Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   03 сарын 12, 2016

"Гиннессийн дэлхийн амжилтууд 2016" номын тухай

Хувь хүн, бүлэг хүмүүсийн дээд амжилтууд, байгалийн өвөрмөц сонин үзэгдэл, тогтцыг уншигч олонд хүргэдэг дэлхийд нэртэй Гиннессийн номын 2016 оны хувилбар буюу 61 дэх цувралыг "Номын хишиг" компани монгол хэлээр анх удаа нийтлэх албан ёсны эрхийг авч, Англи улсад өндөр чанартайгаар хэвлүүлэн гаргажээ. Өнөөдөр бид та бүхэнд Гиннессийн номын түүх, онцлог, сүүлийн хэвлэлд гарсан сонирхолтой рекордууд болон монголчууд Гиннессийн ямар ямар дээд амжилтыг эзэмшдэг талаар танилцуулъя.

Гиннессийн номын түүх

Ингэхэд та Европын хамгийн хурдан шувууг мэдэх үү? ... Мэдэхгүй бол санаа бүү зов. Хью Бивер ч тухайн үед үүнийг мэддэггүй байсан юм. 1951 онд Гиннесс Брэвэри компанийн захирал тэрбээр Ирландад ан хийж явахдаа нэгэн шувууг алдаж буудсаныхаа дараа энэ асуултыг тавьжээ. Хэн ч үүнд хариулж чадаагүй ба гэрийн эзний хамаг номыг эргүүлсний дараа ч амжилт олоогүй байна. Энэ мэт мэтгэлцээн, маргааныг таслах ном ер байдаггүйг ойлгосон Хью улмаар 1954 онд Лондонд баримт цуглуулдаг агентлаг ажиллуулдаг байсан Норрис МакВиртер, Росс МакВиртер хэмээх ах дүү хоёртой холбоо тогтоон, хамтдаа Гиннесийн хэвлэлийн газрыг байгуулж, цоо шинэ "хамгийн хамгийн" гэсэн номыг гаргахаар зорьжээ.

Ийнхүү Гиннессийн анхны ном 1955 онд 198 хуудастайгаар гарч, тэр жилдээ 70,000 хувь борлогдсоноор Англид хамгийн өндөр борлуулалттай номоор шалгарсан гэдэг. 1956 онд АНУ-д нээлтээ хийн асар их борлогдсоноор дэлхийд нэр нь түгэж, олон сая уншигчтай болох эхлэл тавигдсан байна. Анхандаа мөнгө олох гэж бус маркетингийн хэрэгсэл болгохоор төлөвлөсөн уг ном нь Хьюд үүнээс хойш асар их ашиг өгөх болжээ.

Ташрамд хэлэхэд, Европын хамгийн хурдан шувуу бол red grouse нэртэй шувуу байдаг гэнэ шүү. (Гиннесийн номноос үзэхэд)

Гиннессийн номын онцлог

-Мэдээлэл мэдлэгийн арвин их сан тул танин мэдэхүйн ач холбогдолтой
-Бүх салбарын төрөл бүрийн амжилтууд багтсан байдаг учир бүх насныхны сонирхлыг татдаг
-Ялангуяа өнгө будаг, зураг сайтай тул хүүхдийг номонд дуртай болгодог
-Тухайн жилийнх нь дахиж хэвлэгддэггүй
-Хамгийн сүүлийн үеийн дээд амжилтуудыг нийтэлдэг
-Тэгээд хамгийн гол нь өөрийгөө сорих, амжилтад тэмүүлэх хүслийг хүмүүст төрүүлдэг

Гиннессийн номын "өөрийн рекордууд"

-Анхны хэвлэлтээс хойш нийт хэвлэгдсэн тоо 120 сая
-Нийт рекордын тоо 40,000 гаруй
-Албан ёсоор борлогддог улсын тоо 100
-Жилд ирдэг өргөдлийн тоо 50,000
-2016 оны номын хэвлэгдсэн тоо 2.7 сая
-2016 оны номд багтсан дээд амжилтын тоо 4000
-2016 оны номд багтсан дээд амжилтын тоо 1000
-АНУ-д жил бүр номын сангуудаас хамгийн их хулгайлагддаг номоор шалгардаг

Гиннесс ба монголчууд

Монголчууд бидний хувьд Гиннесийн номонд бүртгүүлсэн цөөнгүй амжилт бий. Нэг жилд хамгийн олон ялалт авсан сумо бөх, хамгийн олон бөх барилдсан бөхийн барилдаан, хамгийн олон морь уралдсан морин уралдаан, шүдэн дээрээ хамгийн удаан тогтсон хүн зэрэг олон амжилтууд энэхүү номонд бүртгэгдсэн байдаг ажээ.

Хамгийн сүүлд гэхэд хамгийн олон тэмээ буюу 1000 тэмээ уралдсан уралдаан Гиннессийн номонд бүртгүүлсэн билээ. Сонирхолтой нэг зүйлийг дуулгахад манай "Би хэрхэн ажилладаг вэ?" булангийн зочин Sweet Kitchen группийн үүсгэн байгуулагч Б.Тэмүлүн багаараа дэлхийн хамгийн том шоколадыг хийж Гиннесст бүртгүүлэх хүсэлтэйгээ бидэнд дуулгаж байсан юм. Түүнд бүгдээрээ амжилт хүсье.

Түүнээс гадна Гиннессийн номуудыг цуглуулдаг хүмүүс ч Монголд бий. Мөн л манай "Би хэрхэн ажилладаг вэ?" булангийн зочин, шог зураач, Соёлын Гавьяат Зүтгэлтэн С.Цогтбаяр ах тэдний нэг бөгөөд "Номын хишиг"-ээс эрхлэн гаргасан энэхүү монгол хувилбарыг ихэд баяртайгаар очиж авснаа бидэнд үзүүлж байв.

Хамгийн том морьтны хөшөө

Гиннессийн 2016 оны номонд Монголтой холбоотой нэгэн амжилт багтсан нь Цонжин болдог дахь Чингис хааны хөшөө юм. 40 метрийн өндөртэй уг хөшөө дэлхийн хамгийн том морьтны хөшөөгөөр шалгарсан байна.

Хамгийн том морин парад

2013 оны 8-р сарын 9-нд Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо (ММСУХ) зохион байгуулсан энэхүү наадамд 11,125 морьтой хүн оролцож нэгэн дээд амжилтыг үзүүлжээ. Парад нь 4 км зайд үргэлжилсэн бөгөөд Монголын 21 аймгийн төлөөлөл оролцсон байна. Хамгийн залуу морьтон нь 2 нас 8 сартай Гэрэл-Од овогтой Үүрцайх хүү байсан бол хамгийн өндөр настай морьтон нь 90 настай Гунгаадаш овогтой Дашчоймбал байжээ.

Хамгийн олон бөхийн барилдаан

2011 оны 9-р сарын 17-25 хооронд Монголын Үндэсний Бөхийн Холбооноос зохион байгуулсан бөхийн барилдаанд нийт 6002 бөх барилдаж дээд амжилт тогтоожээ. Монгол Улсын 21 аймгийн 325 сумаас барилдаанд оролцохоор ирсэн бөхчүүдийн зарим нь 1700 км замыг туулсан байна. Гэрэл зургийг Гамма агентлаг.


Та уг номын тухай, Гиннессийн өөр олон сонирхолтой рекорд амжилтуудын тухай мэдэхийг хүсвэл энэ хуудсанд зочлоод үзээрэй.

21009   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.