Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   03 сарын 13, 2016

7 хоногийн тойм: Хиймэл оюун ухааны ялалт + Шараповагийн бүтэлгүйтэл + #SXSW2016

Цахим мэйлийг бидэнд танилцуулсан эрхэм таалал төгслөө

Unread энэ долоо хоногийн тоймоо бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон цахим шуудан буюу и-мэйлийг үүсгэгч эрхэм Рэй Томлинсоны дурсгалд зориулж байна. Тэрээр BBN-ий судалгааны багт ажиллаж байх үедээ буюу 1971 онд байгууллага доторх дотоод мессежийг дамжуулах системийг зохиосон нь хожмын и-мэйл болох учиртай байсан юм. Түүний гол нээлт нь @ тэмдэгийг и-мэйл хаягийн хэрэглээнд нэвтрүүлсэн явдал байсан бөгөөд энэ нь өдийг хүртэл хэрэглэгдсээр байгаа билээ. Томлинсон 2012 онд Интернетийн "Алдрын танхим"-д мөнхлөгджээ. Тэрээр нас барахдаа 74 настай байлаа.

Fortune: Имэйлийг зохиогч таалал төгслөө
Independent: И-мэйл бидний амьдралыг өөрчилсөн 5 жишээ

Хиймэл оюун ухаан ялалт байгууллаа

Google-ийн хөгжүүлж буй хиймэл оюун ухааны алгоритм AlphaGo дэлхийн хамгийн түвэгтэй оюун ухааны спорт гэгддэг Го даамын дэлхийн хамгийн шилдэг тамирчин Ли Седолыг ялж, шуугиан дэгдээлээ. БНСУ-ын Сөүл хотноо болсон уг тоглолт хиймэл оюун ухааны хөгжил ямар өндөр түвшинд хүрсэн байгааг гэрчлэх нэгэн том баталгаа болсон юм. Жил бүр 200 шинэ нүүдэл нээгдэж, боломжит нүүдлийн тоо нь 10-ын 761 зэрэгтэй тэнцдэг, энэ тоглоомын хамгийн шилдэг тамирчны эсрэг өөрөө суралцдаг зарчимтай алгоритм бүхий AlphaGo гурван тулаан дараалан хийж, бүгдэд нь ялсан нь гайхалтай амжилт байлаа. Google-ийн тайлбарласнаар AlphaGo нь тулааны талбарт хүмүүстэй адил сэтгэж, шийдвэр гаргахаар бүтээгдсэн бөгөөд 2 төрлийн систем ажилласны нэг нь хийгдэх хамгийн боломжтой нүүдлүүдийг тооцоолж байсан бол нөгөөх нь ялалт байгуулах хамгийн боломжтойг нь тэндээс сонгож шийдвэр гаргаж байсан ажээ. Youtube-ээр шууд дамжуулагдсан уг тулааны ялагч нь 1 сая долларын шагнал хүртэх учиртай юм. Ташрамд дурдахад, 1997 онд шатрын хамгийн агуу аваргуудын нэг Гари Каспаровыг ялсан IBM-ийн DeepBlue машин шатрын талбарт гарч болох бараг бүх боломжит үйлдлүүдийг тооцоолох зарчмаар хийгдэж байсан билээ.

Verge: AlphaGo 3 дараалан хожиж, түүхэн ялалт байгууллаа
Quartz: AlphaGo-ийн ялалт ямар нөлөө үзүүлэх вэ?

Шарапова допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрлөө

Сүүлийн арваны теннисний ертөнцөд хамгийн хурцаар гялалзсан оддын нэг Мариа Шарапова энэ жилийн эхний их дуулгын тэмцээн болох Австралийн нээлттэй тэмцээний үеэр допингийн шинжилгээнд бүдэрсэн тухайгаа мэдэгдсэн нь энэ долоо хоногийн спортын ертөнцийн онцлох мэдээ байлаа. Сүүлийн жилүүдэд гэмтэл бэртлийн асуудалтай байгаа Шараповаг хэвлэлийн бага хурал зарлахад олон мэргэжилтэн зодог тайлах тухайгаа мэдэгдэх нь гэж таамаглаж байсан юм. Гэвч нөхцөл байдал түүнээс ч дор байдлаар эргэсэн нь тодорхой болж, энэ жилийн 1-р сарын 1-ээс хориотой бэлдмэлийн жагсаалтанд багтсан мелдониум нэртэй эмийг хэрэглэсний улмаас тоглох эрхээ 4 хүртэлх жилээр хасуулж болзошгүй болжээ. Шарапова эмчийн заавартайгаар, зөвхөн зүүн Европын орнуудад зөвшөөрөгдсөн энэ эмийг сүүлийн 10 жилийн турш эрүүл мэндийн шалтгаантайгаар хэрэглэж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч Допингийн эсрэг төвийн явуулсан захидал, сануулгыг үл хайхран үргэлжлүүлэн хэрэглэсэн нь ийм байдалд хүргэжээ. Өдгөө 28 настай, 5 удаагийн их дуулгын аварга бүсгүй "алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, бүх хариуцлагыг хүлээнэ" гэдгээ мэдэгдсэн бөгөөд зодог тайлахгүй, үргэлжлүүлэн тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчинд тооцогддог Шараповагаас энэ хэргийн дараагаар гол спонсорууд нь болох Nike, Tag Heaer, Porsche зэрэг компаниуд гэрээгээ цуцалжээ.

NYT: М.Шарапова допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрлөө
Vox: Мелдониумын талаар таны мэдвэл зохих 5 зүйл

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Интернет хэрэглэгчдийн дунд сүүлийн үед ихэд "хит" болоод буй видеонд шууд филтер эффект оруулж, царай өөрчилдөг технологид байр сууриа эзлэх хүсэлтэй байгаагаа Фэйсбүүк харуулж, энэ төрлийн технологи хөгжүүлэгч MSRQD-г 100 сая доллараар худалдаж авснаа зарлалаа. Өнгөрсөн оны 9-р сард Snapchat Looksery хэмээх апп-ийг 150 сая доллараар худалдан авч, шинэ нэмэлтийг хэрэглэгчдэдээ санал болгосон нь амжилт олсон билээ. Үүнээс гадна Microsoft байгууллагын харилцаа холбооны хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй апп болсон Slack-ийг 8 тэрбумаар худалдаж авах нь гэсэн мэдээ энэ долоо хоногт хүчтэй гарлаа. Энэ нь Slack видео болон дуут чатыг үйлчилгээндээ нэвтрүүлж, Microsoft-ийн эзэмшиж буй Skype-тай шууд өрсөлдөгч болж буйтай холбоотой юм. Гэхдээ зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Б.Гэйтс энэ наймааг хийх нэг их сонирхолгүй байгаа төдийгүй Skype-ийг илүү сайжруулах хүсэлтэй байгаа ажээ. Amazon Хойд Америк дахь түгээлт, хүргэлтийн үйлчилгээгээ илүү хурдан, мөн хямд болгох үүднээс 20 ширхэг Boeing 767 онгоцыг лизингийн нөхцөлтэйгээр авч байгаагаа зарлалаа. Сард 600 мянган долларын төлбөртэй энэхүү гэрээ амжилттай болбол өнгөрсөн жил зөвхөн түгээлтэнд 9 орчим тэрбумыг заруулсан зардлаа 31 хувиар бууруулах боломжтой гэнэ. Мөн энэ долоо хоногт бидний өмнө дурдаж байсанчлан Samsung компани Galaxy цувралын шинэ загвар S7 болон S7 Edge утаснуудаа худалдаанд гаргасан нь таамаглаж байснаас илүү борлуулалттай байгаа гэнэ.

CNN: Amazon 20 онгоц түрээслэж, өөрийн агаарын түгээлтийн системээ бий болголоо
Techcrunch: Facebook видео филтер апп MSQRD-ийг худалдаж авлаа

SXSW нээгдлээ

Техасын Аустин хотноо жил бүр зохион байгуулагддаг хөгжим, кино, интерактив медиа болон технологийн салбарын Америкийн хамгийн том наадмуудын нэг SXSW энэ долоо хоногт нээгдэж байна. АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама нээлтийн ёслолд ирсэн гэдгээрээ онцлогтой энэ удаагийн наадамд киноны хорхойтнуудын хамгийн ихээр хүлээж буй киноны шинэ трэйлэрүүд цацагдаж, шинэ мэдээллүүд олонд хүрч байгаа нь анхаарал татаж байна. Олон нийтийн ихээр хүлээж буй Game of Thrones-ийн шинэ улирлын албан ёсны трэйлэр цацагдаж, Marvel-ийн ээлжит нэг блокбастер Captain America-ийн шинэ трэйлэр-ийг бидэнд танилцуулав. Үүнээс гадна Keanu, Midnight Special зэрэг энэ жилийн хамгийн их хүлээлттэй байгаа кинонуудыг энд танилцуулж байгаа билээ. Хөгжмийн наадамд нь л гэхэд 60 гаруй орны 2000 гаруй уран бүтээлч оролцож байгаа бөгөөд дэлхийн хамгийн том хөгжмийн фестивалуудын нэг болж явагдах юм.

Slash: SXSW-ээс хүлээж буй 10 зүйл
Buzzfeed: GoT-ийн трэйлэрээс анзаарсан онцлох зүйлс

12796   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.