Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   01 сарын 24, 2016

7 хоногийн тойм: Давос 2016 + 9 дэх гараг + Теннисчдийн будлиан

Швейцарийн Давос хотноо жил бүрийн 1-р сард зохион байгуулагддаг Дэлхийн Эдийн Засгийн Форумын чуулга уулзалт өнгөрч буй долоо хоногт явагдлаа. Давос 2016 улс төр, эдийн засаг, бизнес болон технологийн салбарын лидерүүдийг нэг дор цуглуулж, "Үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгал" гэсэн сэдвийн дор төрөл бүрийн хэлэлцүүлгийг явуулж, олон талын байр сууриудыг хамруулсан юм. Энэхүү чуулганд Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон, Канадын ерөнхий сайд Жастин Трудо, Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тэргүүтэй 40 гаруй улсын төрийн тэргүүн, Алибабагийн Жэк Ма, Майкрософтийн үүсгэн байгуулагч Билл Гэйтс болон CEO Сатья Наделла, Гүүглийн Эрик Шмидт, Фэйсбүүкийн Шэйрил Сандберг тэргүүтэй бизнес, технологийн салбарын 2500 гаруй лидер оролцов. Технологийн "хэт хурдацтай" өсөлт, хиймэл оюун ухааны өгч буй хязгааргүй боломжууд, автоматжуулалт, Internet of Things зэрэг нь нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлж, нийтийн сайн сайхан байдал болоод амьжиргааны түвшинг хэрхэн нэмэгдүүлж байгаа нь энэ хурлын гол сэдэв байсан юм. Ус, уурыг ашиглаж механикжуулалтыг авчирсан үйлдвэрлэлийн нэгдүгээр, цахилгаан, эрчим хүч ашиглан масс үйлдвэрлэлийг бий болгосон хоёрдугаар, мэдээллийн технологи, интернетийн авчирсан гуравдугаар хувьсгалын дараах дөрөвдүгээр үе үүгээр бий болж байна гэсэн хандлагатай дийлэнх зочид санал нийлж байв. Ташрамд өгүүлэхэд, Global Shapers Ulaanbaatar Hub-ийн гишүүн, Монголын Урлагийн Зөвлөлийн Урлагийн хөтөлбөрийн захирал Б.Номинтуяа "Дэлхийн Соёлын 40 лидер"-ийн нэгээр Леонардо Ди Каприо, Кевин Спэйси, Боно нарын хамтаар нэрлэгдэж, энэхүү хуралд оролцсоныг Unread онцолж байна.

WEF: Давос 2016-г дүгнэхүй
WEF: Давосын лидерүүд 2016 оныг хэрхэн таамаглаж байна вэ?

Өнгөрсөн ням гарагт явагдсан Тайвань улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч, Ардчилсан дэвшилтэт намын дарга Цай Инвен 56 хувийн санал авч, ялалт байгууллаа. Энэ нь зөвхөн Тайванийн төдийгүй Хятадын харьяа бусад улсуудын түүхэнд анх удаа эмэгтэй хүн төрийн тэргүүн болж байгаа тохиолдол болсон юм. Цай Инвений нам парламентийн сонгуульд ч олонх болсноор Гоминдан нам 1949 оноос хойш анх удаа эрх баригч гэсэн статусаа алдаж байна. Корнелл болон LSE-д хуулийн зэрэг хамгаалж, карьераа их сургуулийн профессороос эхэлсэн Цай Инвен өдгөө 59 настай бөгөөд 4 жилийн өмнөх сонгуульд мөн өрсөлдөж, 45 хувийн санал авсан ч ялагдал хүлээж байлаа. Олон нийтийн хувьд хамгийн их сонирхож байсан Хятадын талаар баримтлах байр суурийн тухайд тэрээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр дундыг барьсан байр суурьтай ажилласан бөгөөд Хятад болон Тайванийн хоорондын эдийн засгийн харилцааны ач холбогдлыг байнга сурталчилсаар байсан юм.

The Diplomat: Тайвань шинэ ерөнхийлөгчөө сонголоо
NYT: Тайванийн шинэ ерөнхийлөгчийн талаар мэдвэл зохих 5 зүйл

Калифорнийн Технологийн Институтийн эрдэмтэд нарны аймгийн 9 дэх гарагийг олсон байж болзошгүй гэдгээ танилцуулж, одон орон судлалын ертөнцөд шуугиан тарилаа. Хамгийн сонирхолтой нь, Дэлхий ван гарагийг "одой гараг" гэдгийг баталж, нарны аймгийн гарагуудын жагсаалтаас хасахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэснээрээ "Дэлхий вангийн алуурчин" хочтой болсон Майк Броун уг судалгааг ахалж ажилласан бөгөөд өөрийн хамтрагч Константин Батигины хамтаар нарны аймгийн хязгаарт орших "Куйперийн бүслүүр" орчимд хэд хэдэн одой гарагуудын тойрог замын хөдөлгөөнд үл мэдэгдэх, хүнд масстай гараг нөлөөлж байгааг анзаарч, өмнөх судалгаанууд дээр үндэслэн энэхүү дүгнэлтэд хүрсэн байна. "Есдүгээр гараг" гэсэн ерөнхий нэртэйгээр судлагдаж буй энэхүү гараг нь дэлхийгээс 10 дахин хүнд масстай, хэмжээгээрээ 2-4 дахин том хэмээн тооцогдож байгаа гэнэ. Мөн нарыг тойрон эргэх чиглэл нь бусад гарагуудийнх шиг тойрог бус зуйван траектор бөгөөд ингэснээр нарыг нэг удаа бүтэн тойрох хугацаа нь 10000-20000 жил байх боломжтой ажээ. Одоогоор энэхүү гарагийн зургийг буулгаж авч чадаагүй бөгөөд харагдацаас гадна нэр өгөх, гараг мөн эсэхийг батлах хэлэлцүүлэг салбарын эрдэмтэд, сонирхогчдын дунд өрнөх нь гарцаагүй биз ээ.

Caltech: Нарын аймгийн 9 дэх гарагийн ул мөрийг эрдэмтэд илрүүллээ
Independent: 9-р гарагийн талаар бидний мэдэх зүйлс

Амазоныг үүсгэн байгуулагч Жэфф Бэйзосын үүсгэн байгуулсан "Blue Origin" компани сансар огторгуйг эзэгнэх хүн төрөлхтний их үйлсийн аянд чухал нөлөө үзүүлэх нэгэн алхмыг хийлээ. Тэд 11-р сард амжилттай хөөргөж, туршсан "New Shepard" нэртэй пуужингаа дахин хөөргөж, амжилттай газардуулснаар нэг пуужинг 2 удаа ашигласан анхны тохиолдлыг бүртгүүлэв. "New Shepard" өөрийн хүрч болох хамгийн өндөр хэмжээ буюу 101 км-т хүрч, Техаст байрлах компанийн туршилтын талбайд амжилттай газардсан юм. Ингэснээр тэд энэ салбарт өөрсдийн гол өрсөлдөгч гэгдэж буй Элон Маскийн SpaceX-ийг технологийн хувьд давамгайлж эхэллээ гэж хэлж болно. SpaceX 12-р сард дахин хэрэглэгддэх пуужинг амжилттай туршсан ч өнгөрсөн долоо хоногт өөр нэг пуужингаа далайд газардуулах гэсэн оролдлого нь амжилтгүй болж, дэлбэрэлтээр өндөрлөсөн юм. Гэхдээ Ж.Бэйзос болон Э.Маскийн пуужингуудын хэрэглээ нь эрс өөр гэдгийг мартаж болохгүй. Маскийн SpaceX карго, ачаа тээвэрлэлтийн зориулалттай бөгөөд илүү том, илүү хурдтай, илүү хүчин чадалтай. Харин Бэйзосын Blue Origin сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой ажиллаж байгаа бөгөөд хөнгөн, жижигхэн гэдгээрээ ялгарч байгаа юм. Дахин хэрэглэгддэг пуужин нь өнөөгийн сансар судлалын гол асуудал болох асар их зардлыг хэмнэх боломж олгож байгаагаараа маш чухал ач холбогдолтойд тооцогдож буй. Маскийн SpaceX-ийн нэг пуужинг 60 сая орчим доллараар бүтээх боломжтой бөгөөд дахин ашиглахад шатахуун цэнэглэлтийн зардал 200 мянган доллар шаардлагатай юм.

CNN: Маск vs Бэйзос: Хэн нь сансрыг эзэгнэх дайнд ялах вэ?
CNET: Blue Origin түүхийг бүтээлээ

Дэлхийн хамгийн их үзэгчтэй спортын төрлүүдийн нэг теннисний ертөнцөд тоглолт наймаалцах, хууль бус бооцоо тавих асуудал илэрч, улам бүр хүндэрсээр байгаа тухай Buzzfeed болон BBC мэдэгдэж, шуугиан тарилаа. Медиа салбарын нөлөөтэй тоглогчид хамтран эрэн сурвалжилга хийж, 26000 тоглолт болон бооцоо тавих төвүүд дээрх үйл хөдлөлүүдийг ажигласны үндсэн дээр "санаатай хожигдсон", "үр дүнд зохион байгуулалттайгаар нөлөөлсөн" байж болзошгүй 72 тоглолтын жагсаалтыг гаргасан байна. Нэрийг нь дурдаагүй ч нийт 28 теннисчин эдгээр тоглолтуудад оролцсон бөгөөд эдгээрийн 8 нь өнгөрсөн даваа гарагт эхэлсэн "Австралийн нээлттэй тэмцээн"-д оролцож байгаа гэнэ. Нийт 16 теннисчин удаа дараа "сэжигтэй" тоглолтонд оролцсон бөгөөд үүн дотор их дуулгын аваргын тоглолт хүртэл багтсан нь сонирхол татаж байна. Тайланд дурдсанаар Итали болон Оросын синдикатууд бооцоо тавих төвүүдэд анхаарал бага татсан, ач холбогдолгүй жижиг тоглолтуудад бооцоо тавьж, теннисчдэд "түрүүлснээс нь ч илүү мөнгө төлөх" (ойролцоогоор 50-100 мянган фунт) саналыг зочид буудалд байхад нь тавин ажилладаг гэнэ. Дэлхийн теннисний холбоо 2009 оноос хойш тоглолт наймаалцах хэрэгт анхаарал хандуулан, ёс зүйн хороог байгуулж, олон төрлийн ажиглалт, тайланг гаргаж байгаа ч дорвитой алхам хийхгүй байгааг Buzzfeed/BBC шүүмжилжээ.

BuzzFeed: Теннисний цохиур (эрэн сурвалжилсан нийтлэл)
Yahoo: Теннисний одод тоглолт наймаалцах хэргийн талаар саналаа хуваалцаж байна

10850   4


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.