Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   03 сарын 20, 2016

7 хоногийн тойм: Эх дэлхийн цаг + Өөрөө үдэгддэг пүүз + Инстаграмын өөрчлөлт

Дэлхий нэг цаг гэрлээ унтраалаа

2016 оны "Эх дэлхийн цаг" өчигдөр буюу 3-р сарын 19-ний өдрийн 20:30-21:30-ийн хооронд дэлхийн 178 оронд зэрэг тохиолоо. WWF-ээс улс орон, ард иргэдийг дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн төлөө хувь нэмрээ оруулан, шаардлагагүй гэрлээ нэг цаг унтраахыг уриалдаг энэ ажиллагаанд одоогийн байдлаар 7000 гаруй хот, 60 гаруй сая иргэд нэгдээд буй. 10 дахь жилийн уриа нь "Бидний хайртай газрууд" нэртэй байсан бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнөөс болж үндсэн дүр төрхөө алдсаар буй болон алдах аюулд өртөөд буй уул, гол нуур, байгалийн тогтцуудыг хамгаалах, олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой байсан юм. Лондоны Биг Бен, Нью Йоркийн Empire State Building, Парисын Эйффелийн цамхаг зэрэг 350 гаруй томоохон цэгүүд гэрлээ унтрааж, энэ арга хэмжээнд нэгдсэн бөгөөд Монгол улс ч сүүлийн жилүүдэд идэвхтэй хамрагдах болсон билээ.

News: Өнөөдөр "Эх дэлхийн цаг" тохионо
MSN: Дэлхий нэг цаг гэрлээ "унтраалаа"

Трамп, Клинтон давамгайллаа баталгаажууллаа

Оны сүүлээр явагдах АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг тодруулах намуудын сунгаа оргил үедээ хүрээд байна. Өнгөрсөн долоо хоногт Super Tuesday буюу хүн амын хувьд АНУ-ын нийт иргэдийн 20 хувийг агуулж буй, стратегийн хувьд чухал нөлөө үзүүлэх 5 мужид санал хураалт явагдлаа. Бүгд Найрамдах намын сунгааг тэргүүлж буй Доналд Трамп энэ өдөр болсон 5 мужийн сунгааны 4-т нь ялалт байгуулж, өөрийнхөө тэргүүллийг улам баталгаажуулав. Илүү санал авсан нь бүх "төлөөлөгчдийн" саналыг авдаг дүрэмтэй Флоридад нутгийн хүү Марко Рубиог бараг 20 хувиар илүүрхэж ялсан нь Трамп тун хүчтэй өрсөлдөгч болохыг харуулсан юм. Бүгд Найрамдах намын томчуудын дэмжиж буй "алтан жаал" Марко Рубио энэ "ичгүүрт" ялагдлынхаа дараа сунгаагаа зогсоож байгаагаа зарласан нь санамсаргүй хэрэг биш байв. Тэрбээр ердөө 3 мужид л ялалт байгуулаад байсан билээ. Охайогийн сунгаанд нийт иргэдийн олонх нь өөрсдийн амбан захирагч Жон Кэйсикд саналаа өгсөн нь Трампын ганц ялагдал байв. Ингэснээр 17 нэр дэвшигчтэй эхэлсэн Бүгд Найрамдах намын сунгаанд Д.Трамп, Ж.Кэйсик болон Т.Круз гэсэн 3 хүн л үлдэж байна. Харин Ардчилсан намын сунгаанд Хиллари Клинтон илт илүүрхэж, бүх мужуудад ялалт байгууллаа. Берни Сандерс Иллинойс, Миссурид л өрсөлдөөн үзүүлсэн ч 1-2 хувиар ялагдаж, төлөөлөгчдийн тоогоор илт хоцорч эхэллээ.

NYT: Мягмар гарагийн сунгааны үр дүн
BBC: Мягмар гарагийн сунгааны ялагчид ба ялагдагчид

Туркт дараалсан дэлбэрэлт болж, Оросын онгоц осолдлоо

Туркийн томоохон хотууд болох Истанбул болон Анкарад дараалсан террорист халдлага болсон нь олон улсын онцлох мэдээнүүдийн нэг байлаа. Эхний дэлбэрэлт нийслэл Анкара хотноо өнгөрсөн ням гарагт болсон бөгөөд амиа золиослогч автобусны буудлын ойролцоо автомашин дэлбэлж, 34 хүн амь насаа алдаж, 100 гаруй хүн гэмтэж бэртжээ. Энэ халдлагыг Курдийн салан тусгаарлах хөдөлгөөний хамгийн идэвхтэй төлөөлөгч Курдистаны ажилтны нам үйлдсэн гэдгээ хүлээсэн бөгөөд Туркийн цэргийн хүчнийхэн дараахан нь маш хурдан хариу арга хэмжээ авч, уг намын төв байр болон зэвсгийн бааз зэрэг онцгой байрлалуудад сөнөөгч онгоцоор цохилт өгсөн юм. Гэвч өчигдөр Туркийн хамгийн том хотуудын нэг Истанбулд жуулчид ихээр цугладаг бүсэд ахин нэг дэлбэрэлт болж нийт 4 хүн амь насаа алдаж, 36 хүн гэмтсэн байна. Мөн ерөнхийлөгч В.Путин нь Сириэс цэргээ татан авах ажиллагааг эхлүүлэх "гэнэтийн" шийдвэр гаргаад буй ОХУ-д нэгэн харамсалтай хэрэг болсон нь FlyDubai компанийн иргэний тээврийн Бойинг 737 онгоц осолдсон явдал байлаа. Дубайгаас ниссэн уг онгоц Ростов хотын ойролцоо унасан бөгөөд 55 зорчигч болон албаны 7 ажилтан бүгд нас баржээ. Амиа алдагсдын ихэнх нь Оросын иргэд байсны дотор 4 хүүхэд явж байжээ.

CNN: Истанбулд ахин дэлбэрэлт боллоо
BBC: Оросын ахин нэг онгоц осолдлоо

Nike өөрөө үдэгддэг пүүзээ зарлалаа

"Ирээдүй рүү буцсан нь" кинон дээр гардаг хамгийн сонирхолтой "зөгнөл"-үүдийн нэг өөрийгөө үддэг пүүз тун удахгүй худалдаанд гарах нь. Өнгөрсөн 10-р сард уг бүтээгдэхүүн дээр ажиллаж байгаагаа киноны 30 жилийн ойн үеэр зарласан Nike энэ оны сүүлээр бүтээгдэхүүний эхний хувилбарыг олон нийтэд нээлттэй болгоно гэнэ. Nike Innovation Summit-ийн хамгийн онцлох бүтээгдэхүүн болсон Nike HyperAdapt 1.0 нь "хэрэглэгчийн анхаарлыг сатааруулдаг үйлдлийг үгүй болгож, цаг хэмнэх" үндсэн зорилготой бөгөөд суулгасан мэдрэгчийн тусламжтайгаар өмссөн даруйд өөрийгөө үдэж чангалах гэнэ. Тэрчлэн 2 төрлийн товч пүүзэн дээр байх бөгөөд суллах, чангалах үйлдлийг хэрэглэгч өөртөө тааламжтай байдлаар тохируулах сонголтыг өгчээ. Nike HyperAdapt-ийг тусад нь платформ байдлаар хөгжүүлэхээ зарласан нь мөн сонирхол татсан юм. Энэ нь уг технологи өөрсдийн шинэ загварууд дээр бус Nike-ийн бусад буюу алдартай, хуучин загварын пүүзүүд дээр мөн суурилах, хэрэглэгдэх боломжийг олгож байгаа гэсэн үг юм. Одоогоор өөрийгөө үддэг пүүзний үнэ тодорхойгүй хэвээр л байна. (Мэдээж тийм ч хямд биш нь тодорхой байх)

Nike: HyperAdapt таны төсөөлөөгүйг санал болгоно
Engadget: Nike HyperAdapt оны сүүлээр зарагдаж эхэлнэ

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Гэрэл зураг сонирхогчдын хамгийн их хэрэглэж буй сошиал апп Инстаграм таны сонирхол болон өмнөх зан төлөвийн түүхээс хамааран өөрчлөгдөх шинэ таймлайнаа танилцууллаа. Өмнө нь хэрэглэгчид найзуудынхаа хамгийн сүүлд оруулснаас эхлээд цаг хугацааны дарааллын дагуу зургууд үздэг байсан нь ийн өөрчлөгдсөнөөр тренд болж буй, хамгийн их лайк авч буй болон сурталчилгааны зэрэг зургуудыг түрүүлж үзэх болж байна. Энэ нь толгой компани Фэйсбүүкийн таймлайнтай төсөөтэй болж байгаа гэсэн үг. Үүнтэй зэрэгцээд Ромын Пап Инстаграмд нэгдэж, анхныхаа зургийг оруулсан нь сонирхол татав. Пап аль хэдийнэ сая илүү дагагчтай болжээ. Дуу хөгжмийн хорхойтнуудын хамгийн дуртай апп-уудын нэг Soundcloud Sony Music-тэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан нь мэргэжилтнүүдийн таамаглаж байсан "subscription based" буюу төлбөртэй үйлчилгээгээ эхлүүлэхийн дохио боллоо. Soundcloud үүнээс өмнө Universal болон Merlin зэрэг томчуудтай гэрээ байгуулаад байсан бөгөөд 110 сая дууг албан ёсны эрхтэйгээр цацах боломжтой болж байгаа юм. FBI-тай хэрэглэгчийн дата нууцлалын асуудлаар "шүүхдэлцсээр" л буй Apple ирэх долоо хоногт шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ зарлаад буй. Жижиг iPhone, шинэ iPad танилцуулагдах төлөвтэй байгаа эвентийнхээ өмнө тэд 2014 онд шуугиан тарьсан "Fappening" буюу iCloud-аас хэрэглэгчийн дата алдсан хэрэгтээ буруугүй гэдгээ тогтоолгов. Дээд шүүхээс энэхүү хэргийн буруутан нь Райн Коллинз хэмээх хакер гэдгийг тогтоосон бөгөөд хакерийн явуулсан хуурамч имэйлэнд итгэж нууц үгээ өгсөн хэрэглэгчид өөрсдийн "анхааралгүй" байдлаас болж датагаа алдсан гэдгийг зарлажээ. Ж.Лауренс, К.Аптон зэрэг оддын гар утсан дахь зураг алдагдсан хэрэг нь олон хэрэглэгчдийн хувьд үүлэн системд эргэлзэх сэдэл болсон билээ.


Techcrunch: Инстаграм таймлайндаа өөрчлөлт орууллаа
The Verge: Soundcloud Sony Music-тэй хамтарна

15833   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.