Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   03 сарын 06, 2016

7 хоногийн тойм: #SuperTuesday + #Oscars2016 + #TeamRefugee

"Супер мягмар гараг"-ийн ялагчдаар Х.Клинтон, Д.Трамп нар тодорлоо

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд голлох намуудаас нэр дэвшигчдийг тодруулах нам доторх сунгаа ид өрсөлдөөнтэй үедээ ирж байна. Өнгөрсөн мягмар гарагт нийт 11 мужид урьдчилсан санал хураалт явагдсан нь ирээдүйн нэр дэвшигчдийн нэрийг тодорхойлох, сунгааны явцад дүгнэлт хийх чухал ач холбогдолтой байлаа. Ардчилсан намын сунгаанд экс тэргүүн хадагтай Хиллари Клинтон олны таамаглаж байсанчлан тэргүүлж, нийт 7 мужид ялалт байгууллаа. Гэсэн ч түүний өрсөлдөгч Берни Сандерс өөрийн удирдаж байсан Вермонтоос гадна Оклахома, Миннесота, Колорадод ялалт байгуулж чадсан юм. Үүнээс илүү өрсөлдөөнийг Бүгд Найрамдах намын сунгаанаас мэргэжилтнүүд хүлээж байсан ч тэрбумтан Доналд Трамп нийт 7 мужид ялалт байгуулж, тэргүүллээ улам баталгаажуулж чадлаа. Түүний гол өрсөлдөгч хэмээн намын удирдлагуудаас тодорхойлж байсан Марко Рубио зөвхөн Миннесотад л ялалт байгуулсан бол Тед Круз өөрийн төрөлх нутаг Техаст ялалт байгуулж, хүчтэй өрсөлдөгч байж чадна гэдгээ батлан харууллаа. Бүгд найрамдахчуудын голлох донорууд болон лидерүүд Трампыг эрс эсэргүүцэж, түүний эсрэг кампанит ажилд асар их мөнгө зарцуулж байгаа ч олон нийт түүнийг дэмжсээр байгаа нь тодорхой болсоор байна. Өнөөдөр 5 мужийн сунгааны үр дүн гарна.

Politico: "Супер Мягмар гараг"-аас онцлох 5 зүйл
New York Times: Супер мягмар гараг ба Трампын ялалт

88 дахь удаагийн Оскарын наадам явагдлаа

Өнгөрөгч оны киноны салбарын шилдэг бүтээлүүдийг нэрлэдэг Оскарын наадам өнгөрсөн долоо хоногт явагдаж өндөрлөлөө. Нэр хүнд, цар хүрээгээрээ салбартаа тэргүүн байранд бичигддэг энэ наадам Холливудын Долби Театрт явагдаж, нэрт инээдмийн жүжигчин Крис Рок хөтлөн явуулсан юм. Наадмын хамгийн нэр хүндтэй шагнал буюу "Оны шилдэг кино" шагналыг бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн "Spotlight" хүртлээ. Бостон Глоуб сонины газраас Католик шашны санваартан нарын "бага насны хүүхдүүдийг садар самуунд уруу татаж, сүсэг бишрэлийг нь өөрсдийн эрх ашгийн төлөө ашигладаг" байсныг илчлэн, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн түүхэн дэх томоохон жишээ болсон хэргийн тухай өгүүлэх уг кино "шилдэг оригинал зохиол" шагналыг мөн хүртсэн юм. Алдарт жүжигчин Леонардо ДиКаприо олны таамаглаж байсанчлан "шилдэг эрэгтэй жүжигчин" шагналд тэргүүлж, 6 дахь удаагаа нэр дэвшсэний эцэст анх удаа Оскарыг гардлаа. Түүний тоглосон The Revenant киноны найруулагч Алехандро Инарриту 2 дахь жилдээ дараалан "шилдэг найруулагч"-аар тодорч, ийм амжилт үзүүлсэн түүхэн дэх 3 дахь эрхэм болов. Уг киноны зураглаач Э.Лубецки 3 дахь жилдээ дараалан "шилдэг зураг авалт" шагналыг хүртэж, ийм амжилт үзүүлсэн анхны уран бүтээлч болов. Гэхдээ энэ өдрийн хамгийн их шагналыг Mad Max: Fury Road хүртэж, нийт 6 шагналыг түүсэн юм. Тэрчлэн алдарт хөгжмийн зохиолч Эннио Мориконне 87 насандаа анхны Оскараа хүртэж, хамгийн ахмад Оскарын шагналтан боллоо.

Vox: 88 дахь удаагийн Оскарын бүх ялагчид
Unread: "Оскар 2016"-аас хариултыг нь хүлээж буй онцлох 8 асуулт

"Рио 2016"-д дүрвэгсэд өрсөлдөх боломжтой боллоо

Олон Улсын Олимпийн Хорооноос энэ оны 8-р сард явагдах зуны олимпийн наадамд дүрвэгсдийн шигшээ багийг оролцуулах түүхэн шийдвэрийг гаргалаа. НҮБ-ийн гаргасан тооцоогоор эх орноосоо дүрвэж, өөр улсад амьдарч буй 20 сая гаруй дүрвэгсэд байгаа бөгөөд тэдэн дунд буй тамирчдад олимпод өрсөлдөх боломж олгох нь энх тайвны бэлэг тэмдэг болсон наадмын гол утга санаатай дүйцнэ гэж ОУОХ үзсэн байна. Олимпийн наадмын нээлтийн үеэр эдгээр тамирчид ОУОХ-ны туган дор жагсаж цэнгэлдэхэд орж ирэх бөгөөд тэдний бэлтгэл сургуулилалтанд зориулж 2 сая долларыг хандивлахаар шийдвэрлэжээ. Одоогийн байдлаар ОУОХ-оос олимпод оролцох боломжтой 43 дүрвэгч-тамирчдыг тодорхойлоод байгаа ч 10 орчим нь л наадмын шалгуурыг хангаж, эрхээ авах боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа гэнэ. 2015 онд гаргасан эхний жагсаалтанд Бразилд байрлаж буй Конгогийн жүдоч, Германд амьдарч буй сири усанд сэлэгч, Бельгид дүрвэсэн иран таэквондоч нарын 3 тамирчин л багтаж байсан юм. Мөн олимпийн бамбарын аялалд улс бүрт буй дүрвэгсдийн төлөөллийг оролцуулах чиглэлийг ОУОХ-оос тэмцээнийг зохион байгуулах хороонд өгчээ.

Guardian: Рио 2016-д дүрэгсдийн шигшээ баг оролцоно
IOC: Дүрвэгсдийн шигшээ баг бүрдүүлнэ

Google-ийн жолоочгүй машин осол гаргаж, Женевийн Мото шоу эхэллээ

Google-ийн бүтээсэн автомат удирдлагатай машин зам тээврийн осол гаргасан тухай мэдээ өнгөрсөн долоо хоногт гарч, энэ төрлийн машины аюулгүй байдлын тухай асуудлыг ахин сөхлөө. Уг хэрэг өнгөрсөн сард Калифорниад болсон бөгөөд Google-ийн машин 15 км/цагийн хурдтай явж байсан нийтийн тээврийн автобусыг мөргөсөн гэнэ. Энэ ослын улмаас ямар нэгэн хүн гэмтэл бэртэл аваагүй ч Авто тээврийн удирдах газраас автомат удирдлагатай машинд ноогдуулах торгууль болон аюулгүй байдлын асуудлыг сайтар хэлэлцэх хэрэгтэйг санууллаа. Машин жолоочтой явж байсан ч тэрээр автобусыг хурдаа хасах, эсвэл зогсож зай тавьж өгнө гэж тооцоолсны улмаас алдаа гаргасан байна. Мөн энэ долоо хоногт Швейцарийн Женев хотноо 1905 оноос хойш тасралтгүй зохиогдож байгаа, автомашин үйлдвэрлэгчдийн хамгийн том үзэсгэлэнгүүдийн нэг Женевийн Мото Шоу эхэллээ. Энэ жилийн наадамд Opel, Audi, Nissan, Lamborghini, Bugatti зэрэг үйлдвэрлэгчид шинэ загварын машинаа танилцуулж байгаа ажээ.


BBC: Google-ийн жолоочгүй машин осол гаргажээ
Gizmag: Женевийн Мото Шоу гэрэл зургийн дуранд

Технологийн ертөнцийн эргэн тойронд: Slack, GoPro болон бусад

GoPro өөрт байгаа нийт бэлэн мөнгөний тавны нэгтэй дүйцэх буюу 105 сая доллараар видео эвлүүлгийн стартап Stupeflix болон Vemory-г худалдаж авч байгаагаа зарласан нь технологийн ертөнцийн онцлох мэдээ байв. Энэ нь GoPro хэрэглэгчдийн хамгийн их гомдоллодог гар утасны апп-аар дамжуулж видео эвлүүлэх, засах түвэгтэй байдлыг өөрчлөх зорилготой гэнэ. Үүнээс гадна байгууллагын харилцаа холбооны тэргүүлэх апп болон хөгжиж буй Slack анх удаа дуут болон видео чатны үйлчилгээгээ танилцууллаа. Апп-ийн компьютерийн хувилбараас та дуут чатын үйлчилгээг туршиж үзэх бөгөөд энэ нь байгууллага дунд видео хурал хийх бололцоогоор хангах зорилготой гэнэ. Slack 2015 онд Screenhero-г худалдаж авч, Skype, Google Hangout-тай өрсөлдөх зорилгоо харуулсан нь ийн биеллээ олж байна. Үүнээс гадна Pi Foundation-оос Raspberry Pi 3-ийг танилцууллаа. Боловсролын зориулалттай энэ микропроцессор өмнөх хувилбараасаа 50 хувиар хурдан болсон бөгөөд Wi-Fi болон Bluetooth-тэй болсноороо IoT-ийн бүтээгдэхүүнүүдэд илүү тохиромжтой боллоо хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Шинэ хувилбарын үнэ 35 доллар ажээ.

Techcrunch: Slack дуут болон видео чатыг туршиж эхэллээ
BBC: Raspberry Pi 3 худалдаанд гарлаа

10275   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.