Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Бизнес Зөвлөгөө   02 сарын 22, 2016

Бүтээгдэхүүний тойм: Samsung Galaxy A7

Зах зээлд борлуулсан ухаалаг гар утасны тоогоороо дэлхийн зах зээлд манлайлсан Самсунг компани 2016 оны хамгийн эхний бүтээгдэхүүнээ танилцууллаа. Энэ бол Galaxy A цувралын утаснууд юм. Өнгөрсөн оны эхэнд анх удаа танилцуулагдсан Alpha цуврал Самсунгийн өмнөх цувралуудтай харьцуулахад дизайн болон технологийн хувьд хэд хэдэн онцлох өөрчлөлтүүдийг хийн, олны анхаарлын төвд орж байв. Тэгвэл хэрэглэгчдийн санал сэтгэгдлийг илүү тусгаж, нэмэлт сайжруулалтуудыг хийсэн гэгдэж буй 2016 оны загварууд дундаас Galaxy A7-той танилцсан тойм сэтгэгдлээ Unread та бүхэнтэй хуваалцаж байна.

Ямар давуу талуудтай вэ?

Хамгийн онцлох давуу тал нь дизайн. Маш нимгэн (6.3 мм), гэхдээ металл ба шилийг хослуулсан гадаад үзэмжээрээ энэ утас танд “тансаг” мэдрэмжийг төрүүлэх болно. Нэг ёсондоо та утсаа оролдоод суугаад л баймаар, бариад яваад л баймаар сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө. Утас бүхэлдээ шилэн гадаргуутай учир “юм” барьсан юм шиг харагдах нь гарцаагүйгээс гадна хүрээ нь онгоцны металл гадаргуугаар хийгдсэн тул бат бөх чанар нь улам нэмэгджээ. Багахан хугацаанд ашиглаж үзээд сэтгэгдлээ хуваалцахыг хүссэн хэд хэдэн хүн бүгд нэгэн дуугаар “чамин”, “үзэмжтэй” зэрэг үгсийг хэлж байсан юм. Дэлгэц нь зурагддаггүй шилээр хийгдсэн гэсэн ч туршиж үзэх “зориг” хүрсэнгүй.

Дараагийн онцлох зүйл нь баттерейны багтаамж. A7-ийн 3300 mAh гэсэн үзүүлэлт нь iPhone 6S-ийн 1715 mAh-ээс бараг 2 дахин, S6-ийн 2500 mAh-ээс мэдэгдэхүйц сайжирсан утгыг илэрхийлнэ. Үнэхээр ч энэ утсыг 3 хоногийн турш хэрэглэн, хүмүүст үзүүлэн, ярилцаж суухад нэг ч удаа цэнэглэх шаардлага гарсангүй. Цэнэглэгчийг нь авахаа мартсандаа санаа зовж байсан зовнил эхний өдрөө л арилсанд гайхах зүйлгүй. Үргэлж дуудлага авч, интернетэд холбогдож, утастайгаа харилцаж байдаг хүмүүст нэн тохиромжтой. 24-36 цагийн турш баттерейгаа хадгалах боломжтойгоос гадна тун хурдан бүрэн цэнэглэгддэг давуу талтай гэнэ.

Хэдий би гэрэл зураг авах “авьяас”-ын хувьд маруухан ч гэлээ илүү тод, чанартай гарч буй өөрийн авсан зурагнуудаа хараад өөртөө итгэх итгэл минь эрс нэмэгдэв. Үнэхээр ч зураг бүдэг гарахаас сэргийлсэн OIS технологиос эхлүүлээд, харанхуй орчинд зураг авахад зохицсон линз зэрэг олон нэмэлтүүд энд шингэжээ. Урд талын камер 5 мегапиксел, хойд талын камер 13 мегапиксел аж. Home товчоо 2 дараалан хурдан дарахад секундээс ч богино хугацаанд камер нь нээгдэж буй нь бас л “күүл” санагдав.

Мэдээж RAM нь сайжирч, дэлгэцийн нягтрал ч өндөр түвшинд хүрсэн учир төрөл бүрийн тоглоом тоглох, видео хурал хийх, бичлэг үзэх, оффисийн програмууд ажиллуулах зэрэгт санаа зовох хэрэггүй болжээ. 5.5 инчийн том дэлгэцтэй гэхэд 172 грамм жинтэй тул хөнгөн гэж хэлж болно.

Ямар сул талтай вэ?

Бусад Самсунгийн утаснуудаас ялгаатай нь баттерей нь авагддаггүй юм байна. Нөгөө талаар тансаг, чамин гадаргуу нь хэрэглэж эхлэхэд гарнаас мултарч, хальтарч уначих гээд байгаа мэт бага зэргийн “эвгүй” сэтгэгдэл төрүүлж байсныг дурдъя.

Яагаад авах хэрэгтэй вэ?

Зах зээлд төдийлэн түгээмэл бус, шилмэл загварын гэж хэлж болохуйц загварын гар утас сонирхож буй бол энэ таны сонголт мөн. Бизнесийн орчинд энэ утас таны хэрэглээ болон нэр төрийн баталгаа болох боломжтой.

Андройд үйлдлийн системтэй, том дэлгэцтэй тул ямар ч апп, тоглоомыг бүрэн утгаар нь хэрэглэж болно. Хамгийн их ачаалдаг, хамгийн өндөр нягтрал шаарддаг апп-уудыг ямар ч асуудалгүй ажиллуулна. HD бичлэг хийдэг, хурдан фокус тааруулдаг, олон төрлийн нэмэлтүүд, филтерүүдтэй учир утсаараа зураг их авдаг, бичлэг хийдэг хүмүүст нэн тохиромжтой. A7 утсыг Юнителийн үндсэн салбаруудаар хүүгүй лизинг, хөнгөлөлттэй үнээр худалдаалж байгаа бөгөөд хэрэглэгчид өөрсдийн хэрэглээнд тохируулан А3, А5 зэрэг утаснаас мөн сонголтоо хийж болох юм. Эдгээр гар утасны дэлгэрэнгүй үзүүлэлтүүд болон лизингийн нөхцөлийн талаар эндээс мэдээлэл аваарай.

33475   7


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.