Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   04 сарын 02, 2016

Монгол хэлний найруулга зүйгээ сайжруулахад туслах 3 ном

Хэл найруулгаа сайжруулж бичгийн чадвараа дээшлүүлэхийг хүсэгчдэд өнөөдрийн нийтлэлийг зориулж байна. Энэ чадварыг тань ахиулах ном мэдээж олон боловч өөрийн туршлагад тулгуурлан гурван номыг сонголоо. Үүнийг цуврал нийтлэл болгосон ч болох бөгөөд яруу сайхан монгол хэлээр туурвисан номуудыг нэмж санал болгохыг уншигч танаас хүсье.

Барсан хэвнэгт баатар

"Барсан хэвнэгт баатар" бол Гүржийн уран зохиолын хэлийг үндэслэгч гэгддэг, XII зууны гүржийн зохиолч Шота Руставелигийн туульсын зохиол билээ. Түүний намтар түүхийн талаар баримт сэлт ховор ч бага залуу насандаа Грект суралцан боловсрол эзэмшээд, хожим нь хатан хаан Тамарагийн дэргэд улсын их сангийн даамал болсон нь тодорхой байдаг. Тэр цагаас хойш Ш.Руставели яруу найрагт дурлаж, Давид Сослани хааны хатан Тамарад зориулан “Барсан хэвнэгт баатар” зохиолоо бичсэн нь Гүржийн ард түмний бахархал, бичиг соёлын сор дээж болж үлдсэн төдийгүй дэлхийн уран зохиолын томоохон бүтээлд зүй ёсоор тооцогдох болжээ. О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёо, Д.Нямсүрэн зэрэг Дарьгангын нэрт яруу найрагчдын багш, яруу найрагч Доржийн Гомбожав 1960-аад оны эхэнд энэхүү зохиолыг монгол хэлнээ уран тансаг хөрвүүлж, уншигчдын хүртээл болгожээ. Хайр сэтгэл, нөхөрлөлийн тухай энэ туульсын найраглалыг гайхалтай сайхан орчуулсан байна, "Би бол барын арьс нөмөрсөн баатар гэж орчуулахаар байжээ" хэмээн Бямбын Ринчин гуай үнэлсэн байдаг.

Номын хэсгээс:

АРАБЫН ХААН БАРСАН ХЭВНЭГТ БААТАРТАЙ ЗОЛГОСОН НЬ

Ганган хар хөлгийн жолоо сунган барьсан
Гадна талаас нь ажвал арслан адил дүртэй
Эрдэнэс шигтгээ гялалзсан дуулга, бамбай нь сүртэй
Энэлсэн нэгэн баатар голын зах дээр суужээ.

Барсын судалт арьсаар цээжин биеэ ороосон
Бас толгой юугаа барьсын арьсаар боосон
Зангидсан гараас бүдүүн зандан ташуур атгасан
Залуу үзэмжит баатрыг хаантан таалан соёрхжээ.

Хайлан уйлсан баатартай нүүр учрахыг зорьж
Хаантан нэг боолыг голын тийш илгээжээ.
Харах нүд мэлмийгээс хасын бороо буухад
Харин элч боол ам нээлгүй гөлөрчээ.

Үлэмж гуад нь сүрдэж үнэн зүрх нь тэвдэж
Үг хэлгүй юм шиг боол баахан зогссоноо
"Үлэмжийн их эзэнтэн..." гээд таг дуугүй болчихжээ.
Үйлийн нулимс урсгасан баатар эс ажжээ.

Тарчилсан сүнс

Ардын уран зохиолч, үгийн уран дархан Дэндэвийн Пүрэвдорж агсан өөд болохынхоо өмнөх хэдэн жилд голдуу үргэлжилсэн үгийн зохиолууд бичсэн байдаг. Тэрбээр энэ үед өөрийн намтар дурсамж хийгээд хэд хэдэн роман бичсэний нэг нь “Тарчилсан сүнс” хэмээх уран зөгнөлт роман юм. Уг зохиолд насаараа намдаа үнэнч явсан өвгөн коммунист үхлүүт хэвтэж байхдаа үедээ өнгөрүүлсэн амьдралаа нэхэн санадаг. Удалгүй тэр насах барах бөгөөд сүнс нь 49 хоног хэрэн тэнүүчилж, ойр тойрных нь хүмүүс хэрхэн аж төрж, түүнийг хэрхэн мэхэлж байсныг олж харна. Улмаар сүнс нь дахин төрөхдөө урьд насаа, эрлэгийн элчтэй уулзсанаа санадаг хүн болно. Дүрүүдээрээ дамжуулан хүний амьдрал хийгээд хорвоо ертөнцийн тухай эргэцүүлэх өвгөн зохиолчийн хэрэглэж буй үг хэллэг, хэл найруулга нь үнэхээр гайхалтай. Баабар гуай "Д.Пүрэвдорж монгол үгийг уянгатай, оновчтой хэрэглэх талаар гайхалтай юм билээ" хэмээн бичсэн нь юутай үнэн болохыг та энэ зохиолоос мэдрэх болно.

Номын хэсгээс:

Би гэдэг буруу номтон, бөөмсүү зангүй атал харин одоо ямар нэгэн далдын хүчний эрхшээлд мөлхөн буй ажаам. Ерөөс хүн үхлийн өмнө эрүүл саруулын омогшил, үзэл бодлын мугуйдал, маргаашийн шальдар горьдол мэтээс ангижирч, сэтгэл цөлшихүйд оюуны хохь хоосон зайг бурхан хойд насны мухар сүсгээр цатган өөрийгөө дэмий мэхлэхийг оролддог буй за. Цагтаа "Хэнхэг" Хөнхөр, час улаан коммунист хочтой явсан би, үзэл суртлынхаа үнсэн дээр одоо хөрвөөж хэвтэнэ. Хуруу инчдэх зуур хорвоо холбирч хоймрын бурхад шоо болохын чинээ зүүдэлсэнгүй явжээ. Улаан даавуу харуулахад улангассан дайрдаг суманд сэглүүлсэн цуст тоглоомын бух шиг явсан би өнөөх өмхий хөрөнгөтнийхөө хөлд хөх адсагаа дэвсжээ. Инженер Ламид надтай тохууралцаж байгаад "Та улаанаас өөр өнгө мэдэх үү" гэж даапаалахад "тэр чинь миний цус. Би цусаараа эрх чөлөө олж авсан юм" гэж сүржигнэснээ санаж байна. Гэтэл надтай хамт улаан оросын дэлэнг цус шүүртэл сорж байсан коммунистууд цөм чөтгөр, аз жаргалын алтан өргөө хэмээн үлгэр зохиож байсан диваажин хий үзэгдэл болчих ч гэж дээ.

3-р тал

Өлзийнарангийн өчил

Энэхүү номыг бичсэн А.Дашням хэмээх эрхэм бол 1920-иод оны дундуураас орон нутгийн хошуу тамгын газраа сурах, жинхэнэ бичээчийн алба хашиж байгаад 1932 оноос эхлэн Улсын хэвлэх үйлдвэрт үсэг хянагч, засагч зэрэг ажлыг 40 гаруй жил хийсэн, монгол хэл найруулга зүйн уламжлалыг сайтар эзэмшсэн бичгийн хүн байжээ. Дашням гэдэг нь өлзийнаран гэсэн түвд үг бөгөөд тэрбээр энэхүү дурсамж тууждаа өөрийн төрсөн 1904 оноос эхлээд 1940-өөд оны дунд хүртэлх үйл явдлуудыг өгүүлж, төв халхын хүн зоны амь зуулга, аж байдал, зан үйлийн тухай ховор сонин зүйлсийг тусган бичжээ. Далай лам Монголд ирсэн явдал, манж-хятадын дарангуйлал, Бароны үймээн түйвээлтийн гамшиг, 1921 оны ардын хувьсгал, феодал ангийнхны хөрөнгө хураалт зэрэг олон үйл явдал хэрхэн өрнөж байсныг та эндээс олж мэднэ. Мөн түүхэн хүмүүсийн амьдрал, үйлсийн тухай сонирхолтой зүйлсийг өгүүлсэн бий. 1973 онд 9000 мянган хувиар анх хэвлэгдсэн энэ ном 2011 онд дахин хэвлэгдсэн ч одоо хэр нь олдоц нэн тааруу байдаг. Энэ зохиолын талаар алдарт эрдэмтэн, зохиолч Ц.Дамдинсүрэн гуай "Зохиогч эл туужнаа үйл явдлын холбоос дэс дарааг оноч сонирхолтой гаргаж зохиомж, хэллэг найруулга нухацтай өгүүлж байна" хэмээн бичжээ.

Номын хэсгээс:

Ийнхүү энх тунх, эвэршээл зовуурьгүй, бой арилан борви тэнийж мөлхөх босох цаг мөдхөн болсон бичилхэн бор хөвүүний биед хамрын ханиад хүрч, эм тан уулгүй энгийнээр өнгөрч эгээ боломгүй хэрэг тохиожээ.

Хүр дүү Дэмчиг (эхийн дүүг эцгийн талынхан ийн хэлнэ) Онгийн голын хүрээ орж, оточ лам Ойдовжанцангаас эм залаар халтар самбай гарган, хайрт дүүдээ туссан ханиад өвчин ямар янзтай ахуйг өвдөг сөгдөн өчиж айлтгасанд, оточ лам гуай: Халуун намраар ханиад томуунд өртөж, эм тан залуулах гэж алс газраас ачит эцэг эх, ах эгчээ алжаалган явдал удаж байгаа нь уулаас утилгүй, унхиа муу, замлин хорвоо дээр амьдрах заяа буян замбага шиг хэврэгхэн төрсний хар гай даа. Хариад энэ үгийг ах, эгчдээ ая зүйгээр хэлээрэй. За чи энэ хэдэн тун эмийг авч очоод халуун бүлээн усаар даруулж дүүдээ уулга. Харамгүй өгсөн эм тангий минь эдгэвэл ахыгаа бушуухан ирж надтай уулз гэж хэл. Хэрэв эс эдгэвэл нааш хандаж харсны хэрэггүй. Эм уувч эдгэхгүй, тан уувч танигдахгүй ад зэтгэр шүглэсэн айхавтар сүрхий өвчин туссан ахул амь насанд нь барцадтай байж мэднэ шүү хэмээн их л мэргэн цэцэн, ид шидтэний дүр үзүүлэн өгүүлжээ.

10-р тал

39920   5


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.