Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын хэсгээс   01 сарын 16, 2016

"Бизнес" номын танилцуулга

Энэ удаа бид Монсудар компаниас 2015 онд эрхлэн гаргасан "Бизнес" хэмээх номыг тоймлон танилцуулж байна. Уг ном нь бүхий л шинжлэх ухаан, салбаруудаар нэвтэрхий толь болохуйц визуал ном гаргадгаараа алдартай DК компанийн цувралуудын нэг бөгөөд бизнесээр сурдаг, бизнес эрхэлдэг, эрхлэхийг хүсдэг хүн бүрт зориулагджээ.

Нэлээн дээхнэ танил маань энэхүү номын англи хэл дээрхийг нь бэлгэнд авснаа надад үзүүлэхэд яасан гоё ном бэ гэж бодож билээ. Тэгтэл өнөөх маань "агуу санааг энгийнээр тайлбарлах нь" гэсэн дэд гарчигтайгаар монгол хэлнээ орчуулагджээ. Өмнө нь бизнесийн салбарт ийм дэлгэрэнгүй лавлах ном манайд гарч байсан эсэхийг мэдэхгүй байна.

Энэхүү номонд бизнесийн гол ойлголтууд, гол санаануудыг сонирхолтой хэлбэрээр, энгийн хэл найруулгаар танилцуулсан байна. Номын агуулгыг 5 бүлэг, тэр дотроо маш олон жижиг хэсгүүдэд хуваасан ба хэсэг бүр дээр тухайн сэдвийн гол санаа, түлхүүр онуудыг тодруулан өгч, гол төлөөлөгчдийн товч намтар, сэдэвтэй холбоотой онцлох эшлэлүүдийг оруулж өгсөн нь уншихад нэн сонирхолтой.

Тухайлбал "Байгууллага бол амьд биет бөгөөд арьсаа үргэлж гуужуулж байх хэрэгтэй" хэсэгт аливаа бизнес амьд үлдэхийн тулд төдийгүй өсөн дэвжихийн тулд байнгын өөрчлөлтөд дасан зохицох нь чухал гэдгийг олон сонирхолтой жишээгээр тайлбарлаж, Самсунг компанийн ТУЗ-ийн дарга, Солонгосын хамгийн баян хүнээр тодорч байсан Лий Күн Хийгийн товч намтрыг өгүүлсэн байх аж. Тэгээд "Маш сайн компани төгс байдалд итгэдэггүй бөгөөд зөвхөн үргэлж сайжран боловсронгуй болоход буюу үргэлжийн өөрчлөлтөнд л итгэдэг" гэсэн менежментийн сэтгэгч Том Питерсийн эшлэлийг шигтгэж өгчээ.

Энэчлэн "Менежмент нь урлаг, шинжлэх ухаан, ур чадварын уулзвар дээрх арга барил юм”, "Юу хийж болохгүйгээ тодорхойлох нь стратегийн гол зүйл”, "Маркетинг бол маркетингийн хэлтэст л зөвхөн даатгаж үлдээхэд хэтэрхий чухал”, "Хэрвээ зах зээл хангалттай том биш бол илүү том зах зээлийг бий болго” зэрэг сонирхолтой сэдвүүд хөвөрнө. Booklist уг бүтээлийн талаар “Бизнес гэдэг сонирхолтой. Тэгвэл энэхүү номонд өнөө цагийн компани корпорациудыг бий болгосон түүх, үзэл санаа, зарчим баримтлалуудыг 360 градусаар дэлгэн тавьсан нь улам ч сонирхолтой болгожээ" гэж үнэлсэн байна.

Бизнесийн санаа, бизнес моделиос эхлээд манлайлал, менежмент, багийн тоглолт, цаашлаад үйлдвэрлэл, маркетинг, борлуулалт гээд бизнесийн бүх л салбарыг хамарсан энэ ном нэг ёсондоо албан бус MBA курс гэсэн үг. Тийм ч болохоор нэг дор уншаад өнгөрвөл үр дүнгүй. Харин номын сандаа юм уу ширээн дээрээ байлгаж, байнга эргүүлж харж баймаар ном байна.

26425   5


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.