Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   01 сарын 11, 2016

Онцлох бизнес: Wine and Canvas - Дарс шимэн зураг зур

Та чөлөөт цагаа сонирхолтой өнгөрүүлэхийг хүсэж байна уу? Ажлын ачааллаа тайлж, сайхан энергитэй болмоор байна уу? Хайртай хүнтэйгээ, найз нөхөдтэйгээ, хамт олонтойгоо хөгжилдмөөр байна уу? Тэгвэл танд хэсэгхэн хугацаанд ч болов мэргэжлээ солин зураач болж, дарс шимэнгээ зотон даавуун дээр өөрийн бүтээлийг урлах боломжийг олгох Wine and Canvas арга хэмжээг зориорой.

Бизнесийн нэр: Wine and Canvas UB
Хаяг: Маршалл таун хотхон, Маршалл арт галлерей
Үйл ажиллагааны чиглэл: арт ивэнт
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2015 оны 8-р сар
Үүсгэн байгуулагчид: Г.Сүхболд, Б.Золбоо
Ажилтны тоо: 3
Зохион байгуулагддаг өдрүүд: Лхагва, Баасан (Нэг удаа 18-20 хүн)
Үнэ: 35,000 төгрөг (Зургийн хэрэгсэл, вино, ус, ундаа, жижиг бялуу, амны зугаа багтсан)
Фэйсбүүк хуудас: Wine & Canvas UB

Үүсгэн байгуулагч: Б.Золбоо

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Б.Золбоо: Wine and Canvas гэдэг энэ арга хэмжээ дэлхийн зарим улс, хотуудад болдог. Ээж маань Америкт явж байхдаа оролцож байсан юм билээ. Иймэрхүү шинэлэг юм хийх юм сан гэж боддог байлаа. Тэгээд нэг удаа найзуудынхаа хүрээнд туршиж үзтэл тун аятайхан болсон. Ер нь зурах дуртай, эсвэл нэг зурж үзэх сонирхолтой хүмүүст зориулсан нэг удаагийн нэг арга хэмжээ байдаггүй болохоор Wine and Canvas-ийг эхлүүлсэн дээ. Би өөрөө зураач, нөхөр маань маркетингийн хүн болохоор сайхан хоршиж ажилласан.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Анх эхлүүлэхэд зургийн хэрэгсэл авах гэх мэт зардлууд гарсан. Өөрсдөөсөө л гаргасан даа.

Танайх ямар онцлог, давуу талуудтай вэ?

Чөлөөт цагаа үр дүнтэйгээр, сонирхолтойгоор өнгөрүүлэх хүсэлтэй хүмүүст зориулсан арга хэмжээ. Манай арга хэмжээнд ирснээр уран зургийн талаар ойлголттой болно, урлагийг илүү сайн мэдрэх болно. Зарим хүмүүс манай арга хэмжээний талаар анх сонсоод сайн зурдаг хүмүүст зориулсан юм байна гэж ойлгодог. Тийм биш. Харин ч зураач биш хүмүүст зориулсан арга хэмжээ гэж ойлгож болно.

Оролцогчид маань нэлээд олон зурагнаас сонгоод дууриаж зурдаг. Өөрөө баяжуулж зурж болно. Энэ явцад зургийн багш зөвлөж, зааж өгдөг. Манайд ирснээр зарим хүмүүс авьяасаа нээдэг шүү. Тэгээд урамшаад байнга ирдэг болсон хүмүүс ч байна. Нэг жишээ хэлэхэд, манай арга хэмжээнд 7-8 удаа ирсэн хүн бүх зургаа жаазлаад өрөөгөө дүүргэсэн байна лээ. Ирсэн хүмүүс сайн зурах албагүй ч ямар ч байсан, шал өөр орчинд сонирхолтой зүйл хийснээр цагаа зөв өнгөрүүлж, стрессээ тайлдаг. Хосууд, хамт олон, найз нөхдөөрөө ирвэл бүр ч зугаатай нь ойлгомжтой.

Мөн манайх төрсөн өдрийн арга хэмжээг зохион байгуулдаг. Найз нөхдөөрөө цуглаад, төрсөн өдрийн эзэн хамгийн гоё зурсан хүний бүтээлийг бэлэг болгон сонгохоор их дурсгалтай, сонирхолтой болдог юм. Ер нь бид сайн зурсан оролцогчдодоо хааяа урамшуулал олгодог.

За тэгээд дээр нь маш аятайхан нэтвөркинг болдог л доо. Хүмүүс 2 цаг зургаа зураад, сүүлийн нэг цагт нь хэн нь илүү сайн зурсныг шалгаруулж, хоорондоо танилцдаг. Манайд ирэгсдийн 80 хувь 21-30 насныхан, 20 хувь нь түүнээс дээш насныхан буюу ер нь ажил төрөл эрхэлдэг хүмүүс байдаг.

Бизнесийн алсын хараагаа юу гэж тодорхойлсон бэ?

Арга хэмжээгээ тогтвортой үргэлжлүүлж, цаашдаа дүрслэх урлагийн бусад төрлүүдээр иймэрхүү шинэлэг арга хэмжээнүүдийг зохион байгуулах зорилготой. Үүгээр дамжуулан урлагийн боловсролд хувь нэмрээ оруулахыг хүсдэг.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Зохион байгуулалтын арга барил, чанараа алдалгүй явах. Манайх зөвхөн ашгийн төлөө явах бус, нийгэмдээ эерэг нөлөөтэй үйлс хийхийг эрмэлздэг. Жишээ нь нийгэмд сайн үйлс хийдэг, дотоод гадаадын төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллаж байсан. Цаашдаа ч боломжоороо хамтарч ажиллахыг хичээх болно.

Энэ ажлыг эрхлэхийг эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Хүмүүс манайд ирээд стресс тайлж, маш гоё энергитэй болоод гардаг нь бидэнд их урам өгдөг.

Хэцүү зүйл гэвэл, энэ маань өөрөө соёлтой арга хэмжээ болоод ч тэр үү харьцангуй гайгүй шүү.

Учирч байсан сургамжтай юм уу хошин явдлаасаа хуваалцана уу?

Wine and Canvas гэхээр зарим эрчүүд эмэгтэйчүүдэд зориулсан юм байна гэж ойлгодог шиг байгаа юм. Нэг хөгжилтэй жишээ хэлэхэд, манай ирье гээд эхнэр нь нөхөртөө хэлсэн чинь Wine гэж байна, би хүүхнүүдийн юманд явахгүй гэж л дээ. Тэгэхээр нь эхнэр нь би чиний зургийг хараагүй хэрнээ урьдчилаад худалдаад авчихъя гэж ятгаад манайд ирсэн юм билээ. Тэгтэл нөхөрт нь их таалагдаж, түүнээс хойш дахиад ирдэг болчихсон нэг түүх бий.

За сургамжтай гэвэл, эхэндээ бид өөрсдөө нэг зураг сонгоод хүмүүсээр зуруулдаг байсан. Гэтэл монголчууд маань юманд баригдахгүй дургүй, эрх чөлөөтэй хүмүүс юм болохоор нэг л болж өгөхгүй байсан. Тэгэхээр нь зургийн сонголтыг олон болгож, асуудлыг шийдсэн.

Одоо та бүхэн юун дээр төвлөрөн ажиллаж байгаа вэ?

Удахгүй Cocktail аnd Canvas гэсэн арга хэмжээ зохиох гэж байгаа. Ер нь арга хэмжээнд ирсэн хүмүүс дарс, коктейль уухаар илүү сэтгэл хөдлөлтэй болж, зургаараа дамжуулан түүнийгээ илэрхийлэх боломжтой болдог.


Гэрэл зургийг Д.Ганзул

31626   5


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.