Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   03 сарын 11, 2016

Вэб хөтчөө илүү ухаалгаар ашиглах зөвлөмж

Технологи хөгжихийн хэрээр гар утас, будаа агшаагч, зурагт гээд бүх зүйл л ухаалаг болж, бидний ажлыг хөнгөвчлөх, тав тухыг бүрдүүлэх олон нэмэлт боломжтой болсон. Интернэтэд байгаа асар их мэдээлэл дундуур хүссэнээрээ тэнүүчлэх боломжийг олгодог вэб хөтчүүд маань ч ухаалагжиж, маш олон төрлийн нэмэлтүүдийг (extension) бидэнд санал болгодог болоод  нэлээд хугацааг үджээ.  Харин бидэнд эдгээрээс өөрт хамгийн хэрэгтэйг сонгон хэрэглэх л үлдлээ. Ингээд өнөөдрийн Random булангаараа Chrome хөтөч хэрэглэгчдэдээ зориулан таны ажлыг хөнгөвчлөн бүтээмжийг дээшлүүлэх нэмэлтүүдийг санал болгож байна. 

       Google translate & Google dictionary

Таны ажил хувийн хэрэгцээнд чухал хэрэгтэй байгаа мэдээлэл мэдэхгүй хэл дээр тань байвал яадаг вэ? Тухайн хэлийг мэдэх хүнийг хайж цагаа бардаг үе ард хоцорсон шүү. Google translate нэмэлт-г суулгаад вэб хуудсыг бүхэлд нь өөрт хэрэгтэй байгаа хэл рүүгээ хөрвүүлэн ашиглаарай. Extension option хэсэгт байнга ашиглах үндсэн хэлээ тохируулаад ашиглавал илүү хялбар, нийт 100 гаруй хэл рүү хөрвүүлж хэрэглэх боломжтой. Монгол хэл рүү хөрвүүлэхэд өгүүлбэр зүйн алдаа гарах боловч ерөнхийдөө утга нь гараад ирнэ. Нэмэлтийн үндсэн зорилго болох Google translate-ийг шинэ хуудсанд нээлгүйгээр хүссэн үг, өгүүлбэрээ орчуулан харах боломжтой.

Google-с гаргасан бас нэгэн таны цагийг супер хэмнэх энэ төрлийн нэмэлт бол Google dictionary. Тольдмоор байгаа үгэн дээрээ double click хийхэд л хангалттай. Extension option хэсэгт хэлээ тохируулаад хэрэглэнэ, мөн тольдсон үгнүүдээ хадгалахаар тохируулаад CSV хэлбэрээр татаж авч болно.

Adblock & Readmode

Хэрэгтэй мэдээллээ хайж байх үед гэнэт анхаарал сарниулах олон төрлийн зар сурталчилгаа нүдний буланд өртөөд түвэгтэй санагдах үе байдаг даа. 40 сая гаруй хэрэглэгчтэй энэ төрлийн №1 нэмэлт болох Adblock-ийг суулгаад энэ зовлонг мартаарай. Facebook, Youtube, Piratebay зэрэг монголчуудын түгээмэл хэрэглэдэг вэбүүдийн болон бусад олон сайтын сурталчилгаануудыг автоматаар блоклоно. Та өөрөө тохируулга хийн ашиглах ч боломжтой. Харин Bolor-toli-ийг хэрэглэж байх үедээ Adblock-оо унтрааж байгаарай.

Мөн вэб хөтчөөрөө их хэмжээний текстэн мэдээлэл уншихад анхаарлыг тань сарниулахгүй байхад туслах Read mode–ийг хэрэглээд үзэхийг зөвлөж байна. Icon-тойгоо адилхан танд яг нүдний шилээ зүүгээд сонин уншиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх болно.

            Tabtab & Momentum

Нэг мэдэхэд шинэ таб нээгээд фэйсбүүк рүү орчихсон, тэгээд бүр 10-20 мин хий дэмий өнгөрөөчихсөн байх тохиолдол гардаг уу? Тэгвэл шинэ таб нээхэд таны хийх ёстой ажлуудын жагсаалт, маргаашийн төлөвлөгөө зэргийг харуулдаг Tabtab нэмэлтийг хэрэглэж байгаарай. Хэрвээ та андройд утас хэрэглэдэг, Google calendar ашигладаг бол энэхүү нэмэлттэй холбон ашиглах бас боломжтой.

Мөн шинэ таб дээр нээгддэг нэмэлтүүд дундаас нэг л тийм гоё мэдрэмж өгөөд байдаг Momentum-г туршаад үзээрэй. Маш гоё үзэсгэлэнтэй зургууд харуулдаг учир сэтгэл цэлмээд л явчихна. Бас таны өнөөдрийн гол зорилгыг тань шинээр таб нээх болгонд сануулахаас гадна эрч хүч, урам зориг хайрлах эшлэлүүдийг харуулах болно.

      Evernote webclipper

Хайж байгаа мэдээлэл маань вэб хуудасны нэг хэсэгт байгаад байдаг, screenshot хийгээд хадгалах гэхээр арай томдоод байдаг, бас дээр нь тэмдэглэгээ хийгээд хадгалчих хэрэгтэй байдаг, хаана хадгалах уу гэсэн асуудалтай тулгардаг үе ард хоцорчээ. Evernote webclipper нэмэлтийг ашиглан вэб сайтын нэг хэсгийг хайчлан, дээр нь тэмдэглэгээ хийгээд Evernote дээрээ хадгалах боломжтой. Мөн хуудсыг бүхлээр нь, эсвэл зөвхөн унших хэлбэрээр ч хадгалж болно. Goodbye, bookmarks. Hello, Web Clipper.

Танд ч бас бидэнд санал болгох extension-үүд байгаа л биз дээ? Сэтгэгдэл хэсэгт харамгүй хуваалцана гэж найдаж байна.

Нийтлэлийг бичсэн: Н.Энхжин

27483   17


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.