Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   02 сарын 17, 2016

"Би хэрхэн ажилладаг вэ?" - Гэгээ коллежийг үүсгэн байгуулагч, орчуулагч Д.Болдбаатар

Манай өнөөдрийн зочин бол өвөрмөц ажлын арга барилтай, хөдөлмөрч нэгэн. Хятад хэлний хэмээн олноо хүндлэгдсэн нэрт орчуулагч, “Гэгээ” коллежийг үүсгэн байгуулагч, зөвлөх багш, PhD Д.Болдбаатар гуай өнөөг хүртэл 30 гаруй ном, 1400 анги кино хөрвүүлж, заах аргын онцгой арга барилаараа олон зуун шавь төрүүлжээ. Үүн дотор “Чонон сүлд” роман, “Гурван улсын үлгэр” зэрэг сонгодог зохиолууд, “Хуанжу Гэг”, “Чингис хаан” зэрэг олон ангит кинонууд багтдаг гэхээр урд хөршийн оюун ухаан, урлаг соёлын гол бүтээлүүдтэй бид энэ хүнээр дамжуулан танилцдаг гэсэн үг юм. Орчин цагийн хүн атлаа гар утас мэтийг огт ашигладаггүй тэрбээр энэ их ажлыг хэрхэн амжуулдаг юм бол?

Байршил: Улаанбаатар, Монгол
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: Гэгээ коллежийн зөвлөх багш, хятад хэлний орчуулагч
Таны ажиллах арга барилыг ганц хоёр үгээр тодорхойлбол: Зөнгөөрөө, тааваараа
Хэрэглэдэг гар утас: Байхгүй. Гар утсыг огт хэрэглээгүй, энэ нь миний амьдрах хэвшил, ертөнцийг үзэх үзэлтэй холбоотой.
Хэрэглэдэг компьютер: Зусландаа Dell, гэртээ Acer, ажил дээрээ зөөврийн Lenovo хэрэглэдэг. (Ажлын гол хэрэгсэл гэдэг утгаар аль болохуйц сайн үзүүлэлттэй компьютер хэрэглэхийг хичээдэг. Гэхдээ нэг худалдаад авчихсаны дараа гарт ороод дасчихдаг учир сольж шинэчлэх төдийлэн дургүй.)
Сошиал аккаунтууд: Boldbaatar Dorjsuren (фэйсбүүк)

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Би өөрөө их тааваараа, зөнгөөрөө ажилладаг. Буддын шашинд "даган баясах" гэсэн ойлголт бий. Нэг гуйлгачин бурхан багшийг ном хурж байхад хажууд нь даган баяссаар, бурхан багштай адилхан буян хурааж байсан тухай домог бий. Манай дийлэнх хүмүүс энэ утгаар даган баясах аргын ач тусыг мэддэг. Тэгвэл Бурханы шашинд "төөрөг дагах" гэдэг өөр маш чухал тустай арга байдгийг би өөрийн ажил амьдралд хэрэгжүүлэхийг хичээдэг. Төөргийн аясыг дагана гэдэг нь тэгнэ, ингэнэ гэлгүйгээр зөв сайхан яваад бай, тэгвэл аяндаа хийх ёстой зүйлс зөнгөөрөө ундарч гарч ирээд байдаг гэсэн үг л дээ.

Миний үндсэн ажил багш учраас өдрийн ихэнх цагийг сургууль дээрээ, шавь нартайгаа өнгөрүүлдэг ч бусад үед өөрийн дур сонирхлоор орчуулгын ажил хийдэг юм. Ер нь оюуны хөдөлмөр эрхэлж буй хүмүүс өөр өөр ажлыг сольж хийгээд байвал тархи толгой тэр хэрээр амардаг гэлцдэг нь үнэн үг бололтой дог шүү. Тийм ч учраас миний хувьд өвөл болон зуны амралтаар орчуулгадаа сайн төвлөрч, эрч хүчтэй ажиллахыг хичээдэг. Ажил хөдөлмөрөө баяр бахдал болгож хийдэг учраас түүртэх зүйлгүй, ядрах нь бага байдаг даа.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшнүүдээсээ нэрлэнэ үү?

Өвөр монголчууд кирилл бичиг, монгол бичгийн харилцан хөрвүүлгийн програм гаргасан байна. Түүнийг ойрын үед ашиглаж байгаа. Кириллээс монгол бичиг рүү хөрвүүлэхдээ дажгүй сайн юм билээ.

Дээр нь Typing Assistant гэж програмыг ашигладаг. Би өөрөө арван хуруугаараа бичдэг, дундаж бичээчээс хурдан цохьдог ч гэсэн сайн програмын ачаар шивэлтийн хурд улам л нэмэгдэж байна. Бичиг номын ажил хийдэг хүмүүст бол их хэрэгтэй, хэчнээн хурдан бичдэг хүн байлаа ч дор хаяж л хурдыг 10 хувь нэмнэ.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү? 

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Цаг хэмнэнэ гэхээр юунд цаг зарцуулж байгаагаа сайн бодох хэрэгтэй. Сүүлийн үед залуус цаг наргүй зурагт үзэх, компьютер дээр суух, бүр цаашлаад фэйсбүүкт донтох гэх мэтээр цагаа дэмий үрж байгаа нь ажиглагдах болж. Хэлд ч орж амжаагүй нялх хүүхэд гар утас нэхэж, уйлж байх жишээтэй. Мэдээллийн технологи гэдэг бол хоёр иртэй хутгатай адил гэж би их хэлдэг. Хутгаар ногоо хэрчиж, мах хөшиглөх зэргээр өөрт ашигтай зүйлээ хийж болох ч хуруу гараа байнга эсгээд байвал яах вэ? Үүнтэй адил мэдээллийн технологийн ололт дэвшлийг зөв зохистой хэрэглэх хэрэгтэй.

Залууст гурван эрдэнэ бий гэж би шавь нартаа хэлдэг юм. Хүмүүн заяа, билиг оюун, цаг хугацаа. Дэлхийн хамгийн баян хүн бүх хөрөнгөө өгөөд ч чамаас залуус насны чинь нэг ч секундыг авч чадахгүй шүү дээ. Хүний хамгийн үнэтэй бөгөөд хэн ч, юу ч амлаад, яаж ч гуйгаад чамаас булааж авч чадахгүй зүйл бол цаг хугацаа. Харамсалтай нь энэ нандин зүйлээ олон зүйлд дэмий үрж сүйдэлж байгаа нь анзаарагдах юм. Тэгэхээр "дэмий" хэрэглээнээс зайлсхийх нь цаг хэмнэж байгаа хэрэг гэж би боддог.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Тусгайлан төлөвлөж бичээд байдаггүй. Заах хичээлүүдийн хуваарь, уулзалтын тов зэргийг туслах маань гаргаад өгчихдөг.

Та орчуулах номоо хэрхэн сонгодог вэ? 

Орчуулагч хүний хувьд өөрийн гэсэн баримтлах зарчимтай. Садар самуун, дайн дажин, ёс бус зүйл сурталчилсан зохиол орчуулахгүй гэх мэт. Дээр нь дэлхийн болон Хятадын уран зохиолын чиг хандлагыг цахим сүлжээгээр олоод үзчихдэг учир түүн дээрээ үндэслэж номоо сонгох нь элбэг. Сүүлийн үед орчуулгын захиалга олноор ирж байгаа ч зөвхөн мөнгө орлого хөөгөөд байвал төдийлөн оновчтой биш. Болж өгвөл үеийн үед уншигдах, хүүхэд залуусын хүмүүжил боловсролд тустай, нийгэмд үнэ цэнэтэй үзлийг бий болгож чадах бүтээлүүд орчуулахыг эрмэлзэж явдаг. Багш минь хэлдэг байсан юм, "нэг номыг дуусгахад, нөгөө номын хийморь сэргэдэг" гэж. Үнэхээр л нэг том ажил дуусгалаа гээд суухад өөр нэг ном орчуулах санаа төрчихсөн л байдаг юм. Гэхдээ орчуулагч, уран бүтээлчид санаагаа үргэлж зарлаад байдаггүй л дээ. Дорно дахинд том бүтээлийг нууцгай байлгавал хурдан бүтдэг ч гэж ярьдаг. Ний нуугүй хэлэхэд нас явахын хэрээр ард нь гарахын аргагүй их ажил харагдаад байдаг болчихдог юм байна. Гол нь түүнээс хүнд хэрэгтэйг нь шуурхай түргэн орчуулж хүргэх л уран бүтээлч хүний нийгмийн үүрэг юм даа.

Таны заах арга барил, сургалтын төвийн гол онцлог юу вэ?

Хүний сэтгэлтэй тулж ажилладаг гэдгээрээ онцлогтой гэж хэлж болно. Төрөө засахын тулд гэрээ зас, гэрээ засахын тулд биеэ зас, биеэ засахын тулд эрдэм сур, эрдэм сурахын тулд сэтгэлээ тогтоо гэдэг. Хамгийн чухал дөрвөн зүйлийн зангилаа сэтгэл тогтоход оршиж байна шүү дээ. Тиймдээ ч эхлээд сэтгэлийг нь тогтоож, засахад чиглэж, хичээлээ эхэлдэг. Сэтгэл тогтохгүйн үндэс бол цагийг сүйтгэдэг үйл юм. Хувийн зохион байгуулалттай, дэгтэй байвал сэтгэл их амархан тогтдог.

Бид суралцагсдаа дүрэмгүй, шинэ үггүй, даалгаваргүй, дүнгүй, шалгалтгүй зөнгөөр нь сургадаг. Сонсоод л айдаг юмыг нь байхгүй болгочихвол баяр баясал төрөөд, сурах хандлага нь ч огт өөр болчихдог юм.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ? 

Заах аргын хувьд монгол хүнд тохирсон гадаад хэл сурах хялбар хийгээд өвөрмөц арга барилыг олсон гэдгээ хамгийн түрүүнд хэлэх хэрэгтэй болов уу гэж боддог. Англи хэлийг суръя гэвэл дөрвөн жил хэрэгтэй, япон хэл суръя гэвэл залуу нас хэрэгтэй, хятад хэл суръя гэвэл бүх нас хэрэгтэй гэсэн яриа гадуур ихэд тархсан байдаг. Гэтэл манай сургалтын төвд 10 хоног явсан хүн 3 ном зэрэг уншиж, түүнийхээ талаас ихийг ойлгоод эхэлж байгааг та бүхэн тэдэнтэй газар дээр нь уулзаж харлаа шүү дээ. Ийм үр дүнг нүдээр үзэхээс нааш тэр болгон хүмүүс итгэхгүй байж мэднэ.

Хурдан орчуулдгийг мөн дурдаж болно. Зарим романыг долоон хоногт л орчуулдаг. "Чонон сүлд"-ийг бол 26 хоногт орчуулсан. Хүчээ нөөж байгаад л нэг сайн дайраад 70-80 хувийг нь гүйцээчихдэг юм. Үүний дараа тааваараа дуусгадаг арга барилтай.

Мөн арван хуруугаараа хурдан бичнэ шүү. Оюутан байхад Чой.Лувсанжав багш минь монгол хэлээ сайн сур, хятад хэлэндээ сайжир, орос хэлтэй бол, англи хэл сур гэх мэт 10 чадварыг өөртөө суулга гэж захьдаг байлаа. Хэдий би бүгдийг нь суулгаж чадаагүй ч монгол хэлээрээ хурдан цохих чадварыг эзэмшсэн шүү.

Таны хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

12 толь бичиг зохиож, 32 ном орчуулснаараа бахархдаг хэдий ч хамгийн том бүтээл минь миний хэдэн шавь нар гэж боддог. Тэднээрээ, сургалтын арга барилаараа дамжуулж залуу үед хүмүүжил, эрдэм мэдлэг түгээж байгаа минь нийгэмдээ оруулж байгаа миний хамгийн том хувь нэмэр төдийгүй хамгийн том бүтээл гэж хэлнэ дээ.

Орчлонгийн хамгийн бэрх ажилтай хүн бол бараг би байх гэж хааяа шавь нартаа тоглоом болгон хэлдэг юм. Учир нь аливаа зүйлсийг сурахын өмнө дийлэнх суралцагч өөрөө өөртөө зохиомол айдсыг буй болгочихсон байдаг. Хүний сэтгэлээс айдсыг арилгаж, амарлингуй байдлыг бий болгоно гэдэг амаргүй ажил. Олон жил багшлаад ирэхээр анги дүүрэн суралцагсдын сэтгэлийн доторх тэрхүү зохиомол айдас тийм гэхийн тэмдэггүй хүнд энерги маягтайгаар мэдрэгдээд байдаг. Тийм үе 3-7 хоног үргэлжилдэг л дээ. Тэгээд тэдний айдас дарагдаад алга болохоор түүнийг дагалдаад тодорхой үр дүн мэдрэгдээд ирдэг нь сайхан шүү. Хүнтэй ажиллана, хүний сэтгэлтэй ажиллана гэдэг хэдий хэцүү ч нэр төрийн, их бахархалтай ажил.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Сүүлийн үед зэрэг зэрэг олон ном орчуулах дадалтай болж байна. Нэг дээр ажиллаж байгаад жаахан залхаж ядарвал нөгөө рүү нь ороход зүгээр байдаг. Яг одоо бол Хятадын уран зохиолын дөрвөн том оргилын нэгт тооцогддог "Хүйтэн уулын бичээс" -ийг орчуулаад, хэвлэхэд бэлтгэж байна. 2000 гаруй хуудастай том бүтээл. Мөн Тансан ламын аялал буюу "Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл"-ийг орчуулж байгаа. Инжинашийн алдарт бүтээл "Нэгэн давхар асар" хэмээх романыг мөн хөрвүүлж байна. "Монгол үндэстний дөрвөн эрдэмтэн" гэж номыг орчуулахаар төлөвлөж байгаа.

Та ажиллаж байх үедээ ямар хөгжим сонсдог вэ? 

Хааяа ардын дуу сонсдог. Сэтгэлээ тогтооход хөгжим их сонсох нь тийм ч эерэг нөлөөтэй биш гэж үздэг. Гар утас ашигладаггүй, зурагт үздэггүй зэрэг минь ч үүнтэй холбоотой.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Яг одоо "Монгол үндэстний дөрвөн эрдэмтэн" гэдэг зохиолыг уншиж байна. Манайханд их хэрэгтэй жишээ, түүх гардаг ном. Хятадын талаарх манайхны "буруу зөрүү" ойлголтыг залруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлөх боломжтой гэдэг утгаар манай шинэ залуу улс төрчид төдийгүй өргөн олон уншигчид энэ номыг хэвлэгдэн гарсан хойно уншихад гэмгүй шүү гэж хэлмээр байна. "Гурван улсын үлгэр"-ийг бол бүр бага залуугаасаа их олон удаа байнга уншдаг. Мөн бурханы зохиол, судруудыг харах дуртай. Очир огтлогч буюу Доржзодов судрыг онцолъё.

Бусад хүмүүстэй харьцуулахад хэт олон ном уншдаггүй байж мэднэ. Дээхнэ үед босго өндөртэй, сайн чанартай ном хэвлэгддэг байсан бол одоо эсрэгээрээ болчихсонд эмзэглэж явдаг. Нээгээд л харахад үг үсгийн, утга зүйн баахан алдаа байх нь энгийн үзэгдэл болж. Түүнээс ухаарал, эрдэм, мэдлэг, мэдээлэл авах биш, их уншаад байвал залуу уншигчид бүр балай болж мэдмээр зохиол харагдах болсон байна. Тийм учраас тэр бүгдийг уншаад байх нь ямар нэмэртэй билээ. Энэ байдлаас гарах гарц нь гадаад хэл дээр ном унших явдал юм даа.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Энд тэнд шатар нүүж байгаатай тааралдаж мэднэ. Саяхан нэг хуурай дүү маань шатрын клуб нээсэн. Тэнд их тоглож байгаа. Завтай үедээ бас интернетээр тоглоно. Тэмцээн уралдаанд оролцдог, чансааны оноо маань 1800 орчим. Шатар тоглодог хүн зөнөдөггүй гэдэг. Саяхан нэг тэмцээнээр 91 настай, улсын аварга болж байсан өвөөтэй нүүсэн. Ухаан санаа, бодож сэтгэж байгаа нь гайхамшигтай байсан шүү.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Бусадтай харьцуулахад дотогшоо талдаа хүн. Гэхдээ дөрвөн темпераментийг сайн муу гэж ялгадаггүйтэй адил гадагшаа, дотогшоо хүнийг ч тэгж ялгах аргагүй. "Тансан ламын сургааль"-д "Дэмий балай үг их ярихын хэрээр хийморь сүлд доройтож байдаг" гэсэн үг гардаг юм. "Бодлогогүй, чалчаа хүн зөвхөн өөрийнхөө тэнэг дуу хоолойг сонсдог" ч гэдэг. Түүнтэй адил дуугүй байна гэдэг сэтгэлийн хүчийг хурааж байгаатай адил гэж үзэх нь бий. Гэхдээ энэ нь өөрийгөө гадагш илэрхийлэхгүй, хойш суугаад байна гэсэн үг биш.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Нойронд бол харьцангуй чөлөөтэй. Арай залуу байхад шөнө 00 цагт унтаад өглөө 05 цагт сэрдэг байлаа. Өдөртөө 20-30 минут дуг хийчихнэ. Ингэхээр ерөөс ядрахгүй, эрч хүчээ алдахгүй байдаг юм. Хурдан унтаж, хурдан сэрдэг. Одоо бол өглөө 07-08 цагийн хооронд сэрдэг болжээ. Өдөр дуг хийчихдэг хэвээрээ.

"Хуаньжу Гэг" олон ангит киног ид орчуулж байх үед сонин сэтгүүл дээр "Д.Болдбаатар орчуулагч хоногийн 23 цагт нь ажиллаж байна" гэж хүртэл гарч байлаа. Сэтгүүлчид яриа авъя гэхэд нь шөнө 02 цагийн үед, эсвэл өглөө үүрээр ир гэж хэлдэг байсан болохоор тэгж бичсэн байж таарна.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

Хятад хэл сурсны минь гол бахархал бол хятад хэлээр бурханы сургаал уншиж чаддаг болсон явдал гэж боддог л доо. Заримдаа ядарсан, сэтгэл гундсан үедээ Бурхан багш Найранзана мөрний хөвөөнөө 6 жилийн турш хатуужил бясалгал хийж байсантай өөрийгөө зүйрлээд би гэдэг хүн ийм сайхан орчин нөхцөлд өдийхөн зүйлийг хийх юухан байхав дээ гээд бодчихоор сэтгэл сэргээд ирэх шиг санагддаг. Бас насан турш хатуу үйлээр замнаж буй биеэрээ Бурханы хутгийг олж чадсан Миларайва богдын тууж зохионгуйг унших бүрд их эрч хүч өгдөг дөө.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Дөнгөж 30 гарчихсан, шашин шүтлэг гэж элдэв юм боддоггүй байх үедээ олон улсын нэг хуралд суух болсон юм. Таван одтой зочид буудалд, өргөн орон дээр ням гарагийн тэр нэгэн өглөө. Сайхан орчин. Гэвч сэтгэл санааны хувьд нэг л гундуухан, явах зүг чиг тодорхой бус, тийм үе байсан санагдана. Гэтэл хажуу тийшээ хартал нэг ном байж байна. "Бурхан багшийн гэгээн сургааль" гэж ном байсан юм л даа. Эргүүлж үзээд ганц хуудас унштал тэндээс миний амьдралыг асар их өөрчилсөн зүйлсийг олж уншсан.

"Сэтгэлээс бүх зүйл үүдэлтэй. Сэтгэл чамайг бурхан ч болгож чадна эсвэл чөтгөр ч болгож чадна. Сэтгэлд л бүх зүйлийн оньс бий шүү" гэсэн үг үсэгнүүд хөвөрч байлаа. Тэр номонд зүгээр нэг мухар сүсгийн холбогдолтой гэмээр зүйл нэг ч үгүй. Тухайлбал тийм тарни уншаад тэд алхаад шүдэнз зураад хүслээ шивнэн үлээ ч гэх юм уу? Зүгээр л хүн өөрийн сэтгэл рүүгээ байнга өнгийж, өөрийгөө хөгжүүлэх тухай сургаал ном шиг санагдсан нь их сайхан байсан шүү. Түүнээс хойш Бурханы номтой сайхан ерөөл барилдлагатай болсон гэж боддог.

Би 2 номыг их дээдэлдэг. Эхнийх нь дээр дурдсан "Бурхан багшийн гэгээн сургаал". Нөгөөх нь" Ялахуйн ухаан" гэж нэртэй ном байсан юм. Уг номонд дэлхийн тэргүүн баячуудын амжилтанд хүрсэн зам мөрийн тухай бичсэн байдаг юм. Тэр номыг уншиж байхад дийлэнх нь анх туйлын ядуу хүмүүс байсан юм билээ. Тэдний гарааны шугамыг өөртэйгөө харьцуулаад үзэхээр надаас нэг их дээрдэхээргүй ч юм шиг. Хажууд нь би гэдэг хүн байр сууцтай, хоол ундны асуудлаа шийдчихсэн байв. Гэвч тэд нэг л чанараараа надаас илүү байсан нь "туйлбартай" зан болж таарсан. Тэд нэг л зүйлийг харсан бол тийшээгээ тууштай, туйлбартай зүтгэсээр амжилтандаа хүрсэн нь ойлгогдоод ирсэн. Гэтэл миний байдал яг л эсрэгээрээ буюу ийш тийш олон зүйл рүү үсчиж байсан бөгөөд энэ байдлаа олж хараад засаж залруулахыг хичээх болсон доо.

Энэ булангийн дараагийн зочноор хэнийг оруулж, ажлын арга барилтай нь танилцмаар байна вэ?

Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институтийн захирал Г.Сүглэгмаатай ярилцаад үзвэл сонин сайхан яриа өрнөнө гэж бодож байна. Хүний хөгжил хэмээх нийгмийн хамгийн гол салбарын жинхэнэ гал тогоотой зууралдаж байгаа, өөрт оногдсон нийгмийн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа залуу хүний төлөөллөөс та бүхэн их сонин сайхан зүйлсийг олж дуулах нь лавтай. Бас Монголын боловсролын салбарт өрнөж байгаа өөрчлөлт шинэчлэлийн агуулгыг уншигч олондоо ойлгуулахад тустай болов уу гэж бодож байна.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

122463   25


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.