Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   01 сарын 17, 2016

7 хоногийн тойм: #Oscar2016 + #RIPDavidBowie + #HappyWikipediaDay

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2017 оны төсөвтөө удирдлагагүй машинтай холбоотой үндэсний бодлогыг хэрэгжүүлэхэд зориулсан тусдаа сан үүсгэхийг амласан нь энэ төрлийн технологийг хөгжүүлж буй үйлдвэрлэгчдэд таатай мэдээ боллоо. Ирэх 10 жилийн хугацаанд нийт 4 тэрбум долларыг "хүнээс хараат бус автомашин үйлдвэрлэл, түүнтэй холбоотой зам тээвэрт үзүүлэх нөлөө"-г судлах, хууль тогтоомж болон дүрэм журам дээр технологийн компаниудтай хамтран ажиллах болсныг Обама зарласан юм. Энэ нь дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн өөрсдийн бодлогыг удирдлагагүй машинд зориулан өөрчилж эхэлж байна гэсэн үг юм. Одоогоор Google, Ford, Tesla зэрэг томоохон фирмүүд удирдлагагүй машины төсөл дээр ажиллаж, зарим нь бүр туршаад эхэлсэн. Энэ долоо хоногт Tesla компани Model S загварынхаа машины програмд апдэйт хийснээ зарлаж, удирдлагын тусламжтайгаар зогсоолоос гарах, зогсоолд тавих шинэ нэмэлтийг танилцуулсан юм. Одоогоор Теслагийн ийм загварууд 70-100 мянган долларын үнэтэйгээр борлуулагдаж байгаа ч ойрын 3 жилд автомат машинуудын үнэ дор хаяж 3 дахин буурч, олон нийтэд хүрэх төлөвтэй байгаа билээ.

Techcrunch: АНУ-ын засгийн газар 4 тэрбумыг жолоочгүй машины бодлогод зарцуулна
Elektric: Model S одоо өөрийгөө удирддаг боллоо

Британийн амьд хөгжмийн ертөнцийн томоохон төлөөлөгчдийн нэг Дэвид Боуви 69 насандаа таалал төгслөө. Тэрээр 18 сарын турш элэгний хорт хавдартай тэмцэж байсан бөгөөд нас барахаасаа хоёрхон өдрийн өмнө буюу төрсөн өдрөөрөө сүүлийн буюу 25 дахь цомог "Blackstar"-аа худалдаанд гаргаад байв. Боуви дэлхий даяар 140 сая гаруй цомог борлуулж, 1996 онд Рокийн алдрын танхимд мөнхлөгдсөн юм. Тэрээр хөгжмөөс гадна кино, уран зураг, загварын ертөнцөд шинэ урсгал, шинэ өнгө төрхийг авчирч, олон үеийнхний даган дууриах үлгэр дууриал нь болсон билээ. Энэ долоо хоногт дэлхийн урлагийн ертөнц өөр нэг "хайртай" хүүгээ алдсан нь Харри Поттер цувралын Профессор Снэйпийн дүрээр бидний танил болсон Алан Рикман мөн хорт хавдрын улмаас нас барсан явдал байлаа. Love Actually, Die Hard-ийн од 69 настай байсан юм.

Unread: Дэвид Боувигийн дурсгалд: Берлиний ханыг нураасан дууны түүх
Guardian: Боуви 69 насандаа таалал төгслөө

Киноны ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслол Оскарын наадамд нэр дэвшигчдийн нэр тодорлоо. 88 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолыг нэрт жүжигчин Крис Рок хоёр дахь удаагаа хөтлөн явуулах бөгөөд нийт 24 төрлөөр шилдгүүдийг тодруулна. Энэ жилийн наадамд өнгөрсөн жил Birdman киногоороо шилдэг найруулагчийн шагнал авсан Алехандро Инарритугийн найруулсан The Revenant кино хамгийн олон буюу 12 төрөлд нэр дэвшсэн байна. Гол дүрд тоглосон Леонардо ди Каприо анх удаа Оскар хүртэхийн тулд өнгөрсөн жилийн шилдэг эрэгтэй жүжигчний шагналт, энэ жил Danish Girl киногоороо нэр дэвшээд буй Эдди Рэдмэйн болон Алтан Бөмбөрцгөөс шилдгийг хүртсэн The Martian-ий од Мэтт Дэмон нарыг ялах ёстой. Мөн Том Харди болон Шарлиз Терон нарын Mad Max кино 10 шагналд нэр дэвшсэн бол "Марсын хүн" 7 шагналд нэр дэвшжээ. Шилдгүүдийн нэрс 2-р сарын 28-нд тодорно.

Оскар: Нэр дэвшигчид тодорлоо
Variety: Оскарын ялагчдыг таамаглахуй

Дэлхийн интернет хэрэглэгчдийн дунд хандалтаар долоод жагсдаг сайт Википедиагийн 15 жилийн ой энэ долоо хоногт тохиож байна. Википедиаг үндэслэгч Жимми Уэльс болон түүний баг 2001 оны 1-р сарын 15-ны өдөр анхны хувилбараа цацаж байсан бөгөөд үүнээс хойш сая сая контентуудаараа онлайн нэвтэрхий толь болж, викигүй байх үед яаж мэдээлэл цуглуулдаг байснаа бараг л марттал нь хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болж чадсан юм. Та викигийн бүх контентийг уншихыг хүсвэл 16 жил шаардлагатай бөгөөд нийт 280 хэлээр унших боломжтой. Википедиа үүсгэн байгуулагдсан цагаасаа эрх чөлөөт интернетийн хэрэглээг урамшуулж, хэн ч нэмэх боломжтой нээлттэй эхийн тогтолцоог хөгжүүлсээр ирсэн бөгөөд нэг ч удаа сурталчилгаа байршуулж, ашгийн төлөө ажиллаж байгаагүй гэдгээрээ бахархдаг билээ. Ташрамд дуулгахад Викигийн түүхэнд хамгийн олон удаа засварлагдсан хуудас нь АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Бушийн тухай нийтлэл (45862 удаа!!) гэнэ шүү. Happy Wikipedia Day!

Wikipedia: Wikipedia-тай холбоотой 15 сонирхолтой баримт
538: Википедиагийн хамгийн их засагдсан хуудсууд

Дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог Баллондор шагналын эзэд тодорлоо. Барселона клубийн хамтаар 5 цомыг өнгөрсөн улиралд хүртсэн Аргентиний хөлбөмбөгчин Лионель Месси энэ шагналыг 5 дахь удаагаа хүртэж, ийм амжилтанд хүрсэн түүхэн дэх анхны хөлбөмбөгчин болов. Мессигийн мөнхийн ривал, өнгөрсөн 2 жил энэ шагналыг хүртсэн Реал Мадридын од Криштиану Роналду санал асуулгын дүнгээр 2-р байрт орсон бол 3-р байрт Бразилын шигшээгийн ахлагч, Мессигийн Барсагийн анд Нэймар оржээ. Өнгөрсөн жилийн хөлбөмбөгийн ертөнцийн бэлгэдлийн шигшээд Аваргуудын лигийн аварга Барселонагаас 4, тэдний өрсөлдөгч Реал Мадридаас 4 хөлбөмбөгчин тус тус багтсан бол Герман, Итали, Францын аваргуудаас тус бүр нэг хөлбөмбөгчин мөн багтсан байна. Оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчнөөр Америкийн шигшээгийн Карли Ллойд тодорсон бол шилдэг дасгалжуулагчаар Барселонагийн Луйс Энрике нэрлэгджээ.

ESPN: Месси дэлхийн шилдэг хөлбөмбөгчин боллоо
ФИФА: Хэн хэнд саналаа өгсөн бэ?

19372   4


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.