Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   01 сарын 30, 2016

"Маркетинг 3.0" номын тойм

“Маркетингийн эцэг”, бизнесийн домогт сэтгэгч Филип Котлерын хамгийн сүүлд бичсэн номнуудын нэг "Маркетинг 3.0" нь албан ёсны эрхтэйгээр монгол хэлнээ орчуулагдан маркетинг сонирхогчдын гарт очлоо. Түүний ихэнх номнууд маркетингийн ухааныг онолын түвшинд тайлбарласан, танин мэдэхүйн ач холбогдолтой байдаг бол "Маркетинг 3.0" бүтээл нь дэлхийн эдийн засгийн орчны өөрчлөлтийг даган хэрэглэгчийн зан төлөв өөрчлөгдөж байгаатай холбогдуулан аливаа байгууллага, брэндийн өмнө тулгарч буй сорилт бэрхшээл, баримталбал зохих стратеги, практик зөвлөмжүүдийг агуулснаараа онцлогтой. Иймд компанийн удирдах түвшний менежерүүдийн хувьд олзуурхууштай ном болж чаджээ. Бид уг номыг тоймлон, "Яагаад Маркетинг 3.0 гэж?" гэсэн асуултанд хариулт өгөхийг зорилоо.

Маркетингийн өнөөдөр болон ирээдүйг тодорхойлж буй чиг хандлагыг товчоор хүргэхийн тулд эхлээд өнгөрсөн хугацаанд дэлхий ертөнцөд явагдсан гайхамшигтай өөрчлөлтүүдэд чухам юу нөлөөлөв, тэдгээр хүчин зүйлсийн маркетинг дахь ач холбогдлыг тодорхойлох хэрэгтэй юм.

1. Технологи.
Маркетингийн орчин, хэрэглэгч, зах зээлд технологийн дэвшил үлэмж өөрчлөлтийг авчирчээ. Маркетинг 1.0 нь Аж үйлдвэрийн хувьсгалын үед үйлдвэрлэлийн технологийн хөгжлийн үр дүнд бий болсон. Маркетинг 2.0 нь мэдээллийн технологи, интернетийн хөгжлийн үр дүнд гарч ирсэн. Харин одоо Маркетинг 3.0 хүчээ авах үндсэн хүчин зүйл нь шинэ үеийн технологиуд болоод байна. Шинэ үеийн технологи гэдэг нь хувь хүн болон бүлгүүдэд өөр хоорондоо хялбар холбогдох, харилцах боломжийг олгож байгаа технологиуд юм. Эдгээр технологиудын нөлөөг урьдчилан харсан Sun Microsystems компанийн ТУЗ-ийн дарга Скот Макнили “оролцооны эрин үе” иржээ хэмээн мэдэгдсэн. Учир нь оролцооны эрин үед хүмүүс хэрэглэгч байгаад зогсохгүй шинэ санаа, шинэ мэдээлэл, энтертайнмент агуулга зэргийг бүтээж эхэллээ. Шинэ үеийн технологи нь хүмүүсийг prosumer буюу хэрэглэгч, үйлдвэрлэгчийн шинж чанарыг нэгэн зэрэг өөртөө агуулдаг болгон өөрчлөөд байна. Иймд компаниуд хэрэглэгчидтэйгээ хамтран бүтээх (co-creation) инновацийн шинэ соёлыг нэвтрүүлж эхэллээ. Хэрэглэгчид маркетеруудын ажлыг шилжүүлэн авч байна. Сонирхолтой жишээ дурдахад Procter & Gamble (P&G) компани нь хэрэглэгч, ажилчид, бизнесийн түншүүддээ шинэ бүтээгдэхүүний санаа санал болгох боломж олгодог Нээлттэй инновацийн хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд уг хөтөлбөрийн үр дүнд бий болгосон бүтээгдэхүүнүүд P&G-н орлогын 35%-ийг бүрдүүлдэг ажээ.

2. Даяарчлал. Даяарчлал дэлхийн хүн бүрт хүрч, нягт харилцан холбоотой эдийн засгийн орчинг бүрдүүлдэг. Ингэх явцдаа даяарчлал өөрөө харилцан адилгүй эсрэгцэл үүсгэж, түүн дээрээ тэнцвэрээ олон оршин тогтнодог ажээ. Даяарчлал эдийн засгийг нээлттэй болгож болох ч улс төр үндэстний мэдэлд, хаалттай хэвээр үлддэг. Энэ бол даяарчлалын улс төрийн эсрэгцэл юм. Даяарчлал эдийн засгийн нэгдмэл байдалд уриалдаг ч үр дүнд нь тэгш бус эдийн засаг үүсдэг. Дэлхийн хамгийн баян 62 хүний хөрөнгө дэлхийн нийт хүн амын тэн хагасын хурааж, хуримтлуулсантай тэнцдэг. Энэ бол даяарчлалын эдийн засгийн эсрэгцэл юм. Даяарчлал дэлхий нийтийн нэгдмэл соёлыг бий болгож байдаг ч үүнийхээ эсрэг үндэсний соёл уламжлалыг ч бэхжүүлж байдаг. Хувь хүмүүс зөвхөн нэг улсын иргэн байгаад зогсохгүй дэлхийн иргэн байхын дарамтыг мэдэрч эхэлж байна. Энэ бол хувь хүмүүс мөн хэрэглэгчдэд хамгийн ихээр, шууд нөлөөлдөг даяарчлалын нийгэм-соёлын эсрэгцэл юм. Эдгээрийн үр дүнд хэрэглэгчид хоорондоо зөрчилдөөнтэй боловч салгаж үл болох үнэт зүйлстэй, нийгмийн шударга ёс, ядуурал, байгаль орчны доройтол зэрэг олон асуудлын талаар мэдлэгтэй, мөн эдгээрт санаа зовних болжээ. Үүнээс үүдэн аливаа брэндүүд үндэстний өмнө тулгараад буй нийтлэг асуудал, хүсэл эрмэлзлийг онцгой анхаардаг, одоо байгаа болон шинээр үүсэх эсрэгцлүүдийг хамгийн түрүүнд мэдэрч, хэрэглэгчдийг зөв хэм хэмжээнд уриалан дуудагч “соёлын бэлэг тэмдэг” болон өөрчлөгдөх шаардлагатай болжээ.

3. Бүтээлч хүмүүн. Дэлхий даяар бүтээлч нийгэм цэцэглэж байна. Бүтээлч хүмүүс үргэлж өөрсдийгөө болон амьдарч буй орчлон ертөнцөө сайжруулахыг хүсдэг бөгөөд бүтээлч сэтгэлгээ нь хүмүүнлэг чанар, ёс зүй, хүний дотоод сэтгэлд биеллээ олдог. Бүтээлч хүмүүс Маслоугийн пирамидын урвуу хэлбэрт итгэгчид байдаг. Тэд өөрийгөө таньж нээх хүсэлдээ хөтлөгдөн материаллаг хэрэгцээг огоордог. Тэд мөнгөөр үнэлж боломгүй тийм зүйлийг эрж хайдаг. Тэд утга учир, аз жаргал, дотоод сэтгэлээ таньж нээхийг эрмэлздэг. Нийгэмд хүчээ авч буй энэхүү хандлагын үр дүнд хэрэглэгчид зөвхөн материаллаг хэрэгцээг нь хангадаг бүтээгдэхүүн, үйлчилгээг эрж хайгаад зогсохгүй, тэдний дотоод сэтгэлд хүрч үйлчлэх мэдрэмж, туршлага, бизнес загварыг эрэлхийлсээр… Ричард Барретын тодорхойлсноор байгууллагууд яг л хүмүүстэй нэгэн адил санагдахуйц дотоод сэтгэлтэй байж болох юм гэж үзжээ. Үүний тулд байгууллага эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс, байгууллагын соёлдоо хэрэглэгчийнхээ дотоод сэтгэлийг тусгах ёстой юм. Утга учрыг бий болгож, хүргэнэ гэдэг нь маркетинг хэрэглэгчдэд өгөх хамгийн дээд үнэ цэн бөгөөд хэрэглэгчид тухайн байгууллагын нийтийн ашиг сонирхлын төлөөх хувь нэмрийг хэрхэн үнэлэхээс тэдний ашиг шалтгаалж байна.

Америкийн Маркетингийн Холбооноос
2008 онд шинэчлэн гаргасан маркетингийн тодорхойлолт нэгэн шинэ утга санаагаар баяжсан байна. Тэд “Маркетинг гэдэг бол хэрэглэгчид, үйлчлүүлэгчид, түншүүд болон өргөн утгаараа нийгэмд үнэ цэнтэй зүйлийг бүтээх, таниулах, хүргэх, харилцан солилцох үйл ажиллагаа, үйл явц юм” гэжээ. Энэхүү тодорхойлолтод нийгэм гэдэг үгийг нэмснээр маркетингийн үйл ажиллагаа нь байгууллага болон хувь хүмүүсийн хоорондын харилцаанаас хамаагүй том цар хүрээнд үр нөлөөгөө үзүүлж чадна гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг болсон юм.

Маркетингийн 1.0 нь бүтээгдэхүүн төвтэй маркетинг бөгөөд бүтээгдэхүүнийг зөвхөн зарж борлуулах, хэлцэл дээр анхаардаг байлаа. Маркетинг 2.0 бол хэрэглэгч төвтэй маркетинг бөгөөд хэрэглэгчийн дахин худалдан авалт, харилцаанд ач холбогдол өгч байлаа. Харин Маркетинг 3.0 бол үнэ цэн төвтэй маркетинг бөгөөд нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийн төлөө үр ашигтай шийдэл, хүчин чармайлт гаргаж чадах ажилчид, нийлүүлэгч, түншүүд, хэрэглэгчид хамтын ажиллагааны сүлжээ үүсгэн, соёлын бэлэг тэмдэг байж, хүний дотоод сэтгэлд хүрэхээр зорьж байна. Дэлхийн томоохон компаниуд энэхүү сорилтыг хүлээн авч, өөрчлөгдөж, үнэ цэнийг бий болгож байгаа тухай өдөр тутам шинэ мэдээллүүд гарсаар байгаа ч дийлэнх компаниуд энэхүү давалгаанд цохиулаад унах бус, хэрхэн өөртөө ашигтайгаар давалгааг хэрхэн эргүүлэн хөлөглөхөө мэдэхгүй байна. Тэгвэл "Маркетинг 3.0" ном цаг үетэйгээ нийлүүлэн, манлайлахыг хүсэж буй том, жижиг бүхий л компаниудад тусалж, өөрчлөлтийн гарын авлага нь болж чадах юм.

26692   4


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.