Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   02 сарын 27, 2016

"Азийн хүлэг улс" номын танилцуулга

Өнөөдрийн танилцуулах ном бол Л.Оюун-Эрдэнийн бичсэн "Азийн хүлэг улс" ном. Тэрбээр Харвардын их сургуульд төрийн удирлагын магистрын зэрэг хамгаалан өнгөрсөн жил Монголдоо ирсэн бөгөөд их сургуулийн судалгааны ажлаа энгийн уншигчдад зориулан хураангуйлж энэхүү номыг бүтээжээ.

Биднийг "Би хэрхэн ажилладаг вэ?" буландаа шог зураагч, Соёлын Гавьяат Зүтгэлэн С.Цогтбаяр ахыг урин ярилцаж байх үед тэрбээр энэ номыг уншихыг санал болгож байв. Үүний дараахан би энэ номыг олж авч уншсан юм. С.Цогтбаяр ах зураачаар нь ажиллаж, хавтасны дизайныг нь Hero Entertainment хийсэн энэ ном хэлбэрийн хувьд сонин содон бүтээл болсонтой адилаар агуулгын хувьд ч олзуурхмаар сайхан бүтээл болжээ.

Зохиогч их сургуулийн дипломын ажлаа “Азийн хүлэг улс” нэрээр хийсэн аж. Үндсэндээ номын гол санааг Монголын улсын хөгжлийн загварыг тодорхойлох гэсэн эрэл хайгуул гэж дүгнэж болохоор. Монголчууд бидний сэтгэлгээ, үнэт зүйлс, өв соёлд цог хийморь, жавхлан, хурдны хүчний бэлгэдэл болж явдаг домгийн гуурст хүлгийг бодож, 25 жилийн дараа Азидаа төдийгүй дэлхийд нэрээ мандуулсан, өндөр хөгжилтэй улс болохыг бэлгэдэн зохиогч номоо ийн нэрийджээ.

Номын тэргүүн “Доголон ардчилал” бүлэгт ардчиллын тулгуур ойлголтууд буюу хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, хуулийн засаглалын талаар, түүнчлэн тэгш бус байдал, дундаж давхаргынхан, популизм зэрэг сонирхолтой сэдвүүд хөвөрнө. Харин дэд “Түүчээ шувуу” бүлэгтээ удирдлага, манлайллын талаарх ойлголт, удирдагчийн ёс зүй, баримтлах зарчмын асуудлыг хөндөж, улстөрчдийг үнэлэх 5 гол шалгуурын талаар өгүүлсэн нь сонгууль дөхсөн энэ цаг үед тун ч мэдүүштэй хэрэг болжээ. Гутгаар “Цогтэрдэнэ” бүлэгтээ зохиогч үндэсний дүр төрх, суурь үнэт зүйлсийн талаарх өөрийн үзэл бодол, судалгааг дэлгэн тавьсан байна.

Харвардын их сургуулийн танхимд
бусад улсын оюутан залуустай өрнүүлсэн яриа хэлэлцүүлгээ сонирхуулж, тус их сургуулийн төдийгүй дэлхийн шилдэг профессор эрдэмтдийн судалгаа, эшлэлүүдийг толилуулж, олон ном эх сурвалжаас мэдүүштэй баримт, бусад орнуудын жишээ түүхийг арвин оруулж өгсөн нь бүтэн уншихад 1-2 цаг л шаардагдах энэ номыг улам сонирхолтой болгож өгчээ.

НОМЫН ХЭСГЭЭС: УЛС ТӨРЧИЙГ ҮНЭЛЭХҮЙ (72-Р ТАЛ)

Судрын чуулганд “Өөрийн биеийг ухааран мэдвээс өрөөл бусдыг тольдож чадмой” хэмээсэн бий. Энэ бөлгийг бичиж буй үндсэн зорилго бол бидний өмнө ярьсанчлан “Их дээд сургуулиуд”, “Хэвлэл мэдээллийн байгууллагууд”, "Бодлогын судалгааны хүрээлэнгүүд” улс төрчдийг хараат бусаар үнэлдэг нийгмийн соёл бүрдэхэд эхний сэдэл өгөхөд оршиж байгаа билээ. Ер нь улс төрчдийг үнэлдэг 15 орчим шалгуур үзүүлэлт давхардсан тоогоор байх бөгөөд хамтдаа гол таван шалгуурынх нь талаар товч авч үзье.

ХОЁР. Эс үйлдэхүй (Work Avoidance)

Хийх ажлаа хийдэггүй, хуулиар олгогдсон эрх мэдлээ хэрэгжүүлдэггүй улс төрчид хөшигний цаана нэр цэвэр үлдэх нь олон. Бид улс төрчийн эс үйлдэхүйн талаар төдийлөн ярьж хэвшээгүй. Өнөөдрийн нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлуудын ард хэний эс үйлдэхүй чимээгүй нуугдаж байгааг бид анзаарч хардаг уу?

Хөгжил дорой оронд удирдагчийн эс үйлдэхүй нийгэмд удаан хугацаанд хор уршиг учруулдаг ч түүнийг дүгнэхгүй, ярилцахгүй өнгөрөх нь олон.

Харин хөгжингүй орнуудын хувьд эс үйлдэхгүйг бараг "гэмт хэрэг"-тэй адилтгаж үздэг бөгөөд орон тоо бөглөн эрх мэдлээ хэрэгжүүлэхгүй байгаа улс төрчдийг туйлын хурцаар шүүмжилдэг.

Төрийн удирдлагын чиглэлээр суралцдаг магистрант аспирантууд, улс төр судлаачид, профессорууд хамтдаа том танхимд "хөл бөмбөг" мэт хамтдаа үзэж, дараа нь дүгнэлт хийдэг үйл явдал бол АНУ-ын ерөнхийлөгч жилд нэг удаа ард түмэндээ хандаж хэлдэг үг буюу State Union Address байдаг. Улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, ерөнхийлөгчийн гүйцэтгэл зэрэг олон зүйлсийг энэ үгнээс судлаачид дүгнэдэг бөгөөд дуусмагц нь сөрөг хүчин хариу тайлбар хийж байр сууриа илэрхийлдэг. Энэ уламжлал 1966 онд анх тогтсон байдаг.

Ерөнхийлөгч Барак Обамагийн үгийг ангиараа үзэж байв. Үнэхээр ч мундаг илтгэл болсон нь танхимд байгаа хүмүүсийн царай, сэтгэл хөдлөлөөс ил байв. Уламжлал ёсоор профессорууд, оюутнууд чөлөөт индэр дээр дүгнэлтээ хэлж эхлэв. Сонирхолтой нь академик дүгнэлт, танхимын уур амьсгалаас огт өөр байв.

Ихэнх судлаачид Ерөнхийөгч Обамаг эс үйлдэхүй хийж байна гэж буруутгав. Өөрийнхөө нэрээр нэрлэгдсэн эрүүл мэндийн даатгалын тухай үгийнхээ төгсгөл хэсэгт хэдхэн өгүүлбэр дурдсаныг улс төрийн байр сууриа, эс үйлдэхүй хийж хаацайлж байгаа үйлдэл гэж үзэв.

Тэр ч бүү хэл өнгөт арьстан, улс төр судлаач нэгэн бүсгүй, "Тэр Рональд Рейган шиг гүйцэтгэгч, Билл Клинтон шиг бодлого тодорхойлогч, Жон Кенниди шиг шинийг эрэлхийлэгч байсангүй, тэрээр АНУ-ын засгийн газрын тэргүүний хувьд, анхны өнгөт арьстан ерөнхийлөгчийнхөө хувьд ч олон зүйл дээр эс үйлдэхүй хийж байгаад харамсаж байна" гэж билээ.

Гадаад харилцаанд ерөнхийлөгчид буй эрх мэдлээ бүрэн хэрэгжүүлэхгүй байгаагаас улбаалж, дэлхий дахинд үзүүлж буй нөлөө багасаж байгааг тоо баримттай дурдав.

Зарим шүүмжлэгчид бүр өнгөт арьстануудын хувьд ч тэрээр эс үйлдэхүй хийж байна, анхны өнгөт арьстан ерөнхийлөгч гэдэг ч арьс өнгөөр ялгаварлах үзэл, эрх чөлөөний суурь үзүүлэлтүүд түүний үед өсөх биш, эсрэгээрээ унаж байгааг тайлбарлаж байсан юм.

Бид улс төрийн удирдагчдын эс үйлдэхүйг дүгнэдэг, түүнийг мэдээлдэг нийгмийн соёлыг бий болгох ёстой. Учир нь эс үйлдэхүй нүдэнд ил харагддаггүй учир "Өглөө" кинонд жанжин Д.Сүхбаатар бухимддаг шиг жинхэнэ эзэн нь сөрөг үр дүнгийн цаана нуугдаж үлдэх аюултай.

19488   8


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.