Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   02 сарын 13, 2016

"Арван нэгэн бөгж" номын хэсгээс: Жордан уу? Коби юу?

NBA-ийн Бүх оддын тоглолтын долоо хоног тохиож буй энэ өдрүүдэд Unread та бүхэнд лигийн түүхэн дэх хамгийн шилдэг дасгалжуулагчдын нэг Фил Жэксоны бичсэн "Арван нэгэн бөгж" номын хэсгээс танилцуулж байна. Лэйкэрст хоёр дахь удаагаа эргэн ирсэн Жэксон тухайн үеийн багийн нөхцөл байдлыг маш товч бөгөөд тодорхой энд хүүрнэснээс гадна лигийн түүхэнд төрөн гарсан хамгийн агуу тамирчдын тоонд зүй ёсоор багтах Майкл Жордан, Коби Брайнт нарын талаар өөрийн харьцуулалтыг оруулжээ. Энэ улирал дуусаад зодог тайлахаа зарласан Кобигийн сүүлчийн бүх оддын тоглолтондоо оролцож байгаатай зэрэгцэн нийтлэгдэж буй уг номын хэсэг танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Уг номыг орчуулагч Б.Мэргэн монгол хэлнээ хөрвүүлэн гаргажээ.

"Ус зөөж, түлээ хагал" бүлгээс

Жинигээс дуудлага ирэх үед би гавьяаныхаа амралтыг дөнгөж эхлүүлэн Австралид явж байлаа. Тэрээр Лэйкерсийн нөхцөл байдал аймшигтай болчихоод байна гэсэн юм. Баг эрчимтэй уналтанд орж шинэ дасгалжуулагч болох Рүди Темъяанович халагджээ. Би эргэж очоод багийг аварч чадна гэж үү?

Үүнийг сонсоод би үнэндээ гайхаагүй ээ. Рүди бол Хьюстон Рокитст байхдаа хоёр ч удаа түрүүлж байсан сайн дасгалжуулагч хэдий ч мухардалд орсон Лос Анжелесийг хүлээн авсан шүү дээ. Түүнээс гадна Рүди хорт хавдрын эмчилгээгээ дөнгөж дуусгаад байсан бөгөөд бие махбод хийгээд сэтгэл санааны хувьд ажлаа сайн хийх нөхцөл хараахан бүрдээгүй байв.

Багийн хувьд ч хангалттай сайн байгаагүй. Улирлын дараа бүрэлдэхүүнээ үндсээр нь сүйрүүлсэн байв. Шакыг сольсноос гадна Карл Мэлоун зодог тайлж, Рик Фокс Селтикс рүү явж (хэдхэн сарын дараа зодог тайлсан), Гэри Пэйтон, Фиш нар чөлөөт тоглогч болсон байлаа. Шакын солилцоогоор Mаймигаас довтлогч Ламар Одом, хамгаалагч Кэрон Батлер болон өвдөгний асуудалтай байсан төвийн тоглогч/довтлогч Брайн Грант нар шинээр иржээ. Коби хараахан учраа олоогүй байгаа залуусаа чирч амжилт гаргахаар хичээсэн боловч чадаагүй.

Би Жинид Лос Анжелест эргэн очих талаар юу ч яримааргүй байгаагаа хэллээ. Ах дүүстэйгээ хамт мотоциклоор Шинэ Зеланд явах болон бусад аялалуудаа орхихыг хүсээгүй хэрэг. Түүнчлэн өмнө нь босгох гэж өчнөөн цаг хугацаа зарцуулсан багаа аврахыг оролдох ямар ч сонирхол байгаагүй. Жиниг “Дараагийн улиралд боломжтой юу?” гэхээр нь”Бодож үзнэ ээ” гэлээ.

Түр зуур л сэтгэл гутрах байх гэж бодож байсан ч Лэйкерсийн сүйрэл үнэндээ намайг баярлуулсангүй. Би багаа аварга болгохын тулд шаргуу хөдөлмөрлөсөн шүү дээ. Мөн туслах дасгалжуулагч маань асан Фрэнк Хэмблен 2004-05 оны улирлын төгсгөлд ямар ч үр дүнгүй хичээл зүтгэл гаргаж байгааг харах нь сэтгэл өвдөм байлаа. 1990-ээд оноос хойш Лэйкерс анх удаагаа плэйоффт шалгарсангүй.

Би гэртээ эргэж ирээд Нью-Йорк, Кливеланд, Сакраменто зэрэг дасгалжуулагчийн ажлын байр нь сул байгаа хэд хэдэн багуудтай ярилцаж үзэв. Гэвч надад санал болгосон эдгээр ажлуудын алинаас нь ч хавьгүй илүүтэйгээр урьд өмнө тийм боломж гарч байгаагүй юм шиг л Лэйкерсийг шаварнаас нь татаж гарган, сэргээн босгох явдал сонирхлыг минь татаж байлаа. Харин зөвшөөрч байгаа тухайгаа хэлэхээсээ өмнө Кобитой дахин хамтарч ажиллаж чадах эсэхээ мэдэх хэрэгтэй байв.

Улирлын төгсгөлд болсон жилийн өмнөх хүйтэн хөндий байдалтай хурлаас хойш би түүнтэй ярилцаагүй байсан юм. Тэр явдлын дараа би 2003-04 оны үймээнт улирлын турш Кобиг дасгалжуулахыг оролдон цөхөрч байсан тухайгаа өгүүлсэн “Сүүлчийн улирал” номоо хэвлүүлээд байлаа. Тэрээр үүнийг хэрхэн хүлээж авах талаар надад ямар нэгэн төсөөлөл байгаагүй ч түүн рүү залгасныхаа дараа ямар ч таагүй мэдрэмж төрсөнгүй. Коби надаас цорын ганц зүйл хүссэн нь хэвлэл мэдээллийнхэнтэй илүү хянуур харьцаж, өөрийнх нь талаарх хувийн мэдээллийг сэтгүүлчдэд өгөхгүй байх явдал байв. Тэгэх шалтгаан ч байсан юм.

Амжилтанд хүрэхийн тулд бие биенээ дэмжиж, хоорондоо найрсаг харилцах хэрэгтэй гэдгийг хоёулаа ойлгох шиг л санагдсан. 2004-05 оны улирлаас өмнө өөрийгөө Лэйкерсийн төлөө тоглож байгаа цагт багийнх нь хожлын харьцаа хэзээ ч 50 хувиас доош орохгүй гэж Коби бахархалтайгаар ярьдаг байжээ. Гэвч бодит байдал дээр 34-48 гэсэн амжилттайгаар Пэсифик дивизоны сүүлийн байрыг хуваан эзэлсэн байна. Энэ нь Кобигийн хувьд жинхэнэ сэрэх дохио болсон хэрэг. Тэр өмнө нь хэзээ ч ингэж бүтэлгүйтэж байгаагүй бөгөөд энэ нь түүнд хэрвээ дахин хэд хэдэн удаа аварга болмоор байгаа бол бусадтайгаа чин сэтгэлээсээ хүчээ нэгтгэх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөхөд нь түлхэц үзүүлсэн юм.

Хэрвээ би уг ажлын саналыг хүлээн авах юм бол миний нэн түрүүнд гүйцэтгэх ёстой даалгавар маань багийн алдагдсан бахархлыг эргэн сэргээх явдал гэдгийг мэдэж байлаа. Минийхээр спортын сэтгүүлчид болон хөгжөөн дэмжигчид Коби руу ноцож, шударга бусаар буруутгаж байсан нь Лэйкерсийн гайхалтай аваргын цувралыг тасалдуулах зорилготой байсан санагддаг. Би эргэж ирснээрээ иймэрхүү шуугианыг дарахад тусалж магадгүй гэж бодсон доо. Мөн Шакын оронд Кобид тулгуурласан шинэ аварга багийг босгох боломжтой гэсэн бодол сэтгэлийг минь гижигдэж байлаа. Харин үүнийг бодит хэрэг болгохын тулд Коби бид хоёр илүү бат бөх харилцаа холбоо тогтоохоос гадна тэр өмнөхөөсөө өөр төрлийн манлайлагч болон хөгжих ёстой байв. Үүнд багагүй хугацаа шаардлагатайг би мэдэж байсан ч гэлээ замд маань давж гаршгүй ямар ч саад тотгор харагдахгүй байлаа. Кобигийн хувьд өнгөрснөө мартаад цааш замнахад бэлэн байж билээ.

Гурван жилээр байгуулах гэрээнийхээ нарийвчилсан заалтуудыг тохирохоор Др.Басстай уулзахдаа багийн бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү голлох үүрэгтэй оролцохыг зөвшөөрөх болон 2003-04 оны улирлын үеэр Шак, Коби хоёрыг аль болох ойртуулахгүйг хичээж байсан шигээ асуудлыг нууж хаахгүй байх гэсэн баталгаа хэрэгтэй байгаагаа хэллээ. Др.Басс зөвшөөрсөн боловч багийн тодорхой хувийг эзэмших гэсэн өөр нэгэн хүсэлтийг минь хүлээж аваагүй. Оронд нь тэрээр миний цалинг нэмэхийг санал болгож, Лэйкерсийн удирдлагыг 6 хүүхэддээ шилжүүлэхээр төлөвлөж байгаагаа тайлбарласан юм. Тийм ч учраас бизнест сургахаар өөрийн хүү Жимийг авчирсан бөгөөд тэрээр Лэйкерсийн сагсан бөмбөгтэй холбоотой асуудлыг гартаа авсан даа. Түүнчлэн Жини худалдаа борлуулалт, маркетинг, санхүүгийн асуудлааүргэлжлүүлэн хариуцахаар боллоо.

Намайг 2005 оны улирлын дараа ажилдаа эргэж ороход Жим Басс тоглогчдын бүрэлдэхүүний асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр дэвшлээ. Тэр Нью Жерсигийн ахлах сургуулийн авьяаслаг төвийн тоглогч Эндрью Байнамыг драфтаар сонгож авахын хүслэн болоод байсан бөгөөд сорилтонд орохоор Лос Анжелест ирэхээр нь судалж үзэхийг надаас хүсэж байв. Эндрьюгийн хувьд надад эргэлзээ төрүүлж байсан цорын ганц зүйл нь түүнийг эрт орой хэзээ нэгэн цагт өвдөгний хүнд гэмтэлд хүргэж болзошгүй гүйлтийн гишгэлт байлаа. Бусдаар бол зүрхшээмээр том залуу болон хөгжих бололцоотой гэдэг нь харагдаж байсан даа. Би хүсэлтийг нь зөвшөөрч түүнийг 10 дахь сонголтоор авснаар тэрээр 17 насандаа ҮСБХ-нд драфтлагдсан түүхэн дэх хамгийн залуу тоглогч болсон юм.

Би ахлах сургуулиас тоглогч элсүүлэхдээ ҮСБХ-ны амьдралд хэтэрхий хорхойсох вий гэдэгт үргэлж санаа зовдог. Олон залуу тоглогчид мөнгө, нэр алдарт татагдсанаар хэзээ ч өндөр түвшинд хүртлээ хөгжиж эсвэл ясны тамирчин болох амлалтандаа хүрч чаддаггүй. Минийхээр ҮСБХ-ны амжилттай тоглогч болох гол арга зам нь зугаа цэнгэлд толгойгоо мэдүүлэхгүй байх явдал юм. Хэрхэн сэтгэл хөдлөлөө хянах, тоглолтондоо бүхий л анхаарлаа төвлөрүүлэх, хичээл зүтгэлтэй тоглох, багтөөрийн гүйцэтгэх үүргээ олж мэдэх, түүндээ тохируулан тоглох, дарамт шахалт дор тайван байх, ялагдал эсхүл сэтгэл хөөргөсөн ялалтын дараа ч тайван байдлаа хадгалж үлдэх вэ гэдэгт суралцах тухай л яриад байна. Энэ бүхнээс үүдэн Чикагод байхад минь “сагсан бөмбөгийн тамирчнаас ҮСБХ-ны мэргэжлийн тоглогч болох” гэсэн хэлц хүртэл үүссэн байдаг.

Ихэнх шинэ тоглогчид мэргэжлийнх болтлоо 3-4 жил зарцуулдаг. Харин би Эндрьюд “Бид чамайг багт чухал үүрэгтэй тоглогч болгохоор төлөвлөж байгаа учраас чи маш хурдан амжилтанд хүрэх болно. Хэрвээ чи зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөөдайчлахаа амлавал би чамайг бүх талаар дэмжих болно” гэж хэлсэн. Өөрийгөө хөгжүүлэх тухайд санаа зовох хэрэггүй гэдгийг тэр надад туйлын нухацтайгаар батлан хэлсэн дээ. Тэгээд ч хэлсэн үгэндээ хүрсэн юм. Дараагийн улирал гэхэд тэр Лэйкерсийн шинэ гарааны төвийн тоглогч болчихно гэж найдаж байлаа.

Баг дахь түүхийгээрээ шахуу ганц тоглогч нь Эндрью биш бөгөөд бидэнд Смүш Паркер, Льюк Уолтон, Брайн Күк, Саша Вуяажич, Вон Вэйфер, Дэвин Грийн, Ронни Туриаф гээд сагсан бөмбөгийн суурь арга барилд сургах шаардлагатай хэд хэдэн залуу тоглогчид байлаа. Үүнийг би сул тал гэхээсээ илүү багийн системд хамтдаа суралцаж, сэлгээнээс хэмжээлшгүй их эр хүч өгөх хэсэг залуу тоглогчдын хамт бүхнийг эхлүүлж, шинэ баг босгох боломж гэж харж байв. Надад бүрдүүлж өгсөн багтай ажиллах явцдаа би өөрийгөө захиргаадагч нэгэн бус урьдынхаасаа ч илүү тэвчээртэй эцэг хүний дүрээр олж нээсэн. Хөлд орох гэж өөрийнхөө замаар мөлхөж буй энэ баг надад шинэ сорилт болсон бөгөөд миний хувьд тоглогчдын өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх шаардлагатай байв.

Шинэ багт маань тулгарч байсан нэг том саад тотгор нь Кобигоос гадна тогтмол оноо авах тоглогчид хомс явдал байв. Энэ орон зайг Ламар Одом нөхөх болно гэж би анхнаасаа л найдаж байлаа. Драфтын дөрвөөр сонгогдож байсан, нэг тоглолтонд дунджаар 15+ оноо авдаг, 2.08 м горзгор довтлогчийн олон талт тоглолтын хэв маяг нь надад Скотти Пиппенийг санагдуулдаг юм. Тэрээр маш сайн самбараас бөмбөг авдгаас гадна сул зайгаар залж орон хамгаалалтыг сэтлэх чадвартай. Биеийн хэмжээ, хурдан шаламгай хөдөлгөөн, тоглолтыг найруулах ур чадвараараа Ламар олон багт асуудал тарьж чаддаг бөгөөд би түүнийг хүчирхэг “онооны довтлогч” буюу Лос Анжелесийн Пиппен болж магадгүй гэж бодолж байлаа. Гэвч ойлгоход адармаатай багийн системд суралцах нь Ламарт хэцүү байсан ба бидэнд хамгийн их хэрэгтэй байгаа үедээ голдуу л тоглолт нь уначихдаг байв. Эцэст нь би Ламарыг хамгийн сайн ашиглах аргыг олсон юм. Түүнд талбай дээр юу ч болж байсан зөнгөөрөө хариу үйлдэл үзүүлэх эрх чөлөө олгох нь зөв байсан. Учир нь би түүнийг ягштал тогтсон үүргээр хайрцаглах тусам оюун санааны хувьд сул дорой нэгэн болчихдог санагдсан юм.

Бусад нь огтхон ч миний санасан хэмжээнд хүртэл тоглож чадахгүй байлаа. Багаа дасгалжуулахаар ирснийхээ дараахан би Вашингтонтой наймаа хийж, Квэйм Брауныг авснаар самбар доорх хүчээ зузаатгаж чадсан гэдэгтээ итгэлтэй байв. Уизардын хувьд Квэймийг драфтын нэг дэх сонголтоор авсан нь сэтгэл гонсойлгом сонголт байсныг бид мэдэж байсан ч 2.11 м өндөр, 122.5 кг жинтэй түүний хувьд нэгийн эсрэг нэг тоглолт сайтай, лигийн шилдэг том залуусыг хамгаалах хурд, хүчтэй тоглогч байлаа. Бидний бүр хожим мэдсэн зүйл гэвэл тэр дундын зайн шидэлт хийхдээ өөртөө огт итгэлгүй болчихдог явдал байв. Нэг удаа Детройтын эсрэг тоглож байхад Коби сэлгээний суудал дээр ирснээ инээгээд “Фил, чи Квэймийг тоглолтоос гаргах хэрэгтэй байхаа. Тэр надад өөр дээр нь алдаа гаргаад, чөлөөт шидэлт хийх болчихож магадгүй учраас над руу бөмбөг битгий дамжуулаарай гэж хэллээ” гэж билээ.

Анх нэлээд найдвар төрүүлэхүйц харагдаж байсан ч сэтгэл зүйн хатуужил дутмаг өөр нэг тамирчин нь Смүш Паркер байв. Хэдийгээр ахмад тоглогч Аарон Макги, Европоос ирсэн шинэ цэрэг Саша Вуяажич нар цаасан дээр Смүшээс илүү харагдаж байсан ч тэрээр бэлтгэлийн бааз дээр хоёулангаас нь сайн байж, улирлын эхний дөрвөн тоглолтын гуравт нь 20 оноо авсан учраас бид түүнийг урамшуулж гарааны онооны хамгаалагч болгосон юм. Смүш хамгаалалтаас мултран, самбар руу довтлохдоо сайн, овжин, туранхайн дээр бүтэн талбайд хүчтэй хамгаалалт хийж тоглодог залуу байв. Шидэлтийн хувьд тогтворгүй ч гэлээ түүний зоримог тоглолт довтолгоонд эрч хүч нэмж, улирлыг тун сайн эхлүүлэхэд тус болсон юм.

Гэсэн ч Смүш хүүхэд насандаа хүнд хэцүү амьдралыг туулсан учраас сэтгэл зүйн хувьд эмзэг, бусадтайгаа харилцахдаа хаагдмал нэгэн байсан. Түүнийг бага байхад ээж нь ДОХ-ын улмаас нас барсан ажээ. Хэрэв бүх зүйл түүний хүссэнээр өрнөж байсан бол Смүш талбай дээрх хамгийн эрч хүчтэй тоглогч болох байлаа. Гэвч дарамт бэрхшээл тулгарах үед өөрийгөөхатжуулах гэж хүнд цаг хугацааг туулсан бөгөөд дэлбэрэхээ хүлээж буй цагтай тэсрэх бөмбөг шиг л байсан даа.

Энэ хооронд Коби онцгойрсоор байлаа. Улирлын эхэнд би түүнд багийн систем одоогоор бүрэн тогтчихоогүй байгаа учраас хүссэнээрээ чөлөөтэй тоглож болно гэсэн ба тэр ч хариуд нь дээд амжилтын бүртгэлийн номыг дүүргэж эхэлсэн дээ. Коби улирлын турш 23 тоглолтонд 40+ оноо авч, замналынхаа хамгийн өндөр 35.4 оноог дундажласан. Оргил амжилт нь нэгдүгээр сард Стэплс центрт Торонто Рэпторсийн эсрэг 81 оноо авсан нь байв. Гуравдугаар үед Рэпторс 18 онооны илүүтэй хошуучилж байсанд уурлаж бухимдсан Коби хоёрдугаар хагаст 55 оноо авч тэсэрснээр 122-104 гэсэн онооны харьцаатайгаар багаа ялалтанд хөтөлж билээ. Түүний 81 оноо 1962 онд Уилт Чемберлэнийн нэг тоглолтонд авсан домогт 100 онооны ард бичигдэж, ҮСБХ-ны түүхэнд хоёрт орох амжилт болсон. Кобигийн ялгарах онцлог нь гэвэл 3 онооны 7 шидэлтээ амжилттай болгосон зэргээр талбайн бүхий л цэгээс янз бүрийн байдлаар оноо түүж байсанд оршино. Майкл Жорданы нэг тоглолтонд авсан хамгийн их оноо нь 69 гээд бодохоор л Кобигийн хичнээн гайхалтай тоглосныг бодитойгоор төсөөлж болно. Кобиг лигт элссэн цагаас л дараагийн Майкл Жордан болох эсэх сэдвээр эцэс төгсгөлгүй таамаг дэвшүүлж эхэлсэн дээ. Харин одоо Кобигийн тоглолт дээд түвшинд хүрч, тэрхүү таамаглалууд ч үндэслэлгүй яриа биш болсон. Жордан ч Коби бол өөртэй нь харьцуулж болох цорын ганц тоглогч гэж хэлсэн бөгөөд үүнийг нь би ч гэсэн хүлээн зөвшөөрөх ёстой. Тэр хоёрын аль нь ч ер бусын тэмцэгч чанартай ба хэр баргийн бэрхшээлд өвдөг нугарахгүй залуус даа. Майкл, Коби хоёр хоолны хордлогоос авахуулаад яс хугарах гээд ямар ч өвдөлтөөс дор санагдах хүнд хэцүү нөхцөл байдалтай үедээ ч хэдэн долоо хоногийн турш хамгийн сайн тоглолтоо гаргаж чаддаг. Аль алиных нь итгэмээргүй хатуужилтай чанар нь олон хамгаалагч дундаас тоглолтыг эргүүлсэн шидэлтийг хийх нөхцөлийг өөртөө бүрдүүлэх зэргээр бүтэшгүй зүйлийг ч боломжтой болгодог. Тэдний тоглолтын хэв маягийг өөр гэж ярих нь бий. Майкл эрч хүчтэй тоглолтоороо өрсөлдөгчдөө буулгаж авдаг бол Коби голдуу л ур чадвараа ашиглахыг оролддог.

Тэдний дасгалжуулагчийн хувьд адил тал нь гэхээсээ илүү ялгаатай байдал нь миний сонирхлыг хамгийн их татдаг. Майкл илүү том мөртэй, хатуу чанга бие хаатай гэдгээрээ арай хүчирхэгээс гадна бөмбөгөө илүү сайн хянаж, чадварлаг хууралтуудыг хийх боломж олгодог том гартай. Коби илүү уян хатан учраас өөрийнхөө дуртай “Хар мамба” хочоо олж авсан байдаг.

Энэ хоёр залууг бие махбодын хувьд ч ялгаатай гэж ярьдаг. Хоёулантай нь урт хугацаанд ажиллаж байсан биеийн хүчний дасгалжуулагч Чип Шэйфер “Коби биеэ яг л нарийн нямбай засаж сайжруулсан Европ загварын спорт машин шиг авч явдаг бол Майкл өөртөө арай аядуу хандаж, сайн тамхи, сайхан дарсыг хүссэнээрээ таашаадаг нэгэн” гэдэгсэн. Шэйфер одоо ч гэсэн Майклыг талбай дээр ямар уран тансаг хөдөлгөөн үзүүлдэг байсныг шагшин гайхдаг. Тэрээр “Миний амьдралынхаа турш хийж байгаа ажил маань тэр чигтээ тамирчдын хөдөлгөөнийг сайжруулах л байсан. Би хэзээ ч түүн шиг хөдөлдөг хэн нэгнийг харж байгаагүй. Үүнийг ‘үзэмжтэй’ гэхээс өөрөөр илэрхийлэх үг байхгүй дээ” гэж ярьдаг.

Майкл, Коби хоёрын шидэлтийн хэв маягт бас тодорхой ялгаа бий. Майкл Кобигоос илүү оновчтой шиддэг. Тэр замналынхаа турш бараг 50 хувьтай довтолдог байсан нь гайхалтай амжилт гэхээс аргагүй. Ид үедээ бүр ихэнхдээ 53-54 хувьтай довтолдог байсан гээч. Коби 45 хувьтай довтолдог нь боломжийн үзүүлэлт. Гэхдээ түүний сайн тоглолт Майклынхаас урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа. Майкл тоглолтыг өөрийн талд хазайлгах төрөлхийн чадвартай ба гартаа авах гэж хэт мэрийдэггүй бол Коби өөрийнх нь хүссэнээр тоглолт өрнөхгүй үед асуудлыг хүчээр шийдвэрлэх хандлагатай байдаг. Шидэлт нь орохгүй бол Коби азгүйтэл дуусгавар болох хүртэл зогсоо зайгүй нүүлгэсээр л байх болно. Майклын хувьд эсрэгээрээ анхаарлаа хамгаалалтанд хандуулах, дамжуулалт өгөх, заслон тавих зэргээр багаа хожилд хүргэхэд тусладаг.

Майкл илүү чанга хатуу, илүү зүрх үхүүлэм хамгаалагч байсан нь эргэлзээгүй. Тэр бараг л ямар ч заслоныг сэт цохиж, өөрийн эрч хүчтэй, гойд хянуур хамгаалалтаараа ямар ч тоглогчийг зогсоож чадна. Коби Майклын ур чадвараас их зүйл сурсан бөгөөд бидэнд тоглолтыг эргүүлэх шаардлага гарсан үед үргэлж л түүнийг хамгаалалтын нууц зэвсгээ болгож ашигладаг байсан. Ерөнхийдөө Коби өөрийн уян хатан байдал, авхаалж самбаандаа ихээр найддаг ч хамгаалалтанд аз туршсан үйлдэл олноор хийдгийнхээ үнийг заримдаа төлөх болдог.

Майкл хувь хүнийхээ хувьд Кобигоос илүү бусдыг татах авьяастай, нийтэч хүн. Тэр багийнхан болон хамгаалалтын ажилтнуудтай хөзөр тоглон, тамхи татаж, хөгжилдөх дуртай байсан. Коби бол шал өөр. Тэр өсвөр насны хүүхэд шиг л дуугүй нэгэн байсан бөгөөд энэ нь бусад тоглогчдоос насаар залуугаас гадна их сургуульд сурч, хүмүүстэй харилцах чадвараа хөгжүүлэх бололцоо олдоогүйтэй нь холбоотой байж болох юм. Коби Лэйкерст нэгдсэн цагаасаа л багийнхантайгаа найз нөхдийн харилцаа үүсгэхээс зайлсхийдэг байв. Гэхдээ түүний хүсэл зорилго нь эрийн цээнд хүрсэн нэгэн болгож өөрчилж чадсан юм шүү. Коби багийнхаа бусад тоглогчидтой дотносох гэж хичээл зүтгэл гаргах нь ихэссээр л байлаа. Ялангуяа аялан тоглолтоор явж байхад энэ нь бүр их анзаарагддаг байсан. Аваргын төлөөх хоёр дахь цувралын үеэр тэр багийн хамт олны нэг хэсэг болсон байв.

Майкл, Коби хоёрын сагсан бөмбөгийг ойлгох чадварыг биширмээр. Гэхдээ би алийг нь ч ерөнхийдөө оюуны чадвар өндөртэй гэж хэлэхгүй л дээ. Майкл Хойд Каролинагийн их сургуульд сурч байсан бөгөөд математикийн хичээлдээ сайн байсан ч түүнийг дасгалжуулж байхдаа унш гэж өгдөг байсан номнуудыг тийм ч их сонирхдоггүй байв. Коби ч энэ тал дээр адилхан байсан. Гэхдээ одоо бол тэр үе үе ном санал болгоход, ялангуяа тэр нь манлайллын талаар бол надтай маш их ярилцдаг. Коби хүссэн их сургуульдаа элсэж чадахаар байсан ч НБА-г байлдан дагуулахаар хэтэрхий их яарч байсан учраас тэр замыг алгассан юм. Тэр зөв сонголт хийсэн эсэхдээ одоо ч гэсэн эргэлздэг байх. Учир нь тэр 1997 оны зун цүнх үүрэн Лос Анжелес дахь Калифорны их сургуулийн Итали хэлний гүнзгийрүүлсэн ангид сууж байсан юм даа.

Бодитоор үнэлж хэлэхэд хоёр од тоглогчийн хамгийн том ялгаануудын нэг нь Майклын манлайлах гойд ур чадвар юм. Багийн тоглогчдын дунд төвөгтэй асуудал үүссэн үед Майкл өөрийн сүр хүчээрээ багийн сэтгэл хөдлөлд автсан уур амьсгалыг хяналтанд авахдаа чадамгай байв. Тэр гурвалжин довтолгоог үр дүнтэй болгохын тулд тоглогчдыг хэрхэн оролцуулахаа зөнгөөрөө л мэддэг байсан даа. Кобигийн хувьд бусаддаа тийм шаардлага тавьж сурахын тулд урт замыг туулах хэрэгтэй. Тэр тоглолтын үеэр зааварчилгаа сайн өгдөг ч Майкл шиг манлайлах ур чадвар яс маханд нь хараахан шингээгүй л байна. Тун удахгүй тэр өөрчлөгдөж эхлэх болно.

2005-06 оны улирлын дунд үеэс тоглогчид багийн системд зохицож тоглоход ямар нэгэн бэрхшээлгүй болж, Коби ямар нэгэн дээд амжилт эвдээгүй үед ч хожиж эхэллээ. Би ч таамаглаж байснаас минь хурдан хугацаанд ахиц гарч байгаад баяртай байв. Бид улирлын төгсгөлд 11 хожиж 3 хожигдсон бөгөөд 45-37 гэсэн амжилттайгаар плэйоффд орсон нь өмнөх улирлаас 11 хожлоор илүү байлаа.

Эрч хүчээ алдалгүй явсаар эхний шатанд дивизоноо тэргүүлсэн Финикс Сансыг 3-1 харьцаатай илүүрхэж таамаглаагүй байдлаар аялалаа эхлүүллээ. Коби өөр дээрээ давхар хамгаалалт татаж, самбар дор байгаа Квэйм, Ламар хоёрыг бөмбөгөөр хангах багийн төлөвлөгөө хэрэгжиж байв. Араас нь нэхэж явсаар хожсон 4 дэх тоглолт үнэхээр гайхамшигтай байж билээ. Смүш хамжин байж тун чухал үед бөмбөг тасалж, түүнийг нь хүлээн авсан Коби тоглолт дуусахад 0.7 секунд үлдээд байхад нүүрний шугамны доороос шидэн тэнцүүлж, улмаар нэмэлт цаг дуусахад 0.2 секунд үлдээд байхад 5 метрийн зайнаас хожлын үсрэлттэй шидэлтээ хийж билээ. Тоглолтын дараа Коби “Миний хувьд хэзээ ч тохиолдож байгаагүй зугаатай тоглолт байлаа. Учир нь энэ чинь л бид нар. Лос Анжелес хотыг бүхэлд нь баярлуулж чадсан баг чинь бид шүү дээ” гэж байв.

Бид ялалтаа тийм ч удаан тэмдэглэсэнгүй. Тав дахь тоглолт эхлэхээс хэдхэн цагийн өмнө бид Квэйм Лос Анжелест хүчингийн хэрэг сэжиглэгдэн шалгагдаж байгааг олж мэдлээ. Эцэст нь ялыг хэрэгсэхгүй болгосон ч гэлээ энэ мэдээ тоглогчдын анхаарлыг сарниулж, энэ байдал нь тав дахь тоглолтын турш үргэлжилсээр баг маань хожигдлоо. Ингэснээр Сансын хувьд тааламжтай нөхцөл байдал үүссэн юм. Зургаа дахь тоглолтонд Смүш хайнга шидэлт олныг хийж байсан тул Коби түүнд хамгаалалтан дээр онооны хамгаалагч Стив Нэшт дарамт учруулах тал дээр төвлөрч, оноо авахад санаа зовохгүй байхыг даалгалаа. Коби амь дүйн тэмцэн байж 50 оноо авсан ч бид нэмэлт цагт хожигдлоо. Тоглолтын дараа Смүш 12 шидэн байж тавхан оноо авсандаа сэтгэлээр унасан харагдсан. Тэдний талбай дээр 7 дахь тоглолтыг хийхээр Финикст очсон бөгөөд тийм ч өрсөлдөөнтэй тоглолт болоогүй дээ. Эхний хагаст би Кобид анхны тактикаа эргэн хэрэгжүүлж, будагтай талбайд байгаа Лама, Квэйм нарт бөмбөгөө дамжуулж тогло гэлээ. Тэр ч бөмбөгөө хуваарилж, хоёрдугаар хагаст ердөөгуравхан шидэлт хийсэн юм. Харамсалтай нь Ламар, Квэйм нар олдсон маш олон боломжуудаа алдсаар нийлээд 20 оноо л авсан. Лэйкерсийн түүхэн дэх 7 дахь тоглолтын хамгийн муу үр дүнг үзүүлж, 121-90 харьцаатай бут ниргүүлсэн нь чухал тоглолтонд ялалт байгуулах нь ямар чухал шинж чанар болохыг надад ойлгуулах шиг л болсон. Энэ багт хэрэгтэй байсан зүйл нь илүү их эр зориг байсан юм...

Домогт дасгалжуулагч Фил Жэксоны "Арваннэгэн бөгж" ном нь Интерном, Аз Хур номын их дэлгүүр, Peace Tower-ийн 4 давхарын Тokyo Shop, 6 давхарын Fan Shop, Jersey Zone дэлгүүр, Grand Plaza-ийн Chicago Shop дэлгүүрүүдээр тус тус борлогдож байна. Мөн 76777777 болон 1900-1109 дугаарын утсаар захиалгаар хүргүүлэн авах боломжтой.

21997   8


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.