Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   03 сарын 16, 2016

"Би хэрхэн ажилладаг вэ?" - Байгаль орчны сайд асан, дипломатч Д.Цогтбаатар

Өнөөдрийн зочныхоо фэйсбүүк хуудсыг дагадаг би түүний цаг үеийн талаарх сонирхолтой ажиглалт, дүгнэлтүүдийг унших дуртай ч үүнээс илүү төрөлх хэлтнүүд нь ч гайхмаар “төгс гэмээр тансаг” англи хэлээр шүлэг бичдэгээр нь мэддэг юм. Тиймдээ ч манай энэ буланд Цогтбаатар гуайг оруулж өгнө үү гэсэн цөөнгүй уншигчийн хүсэлтийг дуртайяа хүлээж авсан билээ. Гадаад явдлын яаманд мэргэжилтнээс эхлээд төрийн нарийн бичгийн дарга хүртэл дэвшиж, Байгаль Орчны Яам болон Барилга, Хот Байгуулалтын Яамыг удирдан сайдаар ажиллаж байснаас нь түүний ямар чадварлаг төрийн түшээ, манлайлагч болохыг хялбархан мэдэж болно. Харин энэ ярилцлага түүний ажлын арга барилыг дэлгэж, хувь хүнийх нь хувьд өөр өнцгөөс харуулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Байршил: Улаанбаатар, Монгол
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, Xillion ХХК-ийн ерөнхий захирал
Таны ажиллах арга барилыг ганц хоёр үгээр тодорхойлбол: Бага цагт ихийг хийх, шинийг сэдэх
Хэрэглэдэг гар утас: Самсунг Galaxy S5
Хэрэглэдэг компьютер: Sony Vaio
Сошиал хуудсууд: Tsogtbaatar Damdin (фэйсбүүк), @TsogtbaatarD (твиттер)

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Баримтанд суурилан шийдвэр гаргахыг хичээдэг. Ямар ч салбарт ажилласан, хуучирсан юм уу хоцрогдох шинжиндээ орсон, удчихсан тогтолцоог хэрхэн өөрчилж болох вэ гэж хардаг.

Гадаад явдлын яаманд ажиллаж байх үеэрээ жишээ авч, гадаад бодлогыг эдийн засагжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн талаараа ярьж болно. Нэлээн удаан ярьсан ч хэрэгжиж чаддаггүй байсан тэр хөтөлбөрийн санаа нь яамны зарцуулж буй төсвийн нэг төгрөгөөр хэдэн төгрөг олж, эргүүлэн төсөвт татаж байна вэ гэдэг л байсан юм. Тооноос хөндий хүмүүс эхэндээ багахан эргэлзэж байсан ч элчин сайдын яамд, газруудаар бүх түвшинд тооцож, тоо баримтад суурилсан шийдвэр гаргалтууд хийхээр зүтгэсэн. Үр дүнд нь яамны зарцуулж буй нэг төгрөг нь 7 төгрөг болон эргэж төсөвт ордог гэсэн үр дүн гарсан. Олон нийт дипломатуудыг нэг л их вино ууж, гадуур зугаалж явдаг, төсвийн мөнгө үрэн таран хийдэг гэсэн түгээмэл ойлголтыг эвдэхэд их нөлөөлсөн байх. АНУ-ын Засгийн газрын Мянганы сорилын сангаас 250 сая долларын санхүүжилт авах болсон нь цэвэр гадаад бодлогын үр дүн байсан. Тэр үед яамны нийт төсөв 30 хүрэхгүй сая доллар байсан шүү дээ.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшнүүдээсээ нэрлэнэ үү?

Notepad-ийг хамгийн их ашигладаг. Яг л миний цахим нарийн бичиг шиг сүүлийн 10 гаруй жил надтай хамт байгаа апп гэж хэлж болно. Энд миний бүх тэмдэглэлүүд, санаа оноо, ажигласан зүйлс минь бий. Яг одоо би 4, 5 жилийн өмнөх тэмдэглэлүүдээ ч харчихаж чадаж байна.

Мэдээж сошиал апп-уудыг тодорхой хэмжээнд ашиглана. Ер нь бол календар, и-мэйл, сэрүүлэг зэрэг утасныхаа үндсэн апп-уудыг их сайн ашигладаг. Мөн Viber, Dropbox, S Health зэрэг апп-уудыг онцолъё.

Та ажлын өрөө, орчноо дүрсэлнэ үү?

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Замд, машинд явж байх үедээ уншиж, танилцах ёстой зүйлсээ гялс унших, явуулах ёстой имэйлүүдээ түргэн бичих нь өнөөдрийн түгжрэлтэй Улаанбаатарт шалгарсан арга болж байх шиг байна. Мөн төлөвлөсөн ажлаа ямар ч үнээр хамаагүй, шөнө орой болсон ч ажралгүй дуусгах дуртай. Энэ бүхэн бол шууд ажлаа зөв төлөвлөж, цагаа зөв хуваарилахтай хамаатай асуудал байх.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Самбар их ашигладаг. Самбар дээр асуудлаа тодорхойлж, түүнээсээ хийх ажлын жагсаалтаа гаргах дуртай. Мөн өмнө дурдсанчлан гар утсан дээрээ их зүйл тэмдэглэдэг. Гэвч яг үнэндээ холыг харж төлөвлөх боломж яг өнөөгийн нөхцөлд хомсхон байна. Урт хугацааны төлөвлөгөө гаргаж болох ганцхан зүйл нь "зөв хүн байх юм сан, буруу зүйл хийхгүй хичээх юм сан" гэсэн үзэл санаа юм байна гэж бодоод байгаа.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Тэвчээр. Тэвчээртэй шинжээрээ бүх хүний дээр гарахгүй ч их олон хүний урд гишгэж байгаа гэж боддог. Ялангуяа залуучууд шууд л амжилтанд хүрч, богино хугацаанд зорилгодоо хүрэх гээд улайран дайрдаг. Гэвч бүх зүйл хүслээр болохгүй нь элбэг. Тийм үед тууштай, шантралгүй байж, хамгийн гол нь өөрийгөө сайн бэлдэх нь чухал. Өглөө хурдан болоосой гээд хэчнээн их хүсэвч нар гардаг цагтаа л гарж, өглөө болдгоороо л болдог шүү дээ. Сэтгэл хөдлөлөө дарж, элдэв зүйлд баясаж догдлолгүй, тэвчээртэй байж ажлуудаа ахиулдаг гэж хэлж болно.

Ахуйн хувьд хоол гайгүй хийдэг байх гэж боддог. Австралид оюутан байхдаа хичээлийнхээ хажуугаар хагас цагийн ажил хийж, гэртээ ихэвчлэн хоол хийдэг байсан. Гэрийнхэн онгироогоод ч байгаа юм уу, гололгүй амтархан иддэг байсан юм. Гэхдээ би хоол хийхдээ уламжлалт орцоор биш, бодож байгаад л байгаа зүйлсээ хольж, холион бантан шиг, өвөрмөц хоол хийдэг байсан шүү. Харамсалтай нь одоо бол хоол хийгээгүй их л удаж дээ.

Таны хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн чадавх ерөнхийдөө суларч байгаа юм уу даа гэж хардаг. Төрд мэргэшил, мэргэжлээрээ өрсөлдөж, түүндээ суурилж урамшуулагддаг тогтолцоо алга. Шийдвэрүүд нь хэтэрхий их дарга, цэргээс хамаардаг болж. Хуулинд захирагдсан зах зээлийн эдийн засаг, хуулийг дээдлэх тогтолцоо гэж манайд алга болчихоод байна. Хурган дарга болгон хүнд сурталтаж, тэр суудалдаа мөнх суух юм шиг аашлах нь ихэд эмзэглүүлдэг. Энэ байдал эдийн засгийг нэлээн хэдэн функтээр хойш татаж байна. Энэ бүгд ёс суртахууны асуудал гэж хэлж болно. Мөнгө л хийж байвал, ажил нь бүтэж байвал гэсэн шиг хандлага хавтгайрчээ. Дараа нь уулзана, ахиж хамтарна, ажил хийнэ гэдгээ "ухаж" боддоггүй нэг удаагийн хэлцлүүдээр л эдийн засаг "амьдарч" байна шүү дээ.

Нийгэм, эдийн засагтай холбоотой асуудлуудыг бол засаж болно. Гэтэл ёс суртахууныг төлөвшүүлнэ гэдэг ганц нэг арга хэмжээгээр зохицуулчихдаг зүйл биш, суурь зан төлөвтэй холбоотой урт хугацааны ажил. Гэр бүлийн хүмүүжил, сургуулийн хүмүүжил, хуулийн үйлчилгээ бүгд нийлж байж, хүний ёс суртахуунд нөлөөлж чадна. Энэ бол төрөлхийн биш төлөвшиж байдаг зүйл шүү дээ. Ийм байдал гадны хөрөнгө оруулалтанд бүр ч сөргөөр нөлөөлж байна. Аль аль тал нь жаахан асуудал гарах юм бол "мурьчихна даа" гэж бодоод байгаа юм чинь хүний нутагт очиж мөнгөө үрэх хэрэг байхгүй.

Эерэг сайн тал мэдээж бий. Монгол улс эрх чөлөөт ардчилсан орон байна. Энэ бол маш том үнэт зүйл. Тусгаар тогтносон, ардчилсан, иргэд нь эрх чөлөөтэй байна. Иргэдийн суурь боловсрол өндөр, ажиллах чадвар сайн, шинэ юм сурах, сэтгэх нөөц бололцоо ч давгүй. Ажилсаг биш, залхуу л гэдэг. Гэтэл гадаадад хамгийн сайн ажиллаж байгаа хүмүүс нь монголчууд л байдаг биш гэж үү? Зөв зохион байгуулж чадахгүй, хүний хүчин зүйл л байх шиг байна.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Австралид сургууль төгсөж ирээд байгуулсан Xillion компани маань хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Гадны хөрөнгө оруулагчдыг татаж, хэд хэдэн шинэ салбарыг нээж, шинэ төслүүд хэрэгжүүлэхээр хичээн ажиллаж байна. Гэхдээ уул уурхай руу биш, жижиг бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ рүү төвлөрч байгаа.

Саяхан СБД-ийн МАН-ын хорооны дарга болсон. Ажлаа хүлээж аваад зохион байгуулалт дээр төвлөрч ажиллаж байна. Шинэлэг сэтгэлгээ, эв нэгдэл, идэвх санаачилга дээр ахиц гаргах зорилготой ажиллаж байгаа.

Та төрийн албанд олон салбарт хариуцлагатай алба хашиж явсан. Өөр өөр салбарт амжилттай ажиллаж байсны нууц юунд байна вэ?

Сурсан сургууль, олж авсан боловсрол минь ямар ч салбарт ажралгүй, дасан зохицох боломж олгодог гэж боддог. Миний хувьд Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулиас гадна Австралийн Үндэсний Их Сургуульд хуулийн зэрэг хамгаалсан. Харвардаас эхлээд Герман, Швейцарь, Голландад мэргэжил дээшлүүлж, үргэлж өөрийгөө хөгжүүлэх гэж зорьж байдаг.

Та ажиллаж байх үедээ ямар хөгжим сонсдог вэ? Ямар төрлийн хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?

Оюутан байхдаа бол манайд төдийлэн дэлгэрч амжаагүй байсан барууны хөгжимд хорхойсч, рок голдуу дуунд дурлаж байлаа. Төрд ажиллаад, төдийлэн тэмүүлж сонирхохоо больсон ч дуу сонсож, амрах дуртай. Болд, Никитоны Бачка, Ариунаа, Ангирмаа, Нарангийн дуунууд аятайхан санагддаг. Гаднаас бол Жэймс Блантын дуунууд их зүгээр шүү.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Хамгийн сүүлд Билл Брайсоны "Шинжлэх ухааны товч түүх" номыг уншлаа. Шинжлэх ухааны талаарх цэгцтэй мэдлэгийг их сонирхолтой байдлаар хүмүүст хүргэсэн ном. Мөн Израйл улсын стартап, гарааны бизнесийн экосистемийг хэрхэн хөгжүүлсэн, хөгжүүлж байгаа тухай "Startup Nation" номыг уншсан юм байна. Яг одоо бол эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан дэлхийн түүхэнд гарсан сургамж, жишээ кэйзүүдийг агуулсан "I Told You So", "History of The Worst Predictions", "Poor Economics" зэрэг номуудыг судалж байна.

Олон улсын харилцаа сонирхож буй залууст энэ чиглэлийн классикууд болох С.Хантингтоны "Clash of Civilization", Х.Никольсоны "Diplomacy", Ф.Фукуяамагийн "The End of History and The Last Man" номуудыг заавал уншихыг зөвлөе.

Дипломатч хүнд гадаад хэлний өндөр мэдлэгтэй байх нь чухал ач холбогдолтой байдаг. Таны хувьд ямар ямар хэлийг эзэмшсэн бэ? 

Би англи, орос хэлээр чөлөөтэй ярина. Эдгээрээс гадна тайланд, камбож хэлээр ярьдаг. Герман хэлийг бол бага зэрэг ойлгоно, ярина. 1988 онд Гадаад явдлын яамнаас надад камбож хэлний ангид томилолт өгч явуулсан юм. 5 жилийн төлөвлөгөө ёсоор би сургуулиа төгсөж ирээд, Камбож руу элчин сайдын яам руу явах байсан хэрэг. Гэтэл засаг солигдож, тэр төлөвлөгөө ч байхгүй болсон. Надад ангиа өөрчлөх боломж байгаагүй ч гэсэн энэ нөхцөл байдлаа хэрхэн давуу тал болгож болох вэ гэдэг утгаар нь бодож тай хэлийг нэмж сурах шийдвэр гаргасан юм. Тэгэхээр монгол хэлээ оруулбал зургаан хэлтэй гэж хэлж болно.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Ер нь бол нээлттэй хүн. Гэхдээ дипломат хүн ямар нөхцөлд ямар байх шаардлагатай маш сайн мэддэг, цаанаасаа бэлтгэгдсэн байх ёстой байдаг юм. Гадныхантай хэлэлцээр хийж байх үед уур амьсгалаа маш сайн мэдэрч, түргэн сэтгэж хурдтай шийдвэр гаргах хэрэгцээ их гардаг. Дипломат хэлэлцээрт нэг ч илүү үг хэрэглэгдэггүй, үг бүр асар их утга агуулсан байдаг онцлогтой. Үг гэдэг бол бодлын толь. Ямар үед ямар үг хэрэглэгдэв, түүний цаана ямар утга илэрхийлэгдэв гэдэг утгаар нь үргэлж тооцоолол хийх шаардлага гарна. Шаардлагатай үед уур амьсгалыг зөөллөж ярианы сэдэв өрнүүлнэ, эсрэг тохиолдолд нөгөө талын "довтолгооноос" бултаж, өөрийгөө татаж, үгийг нь шингээж, сонсох хэрэг ч гарна.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Яг одоогоор төрд ажиллахгүй байгаа учир харьцангуй чөлөөтэй байна. Шөнө 1 цагаас наана хэвтэнэ гэж байхгүй. Хийх ёстой ажлаа дуусгаж байж л амарна. Өглөө бол 8 гээд босно. Ямар ч үед түргэхэн хугацаанд "дуг" хийгээд сэргэдэг зуршил надад бий. Үнэхээр их ажилтай ачаалалтай үед яг л 15 минутанд тархиа амраагаад сэргэчихдэг.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Тийм үедээ гэрийнхнээсээ өөр хүмүүст олдохыг хүсдэггүй. Тэгэхээр гэрээсээ л олдож таарна гэсэн үг. Долоо хоногтоо нэг удаа жүдо барилдаж, хөлсөө гаргадаг. Бүр багаасаа сонирхож, барилддаг байсан юм.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

Гэр бүлийнхнээсээ хамгийн их урам зориг авдаг. Ойр дотныхон маань надад үргэлж эрч хүч өгч байдаг.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

Аавын минь "Ажилсаг бай" гэж байнга хэлдэг байсан нь миний байнга баримталдаг зарчим болж тогтсон. Аав минь их ажилсаг, зогсоо зайгүй хөдөлмөрлөдөг хүн байсан юм. Бүтэхгүй байсан ч ажиллаад л байвал бүтдэг л юм гэсэн санааг толгойнд минь бат суулгаж өгсөн. Үүнийг л үргэлж санаж, хэрэгжүүлэх гэж хичээж явдаг даа.

Та энэ буланд хэнийг урьж, ажлын арга барилтай нь танилцахыг хүсч байна вэ?

Б.Наранзуны ажлын арга барилтай танилцвал их сонин байна. Маш бүтээлч, зүгээр суухгүй үргэлж л шинийг сэдэж явдаг залуу хүн.

Гэрэл зургийг: О.Төгсбилэг

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

78150   49


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.