Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   04 сарын 03, 2016

7 хоногийн тойм: МЭЗЧ + Модель 3 + Агаарын тээврийн эргэн тойронд

Монголын Эдийн Засгийн Чуулган 2016

Өнгөрөгч 7 хоногт Монголын Эдийн Засгийн Чуулган долоо дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэ жилийн чуулганд юу голчлон яригдах нь "Сургамж, сорилт, шийдэл" гэсэн нэрнээсээ л тодорхой байсан юм. Үнэхээр ч эдийн засгийн өсөлт саарч, аж ахуйн нэгжүүд болон иргэдийн хөрөнгө мөнгө татарсанд хэн буруутай байв гэдгийг нэхэн "мөшгөсөн" яриа салбар хуралдаанууд дээр нэлээд сонсогдов. Чуулганыг уламжлал ёсоор Монголын улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээн үг хэлсэн бол хоёр дахь өдрийн чуулганыг Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эхлүүллээ. Сонгуультай жил болж байгаагаараа онцлогтой энэ жилийн форумд гадаадын төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид байхгүй шахам байсан бөгөөд харин хувийн хэвшлийн залуучуудын төлөөлөл түлхүү оролцов. Хамгийн олон оролцогчтой, хүмүүсийн анхаарал татсан салбар хуралдаан нь залуучуудын зохион байгуулж өргөнөөр оролцсон "Монгол мөрөөдөл" хэлэлцүүлэг байлаа.

Ikon: МЭЗЧ - 2016

Тесла "Модель 3" загвараа танилцууллаа

Автомашины салбарт хувьсгал хийж буй Тесла компани өнгөрсөн 7 хоногт олон нийтэд зориулсан боломжийн үнэтэй Модель 3 загварын цахилгаан машинаа танилцуулсан юм. Урьд нь өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн загваруудыг борлуулж байсан тэд ийнхүү масс хэрэглэгчдэд зориулсан анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх гэж байгаа нь энэ. Үнэ нь 35 мянган доллар. Гүйцэтгэх захирал Элон Маскийн танилцуулсан цоо шинэ Модель 3 загварын гол үзүүлэлтүүдийг сонирхуулбал: Нэг цэнэглэлтээр 346 км зам туулна, 100 км.цаг хурдыг 6 хүрэхгүй секундэд авна, автомат жолоодлого ба супер цэнэглэлтийн горимтой, 5 хүний суудалтай. Сонирхолтой нь арга хэмжээ болохоос нэг өдрийн өмнө Тесла вэбсайтаараа дамжуулан онлайн захиалга авч эхэлсэн бөгөөд 24 цагийн дотор 180,000 хүн 1000 доллар төлж урьдчилсан захиалга өгчээ. Энэ нь ямар машин унахаа ч хараагүй байгаа хүмүүс Теслад ямар их итгэж байгаагийн, нөгөө талаас байгаль орчинд ээлтэй машин моодонд орж байгаагийн баталгаа юм. Элон Маск твиттертээ захиалга маш ихээр нэмэгдсээр байгаа талаар жиргэж, хурдан захиалахгүй бол хүлээх хугацаа тань улам уртасна шүү хэмээн сануулжээ. Уг машин 2017 оны сүүлээр эзнийхээ гар дээр очно.

Jalopnik: Тесла Модел 3-ын талаар бидний мэдэх зүйлс

Нэрт архитектурч Заха Хадид нас барлаа

Архитектурын салбарын томоохон төлөөлөгчдийн нэг Заха Хадид 65 насандаа өөд болов. Үелзсэн гайхалтай дизайнуудаараа "Налуугийн хатан хаан" (Queen of slope) гэх хочийг хүртсэн тэрбээр Притзкерийн шагналыг хүртсэн анхны эмэгтэй, анхны лалын шашинт хүн байв. Түүний гол бүтээлүүдэд Лондоны Олимпийн усан спортын байгууламж, АНУ-ын Broad Art музей, Гуанжугийн Хятадын дуурийн ордон зэрэг барилгууд зүй ёсоор ордог билээ.

Захатай хамтрахаар олон брэнд, олон алдартан тэмүүлдэг бөгөөд үйлчлүүлэгчдийнх нь дотор Chanel, Adidas (Фаррел Уиллиамсын хамт), Swarovski, Georg Jensen, Moleskine, Blohm+Voss зэрэг нэртэй компаниуд багтдаг байв. Тэрбээр эрчүүд давамгайлсан архитектурын салбар дахь эмэгтэйчүүдэд болоод нийт араб эмэгтэйчүүдэд урам зориг, эрч хүч өгдөг, үлгэр дууриал нь болсон эмэгтэй байлаа. Иракт төрснөөрөө бахархдаг байсан Заха дэлхий нийтэд танигдсан цөөхөн араб эмэгтэйчүүдийн нэг байсан юм.

QZ: Заха Хадид таалал төгссөн нь архитектурын салбарын эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлөх бол?

Технологийн ертөнцийн сүүлийн үеийн мэдээ

3-р сарын 28-наас эхлэн удаан хүлээлгэсэн Oculus Rift худалдаанд гарлаа. Ийнхүү Oculus компани бүтээгдэхүүнээ 20 гаруй улс руу тээвэрлэж эхэлснээр дэлхийн өнцөг булан бүрт суугаа хүмүүс виртуал реалитиг бүрэн мэдрэх боломж бүрдэж байна. Мөн Snapchat компани олон шинэчлэл, нэмэлтийг агуулсан Snapchat 2.0 хувилбараа танилцуулсан юм. Мессенжер шиг зураг, текст, дуут мессеж, өөрийн 10 секундын видеог илгээдэг болсноороо тэд ахлах, дунд сургуулийн сурагчдын хүрээнээс хэдийнэ хальж, илүү том зах зээлд Facebook Messenger, Whatsapp-тай шууд өрсөлдөх болж байна. Энэ зуур Soundcloud сарын 9.99 долларын төлбөртэй SoundCloud Go үйлчилгээгээ нээлээ. Spotify, Apple Music-ийг нийлүүлснээс ч олон буюу 125 сая дууг сонсох боломжийг тэд олгож эхлэв. Энэ үйлчилгээг авснаар та хүссэн дуугаа интернэтгүй үед ч сонсох боломжтой юм. Алдарт Apple компани 40 жилийнхээ ойтой золгосон энэ 7 хоногийн өөр нэгэн мэдээ гэвэл Quora анхны худалдан авалтаа хийсэн нь төрөл бүрийн сэдвүүдээр чанартай хэлэлцүүлгийг өрнүүлэх зорилготой Parlio хэмээх стартап байв.

Агаарын тээврийн эргэн тойронд

Өнгөрөгч 7 хоногт агаарын тээврийн салбарт хэд хэдэн онцлууштай үйл явдал тохиов. Хямд үнээр илүү сайн үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2007 онд байгуулагдсан Virgin Air компанийг өрсөлдөгч Alaska Airlines компани нь 2 тэрбум доллараар худалдан авахад тун ойрхон ирээд байгааг эх сурвалжууд баталж байна. Мөн энэ салбарт нэгэн таагүй зүйл тохиолдох шахсан нь Египетийн онгоц барьцаалагдсан хэрэг байв. Александриагаас Кайро руу нисэж явсан онгоцыг Сэйф Элдин Мустафа хэмээн египет эр барьцаалж Кипр лүү нисгэсэн хэдий ч аз болоход 6 цагийн дараа өөрийн хүслээр барьцаалсан зорчигчдыг суллан бууж өгсөн юм. 55 зорчигтой явсан уг онгоцыг барьцаалсан шалтгаан нь бүрэн тодорхой биш байгаа ч террорист халдлага үйлдэх гээгүй нь илэрхий байгаа аж. Юутай ч энэ явдал өнгөрсөн 10-р сард Оросын онгоцыг бөмбөгдсөнөөс үүдэн хангалттай хохирлыг амсаад байгаа Египетийн аялал жуулчлалын салбарт дахин нэг цохилт боллоо.

Харин Жефф Безосын Blue Origin компани New Shepard пуужингаа гурав дахь удаагаа амжилттай хөөргөн газардууллаа. Энэ пуужин өнгөрөгч 11 ба 1-р саруудад амжилттай хөөрөн газардсан ба 3 дахь удаагаа дахин ашиглагдаж буй нь энэ юм. Безосын хэлж байгаагаар, уг пуужинг хөлгийн багийнхантайгаар 2017 оноос эхлэн туршиж, 2018 оноос мөнгө төлсөн эхний жуулчдыг сансар луу хөөргөх гэнэ. Пуужин хөлгийн багийнхнаас гадна 6 зорчигчийг тээвэрлэх зориулалттай.

9832   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.