Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   01 сарын 20, 2016

"Би хэрхэн ажилладаг вэ?" - Sweet Kitchen группийг үүсгэн байгуулагч Б.Тэмүлүн

Өнөөдрийн маань зочин шавилхан биетэй хэрнээ мянга мянган эмэгтэйг хамарсан хоолны хөдөлгөөнийг эхлүүлсэн, олон олон эмэгтэйчүүдэд урам зориг хайрласан бүсгүй. Түүний 2011 онд эхлүүлсэн Sweet Kitchen групп өдгөө 200 мянган хүнийг хамарч, фэйсбүүкийн хамгийн идэвхтэй, хамгийн том групп болжээ. Группийн гишүүд хоорондоо хоолны жор солилцож, бие биедээ зааж сургаж, найз нөхөд бололцож, тэр хэрээр олон олон гэр бүлд аз жаргал нэмж буй. Тэрбээр группээ удирдахын зэрэгцээ хоолны сургалтууд явуулж, C1 телевизээр хоолны нэвтрүүлэг хөтөлж, VTV-гийн Master Chef тогооч нарын тэмцээнийг шүүж, олон шинэ санаан дээр ажилладаг. Хоёр хүүхдээ өсгөхийн сацуу энэ олон ажлыг амжуулдаг Sweet Kitchen-ий Тэмүлүн ингэж ажилладаг.

Байршил: Улаанбаатар, Монгол
Одоо хийж буй ажил, албан тушаал: “Sweet Kitchen” фэйсбүүк группийн үүсгэн байгуулагч
Таны ажиллах арга барилыг ганц хоёр үгээр тодорхойлбол: Шинийг сэдэх, бүтээлч байх
Хэрэглэдэг гар утас: iPhone 6s
Сошиал аккаунтууд: Sweet Kitchen (фэйсбүүк хуудас), Temulun (твиттер)

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Манай группийн хамгийн онцлог давуу зүйл нь гишүүд нь бусадтайгаа мэдлэгээ хуваалцаж, түүнийгээ нэг нэгэндээ зааж өгөх нь гэж ойлгодог. Заахын тулд өөрийгөө сайн боловсруулж, олон талын мэдлэг мэдээлэл цуглуулах нь их чухал. Тийм учраас заангаа суралцах нь миний ажлын гол арга барил.

Мөн хүмүүсийг хооронд нь нэгтгэж, нэг зорилгын дор зүтгэж, амжилтанд хүрэхийн төлөө хичээн ажилладаг нь миний ажлын онцлог. Багаар ажиллах олон ажлуудыг сэддэг. Өнгөрсөн жилийн 8-р сард 3000 капкэйкийг (cup cake) хийсэн, 5 метр бялуу урлах гэх мэтийг дурдаж болно. Ямар ч ажил байсан үргэлж шинийг сэдэж, хурдтай ажиллахыг хичээдэг.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай аппликэйшнүүдээсээ нэрлэнэ үү?

Утсан дээрх ихэнх аппликэйшнүүд маань хоолтой холбоотой байдаг. Зөндөө олныг татаж, туршиж үзээд одоо бол цөөхөн хэд нь шигшигдэж үлдсэн байна. Оросын Patee гэж аппликэйшнийг их ашигладаг. Өнгөцхөн харахад хоолны инстаграм юм шиг мөртлөө дэлгэрүүлээд ухаж үзвэл орц материал, хийх дараалал, илчлэг уураг зэргийнх нь мэдээлэл байдаг юм. Хоол хийж сурангаа мэдлэг олж авна гэсэн үг л дээ. Үүний монгол хувилбарыг хийхээр ажиллаж байгаа.

Хөгжим байнга сонсдог учраас Audiotube-ийг ашигладаг. Youtube-ээс хоолтой холбоотой бичлэгүүд татчихаад түүнийгээ үзэнгээ дуу сонсоод ажлаа хийдэг. Мэдээж фэйсбүүк, твиттер, инстаграм, пинтерест зэрэг сошиал аппликэйшнүүдийг тогтмол ашигладаг. Ээж хүн учраас бас хүүхдийн тоглоомууд ч нэлээд бий.

Та ажлын өрөө, орчноо дүрсэлнэ үү?

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Эзэгтэй нарын хувьд гэр бүлийнхээ хоолны асуудлыг шийдэх нь хамгийн чухал асуудал байдаг байх гэж боддог. Энэ асуудлаа шийдэнгээ бусад ажилдаа цаг гаргах гол арга маань сайн бэлтгэл байдаг. Урьдчилаад ямар хоол хийхээ сонгож, түүндээ орох материалаа амралтын өдрөөр цуглуулаад, бэлтгээд тавьчихдаг юм. Тиймдээ ч орой бүр гэрийнхээ хоолыг хурдан хугацаанд, амархан хийх боломжтой болдог.

Ажил хэргийн тухайд онлайн харилцаа цаг их хэмнэдэг. Анх уулзаж байвал нүүр тулж уулзах нь зөв. Харин үүнээс хойш ажлын явцаа бүгдийг нь фэйсбүүкийн групп чат ашиглан явуулахыг эрмэлздэг. Фэйсбүүкээр явуулсан зүйлд хүмүүс илүү хурдан хариу өгч, идэвхтэй байдаг юм шиг санагддаг. Ингэж ажиллахаар бүх шаардлагатай мэдээллээ хурдан хугацаанд солилцож, үр бүтээлтэй ажиллах боломжтой болдог. Манай Sweet Kitchen групп дээр л гэхэд админуудын, контентийн, гэрэл зургийн, видеоны гээд бараг 30 орчим чат групп идэвхтэй ажиллаж байдаг юм.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Өмнө нь бүжгийн багшаар ажиллаж байхдаа анги бүрийнхээ ирцээс эхлээд бүх мэдээллээ дэвтэр дээр хөтөлж явуулдаг байсан маань дадал болчихсон. Одоо ч гэсэн хийх ажлын жагсаалт, төлөвлөлтөө дэвтэр дээр хөтөлдөг. Би хийхийг хүссэн, төлөвлөсөн зүйлсээ (resolution) дэвтэр дээрээ жагсааж бичээд, хийж дуусгасан үедээ дарж заншсан. Группээ нээснийхээ дараа сайттай болмоор байна, нэвтрүүлэгтэй болмоор байна гэж бичсэнийгээ дарснаа харахаар их урам авдаг. Одоо энэ жагсаалтад маань дарагдаагүй үлдсэн зүйлс цөөнгүй байна.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Хүмүүстэй уулзаж ярилцан, олон санаа цуглуулж, тэдгээрийгээ хэрэгжүүлж чаддаг юм шиг санагддаг. Мөн шинэ санаа дэвшүүлж, гаргаж чаддаг. Өмнө нь багшилж байсан, одоо ч багш хийж байгаа учир зөвхөн гүйцэтгэхээс гадна бусдад өөрийн мэдлэгийг түгээж чаддаг байх хэрэгтэй болдог. 

Зочин маань биднийг хоёр янзаар шарсан амтат тахиагаар дайлав

Хийж буй ажлын тань онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Үр дүн нь маш хурдан гардаг ажил гэдгээрээ онцлогтой. Группдээ өглөө нь шинэ жор орууллаа гэхэд оройд нь л хүмүүс туршиж үзээд, санал сэтгэгдлээ хуваалцан, зургаа оруулдаг. Үүнийг харах нь үнэхээр сайхан мэдрэмжийг төрүүлдэг.

Нөгөө талаар интернетээр гол ажлаа хийхээр өөрөөс хамаарахгүй стрессд орох магадлал өндөр болдог юм шиг санагддаг. Манай групп л гэхэд 200 мянган гишүүнтэй, энэ дотор төрөл бүрийн зан араншинтай, янз бүрийн л эмэгтэйчүүд байдаг. Хүмүүсийн аргыг олох гэж, дасан зохицох гэж янз бүрээр л үзнэ. Маргалдах, хэрэлдэх, гуйх, аргадах, хөгжилдөх гэх зэргээр. Тэр олон хүмүүсийг нэг группд эмх цэгцтэй, замбараатай байлгахын тулд дүрэм журмыг гаргадаг ч тэр маань хүмүүст таалагдахгүй байх тохиолдол бас гарна. Зүгээр нэг хүний бичсэн ганц пост, тэрэн доторх ганцхан үг асар их стресс, гомдол, уур уцаарыг бий болгох нь бий. Найзууд маань ийм их хэл ам, дарамтан дунд шантрахаар юм байна гэж хэлдэг юм.

Бас байнга зогсоогоороо ажиллах шаардлагатай байдаг. Өдөрт 6-8 цаг зогсох бол хэвийн үзэгдэл. 45 минутын нэвтрүүлэг хийх гэж л дор хаяж 5 цаг зогсоогоор бичлэгт орно. Сургалт ч гэсэн адил. Нэг бялууг хийх гэж 4 цаг зогсоогоор ажиллах шаардлага гардаг.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Өмнө дурдсанчлан сүүлийн үед хоолтой холбоотой бүх мэдээллийг агуулсан аппликэйшин хөгжүүлэлт дээрээ төвлөрч, концепцийг нь боловсруулах дээр анхааран ажиллаж байна. Мэргэжлийн хүмүүстэй хамтран, маш сайн хоолны толь бичиг боловсруулахыг хичээж байгаа. Манайд хоолны орц, жорын нэршлийн асуудал их тулгардаг. Аспарагусын монгол нэр нь "хэрээн нүд" гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тийм ч учраас бид хоолны нэршлийн орчуулга дээр ажиллаж байна. Зөвхөн хоол хийх заавар, зөвлөгөөнөөс гадна яг ямар жимс хаана хаана ургадаг, ямар үүсэлтэй, ямар үр ашигтай зэрэг мэдээллийг энэ апп өгөх болно. Үүнтэй зэрэгцээд сайтаа шинэчлээд эхэлчихсэн. Sweet Kitchen маань саяхан брэндингийн шинэчлэл хийж, асар их ажил амжуулахаар эрч хүчтэй ажиллаж байна.

Тун удахгүй сургалтын төвөө нээх гэж байна. Одоо бол хүүхдийн, эзэгтэй нарын, бялууны сургалтаа гэртээ хийчихдэг юм. Шинэ төвдөө гэр бүлийн, хосуудын зэрэг шинэ төрлийн сургалтуудыг нэмж оруулахаар төлөвлөж байна. Хосууд, гэр бүлүүд хамтдаа хоол хийж сурч, нэг ширээнд суун хамтдаа хооллох боломжийг бүрдүүлнэ. Гэр бүлийн харилцаа, уур амьсгалыг эерэг, таатай байлгахын гол үндэс нь оройн хоол, түүнийгээ нэг ширээнд сууж идэх соёл гэж би үздэг. Энэ соёл сүүлийн үед ихэд өөрчлөгдсөн байна. Бүгд өрөө өрөөндөө, эсвэл зурагтынхаа өмнө утсаа бариад суучихдаг тохиолдол олон. Бид энэ соёлыг сургалтаараа дамжуулж сурталчлахыг зорих болно. Нэг талаараа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх сонголтыг нэмнэ гэсэн үг.

Үүнээс гадна сургалтын төвөөрөө дамжуулж 10 жилийн хүүхдүүдэд зориулсан хооллолт, хоолны боловсрол олгох сургалтын хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Хүүхдүүд зөв хооллолтын талаарх мэдлэгийг эрүүл мэндийн хичээлээс авах нь өрөөсгөл юм шиг санагддаг. Хүүхэд болгон том болоод хоол хийх ёстой болдог болохоор тусдаа хичээл орвол зүйтэй гэж боддог. Буруу хооллолт л ходоодны шарх, цөсний өтгөрөлт зэрэг олон өвчний үндэс болж байна шүү дээ.

Валентиний баярын үеэр группээрээ нийлээд зүрхэн хэлбэртэй жижиг шоколад хийж, гудамжинд тараах нийгмийн төсөл бас бий. Энэ жил сайн бэлтгээд ирэх жил Гиннесийн рекорд эвдсэн арга хэмжээ зохиох том зорилго тавьсан. 7 тонн шоколад хийнэ гэсэн үг. Ер нь зун нь бялуугаа, өвөл нь шоколадаа хийдэг уламжлал тогтооё гэж төлөвлөж байна. Ийм төрлийн арга хэмжээнүүдийн үеэр багаар ажиллах чадвар, шинэ арга барил, шинэ жор, ачаалал даах гээд олон зүйлийг бие биеэсээ суралцдаг учир гишүүд маань оролцох их дуртай, бас хэрэндээ өрсөлдөөн өрнөдөг гэж хэлж болно. Бид ч гэсэн багаа жил бүр шинэчилж, олон хүнд боломж олгохыг хичээдэг.

Та ажиллаж байх үедээ ямар хөгжим сонсдог вэ? Ямар төрлийн хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?

Бүжгийн спортоор хичээллэдэг байсан учир ая сонсох дуртай, аяыг сайн ялгаж сонсож чаддаг. Тиймдээ ч удаан вальсын аянуудад дуртай. Гэхдээ салса хэмнэлтэй аянуудаас ч татгалзахгүй. Хип хоп бүжиг сонирхдог байсан учир хип хоп дуунуудад дуртай. Жил бүр, үе үеэсээ хамаараад сонсдог дуунуудаа шинэчлээд явдаг. Ойрд DJ Snake их сонсож байгаа.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Ер нь байнга л хоолны номнуудыг уншиж судалж байдаг. XXL Edition-ий цуврал номнуудад их дуртай. Германд сурч байсан учраас энэ цувралуудыг уншиж, заримыг нь орчуулан хэрэглээндээ ашигладаг. Номон дээрээ шууд тэмдэглэл хийгээд явчихдаг. Ер нь хоолны жор харахдаа эх сурвалжаа ул суурьтай сонгох нь их чухал. Энгийн нэг какао л гэхэд олон янз, юунд яаж хэрэглэх нь хүртэл өөр байдаг. Тэр бүрийг номноос л суралцана.

“Мон судар”-аас эрхлэн гаргасан “Гал тогооны ном”-ыг ойрд харж байна. Нэг сэдэв яваад өөрийгөө шалгах тесттэй, дунд нь явцын шалгалттай учир мэдлэгийг сайн тэлдэг. Мах эвдэхээс эхлээд хоолны технологийн талаар сайн ойлголт өгнө.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Нээлттэй хүн. Ямар ч хүнтэй амархан танилцаж, өөрийгөө илэрхийлж чаддаг. Богинохон хугацаанд өөрийгөө ямар хүн бэ гэдгийг мэдүүлчихдэг гэж боддог.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Хүүхдүүд маань 9 цагт орондоо ордог. Тэд нарыгаа унтуулчихаад группийнхээ ажилд анхаарна. Хүмүүст хариу өгч, админуудтайгаа санал солилцдог. Манай групп их зохион байгуулалттай, 6 админ ээлжлэн өдөр өдрөө даан ажилладаг учир их цэгцтэй, сайн уур амьсгалтай болж байгаа. Ер нь 12 цагаас өмнө унтахыг эрмэлздэг. Шөнийн нойроо алдчихвал ажлын бүтээмжид их нөлөөлдөг юм. Өглөө бол 6 өнгөрөөн сэрж, хүүгээ цэцэрлэгт явахад нь бэлддэг.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Реки бясалгалд нэг хэсэг явсан. Өөртөө цаг зарцуулах боломж хомс болсон өнөө үед бясалгал их зүгээр санагддаг. Яг нэг цагийг зарцуулж, тоотой амьсгалаар дамжуулан оюун бодлоо чөлөөлж, өөрийгөө, тархиа амраана гэсэн үг л дээ. Зөв энерги хуримтлуулж, стресс ч багасч, өөдрөг болдог юм билээ.

Би бас Wine & Canvas арга хэмжээнд очдог юм. Яг тэрхэн мөчид зураг руугаа бүх анхаарлаа хандуулж, бүх стресс, асуудлуудаа мартчихдаг юм шиг санагддаг юм. Амьдралдаа эрч хүчтэй байх боломж олгож, бүтээлч байдлыг өдөөсөн иймэрхүү арга хэмжээнүүд олон болоосой гэж хүсдэг. Хоолны сургалтаараа хүмүүст ийм л мэдрэмж өгөхийг хичээдэг дээ.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

Группийн гишүүдээсээ их урам зориг авдаг. “Чиний жороор хийсэн хоол манайханд их таалагдлаа”, “Манайх өнөөдөр халуун бүлээрээ хооллож, их аз жаргалтай байлаа”, “Чиний ачаар би бялуу хийж борлуулан, нэмэлт орлоготой боллоо” зэрэг талархлын, урмын үгсээр үргэлж тэжээгдэж, эрч хүч авдаг. Охиныхоо эмчилгээнд зориулан наполеон торт хийж борлуулан, хандив цуглуулсан эмэгтэй дараа нь надад хандаж “Энэ группээс санаа сэдэл авч, торт хийх санаагаа олсон. Энэ групп байгаагүй бол хүүгийн минь эмчилгээ амжилттай болохгүй байсан шүү” гэж хэлэхийг сонсоод нэг хэсэгтээ баяр хөөр дүүрэн явсан шүү.

Зүгээр нэг групп нээгээгүй, зүгээр нэг хоол заагаагүй, эсрэгээрээ олон хүнд цааш өөрсдийгөө хөгжүүлэх боломж, сэдэл өгч байгаа болохоор түүнээсээ эрч хүч авдаг. Sweet Kitchen бялууны зах зээлийг улам өргөжүүлж, хөгжүүлж байгаад баяртай байдаг. Бялуу хийх дагалдах хэрэгслүүд зардаг лангуунууд хүртэл олноор бий болсон. Олон хүний бизнес хийх, орлого олох боломжийг олгож, бас олон гэр бүлд аз жаргал бэлэглэж байгаа маань үргэлж урагш тэмүүлэх хөшүүрэг болдог.

Намайг үргэлж дэмждэг нөхрөө дурдахгүй байхын аргагүй. Шантарсан үед сэргээж, баяртай үед хамт байдаг нөхөр минь миний түшиг тулгуур.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Ажил, амьдралын асуудлууд дээр маань зөвлөдөг эгчийн минь нэг найз байдаг юм. Тэр хүн Sweet Kitchen-ийг дөнгөж нээсний дараа надад ингэж хэлж байсан: “Sweet Kitchen богино хугацаанд хүмүүст сайн хүрчээ. Энэ бол чамд өгч буй хувь заяаны бэлэг гэж ойлгох хэрэгтэй. Ийм бэлэг хүн бүрт ирдэггүй. Хүн бүрт ийм гоё боломж олддоггүй. Тийм учраас чамд үүнийгээ удаан хугацаанд тогтвортой ажиллуулж, чанарыг нь алдалгүй авч явах том хариуцлага ноогдож байна. Энэ асуудалд л анхаарах хэрэгтэй. Олон өрсөлдөгчид гарч ирнэ. Үүнд бэлэн байх хэрэгтэй. Энэ бол муу зүйл биш, харин ч сайн зүйл, өрсөлдөж байж л улам чанаржина. Өөрийгөө бэлтгэ, бэлэн бай.” Энэ үгийг нь би үргэлж санаж явдаг. Үнэхээр ч түүний хэлснээр олон өрсөлдөгч гарч ирсэн. Бид ч энэ бүхэнд маш хурдацтай хариу үйлдэл үзүүлж байгаа. Гэхдээ мэдээж хурдтай байна гээд чанаргүй юм гараасаа гаргахгүй.

С1 телевизтэй хамтарч хийдэг хоолны нэвтрүүлгээ дөнгөж цацсаны дараа асар их шүүмжлэл над дээр ирсэн. “Ярьж чаддаггүй юм байна”, “Хэлээ хазаж ярьж байна”, “Энэ эмэгтэй хоол хийнэ гэж юу байдаг юм” гээд л. Шүүмжлэлээс илүү доромжлол гэх үү дээ. Нэвтрүүлэг анх хийх гэж байхад “Монголын эмэгтэй гол дүртэй анхны хоолны нэвтрүүлэг учраас чамд бүр илүү их шүүмжлэл ирнэ. Үүнд бэлэн үү?” гэж асууж байсан продюсер эгч дээрээ хоолой нь зангирсан, нүдэндээ нулимс цийлэгнүүлсэн хүн орж, гомдоллосон. Гэтэл тэр хүн надад “За за, бүх юмаа зогсоо, тэгвэл больё. Нэг дэх өдөр танайд очихгүй” гэж юу ч болоогүй юм шиг хэлсэн юм. Үүнийг сонсоод би шууд л иймхэн юмнаас болж хамаг хөдөлмөрөө үрэн таран хийж, шантарч болно гэж үү бодсон. Тэдэнд бууж өгч байгаа юм шиг санагдсан л даа. Тэгээд эргүүлээд “Иймхэн юмнаас болж нэвтрүүлгээ зогсооно гэж үү?” гэж хэлэхэд нөгөө хүн маань “Харин чи тэгээд юу яриад байгаа юм бэ? Зогсолтгүй явах хэрэгтэй шүү дээ” гэж хэлсэн нь надад их зүйлийг ухааруулсан. Түүнээс хойш тэртээ тэргүй юуг ч, яаж ч хийсэн эсэргүүцэгчид, шүүмжлэгчид гарна, түүнээс болоод хийж байгаа юмаа зогсоох нь эмгэнэлтэй, бүр дорой байдал гэж боддог болсон доо.

Энэ булангийн дараагийн зочноор хэнийг оруулж, ажлын арга барилтай нь танилцмаар байна вэ?

Нүүр будалт хийж, тэр чиглэлээр сургалт явуулдаг Белла гэж бүсгүйг санал болгомоор байна. Ажлын орчин нь их өвөрмөц, ажлын арга барил нь ч мундаг. Би түүнээс суралцаж, үлгэр дууриал авдаг юм.


Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

83375   37


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.