Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   03 сарын 08, 2016

Апп тойм: Дуу таньдаг 2 апп - Shazam vs SoundHound

Хааяа бид сайхан дуу сонсоод ямар дуучин/хамтлагийн юу гэдэг дуу юм бол доо гэж боддог доо. Эсвэл нэг дууны нэрийг сайн санаад байвч яаж аялагддагийг нь мартчихсан байх нь бий. Энэ үед юу хийх ёстойгоо та мэдэх үү? Бидний одоо танилцуулах гэж буй 2 апп-ийг ашиглаарай. Shazam юм уу SoundHound-ийг ашигласнаар та таалагдсан дуугаа алдалгүй олж авах, мартсан аялгуугаа сэргээх боломжтой болно. Хөгжмийн хорхойтон гэлтгүй бүх л хүмүүсийн гар утсанд байвал зохистой апп-ууд шүү.

ТҮҮХ

Shazam: Shazam Entertainment Limited компани 1999 онд байгуулагдснаар энэ апп-ийн эхлэл тавигджээ. 2000 оноос хойш дуу таньдаг энэ системийг хүмүүс өргөнөөр хэрэглэж эхэлсэн бөгөөд өдгөө энэ төрлийн апп-ууд дундаа хамгийн алдартай нь болжээ. 2013 оны 12-р сарын байдлаар Shazam нь дэлхийн хамгийн шилдэг 10 апп-ийн нэг болоод байна хэмээн гүйцэтгэх захирал нь мэдэгдэж байв. Тус апп-ийг өдгөө нэг сард 100 сая гаруй хүн идэвхтэй хэрэглэдэг бөгөөд 2014 оны 10-р сарын байдлаар Shazam -ийг 15 тэрбум дууг танихад хэдийнэ ашигласан байна.

SoundHound: 2005 онд байгуулагдсан SoundHound компанийн анхны апп болох SoundHound нь Shazam-ийн хамгийн гол өрсөлдөгч болоод байгаа юм. 2012 онд тус апп 100 сая хэрэглэгчтэй болсон бол өдгөө нийт 260 сая хэрэглэгчийг нэгтгээд байгаа аж. Тэд 2015 онд Хьюндэй компанитай хамтран автомашинд дуу таньдаг төхөөрөмж суурилуулсан анхны компани болсон юм.

Shazam

ИЖИЛ ТАЛ

Хоёр апп хоёул цөөн секундын дотор дууг тааж чадна. Хоёул дууны үгийг гаргаж, youtube дэх видео клипийг нь тоглуулж болох бөгөөд тухайн дуучин/хамтлагийн бусад дуунууд, цомгуудыг санал болгож, намтар түүхийг нь харуулж, ойролцоо дуунуудыг санал болгодог. Мөн тэд таныг Spotify, Apple Music зэрэг бусад хөгжмийн сайтуудтай холбох болно. Бас хаана ямар дуу олж сонссоныг тань байршлаар нь харуулж чадна.

ДАВУУ ТАЛ

Shazam: Дата бааздаа 11 сая гаруй дуутай нь хамгийн ихдээ орно. Дизайны хувьд энгийн минимал, хэрэглэхэд амар. Чимээ шуугиантай газар дууг танихдаа хамгийн сайн нь гэгддэг. Мөн SoundHound шиг хамгийн анх зочлоход бүртгүүлэхийг шаарддаггүй. Харин фэйсбүүкээрээ нэвтэрвэл найзууд тань ямар дуу Shazam-даж байгааг харах бололцоотой.

SoundHound: Мөн л хэдэн саяар тоологдох дуу бүхий арвин их дата баазтай ба дууг хурдан таних, зөв таахдаа Shazam-аас илүү гарна уу гэхээс дутна гэж байхгүй. Хамгийн гол давуу тал нь SoundHound-аа асаан тухайн дууг та өөрөө дуулах юм уу аялахад тааж чаддаг.

SoundHound

СУЛ ТАЛ

Shazam: Үнэгүй хувилбар нь тухайн сард таах дууны тоонд хязгаар тавьдаг.

SoundHound: Shazam-ийн хувьд дууг явж байхад дууны үгийг караоке шиг шууд мөр мөрөөр нь харах боломжтой байдаг бол Soundhound-ийн дууны үг нь бүхлээрээ гарч ирдэг. Мөн дизайны хувьд арай хээнцэр санагдсан шүү.

ТАТАЖ АВАХ

Shazam: iOS, Android
SoundHound: iOS, Android

26021   2


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.