavsMoneyBall-оос, NHL-ийн Колорадогийн тухай MileHighHockey-ээс л уншдаг. Сайн эх сурвалжтай, үндэслэлтэй тайлбартай, сонирхолтой өнцөг бүхий нийтлэлүүд энд бий. Түүнээс гадна төрөл бүрийн бичил видео, GIF, анимэйшн зэрэг интерактив нэмэлтүүд ихтэй учир зугаатай.

ЗОЧЛОХ: SBNATION.COM

EUROSPORT

Дээр дурдагдсан сайтуудын гол контент нь Хойд Америкийн мэргэжлийн том лигүүдийн мэдээнүүд байдаг бол Евроспортоос та бусад буюу олимпийн төрлийн спортын мэдээллийг нэг дороос авах боломжтой. Нэн цэгцтэй, статистик мэдээлэл дээр тулгуурласан сайтаас нь биатлон, жүдо, усанд сэлэлт, хөнгөн атлетикийн чанартай контентуудыг унших боломжтой. Угаас толгой компани нь бидний сайн танил Евроспорт учир видео контент сайтай. Ялангуяа хөлбөмбөг ба олимпийн зарим төрлүүдийн мэдээллийн хамгийн сайн эх сурвалж нь үзүүлэх эрхийг нь албан ёсоор эзэмшдэг тэд өөрсдөө гэж хэлж болно. Өглөө бүр тухайн өдрийн спортын ертөнцөд өрнөсөн, өрнөх гол үйл явдлуудыг нэгтгэн контент гаргадаг нь их алдартай.

ЗОЧЛОХ: EUROSPORT.COM

ESPN

Диснейн эзэмшдэг ESPN бол спортын медиа салбарын хамгийн алдартай, хамгийн том брэнд гэдэгтэй маргах хүн цөөхөн. Дижитал талбарт ч тэд тэргүүлэх байр суурийг эзэлж, хэд хэдэн спортын төрөлд хамгийн гол эх сурвалж нь болж чадсан. Зөвхөн крикетийн сайтаараа Энэтхэгийг байлдан дагуулж, NCAA-ийн мэдээ, скоутын репортууд нь олон мэргэжилтнүүдэд хүлээн зөвшөөрөгджээ. Үүнээс гадна хөлбөмбөгийн мэдээллээр дагнасан ESPN FC нь шинэчлэл хийснийхээ дараа чанартай контент, чадварлаг экспертүүдийн анализуудаараа бусад сайтуудаас ялгарч, маш олон сэтгүүл, порталуудад контент нийлүүлж байна. Хөлбөмбөгийн элдэв цуу яриа, шумуудыг ESPN-ээс уншвал биелэх магадлал арай л дээр гэсэн үг. Элдэв шар мэдээ, цуу яриануудаар дүүрэн хөлбөмбөгийн сайтууд уншиж, өөрийгөө "баясган", "боломжгүйг" мөрөөдөхийн оронд ESPN FC (хуучнаар soccernet.com)-ээс чанартай нийтлэл, мэдээнүүд уншаарай.

ЗОЧЛОХ: ESPN.GO.COM


Төгсгөлд нь хэлэхэд, спортын хорхойтнуудын хувьд өөрийн сонирхдог спорт, анхаарч буй тэмцээн, дэмжиж буй багтайгаа холбоотой сайн эх сурвалж, чанартай контентийг олох нь нэн чухал. Тиймдээ ч дээрх томоохон портал сайтуудыг голчлон уншихаас гадна албан ёсны сайт болон төрөлжсөн жижиг блогуудыг уншвал их зүгээр байдаг. Би хувьдаа сагстай холбоотой элдэв цуу яриаг HoopsRumors-оос, хөлбөмбөгийн мэдээг BBC юм ууGuardian-аас уншдаг. Ганц зүйлийг захихад, битгий хаа хамаагүй жижиг сайтад тавигдсан мэдээнд итгэж, үнэн юм шиг санаж, түүнийгээ сошиалаар тараан, өөрийгөө эвгүй байдалд оруулаарай :)

9435   3


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.