Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   01 сарын 18, 2016

Онцлох бизнес: Гэрэг сэтгүүл - Чадварлаг баг, чанартай контент

Монголын хэвлэл мэдээллийн салбар өдгөө хурдтай хувьсан өөрчлөгдөж буй. Нэг хэсэг учир замбараагүй олон сонин, хэрэгтэй хэрэггүй баахан мэдээний сайтуудаас бүрдэж байсан энэ салбарт өдгөө өөр өөрийн гэсэн өнгө төрх, үнэт зүйлс, үзэл баримтлал бүхий тоглогчид бий болж эхлэв. Үүнийн нэг тод жишээ бол долоо хоног тутмын Гэрэг сэтгүүл. Үүсгэн байгуулагдаад дөнгөж л хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж буй тэд МСЭ-ийн 2014, 2015 оны шилдэг сэтгүүлээр тодроод амжсан юм. Уг сэтгүүлийн нэмэлт захиалга явагдаж байгаатай холбогдуулан бид ерөнхий эрхлэгч, орлогч эрхлэгч нартай нь уулзаж ярилцлаа.

Бизнесийн нэр: Гэрэг сэтгүүл
Хаяг: Улаанбаатар-20, Их тойруу, “Үндэсний шуудан” сонины байр
Үйл ажиллагааны чиглэл: 7 хоног тутмын сэтгүүл
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2014 оны 3-р сар
Үүсгэн байгуулагчид: С.Батбаатар, Ж.Тэгшжаргал
Ажилтны тоо: Үндсэн 8, фрийлансер 21
Үнэ: Худалдах үнэ 3000 төгрөг, улирлын захиалга 25,000 төгрөг - 12 дугаар
Вэб: www.medium.com/geregmagazine, www.facebook.com/geregmagazine

Зүүн гар талаас: С.Батбаатар, Ж.Тэгшжаргал

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

С.Батбаатар: Би насаараа сонинд ажилласан хүн. Гэрэг сэтгүүлээс урьд “Өнөөдөр” сонины 1-р орлогч эрхлэгчээр ажиллаж байлаа. Энэ сонирхолтой цаг үед амьдарч байгаагийнхаа хувьд шинэлэг, сонирхолтой ажил эхлүүлмээр санагдсан. Тэгээд л Тэгшээтэйгээ санаа нийлж, хуучин ба шинэ нийгмийн төлөөлөл болсон хоёр хүн Монголдоо “Тайм” шиг сэтгүүл гаргая гэж шийдсэн юм. Ингэхдээ сэтгэлийн хөөрлөөр бус, жил хэртэй бодож төлөвлөж байгаад ажилдаа орсон доо.

Ж.Тэгшжаргал: Тухайн үед манайд сонингууд сайн хөгжсөн байсан. Өдөр тутмын сонин олонтой. Гэхдээ 7 хоног тутмын анализ тойм бичдэг хэвлэлийн орон зай байгаа нь ажиглагдсан. Тухайн үед Нью Йорк Таймс цаасан хувилбар гаргахаа дөнгөж болиод байв. Үүнтэй холбоотойгоор цаасан хэвлэл цаашид орших уу, эс орших уу гэдгийг дэлхий даяар ид ярьж байсан л даа. Харин бидний хувьд цаасан хэвлэл цаашид оршин байна гэдэгт итгэдэг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл олширч, хүмүүсийг хэрэгтэй хэрэггүй асар их мэдээллээр “бөмбөгддөг” болсон өнөө цагт ажил хэрэгч хүмүүст зориулсан чанартай сэтгүүл гаргая гэж зорьсон.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

С.Б: Өөрсдөөсөө чадах ядахаараа л хөрөнгө гаргасан. Миний хувьд сонинд 88 оноос тасралтгүй ажилласан болохоор хурааж хуримтлуулсан туршлага маань багагүй хөрөнгө оруулалт болсон байх. Манай сэтгүүлд хөрөнгө оруулъя гэсэн хүмүүс одоо ч байдаг. Хэдийгээр сэтгүүл нь ашиг багатай, дангаараа оршин тогтноход амаргүй бизнес ч гэсэн хараат бус, жинхэнэ мэргэжлийн сэтгүүл зүйг бий болгохыг зорьдог болохоор гаднаас хөрөнгө оруулалт аваагүй л явж байна.

Хамтрагчдаа хэрхэн сонгосон бэ?

С.Б: Миний хайрлан хүндэлж явдаг Балдорж эрхлэгч бурхны болсны дараа манай сонин нэг эссэний уралдаан зарласан юм. Тэгээд сайн эссэ бичсэн хэсэг оюутныг сониндоо ажиллаач гэж урьсны нэг нь Тэгшээ байлаа. Мань хүн ингэж нэгдүгээр курсээсээ л сурахынхаа хажуугаар “Өнөөдөр” сонинд ажилласан. Ер нь оюутнуудыг дадлага хийлгэн ажиллуулдаг явдал бол сэтгүүлчдийг бэлдэх хамгийн сайн арга гэж боддог юм. Ингэж бид анх танилцсан түүхтэй.

Манайхны дийлэнх нь 90-ээд онд төрсөн залуучууд. Тэдэнд шинэ үеийнхний өнгө төрх, дуу хоолой, мэдрэмж бий. Бид бие биеийнхээ дутууг нөхөж ажилладаг даа.

Ж.Т: Шинэ юм туршихад залуучуудын хувьд эрсдэлтэй. Бид өнгөрсөн түүх, зах зээлээ сайн мэдэхгүй. Харин хажууд нөмөр нөөлөг болсон, арвин туршлагатай хүн байгаа болохоор бид тодорхой нэг түвшин хүртэл асар чөлөөтэй сэтгэж, хүссэн зорьсноо хийж чаддаг. Манай редакц ер нь энэ талаараа давуу гэж боддог шүү.

Танай сэтгүүл ямар онцлог, давуу талуудтай вэ?

Ж.Т: Америкийн зах зээлд Тайм, Ньюсвийк, Нью Йоркер буюу “7 хоногийн их гурвал” гэгдэх сэтгүүлүүд байдаг. Эд бол “Өнгөрсөн 7 хоногт юу болчихов?”, “Ирээдүйд юу болох вэ?” гэсэн асуултуудад хариулдаг, ажил хэрэгч хүмүүст зориулсан сэтгүүлүүд. Бусад цаасан хэвлэлүүд баларч байхад эдгээр сэтгүүлийн захиалга нэг их унадаггүй юм билээ.

Бид эхэндээ гурвууланг нь захиалж уншдаг байсан. Тэдний сурвалжлах арга барил нь хүртэл өөр байдаг. Бид анхнаасаа барууны стандартаас суралцаж, монгол контент үүсгэх зорилготой байсан болохоор эхний нэг жил тэднийг сайн дууриасан. Энийгээ бол нуухгүй. Харин одоо бол тэр жишгээр монгол контентуудаа бэлдээд явж байгаа.

Онцлог, давуу тал гэвэл бид гурван зүйлийг хэлж чадна. Нэгт, даацтай нийтлэл, чанартай сурвалжилгууд. Манай сэтгүүлээс баримттай, цэгцтэй, анализ хийсэн нийтлэлүүдийг унших боломжтой.

Хоёрт, дата журнализм. Бид сэтгүүлийнхээ 20 орчим нүүрийг датанд зориулж байгаа. Сонирхолтой, мэдүүштэй датануудыг харуулахдаа инфографик ашигладаг.

Гуравт, сонирхолтой булангууд. Ковер нийтлэлээс гадна Хятад, Орос гэсэн хөрш улсуудын талаарх булангууд, дэлхийн шилдэг нийтлэл, урлагийн тухай яриа, кино шүүмж, номын шүүмж, Humans of Ulaanbaatar гэсэн булангууд маань хэдийнэ тогтмолжсон. Нэлээд хэдэн буланг маань тухайн сэдвээр мэргэшсэн фрийлансерууд хариуцаж явдаг юм. Фрийлансерууд нь оффист бүтэн цагаар суухгүй хэрнээ тухайн сэдвээ сайн мэддэг, мэргэшсэн байдгаараа маш давуутай. Ер нь манайх фрийлансеруудын хүчийг хамгийн сайн ашигладаг хэвлэл болов уу. 20 гаруй хүн манайд бичдэг.

Бизнесийн алсын хараагаа юу гэж тодорхойлсон бэ?

Ж.Т: Уншигчдын итгэж болох эх сурвалж нь байж, хэвлэл мэдээллийн салбарт өрнөж буй орчин цагийн өөрчлөлт, дэвшлүүдтэй хөл нийлүүлэн алхаж, дэлхийн сонгодог сэтгүүлзүйг Монголдоо нутагшуулах нь бидний хэтийн зорилго.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

С.Б: Монголын хэвлэл мэдээллийн 80 хувьд нь сонирхогчийн сэтгүүл зүй байна гэж хардаг. Тиймээс бид мэргэжлийн байх ёстой. Мэдлэгтэй, мэдрэмжтэй, хариуцлагатай, баримттай байх гэсэн сэтгүүл зүйн үндсэн зарчмуудаа барина. Тэгээд хамгийн чухал нь хараат бус байх. Хараат бус учраас энэ мэдээг чухалчилъя, энэ хүнийг сайшаая гэсэн захиалга бидэнд байдаггүй. Бид зөвхөн яаж бичих вэ гэдгээ л хэлэлцдэг.

7 хоног тутмын сэтгүүлийг эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

С.Б: Өдөр тутмын сонинтой харьцуулахад, цаг хугацаанд хавчигддаггүйгээрээ давуутай. 7 хоногийн хугацаанд сэтгүүлч хангалттай материал цуглуулж, чанартай нийтлэл бичих боломжтой. Энэ хэрээр сэтгүүлчид өөрийгөө хөгжүүлэх боломж бүрдэж байдаг.

Нөгөө талаар, аливаа болсон явдлыг сонин, телевиз, сайтууд шуурхай мэдээлсний дараа бичнэ гэдэг амаргүй. Бусад сувгуудын хараагүй өнцгийг олох, талцсан хүмүүсийн дундуур гарч явах ёстой болдог. Тухайн үйл явдлыг, хүмүүсийн риакцтай цуг дүгнэж бичих ёстой болдог. Энэ нь нэг талаар хэцүү ч, нөгөө талаар их сонирхолтой. Ийм ч учраас бид ямар мэдээг сонгох вэ гэдгээ ярилцаж шийддэг. Үр ашиг муутай мэдээ, дуулиан шуугианыг гаргадаггүй.

Мөн ковер буюу хавтасны зургийг сонгох нь хэцүү байдаг. Ковер маань манай сэтгүүлийг хүн авах уу, үгүй юу гэдгийг шийддэг болохоор бидний өнцгийг гаргасан, бас анхаарал татахуйц байх ёстой. Одоогийн байдлаар ковер дээрээ гайгүй ажиллаад байгаа болов уу гэж бодож байна. Энэ бол бие даасан урлаг шахуу болтлоо хөгжсөн зүйл л дээ.

Учирч байсан хамгийн том бэрхшээл, сургамжаасаа хуваалцана уу?

С.Б: Хамгийн том бэрхшээл бол санхүүгийн асуудал байдаг. Угаасаа хэвлэлийн бизнес ашиг багатай. Дээр нь хямралын үе таарчихлаа. Тиймээс бид гаднаас хөрөнгө оруулалт авахгүйгээр цаашаа явъя гэвэл сэтгүүлээ бизнес талаас нь сайн харах ёстой. Цаашдаа ингээд дангаараа явах уу, эсвэл бусад компаниуд шиг групп маягийн зохион байгуулалтад орох уу гэдэг бол бодох ёстой асуудал.

Ж.Т: Бас нэг том сорилт бол бид сошиал медиатай хэрхэн харьцах вэ гэдэг асуудал. Ер нь манай гэлтгүй цаасан хэвлэлүүдийн бүгдийнх нь хувьд өнөө цагт томоохон сорилт болоод буй. Үлгэр дууриал авдаг гадны сэтгүүлүүд маань ч яаж харьцахаа бүрэн дүүрэн олоогүй мэт, янз янзын зүйлсийг туршиж байгаа харагддаг. Бид чухал контентоо цаасаар нь уншуулахыг хүснэ. Гэхдээ шинэхэн хэвлэл учраас хүмүүст танигдахын тулд сошиал медиад аятайхан юмнууд тавих хэрэгтэй. Эхэндээ ч учрыг нь ололгүй баахан хөдөлмөр гаргаж бичсэн нийтлэлүүдээ бүхлээр нь тавьчихдаг байлаа. Одоо бас ч гэж туршлага сууж байна.

Одоо та бүхэн юун дээр төвлөрөн ажиллаж байгаа вэ?

С.Б: Энэ жил сонгуулийн жил. Сонгуулийн үеэр манай хэвлэлийн мэдээллийнхэн төрөл арилжиж, улс төрчдийн гарын алчуур маягтай болдог. Бид мэдээж тэгэхгүй. Энэ чухал үйл явдалд хэрхэн бэлдэх вэ, уншигчдадаа хэрэгтэй мэдээллийг хэрхэн хүргэх вэ гэдгээ бодож байна.

За тэгээд дараагийн ковероо яаж хийх вэ гэдгээ цаг үргэлж хэн хүнгүй хэлэлцэж суудаг даа.


Гэрэл зургийг Д.Ганзул

27449   8


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.