Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   02 сарын 08, 2016

Онцлох бизнес: Comf-pro - Тав тух, зөв хэвшлийг эндээс

Өнөөдрийн онцлох бизнес бол “Эрүүл, оюунлаг ирээдүйн төлөө” уриатай Comf-pro дэлгүүр. Эргономик бүтээгдэхүүн гэсэн ойлголтыг Монголд анхлан танилцуулсан тэд хүний биед хамгийн эвтэйхэн, хамгийн эрүүл бүтээгдэхүүнүүдийг борлуулдаг. Тухайлбал эргономик ширээ, сандал, хүүхдийн үүргэвч, дэр, гутлын улавч зэргийг та эднийхээс авах боломжтой. Эргономик гэж чухам юу гэсэн үг болох, ямар ач холбогдолтойг та энэ нийтлэлээс уншаарай.

Бизнесийн нэр: Comf-pro
Хаяг: Зайсангийн Zaisan Square төв
Үйл ажиллагааны чиглэл: Хүүхдийн эргономик бүтээгдэхүүний худалдаа
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2014 оны 10-р сар
Үүсгэн байгуулагчид: Т.Мөнхцэцэг, Н.Ганзориг
Ажилтны тоо: 7
Фэйсбүүк хуудас: Comf-pro

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Том хүү маань 3 настай байх үед Comf-pro брэндийн эргономик ширээг үнэтэй санагдсан ч гэлээ хүүхдэд хэрэгтэй юм байна гээд худалдаж авсан юм. Хүүхдэд маань их л тухтай байгаа нь хэрэглэж үзээд л мэдрэгдсэн тул энэ бүтээгдэхүүнд дурласан гэж хэлж болно. Энэ бол 2012 оны үед юм. Тэр үеэс хойш иймэрхүү эргономик бүтээгдэхүүнийг Монголд борлуулбал яах бол гэж судалгаа, шинжилгээ хийж эхэлсэн. 2013 оноос хэсэг бүтээгдэхүүн авчран борлуулахыг оролдож байлаа. Тэгж явсаар 2014 оны 5-р сард Тайванийн Comf-Pro брэндийнхэнтэй уулзаад 10-р сараас нь дэлгүүрээ нээсэн дээ. Хэдийгээр тухайн үед хүмүүст эргономикийн тухай ойлголт тун муу байсан ч бүтээгдэхүүний чанар, хэрэгцээнд итгэж байсан болохоор энэ бизнесийг зориглоод эхлүүлсэн.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Банкнаас зээл авч, гэр бүлийн хуримтлалаа нэмэрлээд анхны санхүүжилтээ шийдсэн.

Танайх ямар онцлог, давуу талуудтай вэ?

Юуны түрүүнд эргономик бүтээгдэхүүн гэдэг нь яг ямар учиртай зүйл болохыг тайлбарласан нь зүйтэй байх. Энэ ойлголт анх үйлдвэрүүдэд үүссэн юм билээ. Үйлдвэрийн газрууд хүний биеийг ямар орчинд, ямар байдлаар ажиллуулбал өндөр бүтээмж гарах вэ, яавал хүмүүсээ ядраахгүйгээр их ажиллуулах вэ гэдгийг судалж эхэлсэн байдаг. Сууж байгаа сандал, ширээ нь ямар стандартай байх вэ, ажлын хэрэгслүүд нь ямар урт, өргөнтэй, ямар хэмжээ дамжаатай байвал тухайн ажилтнаас хамгийн өндөр ажлын бүтээмж гарах вэ гэдгийг судалсан гэсэн үг. Тэгэхээр эргономик бүтээгдэхүүн гэдэг нь хүний биеийг инженерчлэлийн түвшинд судлаад санал болгож буй, хэрэглэвэл зохих хамгийн эрүүл, хоргүй бүтээгдэхүүн юм. Ажиллаж амьдарч буй орчин эргономомикийн дагуу байвал бид илүү бүтээмжтэй, илүү эрүүл, аз жаргалтай байна. Зөвхөн сандал ширээгээр тогтохгүй хаалганы бариулын өндөр, замын гэрэлтүүлэг монгол хүний дундаж өндөрт тохирч байна уу гэх мэт асуудлууд ч эргономикийн дагуу байх ёстой байдаг гэхээр маш өргөн ойлголт юм.

Ер нь бидний эрүүл амьдралын үндэс зөв суух, зөв алхахаас л эхэлдэг. Сүүлийн үед буруу сууснаас үүдэлтэй нурууны өвчлөл маш их байгаа болохоор үр хүүхдээ бага наснаас зөв цэх суулгаж хэвшүүлэх нь эцэг эхчүүд бидний үүрэг. Хүүхдүүд тохиромжгүй өндөртэй ширээ сандал дээр удаан сууж, нуруу болон нүдний хараагаа муутгах, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх асуудал ихээр гардаг бөгөөд харин манай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэвэл үүнээс сэргийлэх боломжтой.

Бүтээгдэхүүнүүдийнхээ талаар жаахан дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

Бидний хамгийн анх оруулж ирсэн бүтээгдэхүүн бол Тайванийн Comf-Pro брэндийн эргономик ширээ, сандал, дагалдах хэрэгсэлүүд. 4 настай хүүхдээс насанд хүрсэн хүн хүртэл ашиглах боломжтой эдгээр бүтээгдэхүүн маань эргономик шийдэлтэйгээс гадна маш олон чанарыг тэмдэгтэй энэ төрлийн зах зээл дээр тэргүүлэгч брэнд юм. Жишээ нь сайн чанарын хавтанд өгдөг, тавилгын компаниудын авахыг хүсдэг Greenguard стандартыг авсан байх жишээтэй. 1984 оноос үйл ажиллагаа эхлүүлсэн Тайванийн энэ компани япон маягийн арга барилтай, маш чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.

Германы ErgoBag брэндийн эргономик шийдэл бүхий цүнхнүүд нь бүх ачааллыг жигд хуваарилах тоноглолууд, хичээлийн цүнхэнд шаардлагатай бүхий л зүйлсийн агуулсан зөв шийдэлтэйгээс гадна хаягдал хуванцар савыг өөрсдийн түүхий эд болгон ашигладаг технологи нь байгаль орчны бохирдлыг багасгах үйлсэд маш том хувь нэмэр оруулдгаараа дэлхийд алдартай, инновацийн маш олон шагналыг хүртсэн юм билээ. Ер нь Германы компаниудыг 10 долларын бүтээгдэхүүн зарлаа гэхэд 9-ийг нь судалгаа, шинжилгээндээ зарцуулдаг гэж ярьдаг шүү дээ.

Мөн толгойны хэлбэрээр сууж өгдөг, хүзүүг хамгийн тухтай байдлаар дэмждэг дэр, нурууны өвчлөлийг бууруулах, хүнийг зөв суулгах зорилготой Backjoy брэндийн суудал, буруу алхалтыг засаж нурууны өвчнөөс сэргийлдэг улавч зэрэг бүтээгдэхүүн бий. Америкийн Backjoy суудлын хувьд нурууны бүтцийг судалсны үндсэн дээр бүтээсэн, өдгөө Азийн зах зээлд ид хүчээ авч буй бүтээгдэхүүн. Backjoy-ийн нийт хэрэглэгчдийн 87 хувь нь нуруу өвдөх нь багассан, 93 хувь нь бусдад санал болгоно гэж хариулсан судалгаа гарсан байна лээ.

Бизнесийн алсын хараагаа юу гэж тодорхойлсон бэ?

Бизнесийн хувьд бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж, хэтдээ Улаанбаатар хотод 3-4 салбарт дэлгүүртэй болохыг зорино.

Гэхдээ энэ бизнесийг бид зөвхөн ашгийн төлөө хийдэггүй. Олон хүн эргономикийн талаар ойлголттой болоосой, ач холбогдлыг нь мэддэг болоосой гэж хүсдэг. Хүн бүр дор бүрнээ эрүүл зөв амьдралын хэв маягтай болж, эрүүл, оюунлаг ирээдүйг бий болгохын хичээж эхлээсэй. Саяхан Монгол HD телевизээр Монгол улсын ЕБС-ийн хүүхдүүдийн ширээний стандартын талаар мэргэжлийн хүн ярихыг сонссон. Тэр хүний хэлж байгаагаар хувийн ганц нэг сургуулиудыг эс тооцвол ЕБС-уудын ашигладаг ширээ сандал нь 9-р анги болон түүнээс дээш насны хүүхдийн өндөрт тохирох ширээ сандлууд байдаг гэнэ. Би Монголын бүх сургууль хүүхдийн нас насны онцлогт тохирсон ширээ, сандалтай сайхан орчинтой болоосой гэж мөрөөддөг. Тиймдээ ч ирээдүйд энэ талаар мэдлэг мэдээлэл өгдөг, ийм орчныг бүрдүүлсэн сургалтын төвтэй болно гэж төлөвлөж байгаа.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Бид хамт ажилладаг брэндүүдийнхээ албан ёсны дистрибютер нь. Тэр утгаараа дэлхийн чанарыг дэлхийн үнээр зарж байгаа гэж ойлгож болно. Хэдийгээр борлуулдаг бүтээгдэхүүн маань Монголын амьжиргааны түвшинтэй харьцуулахад хямдхан биш ч олон жил хэрэглэгдэх чанар, өгөх үр өгөөжийг нь бодвол тийм өндөр гэж боддоггүй. Зайсанд байрладаг болохоор хүмүүс зөвхөн баян хүмүүст зориулсан дэлгүүр гэж ташаа боддог юм шиг байгаа юм. Гэвч эргономик бүтээгдэхүүн бол чамирхаж хэрэглэдэг, хэлбэрддэг тансаг хэрэглээ огт биш. Одоогоор манай үйлчлүүлэгдийн дийлэнх хувь нь дунджаас дээш орлоготой айлууд байдаг ч гэсэн эрүүл мэнд, үр хүүхдэдээ хөрөнгө оруулалт хийхийг хүсдэг маш олон залуучууд худалдан авалт хийж байгаа. Тэдгээр залуу гэр бүлүүдийг хараад маш их бахархдаг шүү.

Тиймдээ ч би танай бүтээгдэхүүнээс авъя гэсэн ойр дотны хүмүүстээ эхлээд авах гэж байгаа зүйлдээ дурла, тэгсэн хойноо худалдаж ав гэдэг юм. Олон бараа борлуулж, ашиг олохоо урьтал болговол бид хямд бараа оруулж ирж болно л доо. Гэвч тухайн салбарынхаа тэргүүлэгчидтэй, түүчээлэгч нартай нь л хамтрахыг хүсдэг.

Манай бүтээгдэхүүнийг худалдаж авсан тохиолдолд бид байнгын эргэх холбоотой байж, сайн сервис үзүүлэхийг зорьдог. Бүтээгдэхүүнд асуудал үүсэж байна уу, хэрэглэхэд ямар байна гэх мэтээр үйлчлүүлэгчдэдээ халамж тавина. Гэхдээ одоогоор бүтээгдэхүүнд асуудал үүссэн тохиолдол нэг ч гараагүй.

Одоо та бүхэн юун дээр төвлөрөн ажиллаж байгаа вэ?

Оны өмнө бид Максмолл их дэлгүүрт Эргодизайн гэдэг нэртэй салбар дэлгүүрээ нээсэн. Энэ дэлгүүрт маань Тайвань үйлдвэрийн маань бас нэг брэнд болох Kids Master брэндийн зай талбай багатай өрөөнд тохиромжтой авсаархан, үнийн хувьд тун боломжийн бүтээгдэхүүнүүд шинээр ирсэн.

Мөн хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх тоглоомууд тэр дундаа Монтессори сургалтанд тохирсон тоглоом, цэцэрлэгийн тавилга үйлдвэрлэгч, Германдаа төдийгүй дэлхийд тэргүүлэгч Haba брэндийг албан ёсоор Монголд оруулж ирэх талаар судалж байна. Haba бол 70 жилийн түүхтэй алдартай брэнд. Оруулаад ирвэл монгол хүүхдүүдийн хөгжилд их хэрэгтэй зүйл болно гэдэгт итгэлтэй байгаа.

Хийж буй ажлын тань эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Хүний эрүүл мэндэд хэрэгтэй, бүтээмжийг нь дээшлүүлэх бараа бүтээгдэхүүн борлуулдагтаа бид сэтгэл нэн өег байдаг. Үйлчлүүлэгчдийнхээ баярлаж талархсан сайхан үгсээс урам зориг авна.

Нөгөө талаар, манай бүтээгдэхүүнүүд маш өндөр чанар, судалгаа шинжилгээн дээр бүтээгддэг шилдэг брэндийнх байдаг тул үнийн хувьд харьцангуй өндөр байгаа нь магадгүй сул тал байх. Үүнээс гадна өрсөлдөгч компани маань ёс зүйгүй үйлдэл гаргасан асуудал байна.

Манай контент, манай сурталчилгааны материалуудыг барин тавим хуулаад яваад байгаа. Чанарын асар их зөрүүтэй бүтээгдэхүүнүүдийг адил юм шигээр хэрэглэгчдийг төөрөгдүүлж чирэгдэл учруулах зэрэг бэрхшээлүүд бий. Уг нь Монголын томоохон тавилгын компани л даа. Хэдийгээр бид энэ төрлийн бүтээгдэхүүнийг Монголд анх танилцуулсан ч гэсэн олон хүнийг энэ талаар мэддэг болоостой, магадгүй дотоодын үйлдвэрлэгч нар санаа сэдэл аваасай гэж хүсдэг. Гэхдээ ингэж дэндүү ёс зүйгүй аашилж бас боломгүй. Тиймээс бид зохих газарт нь хандсан.

Танай бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой сонирхолтой болсон явдал юу байна?

Манайд нэг нэртэй бизнесмэн орж ирж бараа сонирхсон юм билээ. Ажилтан маань хэн гэдгийг нь мэдэлгүй бүтээгдэхүүнээ маш сайн тайлбарласан байгаа юм. Тэгтэл үүдээр өнгөрч явсан хүмүүс зочныг маань таниад мэндэлж, та юу сонирхож яваа юм бэ гэхэд яг л манай ажилтан мэт манай бүтээгдэхүүнийг сайн гэгч нь тайлбарлаж өгсөн гэсэн шүү. Тэгээд өөрөө манай бүтээгдэхүүнээс авсан байна лээ. Ер нь хүмүүс манай дэлгүүр, бүтээгдэхүүний талаар энэ мэтээр найз нөхөд, хамаатан садандаа сонирхуулан ярьж, тэр нь манай маркетинг болчихдог юм.

За тэгээд гэртээ “Эргономикийн дагуу суухгүй байна шүү” гэсэн хэллэг гаргасан айл, манай ширээг авч өгсөнд баярлаад оройжингоо ширээнээсээ босоогүй охин, маш сахилгагүй хэрнээ манай ширээг авч өгснөөс хойш сууж сурсан хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй зээ охиндоо тэтгэврээ цуглуулж байгаад сандал авч өгсөн эмээ гээд л сонирхолтой жишээнүүд олон бий.

36557   9


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.