7 Хоногийн Тойм

7 хоногийн тойм: Анхны IPO + Netflix Монголд + Эл Чапогийн баривчилгаа

01 сарын 10, 2016


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


14797   1




Монголын санхүүгийн зах зээл дээрх 2016 оны эхний онцлох үйл явдал бол "Монгол Шуудан" ТӨХК-ийн 34 хувийг олон нийтэд нээлттэйгээр хувьчилсан явдал байлаа. Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нэмэлт хувьцаа гаргаж, хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлснээр 94 жилийн түүхтэй "Монгол Шуудан" ХК нь автозамын ложистикийн үйлчилгээг нэвтрүүлж, санхүүгийн чадавхаа сайжруулах зорилготой байсан юм. Нэгж бүрийг нь 185 төгрөгөөр үнэлсэн нийт 33,859,363 ширхэг хувьцааны анхдагч захиалга маш амжилттай болж, төлөвлөж байсан 6.3 тэрбум төгрөгөөс даруй 2 дахин их буюу 12.6 тэрбум төгрөгийн захиалга ирсэн гэнэ. Хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг оролцжээ. Хөрөнгийн бирж энэ жилдээ багтаан дахин 7 компанийн тодорхой хувийг олон нийтэд хувьчлахаар бэлтгэж байгаа билээ.

24tsag: "Монгол Шуудан"-ийн хувьчлал амжилттай явагдлаа
Гаули: "Монгол Шуудан" ТӨХК-ийн хувьчлалын тухай

Жил бүрийн 1-р сард зохион байгуулагддаг, дэлхийн технологийн ертөнцийн хамгийн том шоу-үзэсгэлэн CES Лас Вегас хотноо 49 дэх жилдээ зохион байгуулагдлаа. Нийт 4 өдрийн турш 3600 компани өөрсдийн дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнүүдээ танилцуулж, ирээдүйн чиг хандлагыг үзэгчдэд мэдрүүлсэн энэхүү арга хэмжээнд Монгол улсыг төлөөлөн ухаалаг гэр-оффисийн систем "Добу" брэндээрээ Аметрос компани оролцсоныг Unread онцолж байна. Энэ үеэр Теслагийн экс инженерүүдийн бүтээсэн, ирээдүйн унаа гэгдэж буй "Faraday Future", хятадуудын бүтээсэн хүн тээвэрлэх боломжтой дрон - EHang, Леновогийн бүтээсэн ухаалаг утас зэрэг онцлох бүтээгдэхүүн анх удаа олон нийтэд танилцуулагдсан юм. Мэргэжилтнүүдийн онцолж байгаагаар энэ жилийн арга хэмжээний гол тренд нь OLed дэлгэцүүд, төрөл бүрийн дронууд, VR Технологи ашигласан бүтээгдэхүүнүүд байжээ.

Techcrunch: CES 2016-ийн үеэр танилцуулагдсан онцлох бүтээгдэхүүнүүд
Forbes: CES 2016-ийн хамгийн инновацилаг 5 бүтээгдэхүүн

CES 2016-ийн үеэр төлбөрт видео үйлчилгээний дэлхийн тэргүүлэх компани болоод буй Netflix өөрийн үйлчилгээг 130 оронд нээлттэй болгосноо зарласан нь монголчуудад хамаатай сайн мэдээ байлаа. Эдгээр орнуудын дунд Монгол улс багтаж, дэлхийн шилдэг кино, телевизийн цувралуудыг ямар ч төрлийн төхөөрөмжөөр дамжуулан өндөр чанартайгаар үзэх боломжтой болсон билээ. Netflix-ийн хэрэглэгчид өдөрт 125 сая цаг видео үзэж, 2015 оны сүүлийн 3 сард л гэхэд 12 тэрбум цагийг зөвхөн эндээс кино, нэвтрүүлэг, шоу үзэхэд зарцуулсан бөгөөд сарын 7.99-11.99 долларын төлбөртэй багцаас сонголт хийж, энэхүү үйлчилгээг авах боломжтой юм.

Unread: Мэдүүштэй веб: Netflix - Нетфликсдээд налайж сууя
New York Times: Netflix дэлхий даяар нээлттэй боллоо

Олон улсын онолын болон хэрэглээний химийн холбооноос химийн үелэх системийн 113, 115, 117, 118-р элементүүдийн нээлтийг албан ёсоор батласнаа зарлалаа. Лабораторийн аргаар гарган авсан (цөмийн нэгдэх урвалаар) маш хүнд эдгээр элементүүд нээгдсэнээр Д.И.Менделеевийн үелэх системийн 7-р үе гүйцэд бүрдлээ гэсэн үг юм. 113-р элементийг Японы РИКЕН физик, химийн судалгааны хүрээлэнд нээсэн бол, бусад 3 элементийг ОХУ-ын Дубнад байрлах Цөмийн шинжилгээний нэгдсэн институт, АНУ-ын Ливерморийн үндэсний нэгдсэн лаборатори, Оак Рижийн үндэсний лабораторид хамтран нээжээ. Одоогоор уг элементүүдийн нэрийг албан ёсоор зарлаагүй байгаа ч 115-р элементийг ОХУ-ын нийслэл Москва хотын нэрээр буюу "Московий" хэмээн нэрлэх саналтай байгаа гэнэ. Өдгөө дэлхий даяар Менделеевийн үелэх системийн 8-р үе буюу шинэ хэт хүнд элементүүдийг өндөр энергитэй хүчирхэг хурдасгуурт суурилан гарган авах ажил маш эрчимтэй хийгдэж байгаа билээ.

Vox: 4 шинэ элемент нээгдсэн нь ямар учиртай вэ?
Guardian: Үелэх системийн 7-р үе бүрэн болов

Дэлхийн хар тамхины ертөнцийн хамгийн зартай "оддын" нэг, Мексикийн хамгийн том хар тамхи-гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Хоакин "Эл Чапо" Гузманыг Мексикийн засгийн газар баривчилснаа зарласан нь энэ долоо хоногийн онцлох үйл явдлуудын нэг байлаа. Америк руу орж ирж буй хууль бус хар тамхины 25 хувийг дангаараа хянадаг, эсрэг бүлэглэлүүдээ зэвсэг, хүний хүчээр дийлж, мянга мянган цуст аллага гүйцэтгэсэн, олон мянган залуусыг албадан хөдөлмөр эрхлүүлдэг түүний бүлэглэлийн эсрэг Америк, Мексикийн засаг захиргаа олон жилийн турш тэмцэж буй. Гэхдээ Эл Чапо өмнө нь хоёр удаа маш өндөр харуул хамгаалалттай шоронгоос оргож байсныг мартаж болохгүй. Тэрээр хамгийн сүүлд 6 сарын өмнө шоронгийн ойролцоох туннелээр дамжин оргосон бол 2001 онд харуулуудаа хахуульдан, угаалгын түрдэг тэргэнд нуугдах замаар шоронгоос мултарч байсан юм. Хамгийн хачирхалтай нь, түүнийг цагдаагийнхан Холливудын продюсер, жүжигчдийн (Шон Пеннтэй ярьсан гэж байгаа) тусламжтайгаар баривчилсан гэнэ. Эл Чапо өөрийнх нь тухай хийсэн киноны багийнхантай зуучлагчаар дамжуулан холбогдож, илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд уг сэжүүрийн тусламжтайгаар цагдаа, хүчний байгууллагынхан түүний байршлыг тогтоож, улмаар ажиллагаа явуулан баривчилжээ. Баривчлах ажиллагааны үеэр нийт 5 хүн алагдсан бөгөөд Эл Чапо муу усны сувгаар дамжин зугтааж, машин хулгайлан, хурдын зам дээр явж байгаад баригдсан гэнэ. Яг л кино шиг сонсогдож байгаа биз? Түүний амьдрал, орголтуудын тухай кино 1-р сарын 15-нд нээлтээ хийнэ :)

CNN: Эл Чапог АНУ-руу шилжүүлж магадгүй
MSN: Эл Чапог барихад Холливудын продюсерууд тусласан уу?

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.