Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   04 сарын 05, 2016

Миний хэрэглэдэг 7 апп: Youngreader.mn сайтын үүсгэн байгуулагч Н.Болор-Эрдэнэ

Технологийн хөгжил асар хурдтай явагдаж байгаа өнөө үед олон шинэ содон апп, программууд өдөр бүр гарч ирж байна. Тэр олон сонголтоос өөрт хэрэгцээтэй, таарч тохирсныг нь олж хэрэглэхэд багагүй цаг хугацаа зарцуулах нь ойлгомжтой. Тиймээс Unread-ийнхан бид өөрсдөө апп танилцуулахаас гадна үе үе зочин урьж хэрэглэдэг апп-уудтай танилцахаар шийдээд, эхний зочноороо Youngreader.mn-ийн Н.Болор-Эрдэнийг сонголоо. Тэрээр "Гар утас идэвхтэй ашигладаг хүн дунджаар тогтмол 20 гаруй апп ашигладаг гэсэн судалгааны дүн бий. Тоолоод үзтэл би 15 орчим апп ашигладаг юм билээ. Гэхдээ долоог нь сонгож танилцуулъя" гэсэн юм.

Нэр: Ням-Очирын Болор-Эрдэнэ
Ажилладаг салбар: Хэвлэл мэдээлэл
Сошиал медиа хаягууд: about.me/bolor, Болор-Эрдэнэ Ням-Очир (фэйсбүүк)
Цагаа хамгийн их үрдэг "дэмий" зүйл чинь юу вэ? Кино үзэх

1. Evernote

Миний онлайн тархи гэж болно. Evernote бол цахим тэмдэглэлийн дэвтэр хэдий ч илүү өргөн боломжийг агуулсан. Энд би сайтуудад бүртгүүлсэн username ба password, шинэ санаа, сэтгэгдэл, тэмдэглэл, oн бүрийн зорилго зорилт, унших номын жагсаалт, шинээр олж мэдсэн зүйлс, чухал холбоос, дансны дугаар, эд зүйлсийн жагсаалт гээд санаж байх ёстой бүхий л зүйлээ бичиж тэмдэглэдэг. Хэрвээ би ямар нэг зүйлээ санахгүй байвал шууд л Evernote руугаа орно. Утас, лаптоп хоёроосоо хол байгаа тохиолдолд Web-ээр дамжин өөрийн Evernote руу орж болно. Учир нь миний тэмдэглэлийн дэвтэр үүлэн орчинд хадгалагдаж байнга sync хийж байдаг юм. Үйлдлийн систем, орон зай голохгүй ажиллана гэсэн үг л дээ. Би Windows хувилбарыг нь компьютер дээрээсээ ихэнхдээ ашигладаг. Evernote-ийг дан ганц цахим тэмдэглэлийн дэвтэр гэж ойлгож болохгүй. Маш олон хүчирхэг, нэмэлт багаж хэрэгсэл бий.

2. Brave

Интернет орчинд бол Chrome, Brave гэсэн вэб хөтөч ашигладаг. Саяхан гарсан Brave-ийн хувьд онцлох зүйл нь гэвэл маш хурдан, энгийн бас аюулгүй. Давуу тал нь гэвэл ямар ч сайт руу орсон бүх зар сурталчилгааг хаана. Мобайл апп нь бүүр солиотой. Facebook messenger-ийн чат бөмбөлөг хэлбэртэй буланд дараалаад байрлаж байдаг даа. Brave яг л тэрэн шиг сайт тус бүр дээр бөмбөлөг хэлбэртэй давхарлаад байрлана. Жишээлбэл Facebook Feed-ээ гүйлгэж байгаад сонирхолтой холбоос дээр дарахад тус сайт буланд үүснэ. Харин та Feed дотроо хэвээрээ л байж байна. Өмнө нь бол шууд л холбоос руу яваад орчихдог байсан. Энэ мэтчилэн олон холбоос дээр дараад л яваад байна. Дараагаар нь Facebook-ээ үзэж дуусаад нөгөө бөмбөлгүүдээ үзнэ дээ.

3. Pocket

Мэдээлэл болон мэдлэг хадгалагч энэ аппийн тухай Unread дээр өмнө нь гарсан тул нуршаад яахав. Одоогоор яг хэчнээн нийтлэл хадгалснаа хэлж мэдэхгүй байгаа ч би 2015 оны топ 5% хэрэглэгчдийнх нь нэг болчихсон байна лээ. Pocket сүүлийн үед их ухаалаг болоод байгаа. 7 хоногт нэг удаа миний сонирхолд нийцсэн контентуудыг имэйлээр санал болгодог. Сүүлийн үеийн шинэчлэл гэвэл Pocket-ийг ашиглагчид нэг нэгнийгээ follow хийдэг болсон. Ингэснээр та найзынхаа юу хадгалж байгааг мэднэ, эсвэл найзыгаа бусдад санал болгож болно.

4. SwiftKey

Ухаалаг утасны ухаалаг keyboard гэж хэлж болно. Саяхан SwifKey-г хөгжүүлдэг стартап компанийг Microsoft 250 сая доллараар худалдаж авсан. Яагаад Microsoft авав, яагаад би үүнийг хэрэглэх болов гэдгийг тайлбарлая. Энэ апп бүтээмж дээшлүүлэхээс гадна цаг хэмнэнэ. Хиймэл оюун ухаанд суурилсан SwiftKey таны түлхүү ашигладаг үг, бичлэгийн хэлбэрээс суралцаж бичих гэж байгаа үгийг тань урьдчилан илрүүлж, дараагийн үгийг санал болгоно. Ингэснээр та хамаагүй бага үсэг цохиж хурдан бичих юм. Би нэг их чат, мессеж бичээд байдаггүй л дээ. Одоогийн байдлаар тус апп 567 даралт буюу 100 орчим үгийг амжилттай санал болгож, 15 үгийг урьдчилж тааварласан байна. Мэдээж тус аппийг их ашиглах тусам улам л сайжрах учиртай. Мөн та keyboard-ийн загвараа гартаа эвтэйхнээр сонгож болно. Mongolian Cyrillic гэсэн хэлний сонголт бий.

5. Telegram

Mессенжер гэвэл би Telegram, Facebook Messenger-ийг ашигладаг. Бүх хүн фэйсбүүкт байгаа учир Messenger-г ашиглах нь эргэлзээгүй. Telegram-ийг гол төлөв ойр дотнын хүмүүс, найз нөхөдтэйгээ харилцахдаа ашигладаг. Яагаад Telegram гэж үү? Хариулт тун энгийн: хурд, аюулгүй байдал, үл хязгаарлалт. Дурын өргөтгөл, хэмжээтэй файл явуулах, нууц чат үүсгэх, Bot ашиглаж мэдээлэл авах гээд ер нь их дажгүй. Мөн 5000 гишүүнтэй групп үүсгэж болно. Мөн хэн нэгэн утсыг тань оролдож байхдаа чатыг тань үзчих вий гэж эмээвэл 4 оронтой пин код оруулж болдог нь янзтай. Telegram болон бусад чат апп-уудын онцлогийн талаар энд бичсэн байна лээ.

6. Мэдээлэл авдаг апп-ууд

Миний хувьд Twitter, Medium, Facebook, G+, Mail -ээс ихэнх мэдээллээ авдаг. Twitter, Facebook хоёрыг ярих нь илүүц биз. Тус хоёр нийгмийн сүлжээг өөрийн хүсэл, сонирхлын хүрээнд ажилладаг байхаар тохируулж болно. Хэнийг дагах, ямар пейж дээр лайк дарах, аль пейжийг түрүүлж харах, хэнийг хармааргүй байна гээд өөрт тохируулах боломжтой. Medium-ийн хувьд гэвэл өвөрмөц мэдээллийн талбар л даа. Ихэнх стартап компанийн үүсгэн байгуулагчид, томоохон сайтуудын нийтлэлчид энд бичдэг. Medium дээрээс онц сонирхолтой зүйл их олж үзнэ шүү. Гол нь мөн л хэнийг follow хийхээс шалтгаална. G+-ийн хувьд гэвэл communities нь их өгөөжтэй. Имэйлээрээ бас олон төрлийн мэдээлэл авна. Сонирхон уншдаг бүхий л блог, сайтаа subscribe хийчихээр юунаас ч хоцрохгүй болдог. Интернет орчинд сүүлийн нэг 7 хоногийн хугацаанд нийтлэгдсэн бүхий сонирхолтой, онцлох нийтлэлүүдийг ялган илгээдэг үйлчилгээнүүд бий. Мөн өглөө болгон технологийн онцлох 5 мэдээг илгээдэг нь ч бий. Жишээ болгоод хэлэхэд morningreader.com байна. Pocket бас илгээдэг.

Имэйл гэснээс имэйлийн апп маань Google-ийн Inbox. UI, UX талдаа бол дэндүү сайн. Ер нь Google-ийн бүтээгдэхүүнүүдэд эргэлзэх зүйлгүй дуртай. Inbox-ийн snooze, pin, reminder нэмэлтүүд нь таны бүтээмж, зохион байгуулалтад нэн эерэг нөлөөтэй гэж хэлмээр байна. Мөн ухаалаг болж байгаа.

7.  f.lux

Хэрвээ та компьютер, ухаалаг утасны ард олон цагаар суудаг бол танд f.lux гээд жижигхэн хэмжээтэй мөртлөө үр өгөөж ихтэй апп-ийг санал болгомоор байна. Энэ апп-ийн тусламжтайгаар дэлгэц чинь орчноо мэдрэн өнгөө өөрчилж байдаг. Жишээ нь шөнө мессеж бичиж байгаа бол дэлгэц таань тод бус өнгөтэй болж, таныг бага ядраах болно. Нэг удаа суулган тохируулаад л мартчихад болно. Үлдсэн хугацаанд тус апп таны төлөө ажиллана. Бүхий л үйлдлийн систем дээр байгаа тул хэн ч ашиглаж болно.

237803   37


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.