Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   02 сарын 25, 2016

Танд эрч хүч, урам зориг өгөх 6 вэбсайт

Эрч хүч, урам зориг, онгод дутагдах үе хааяа тохиолддог. Unread яг ийм үед тань туслах вэбсайтуудыг өнөөдөр танилцуулж байна. Өөрийгөө байнга эрч хүч, урам зориг, онгодоор сэлбэгдэж байхыг хүсвэл та энэ нийтлэлийг уншаарай. Энгийн үедээ ч гэсэн өдөртөө заавал нэг удаа өөртөө цаг гарган эдгээр вэбсайтаар зочилж байхад илүүдэхгүй шүү. 

TED

TED.com-ийг мэдэхгүй хүн цөөн байх. Дэлхий даяар орон оронд, мөн TEDx хэлбэрээр их сургууль, муж, дүүрэг, компани гээд төрөл бүрийн газар, янз бүрээр зохион байгуулагддаг уг конференц нь технологи, энтертайнмент, дизайн, нийгэм, шинжлэх ухаан, боловсрол зэрэг олон сэдвийг хамардаг. Уг вэбсайтаас орж илтгэгчдийн бичлэгийг subtitle-тай нь үзэх боломжтой

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?
"Айлын хүүхдүүд" ямар мундаг сэтгэж, бодож, бүтээж байгааг сонсож эрч хүчээр бялхахыг хүсвэл зочлоорой.

DUMB LITTLE MAN

Анх 2006 энгийн нэгэн блогоор эхэлж байсан Dumb Little Man вэбсайт одоо 17 сая хандалт авсан томоохон онлайн мэдлэгийн суваг болтлоо өргөжжээ. Амьдралыг улам аз жаргалтай болгох, амжилт, мөнгө санхүүгээ ихэсгэх, бүтээмжээ дээшлүүлэх, эрүүл амьдрах талаар голлон нийтэлдэг уг сайтаас та өөрт хэрэгтэй олон төрлийн нийтлэлийг олох болно. Одоо болтол блог хэлбэрээр бичигддэгээрээ онцлогтой.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?
Амьдралд хэрэгтэй нэг сайхан нийтлэл уншмаар санагдвал ороорой.

STARTUP QUOTES BY STARTUP VITAMINS

Гарааны бизнесүүдэд зориулсан төрөл бүрийн постер, аяга, цамц, футболка хийдэг Startup Vitamins компанийн Startup Quotes хэмээх буланг онцолж байна. Уг буланд дэлхийн шилдэг гарааны бизнесүүд болон тэдгээрийн үүсгэн байгуулагчдын хэлсэн эшлэлүүдийг шэйрлэх боломжтой зураг хэлбэрээр байрлуулдаг.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?
Бизнес, ажил төрөл нэг л хэцүү байгаа мэт санагдсан үедээ ороод гүйлгээд харахад сэтгэл чинь сэргээд л ирнэ.

DESIGNSPIRATION

Designspiration.net нь дизайнеруудад урам зориг, эрч хүч, онгод хайрлах зориулалттай вэбсайт бөгөөд зөвхөн шилдэг, чанартай бүтээлүүдийг байрлуулдгаараа онцлогтой. Сонирхогчид, хоббистуудын хийсэн элдэв янзын болох болохгүй ажлуудыг та харахгүй зөвхөн шилдгүүдийг л харах болно.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?
Дизайн хийх гэтэл онгод тань орохгүй байвал энэ вэбсайт руу орж өөрийгөө цэнэглээрэй.

MY MODERN MET

My Modern Met нь үндсэндээ сэдвээс хамааралгүй урам зориг хайрлах нийтлэлүүдийг оруулдаг. Эндээс та малын хашааг тансаг зэрэглэлийн орон сууц болгосон тухай, 3D принтерээр хэвлэсэн үнэт эдлэл, аутизмтай хүүхдэд хань болдог үнэнч нохойны талаар гээд л бүх төрлийн нийтлэлүүдийг олж болох бөгөөд аль ч нийтлэл нь танд эрч хүч бэлэглэнэ гэдэгтэй мөрийцсөн ч бэлэн байна.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?
Урам зориг хэрэгтэй байгаа үедээ зүгээр л ороод үз.

BEHANCE/DRIBBBLE

Энэ 2 сайтыг бараг бүх вэб дизайнер, график дизайнерууд мэддэг гэхэд хилсдэхгүй. Агуулга, нэр хүндийн хувьд ойролцоо тул аль нэгийг нь онцолсонгүй хоёуланг нь нэг дор оруулж байна. Behance нь алдарт Adobe компанийн эзэмшилд байдаг бөгөөд Adobe-ийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд дөхөм байхаар шийдэгдсэн. Dribbble нь дизайнераас дизайнерт зориулж хийсэн гэдгээрээ онцлог гэгддэг. Учир нь уг сайтын гишүүн болохын тулд заавал гишүүн хүний урилга шаардлагатай байдаг юм.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?
Та график дизайны болон вэб дизайны бүтээлүүдийг харж урам зориг авмаар байгаа бол үүгээр зочлоорой.

Уншигч та ямар вэбсайтуудаас урам зориг, эрч хүч авдаг талаараа бусадтай хуваалцаж хэлэлцүүлэг өрнүүлээрэй.

40690   5


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.