Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   02 сарын 26, 2016

"Оскар 2016"-аас хариултыг нь хүлээж буй онцлох 8 асуулт

Нэр хүнд, цар хүрээгээрээ кино ертөнцийн хамгийн том шагналд тооцогдох Оскарын наадам болоход хэдхэн өдөр үлдээд байна. Unread та бүхэнд энэ жилийн наадмаас хариултыг нь хүлээж буй онцлох асуултууд, онцлох үйл явдлуудыг танилцуулж байна. 

1. "Шилдэг кино"-оор аль нь нэрлэгдэх бол?

Энэ жилийн наадмын гол онцлог бол шилдэг киноны төлөөх өрсөлдөөн одоог хүртэл маш хүчтэй өрнөсөөр байгаад оршино. Оскарын шагналын өмнө зохиогддог, өнгө тодорхойлох учиртай сунгаануудад өөр өөр ялагчид тодорсоор байгаа нь эргэлзээг бүр ч их болгож буй. Продюсеруудын Холбооноос шилдэг киногоор дэлхийн санхүүгийн хямралын талаар өгүүлэх "The Big Short"-ийг, Найруулагчдын Холбооноос "The Revenant"-ийг (энэ киног үзээгүй, эсвэл ДиКаприо хэрхэн баавгайтай тулалддаг тухай сонсоогүй хүн бараг байхгүй болохоор илүүц юм нуршихыг хүссэнгүй), Жүжигчдийн Нэгдэлээс Бостон Глоуб сонины католик шашны институтийн эсрэг хийсэн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн талаар бодит түүхийг өгүүлэх "Spotlight"-ийг тус тус нэрлэсэн юм. Гэтэл кино шүүмжлэгчид аction төрлийн кинонуудыг шинэ түвшинд авчирсан гэх Mad Max: Fury Road-ийг тооцооноос хасаж болохгүй гэх. 4 кино эцсийн мөч хүртэл тэмцэлдсэн Оскар хэр их бол? Хэн нь шилдгээр нэрлэгдэх бол?

2. Леонардо ДиКаприогийн цаг ирсэн үү?

Леонардо ДиКаприо хамгийн анх удаа Оскарт нэр дэвшсэнээс хойш аль хэдийнэ 23 жил өнгөрчээ. Тэр энэ хооронд хулгайч, нисгэгч, тагнуулч, залилагч, хар тамхичин, энгийн нэг ядуу залуу, мөнгөө үрж ядсан цээж баян гээд төрөл бүрийн дүрийг бүтээсэн ч Оскарын шагналыг хүртэж чадаагүй л явна. Тэгвэл энэ жил тэр 5 дахь удаагаа нэр дэвшээд, эцсийн эцэст ялалт байгуулж чадах болов уу? The Revenant-д бүтээсэн амь тэмцэж буй эцгийн дүрээрээ тэр 20 хүрэхгүй мөр үгийг хэлсэн ч үйлдлээрээ түүнээс хавь илүүг өгүүлсэн билээ. Гэхдээ түүнд хэд хэдэн өрсөлдөгч бий. "Марсын хүн" М.Дэмон, "Дани бүсгүй" Э.Рэдмэйнээс эхлээд Т.Хэнкс, Б.Крэнстон нарын томчууд энд өрсөлдөж буй. "Алтан Бөмбөрцөг" хүртэнэ гэдэг Оскар авна гэсэн үг биш гэдгийг сайн мэдэх Лео энэ жилийн наадмын гол дүр байх нь гарцаагүй биз ээ.

3. Инарриту шилдэг найруулагчаар жил дараалан тодрох болов уу?

Оскарын наадмын гол шагналуудын нэг "шилдэг найруулагч"-аар 2 удаа дараалан тодорсон уран бүтээлч ердөө хоёрхон байдаг. Тэд бол Жон Форд (1940-41) болон Жозеф Манкиевиц (1949-50) нар юм. Тэгэхээр хамгийн сүүлд нэг найруулагч 2 жил дараалан Оскар хүртсэн тохиолдлоос хойш хагас зуун жил гаруй хугацаа өнгөрсөн гэсэн үг. Энэ бүхэн ирэх даваа гарагт өөрчлөгдөж магадгүй нь. Өнгөрсөн жил Birdman киногоороо ямар ч маргаангүйгээр шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн мексик найруулагч Алехандро Инарриту энэ жил амжилтаа давтах магадлал маш өндөр байна. Түүний найруулсан The Revenant киноны хүүрнэл, дүрслэл, зураг авалт, өгүүлэмж нь сүүлийн жилүүдэд харагдаагүй онцгой, өвөрмөц хэмээн үнэлэгдэж буй. Гэхдээ түүнд энэ удаад нэн хүчтэй нэгэн өрсөлдөгч байгаа нь Mad Max-ийн Жорж Миллер юм. Адал явдалт, action төрлийн киног "төгс" хэмжээнд нь тултал хийсэн жишээ гэгдэн үнэлэгдэж байгаа нь санамсаргүй хэрэг биш.

4. Ямар кино хамгийн олон шагнал хүртэх бол?

Энэ жилийн Оскарын шагналд Жэймс Бондын сүүлийн адал явдлаас эхлээд "Грэйн амьдралын 50 сүүдэр" (тийм ээ, та буруу уншаагүй, өнөөх Fifty Shades of Grey шүү дээ) хүртэл нийт 57 кино ямар нэгэн шагналд нэр дэвшиж буй. Гэхдээ тэдгээрээс хамгийн олон шагналыг аль нь хүртэх бол? The Revenant хамгийн олон буюу 12 төрөлд нэр дэвшсэнээрээ бусдыгаа манлайлж, Mad Max 10 төрлөөр удаалж буй. Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар энэ 2 киноны хооронд гол өрсөлдөөн өрнөх гэнэ. Зураг авалт, хувцаслалт, нүүр будалт, дууны найруулга гээд олон төрөлд сонирхолтой өрсөлдөөн өрнөх болно.

Том Харди энэ жилийн гол оддын нэг байлаа. Тэрээр хамгийн олон буюу нийлээд 22 шагналд нэр дэвшиж буй гол 2 кинонд хоёуланд нь дүр бүтээгээд байгаа билээ.

5. Диснэйг хэн, хэзээ зогсоох вэ?

Нээлтээ хийсэн эхний өдрөөс л ойрын жилүүдэд гараагүй оригинал санаатайгаараа гайхагдаж, олон сая үзэгчдийн хайрыг татсан Inside Out-ийг дийлэх анимэйшин, хүүхэлдэйн кино энэ жил лав гарсангүй. Диснэйн ноёрхол ахин үргэлжилж, бусад студиуд ч хүчтэй өрсөлдөгч болж чадах киног гаргаж чадсангүй. Тиймдээ ч та энэ төрөлд нэр дэвшсэн бусад кинонуудыг үзээгүй байвал өөрийгөө битгий зэмлээрэй. Энэ жил бидний сайн танил "Немогийн эрэлд"-ийн 2-р анги, асар их хүлээлттэй байгаа "Zootopia", дараа жил нь "Cars"-ийн 3-р ангийг гаргахаар төлөвлөж буй тэднийг хэн зогсоох бол? Сүүлийн 10 жилд ердөө 2 удаа л энэ шагналыг алдсан нь энэ төрөлд тэдний ноёрхол хэр хэмжээнд хүрснийг гэрчлэх биз ээ.

6. Крис Рок ямар сенсаци бэлдсэн бол? 

11 жилийн өмнө буюу 77 дахь удаагийн Оскарыг хөтөлж байсантай харьцуулахад арай "даруу", арай "алдартай" болсон Крис Рок 2 дахь удаагаа Оскарыг хөтөлнө. #OscarsSoWhite хүчээ авч буй энэ үед түүнээс илүү сонголт байгаагүй мэт сэтгэгдэл төрж байгаа ч жинхэнэ наадам дээр түүний ёжтой элэглэлүүд, хөгжөөсөн үзүүлбэрүүдийг хүмүүс хүлээж байгаа нь гарцаагүй. Эллений авсан сельфи Оскарын наадмыг нийгмийн сүлжээний хамгийн том "шоунууд"-ын нэг болгож хувиргасантай адил санаанд оромгүй үйлдэл түүнээс гарч мэднэ.

7. Хөгжмийн үзүүлбэрүүд бүх цаг үеийн хамгийн шилдэг нь болох уу?

Хариулт нь магадгүй. Хөгжмийн сайтууд энэ жилийн Оскарын хөгжмийн үзүүлбэрүүд урьд өмнөх жилүүдийнхээс илүү олон талтай, өвөрмөц уур амьсгалтай болж мэднэ хэмээн онцолж байна. Өнгөрсөн жилийн хамгийн эрэлттэй дуунуудын эзэн The Weeknd, хамгийн олон фентэй уран бүтээлчдийн нэг Lady Gaga, Бондын дууг амилуулсан Сэм Смит нар энэ жил Оскарын шагналд нэр дэвшсэн бүтээлүүдээ үзэгчдэд хүргэнэ. Үүнээс гадна Foo Fighters, Nirvana-гийн Дэвид Гроль тусгай оролцогчоор оролцох болсон нь мөн сонирхолтой. Шоуг жинхэнэ утгаар нь яаж хийдгийг хэнээс ч илүү сайн мэдэх эдгээр уран бүтээлчид бол Оскарыг үзэх хангалттай том шалтаг мөн. Үүнээс гадна бид алдарт хөгжмийн зохиолч Энио Морриконегийн анх удаа Оскар хүртсэн агшны гэрч ч болж мэдэх юм.

8. #OscarsSoWhite ямар нөлөө үзүүлэх бол?

Академиас энэ жилийн наадмын шагналуудад нэр дэвшигчдийг зарлахад ганцаарчилсан төрлийн топ 4 төрөлд нэг ч өнгөт арьстай жүжигчин багтаагүй нь олон хүний эгдүүцлийг хүргэсэн. 2 дахь жилдээ дараалан ийм байдал давтагдсан нь байдлыг бүр ч хурцатгаж орхисон юм. Тиймдээ ч Холливудын топ одод болон нийгмийн сүлжээний хэрэглэгчид энэ байдлыг эсэргүүцэн, дуу хоолойгоо хүргэж эхлэсэн юм. Үүнтэй холбоотойгоор энэ жилийн наадмаар "хүндэт шагнал" хүртэх учиртай байсан алдарт найруулагч Спайк Ли эсэргүүцлээ илэрхийлж, шагнал гардуулах ёслолд оролцохгүй хэмээн мэдэгдээд байгаа нь олны анхаарлыг татаж буй. 2012 оны байдлаар Оскарын шагналд санал өгсөн академийн гишүүдийн 94 хувь нь цагаан арьст, 77 хувь нь эрэгтэй байсан бөгөөд үүний хариуд 2020 оноос эхлэн академийн гишүүдийн бүтцийг илүү төлөөллийн зарчим дээр суурилсан байхаар дүрмийн өөрчлөлт хийхээр болжээ. Юутай ч наадмыг зохион байгуулагчид энэ болон бусад асуудлуудыг хэрхэн зохицуулах нь асуултын тэмдэгтэй хэвээр үлдэж байна.

Оскарын шагнал гардуулах ёслол Улаанбаатарын цагаар даваа гарагийн өглөө явагдах болно. Дээр дурдсан асуултуудаас гадна өөр олон асуултын хариулт биднийг хүлээж буй. Бидний хуучны танил С.Сталлоне "эргэн ирэлт" хийж чадах болов уу? Олны таамаглаж байгаачлан Бри Ларсон шилдэг эмэгтэй жүжигчнээр нэрлэгдэж чадах уу? Асуултын хариу тун удахгүй тодорно. Хамтдаа хүлээж сууя. Харин та сэтгэгдэл үлдээх хэсгээр дамжуулан өөрийн таамаглал, сонирхож буй зүйлсээ бичиж, хэлэлцүүлэг үүсгээрэй.

31776   8


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.