Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   02 сарын 14, 2016

7 хоногийн тойм: Таталцлын долгион + Цагаан сар + Супер Боул

Энэ долоо хоногийн онцлох зураг: Хятадын нэрт уран бүтээлч Ай Вэйвэй Европын холбооны улсуудын Сирийн дүрвэгсдийн хямралд үзүүлж буй хариу үйлдлийг шүүмжлэн, Берлиний концертийн их танхимын баганыг 14000 гаруй улбар шар өнгийн амь аврах өмсгөлөөр бүржээ. Тэрбээр Грекийн Лесбос арлын эргээс амь дүйсэн аяллын дараа Европт хөл тавьж буй мянга мянган дүрвэгсдийн тайлж орхисон амь аврах өмсгөлийг цуглуулан уран бүтээлээ туурвисан нь энэ аж.

Сар шинийн баяр тохиолоо

Монгол түмэн үндэсний уламжлалт их баяр "Цагаан сар"-ын баяраа өнгөрч буй долоо хоногт тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жил билгийн тооллын 17-р жарны "муу нигурт" хэмээх гал бичин жил тохиож буй. Хүнд хэцүү өвлийг даван шинэ онтой золгож буй монголчууд бид ахмад буурлуудтайгаа золгон хүндэтгэж, гэр бүл, төрөл төрөгсдөөрөө цуглан баясдаг баярын өдрүүд үргэлжилсээр байна. Сар шинийн баярт зориулан зохиогддог үндэсний бөхийн барилдаан олны анхаарлын төвд өрнөж, улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхөөс Монгол улсын харцага Д.Содномдорж анх удаа түрүүлж, Монгол улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэлээ.

Gogo: Монгол улсын ерөнхийлөгчийн мэндчилгээ
iToim: Д.Нямсамбуу: Зөв үйл бүхэн аз жаргалын шалтгаан болдог

Таталцлын долгионыг илрүүлж, Эйнштейний онолыг 100 жилийн дараа баталлаа

100 жилийн өмнө алдарт эрдэмтэн Алберт Эйнштейний таамаглаж байсан "таталцлын долгион" хэмээх ойлголтыг шинжлэх ухаан албан ёсоор баталж, орчин үеийн одон орон судлалыг шинэ түвшинд дэвшүүлэх түүхэн дэх хамгийн том нээлтүүдийн нэгийг хийлээ. Эйнштэйний "Харьцангуйн ерөнхий онол"-ын дагуу зарим тохиолдолд их масстай биет их хурдатгалтай хөдлөх юм бол өөрийн таталцлыг гэрлийн хурдтай долгион байдлаар цацах замаар энергээ алдах бөгөөд энэ цацагдсан долгионыг таталцлын долгион гэж нэрлэдэг. 1993 онд хос нейтрон одны эргэлдэх хөдөлгөөнийг судалсны үндсэн дээр таталцлын долгион байдгийг шууд бишээр баталсан хоёр эрдэмтэн Нобелийн шагналыг авч байсан бол энэ удаа хүн төрөлхтөн анх удаа таталцлын долгионыг шууд бүртгэж авчээ.

Таталцлын долгионыг бүртгэж авах зорилгоор 1992 оноос хойш эхэлсэн, 620 сая долларын төсөвтэй LIGO төслийн хүрээнд Германы Ханновер болон АНУ-ын Луйзанад байрлуулсан маш өндөр мэдрэмжтэй, гэхдээ тун энгийн зарчимтай төхөөрөмжүүд 2015 оны 9-р сарын 14-ний өдөр 7 наносекундын зайтай 1 инчийг триллион хуваасантай тэнцэх хэмжээний маш сул дохиог хүлээн авсан юм. Үүнээс хойш эрдэмтэд уг дохиог нарийвчлан шалгасны үндсэн дээр 2-р сарын 11-ний өдөр албан ёсоор дэлхий нийтэд зарлажээ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар алс хол сансрын уудамд хэдэн тэрбум жилийн өмнө хоёр хар нүх мөргөлдөж, энэ үед үүссэн таталцлын энергийн долгион сансрын уудамд зүг бүрт тархан аялсаар манай огторгуйд орж ирсэн нь энэ юм. Энэхүү нээлтийг хийснээр хүн төрөлхтөн сансар огторгуйг зөвхөн дурандаж, хардаг байсан бол одоо харж ч чадахгүй алс холыг эсвэл аль хэдийнэ өрнөчихсөн өнгөрснийг "сонсох" боломжтой болж байна гэсэн үг. Орчлон ертөнцийн үүсэл гэгдэх "их тэсрэлт", татах хүчний нууц, бидний "бараг" юу ч мэдэхгүй шахуу "хар нүх"-ний талаар илүү дэлгэрүүлэн судлах боломж ийн нээгдэж байна. "Дүлий хүн гэнэт сонсголтой болохтой адил" хэмээн зүйрлэсэнчлэн энэ цаг үеийн хамгийн том нээлтүүдийн нэгийн гэрч нь бид боллоо.

NYT: LIGO Эйнштейний онолыг баталлаа
Saturn: Таталцлын долгионыг эрдэмтэд илрүүлжээ

Залуучуудын өвлийн олимпийн наадам нээлтээ хийлээ

Норвегийн Лиллехаммер хотноо 2 дахь удаагийн Залуучуудын өвлийн олимп нээлтээ хийлээ. 2 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ наадамд 71 орны 15-18 насны 1100 гаруй тамирчид спортын 7 төрөлд 71 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Өмнө нь 1994 онд өвлийн олимпийн наадмыг зохион байгуулж байсан Лиллехаммер хот 2011 онд энэ тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан юм. Манай улсаас цанын спортын төрөлд ОУХМ А.Очирсүх, тэшүүрийн төрөлд ОУХМ Б.Сумъяа нар энэ наадамд өрсөлдөж байна. Уг наадмыг Норвегийн хаан Харальд нээж, түүний 12 настай ач охин, гүнж Ингрид Александриа бамбарыг асаажээ. Залуучуудын өвлийн олимп хамгийн анх 2012 онд Австрийн Инсбрук хотноо зохион байгуулагдаж байсан билээ.

Lillehammer 2016: Нээлтийн ажиллагааны онцлох мөчүүд
Монцаме: Залуучуудын өвлийн олимпод оролцох тамирчдаа үдлээ

Технологийн ертөнцийн эргэн тойронд: Твиттерийн байдал хүндэрсээр

Технологийн салбарт хэд хэдэн онцлох үйл явдал энэ долоо хоногт өрнөлөө. Өдөр ирэх тусам хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж, хувьцааны үнэ нь 70 гаруй хувиар буураад буй Твиттер 4-р улирлын тайлангаа зарлав. Компанийн ирээдүйг ч тодорхойлж мэдэх нөлөөтэй гэгдэж байсан энэ тайлангаар тэдний орлого таамагласнаас өндөр буюу 710 сая доллар байсан ч хэрэглэгчдийн тоо нь огт өсөлтгүй гарсан байна. 2015 оны эхний улиралд 308 сая хэрэглэгчтэй байсан твиттер, өмнөх 3-р улиралтай адил 320 сая идэвхтэй хэрэглэгчтэй байна. Энэ нь бусад нийгмийн сүлжээний сайтуудтай харьцуулахад маш муу үзүүлэлт билээ. Шинэ таймлайнтай болох, үсгийн хязгаарлалтыг арилгах зэрэг том шинэчлэлүүд хийхээр төлөвлөж буй Твиттерийн хувьд ирэх долоо хоногууд чухал байх болно. Мөн хурд, найдвартай байдлаараа хэрэглэгчдийн талархлыг хүлээдэг вэб броузер Opera-ийн тодорхойгүй байсан ирээдүй одоо л шийдэгдэж бололтой. Хятадын Kunlun Tech болон Qihoo 360 компаниуд Opera-г 1.2 тэрбум доллараар худалдаж авах санал тавьжээ. Facebook-ийн үнэгүй интернетэд холбогдох боломж олгодог Free Basics үйлчилгээг Энэтхэг хориглож, Инстаграм зэрэг олон аккаунтад зэрэг холбогдох боломжийг санал болгож, Google гэрэл зургийн Picasa үйлчилгээг хөгжүүлэхээ зогсоох болсноо зарласан долоо хоног өнгөрлөө.

TechCrunch: Твиттерийн орлого нэмэгдсэн ч хэрэглэгчдийн тоо өссөнгүй
QZ: Энэтхэг Free Basics-ийг хориглох нь зөв үү?

50 дахь удаагийн Супер Боул болж өнгөрлөө

Хойд Америкийн мэргэжлийн спортын төрлүүд дундаас хамгийн их үзэгчтэйд тооцогдох америк хөлбөмбөгийн NFL-ийн улирлын аварга багийг тодруулах Супер Боулын тоглолт өнгөрч буй долоо хоногт явагдлаа. 50 дахь удаагийн финалд улирлын хамгийн үнэ цэнтэй тоглогч К.Ньютоноор ахлуулсан Каролина Пантерс болон өнгөрсөн улирлын аварга Патриотсыг хожсон, алдарт П.Мэннингийн Денвер Бронкос багууд таарч тоглосон юм. Уг тоглолтонд лигийн хамгийн шилдэг хамгаалалттай багт тооцогддог Бронкос тоглолтын эхнээс тэргүүлсээр 24:10-ын харьцаатайгаар хожиж, 3 дахь удаагаа түрүүлжээ. Гэхдээ үүнтэй дүйцэхүйц анхаарлыг тус тоглолтын завсарлагын үеэрх шоу болон үзэгчдийн тэсэн ядан хүлээдэг топ брэндүүдийн шинэ рекламууд татдаг. Энэ удаагийн завсарлагын шоуны гол дүр нь Британийн Coldplay хамтлаг байсан бөгөөд өмнөх шоунд оролцож байсан Beyonce, Бруно Марс нар зочин уран бүтээлчээр оролцсон юм. Нийт 111.9 сая үзэгч телевизээр Супер Боулыг үзсэн бөгөөд телевизийн 30 секундын рекламын дундаж үнэ нь 5 сая долларт хүрчээ. Ташрамд дурдахад, Супер боулын дараагаар Coldplay-ийн 2 сарын өмнө гаргасан A Head Full of Dreams цомог Британийн чартыг тэргүүлж, Coldplay 7 дахь удаагаа энэ амжилтыг үзүүлэн, алдарт Oasis-тэй зэрэгцжээ.

Mashable: Супер Боулын шилдэг сурталчилгаанууд
Variety: Супер Боулын завсарлагааны шоуны тойм

19342   3


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.