Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   02 сарын 01, 2016

Онцлох бизнес: Tomujin academy - Дэлхийн шилдэг сургуулиуд руу хөтөлнө

Энэ удаагийн онцлох бизнесээр бид Томүжин академийг онцолж байна. Forbes сэтгүүлээс АНУ-ын хамгийн шилдэг коллежоор нэрлэж байсан Williams коллежийн төгсөгч Б.Батжингийн үүсгэн байгуулсан уг сургууль Америкийн их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй хүүхэд залууст хөтөч болох зорилготой. Өргөн цар хүрээг хамарсан, хэтийн том зорилготой сургууль болно хэмээн тэрээр Том, Үжин (алсын хараатай, мяндсан ухаантай хатдыг үжин гэдэг билээ) гэсэн хоёр үгийг нийлүүлэн сургуулиа нэрлэжээ. Одоогоор тус академийн сургалтад 300 гаруй хүүхэд залуус хамрагдаад байна.

Бизнесийн нэр: Tomujin academy
Хаяг: Төмөр зам, 20-р сургуулийн дэргэдэх Шинэ Эрин сургуулийн байранд (шинэ хаяг нь)
Үйл ажиллагааны чиглэл: Хичээл, сургалт, зөвлөгөө
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2015 оны 1-р сар
Үүсгэн байгуулагчид: Б.Батжин, А.Хулан
Ажилтны тоо: 4 (дадлагын оюутан 2)
Фэйсбүүк хуудас: Tomujin

Бизнесийн санаагаа анх хаанаас, хэрхэн олсон бэ?

Би Америкт оюутан байхдаа Америк дахь Монгол Оюутны Холбооны тэргүүнээр ажиллаж байсан юм. Манай холбоо зундаа Монголд Best University Opportunity Program (BUOP) хэмээх хөтөлбөрийг 4 долоо хоногийн турш зохион байгуулж, эндхийн хүүхэд залуус АНУ-д улсад суралцах боломжийн талаар олон төрлийн сургалт явуулдаг байлаа. Манай холбоо мөн "Америкийн шилдэг их дээд сургуулиудад суралцах нь" нэртэй ном гаргаж байсан. Хэдийгээр Америкийн коллежид элсээд тийм ч удаагүй оюутан залуус туршлагаа, өөрийн аргачлалыг заадаг болохоор хөтөлбөр маань үр дүнтэй, богино хугацаанд олон зүйлийг сургадаг ч зарим талаар дутагдалтай болохыг анзаарсан юм. Жишээ нь зуны улиралд хүүхэд залуус маш их эрч хүч, урам зоригтойгоор эдгээр хичээлд хамрагддаг ч өвөл, яг америкийн сургуульд өргөдлөө өгөх үед тусалж дэмжих хүнгүй, өөрсдийнх нь идэвх ч буурчихсан байдаг. Үүнээс үүдэн Америкийн сургуульд явах хүсэлтэй хүүхдүүдийг жил тойрон бэлддэг, бас өөрсдөө тэтгэлэг өгдөг сургууль нээе гэж шийдсэн юм.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Анх эхлэхдээ хувь хувиасаа мөнгө нийлүүлж байсан. Өнгөрсөн зун хоёрс сар хагасын зуны сургалт явуулан, 40 хүүхэд хамруулж, одоо тэднийхээ төлбөрөөс санхүүжээд явж байна даа.

Хамтрагчдаа хэрхэн сонгосон бэ?

Би гурван жилийн өмнө нэгдүгээр курсээ төгссөн зунаа Монголд ирж, BEST сургалтын төвд SAT (Америкийн "Элсэлтийн ерөнхий шалгалт" гэсэн үг) зааж байсан. Тэгэхэд Хулан маань тэнд мөн хичээл заадаг байсан юм. Ингэж Хулантайгаа танилцан, хамтдаа Томүжинг үүсгэн байгуулж байлаа. Гэхдээ найз маань одоо АНУ-д сурч байгаа болохоор эндэх ажлаа орхисон. Багийн бусад гишүүдийн хувьд миний ойр дотнын, боловсролын салбарт ажиллах сонирхолтой залуус байдаг.

Танайх ямар онцлог, давуу талуудтай вэ?

Өөрсдөө өндөр дүнтэй тэтгэлэг аваад, Америкийн коллежид суралцаад ирсэн залуус баг бүрдүүлснээрээ онцлог, давуу талтай. Суралцаж байгаа хүүхдүүдийнхээ удахгүй даван туулах тэр бүх асуудлыг биеэр үзээд удаагүй болохоор хүүхдүүдэд зааж, зөвлөгөө өгөхөд их дөхөмтэй байдаг юм. Хэдийгээр сургууль маань яг жилийн өмнө байгуулагдсан боловч бид хэдэн жилийн өмнөөс BUOP хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцож байсан учир багагүй туршлага хуримтлуулсан.

Бид бас шинэлэг, бүтээлч байх дуртай. Одоо гуравдугаар сараас GAP хэмээх бүтэн жилийн хөтөлбөрийг эхлүүлэх гэж байна. 12-р ангиа төгссөн залуус их сургуульд оролгүй нэг жил өнжин, Америкийн коллежид бэлдэх боломжийг энэ хөтөлбөр олгох юм. Мөн 10 хоногийн TOEFL-ийн сургалт гэх мэт урьд байгаагүй санал санаачилгуудыг гарган ажиллаж байна.

Түүнчлэн манайд дадлага хийдэг, сайн дураар ажилладаг залуус олон бий. Тэд маань нэлээд ажлыг нугалдаг шүү. Ер нь бид дадлагын системд итгэдэг. АНУ-д бол компаниуд оюутнуудаар дадлага хийлгэсэн шиг хийлгэж, тэдэнд зарим ажлаа яг даатгадаг юм. Манай компаниуд бас тийм болох хэрэгтэй. Аль аль талдаа тустай зүйл. Манай зуны сургалтыг төгссөн 40 орчим залуус нийлээд "Сайн дурын клуб" байгуулан, ажилд маань тусалж байгаа.

Томүжин академи үе үе АНУ-д суралцаж төгссөн, амжилттай яваа мэргэжилтнүүдийг урин яриа хийлгэдэг. Энэ зурган дээр Станфордын их сургуулийг төгсөгч, тус академийн ментор Г.Бадруун суралцагч залуусын хамтаар..

Бизнесийн алсын хараагаа хэрхэн, юу гэж тодорхойлсон бэ?

Хэтдээ alternative сургууль болох зорилготой. Энэ нь коллежид орох хүүхдийг 9-р ангиас нь бэлддэг тийм систем юм. Хичээлийн цаг гэж байдаггүй, хүүхдийнхээ сонирхол дээр тулгуурладаг, технологи сайн ашигладаг тийм систем. Америкт бол дийлэнх хүүхдүүд коллежид орох үгүйгээ 8-р ангиасаа шийдээд 9-12-р ангидаа сайн бэлддэг. Ер нь их дээд сургуульд элсэн суралцана гэдэг бол ямар ч бэлтгэлгүйгээр ахлах сургуулиа төгсөөд таарсан сургуульдаа орох тухай ойлголт байх учиргүй юм.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Бидний гол үнэт зүйл бол аливаа ажлыг чанартай, сэтгэлээсээ хийх. Бид зурагт хуудас хийхдээ хүртэл нэг ч темплэйт ашиглалгүй өөрсдөө хийдэг. Анги дүүргэлтээ ч гэсэн сургалтаа чанартай байлгах үүднээс цөөн тоогоор тогтоодог юм.

Одоо та бүхэн юун дээр төвлөрөн ажиллаж байгаа вэ?

Манайх одоо TOEFL болон SAT-ийн ангитай. Удахгүй SAT Subject буюу математик, физик, хими гэх мэт SAT-ийн хичээлүүдийг гүнзгийрүүлэн заах 4-5 шинэ анги нээгдэж байгаа. Мөн консалтинг, зөвлөгөө өгдөг анги бий. Харин яг одоохондоо бол бид GAP програм дээрээ нийт анхаарлын 90 хувиа төвлөрүүлчихсэн ажиллаж байна. Монгол хүүхдүүдийн хувьд ахлах сургуулиа төгсөөд шууд Америкийн коллежид явах нь амаргүй байдаг. Систем нь эрс өөр байдаг л даа. Тийм болохоор нэг жил өнжин, коллежид бэлдэх нь үр дүнтэй байдаг юм. Би 2010 онд Хобби сургуулийг төгсөөд нэг жил өнжин, бэлдэж байгаад Уиллиамс-д тэнцэж байлаа. Энэ хугацаанд би хичээл хийж бэлдэхийн сацуу МҮОНРТ-д хөтлөгч хийх гэх мэтээр өөрийгөө хөгжүүлж байв. Америкийн коллежууд элсэх хүсэлтэй хүүхдүүдийн энэ мэт сайн дурын ажил хийж байсан эсэхийг нэн чухалчилна, хэр идэвх санаачилгатай хүүхэд вэ гэдгийг нь харна.

Тэгвэл манай 12 сарын энэ програм хүүхдүүдийг англи хэлний шалгалтуудад бэлдэхээс гадна 100-200 цаг сайн дурын ажил хийлгэх, тус тусдаа стартап төсөл эхлүүлэх бололцоогоор хангах юм. Мөн яаж зөв сайн ярих вэ гэх мэт 40-45 хичээлээс тусдаа сэдвээр сургалт (lifeskills) орно. Америкийн сургуулиуд early decision буюу өргөдлөө эрт өгсөн хүүхдүүдийг тэнцүүлэх магадлал өндөртэй байдаг учраас бид суралцагсдаа 1-р сард биш 11-р сард өргөдлийг нь өгүүлж байх юм. Мөн тодорхойлох захидал бичих багш нартай нь ажиллана. Уг нь өргөдлийн маш чухал хэсэг байтал тодорхойлох захидлыг манай багш нар оромдоод өнгөрдөг, хүүхдүүдээр өөрсдөөр нь бичүүлдэг тал бий. Бас эцэг эхчүүд маань жил өнжихийг сайн ойлгодогүй. Манай гэрийнхэн ч гэсэн тухайн үед намайг шүүмжилж л байлаа.

Анх хэрэгжүүлж эхэлж байгаа учраас, мөн хүний нөөцдөө тааруулан энэ жил 12 хүүхдийг л шалгаруулж авна. Одоо удахгүй хөтөлбөр маань онлайнаар зарлагдаж, 3-р сарын хоёр дахь долоо хоногт дүнгээ гаргах юм. Бид аль болох олон хүүхдийн өргөдлийг уншихыг хүсэж байгаа. Гэхдээ энд нэг зүйлийг сануулахад, GAP хөтөлбөр бол зуучлалын компани биш учраас дэлхийн топ коллежуудад оруулна гэсэн амлалт өгөхгүй. Хэдий тийм ч сайн үр дүн гарна гэдэгт эргэлзэхгүй байгаа

Хийж буй ажлын тань эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Бидний хүчин чармайлтаар хүүхэд залуус амьдралыг нь өөрчлөх коллежид орох боломжтой гэдэг нь миний өглөө сэрээд ажилдаа урамтай гардаг шалтгаан. Мөн манайд суралцсан хүүхэд залуус бидэнд талархлаа илэрхийлэхэд маш сайхан байдаг. Ерөөсөө сургуулиа дөнгөж төгсөөд ирсэн бидний хувьд нийгэмдээ эерэг нөлөө үзүүлж чадах салбар бол боловсролын салбар.

Мэдээж хэцүү бэрхшээлтэй зүйлс тохиолдоно. Өмнө нь бид 4 жил заадаг юмыг хэт богино хугацаанд заах гээд өөрсдийгөө шантраадаг байсан юм шиг санагддаг. Тэгээд ч боловсролын салбарт хийгдэж буй ажлын үр дүн тэр дорхноо гарчихна гэж байхгүй. Тэсвэр тэвчээр хэрэгтэй. Шинэлэг, өвөрмөц юм хийхээр бас эсэргүүцэлтэй тулгарна. TOEFL-ийн 10 хоногийн курс хийнэ гэхэд олон хүн “10-хан хоногт TOEFL заана гэж юу байдаг юм” гэцгээж байсан. Гэхдээ энэ бол хэлний шалгалт болохоос ямар нэг агуу шалгалт биш. Бид энэ сургалтад хамрагдсан 120, 130 хүүхэд залуус дээр судалгаа хийхэд 10 хоногийн дараа дундаж оноо нь 25-30 оноогоор нэмэгдсэн байх жишээтэй.

Учирч байсан сургамжтай явдлаасаа хуваалцана уу?

Биднийг анхны TOEFL-ийн сургалтаа зарлахад 20-30 хүн бүртгүүлсэн юм. Гэвч бид буруу тооцон баасан гарагийн орой сургалтаа эхлүүлснээс болж нэг л хүн ирж билээ. Эндээс суудал баталгаажуулахаас эхлээд олон зүйлийг сурч эхэлсэн дээ. Одоо ч гэсэн бид сурсаар л явна. Ер нь бид өөрсдийгөө стартап гэж үздэг болохоор алдаан дээрээ хурдан суралцаад урагшилсаар байх болно.

38569   5


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.